Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 150/шш2023/00002

 

 

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 150/ШШ2023/00002

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 дүгээр байр, 112 тоотод оршин суух хаягтай, Илжигэнт овогт Батчулууны Мөнхсоёл /РД:ЗЮ84072904/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, Хөтөл дэх үйлдвэрийн бүсэд байрлах “*******” -д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 21.000.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, “*******” -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гэрч Э.Эрхэмболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөнхсоёл миний бие 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “*******” ХК- тай хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан гүйцэтгэх захирлын Б/119 дугаар тушаалын дагуу Борлуулалтын хэлтсийн даргаар томилогдон ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцад компанийн удирдлага, өмчийн хэлбэр өөрчлөгдсөн бөгөөд “*******”  -ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаал гарч намайг албан тушаал бууруулан маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилсон тушаал гаргаж, гэрээ байгуулах үүргийг Захиргаа, хүний нөөцийн хэлтэст үүрэг болгосон байдаг. Миний бие дээрх тушаал шийдвэртэй танилцаж гомдол гаргахаар бэлдэх явцад 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж надтай бууруулсан өмнөх албан тушаал дээрээ хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй атлаа хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсныг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар хүлээн авсан болно. Ажиллах хугацаандаа миний бие ямар нэгэн алдаа, зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд ажил олгогч нь өөрийн бэлтгэсэн хөдөлмөрийн гэрээний төслийг ажилтанд танилцуулж, баталгаажуулалгүйгээр гэрээний заалт болон хөдөлмөрийн ноцтой зөрчлийн заалтыг баримтлан ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч тус нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 447 тоот шүүгчийн захирамжаар дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болно.

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн сонирхлын маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй” гэж,

2.Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуй нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж.

Дээрх татгалзсан захирамжид дурдсанчлан ажил олгогч болох “*******” болон ******* аймгийн ******* суманд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй байсан тул миний бие 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд дахиж нэхэмжлэл гаргасан боловч тус нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 501 тоот шүүгчийн захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.3 дах хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхийн өмнөх шатанд шүүхийн эвлэрүүлэн зуучлалын журмаар урьдчилан шийдвэрлүүлэх эрхийг шүүх шийдвэрлэнэ” гэсний дагуу хүлээн авахаас татгалзсан байдаг. Ингээд миний бие 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид дахин нэхэмжлэл гаргаж ажил олгогч “*******” -тэй эвлэрэхээр хуулийн хугацаа дуусахаас 4 хоногийн өмнө буюу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагт хамтарсан уулзалтад Улаанбаатар хотоос зорин очсон хэдий ч “*******” -ийн хүсэлтээр уулзалтыг хойшлуулж, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны 14:00 цагт дахин хамтарсан уулзалтыг онлайнаар хийхээр талууд тохиролцсон. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны 14:00 цагийн хамтарсан уулзалтад “*******” -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд оролцоогүйгээр компанийн зүгээс эвлэрэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ утсаар мэдэгдсэний хүрээнд ******* сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №00024 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тухай тэмдэглэл” гарсныг хүлээн авлаа. Дээрх тэмдэглэлийг үндэслэн миний бие ажил олгогч “*******” -ийг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж дахин нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд анхны албан тушаал болох Борлуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилж, өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 09 сарын 29-ний өдөр тус сумын сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх. Нэхэмжлэлийн үндэслэл нь Мөнхсоёл миний бие 2020 оны 04-р сард ******* үйлдвэрт Борлуулалтын хэлтсийн даргаар томилогдон ажилласан. Тухайн үед ажиллах хугацаандаа ямар 1 алдаа дутагдал гаргаагүй ажиллаж байсан. 2022 оны 03 сарын 25-ны өдөр хувьчлалын асуудалтай холбоотой нэр бүхий 10 хүнийг ажил руу, үйлдвэрийн байр луу нэвтрүүлэхгүй гэсэн албан бичиг ирсний дагуу ажил үүрэг эрхлэх боломжоор хангаагүй, үйлдвэр лүү нэвтрүүлээгүй, ажлын байр луу оруулаагүй ийм нөхцөл байдал үүссэн. 3 сарын 25-ны өдөр 5 дах өдөр байсан. Дараагийн 7 хоногт би бүтэн байсан. Хамгаалалт руу ороод ажлын байр луу орох гэхэд оруулахгүй гээд 10 хүний нэр дотор миний нэр байсан. Ажиллах нөхцөл бүрдүүлэхгүй байсан тул миний бие Улаанбаатар хот руу буцсан. Улаанбаатарт миний бие давхар ажил эрхэлдэг. ******* компанид ажиллахдаа би цаг бүртгүүлдэггүй, Улаанбаатараас ерөнхийдөө бүх борлуулалтаа хийгээд явдаг статустай ажлын байр байсан тул Улаанбаатараас ажлаа хийгээд явсан. 4 сарын 13-ны өдөр тушаал шийдвэр гарсан юм байна билээ. Ажлын байр өөрчилсөн, албан тушаал буруулсан тушаал шийдвэр 4 сарын 13-ны өдөр огноотой, 4 сарын 20-ний өдөр миний майл рүү ирсэн. Майл ирээд би майл хүлээн аваад яг хэдний өдрөөс яаж томилогдож байгаа юм, миний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ надад мэдэгдэх хуудсаа явуулна уу гэсэн боловч огт хариу ирээгүй байж байгаад 5 сарын 5-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг 5 сарын 17-ны өдөр гэрийнхээ хаягаар шуудангаар хүлээн авсан. Ингээд нэхэмжлэл гаргах үндэслэл үүссэн. Яг бид нар 3 сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны шинэ борлуулалтын улирал эхэлж байгаатай холбоотой ажилтнуудын цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн ТУЗ-ын шийдвэртэй байсан тул цалин нэмсэн. Сарын цалинг 2,500,000-3,000,000 төгрөг зуны борлуулалтын оргил ачааллын үед борлуулалтын төлөвлөгөөний биелэлтээс хамаараад бид нарт урамшуулал ордог байсан тул сарын дундаж цалингаа 3,000,000 төгрөгөөр тооцож 4 сараас 12 сарыг дуустал хугацааны 9 сарын буюу нийт 27,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоо би албан тушаалд ажиллаж байсан бол Наранбаатар захирал ирээд цалин 20-30 хувиар 2 удаа нэмсэн байна лээ. Одоо ажилтан нь 2,500,000 төгрөгийн цалин авдаг гэсэн. Би бууруулсан албан тушаалд ажиллаж байсан бол 2,500,000 төгрөгийн цалин авах байгаа. Даргаар ажиллаж байсан бол тэрнээс өндөр тооцохоор байгаа. Тэгэхээр би дундажлаад 3,000,000 төгрөгөөр сарын цалингаа тооцсон. Мөн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, нөхөн төлүүлэх шаардлага гаргасан гэв.

Нэхэмжлэгийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэлээн дэлгэрэнгүй хуулийн хэд хэдэн заалт зөрчигдсөн, Хөдөлмөрийн хуулийн хэд хэдэн заалт зөрчигдсөн байгаа тул дэлгэрэнгүй тайлбар хийе гэж бодож байна. Мөнхсоёлын нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгчийн зүгээс бүхэлд нь дэмжиж байна. Хөдөлмөрийн тухай хууль болон Үндсэн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн. Энэ зөрчигдсөн үндэслэл нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2022 оны 03 сарын 25-ны өдөр А1530 дугаартай албан тоотоор нэр бүхий 10 хүнийг ажлын байр луу нэвтрүүлэхгүй байх албан тоот ирсний дагуу тухайн ажлын байр луу орж ажиллах боломжгүй болсноор хөдөлмөрийн харилцаа зөрчигдөж эхэлсэн. Мөнхсоёл 7 хоног хүлээсэн байдаг. Дараа нь хэд хэдэн удаа ирсэн байдаг. Өөр ажилд томилж байгаа 4 сарын 13-ны өдөр гарсан тушаалыг 7 хоногийн дараа буюу 4 сарын 20-ны өдөр авсан байдаг. Аваад ямар нэг байдлаар цаг бүртгэж байгаа гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Гүйцэтгэх захирлын тушаал явууллаа, танилцана уу гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Тэр дээр Мөнхсоёл хэдний өдрөөс эхэлж томилогдож байна гэж үзэх вэ, мэйл хүлээж авлаа албан ёсоор хариу мэдэгдэнэ үү, ажлын байрны тодорхойлолт, гэрээ зэрэгтэй танилцъя гэж явуулсан байдаг. Энэ асуудлыг ерөөсөө хэлээгүй, явуулаагүй, ямар ч хариу өгөөгүй байж байгаад 2022 оны 05 сарын 05-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан. Энэ тушаалыг явуулсны дагуу эвлэрүүлэн жуучлахад хандах, шүүхэд хандах асуудал шат дараалан явагдаж байгаад өнөөдөр маргааныг шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэх гэж байна. Компанийн гүйцэтгэх захирлын тушаал нь эрх зүйн баримт бичиг. Энэ нь Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын их хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол аймаг сумын Засаг даргын захирамжтай адилхан захирамжилж байгаа эрх зүйн баримт бичиг. Энэ баримт бичгийг яаж гаргах вэ гэхээр хууль нийцүүлж гаргах ёстой. Хуульд нийцээгүй захирамж нь гарсан өдрөөсөө эхлэн эрх зүйн хүчин төгөлдөр бус акт болно. Компанийн гүйцэтгэх захирлын хувьд өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн гаргаж байгаа эрх зүйн актыг тушаал гэж байгаа. Хуульд нийцээгүй актыг эрх зүйн хүчин төгөлдөр акт гэж үзэх боломжгүй юм. Тушаал гаргахдаа ажилд томилсон, ажлаас халсан тушаал гаргахдаа Хөдөлмөрийн хууль, дотоод журмын заалтыг дурдсан байдаг. Тушаал гаргахаас өмнөх процессын ажиллагаа огт хийгдээгүй. Сэлгүүлэн ажиллуулах хуучнаар шилжүүлэн ажиллуулах тушаал гаргана. Шилжүүлэн ажиллуулах тушаал гаргахдаа тухайн ажлын байранд шилжүүлэн ажиллуулах хүнтэйгээ тохиролцсон байх ёстой, мэдэгдсэн, зөвшилцсөн байх ёстой энэ энэ заалтууд зөрчигдөөд явсан. Ажлын байрны тодорхойлолт танилцуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, дараа нь тушаал гараад тухайн хүн ажлын байр дээр ямар ажил гүйцэтгэхээ мэдсэний үндсэн дээр, хэдэн төгрөгийн цалин хөлс авахаа мэдсэний үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг зөвшөөрсөн бол энэ ажиллагаа хийгдэх ёстой байхад энэ ажиллагаа хийгээгүй байна. Маркетинг борлуулалтын хэлтсийн ажилтан гэсэн орон тоо дээр ямар ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж, ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй байж 2022 оны 05 сарын 05-ны өдөр ажилдаа ирээгүй гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлаад байгаа нь үндэслэлгүй байна. Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах талаар гаргасан зөвлөмж байна. Хэдийгээр Хөдөлмөрийн хууль өөрчлөгдсөн байгаа ч гэсэн энэ зөвлөмж үндсээрээ өөрчлөгдөөгүй илүү чанаржсан тул энэ зөвлөмж адилхан хэрэгжинэ, хүчинтэй байгаа. Шүүхийн практикт энийг бариад хөдөлмөрийн маргаантай асуудлыг шийдэж байгаа. Зөвлөмжийн 3.4-д сахилгын шийтгэлийг ногдуулах эрх бүхий этгээд нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч, харин сахилгын зөрчил гаргасан этгээд нь тухайн ажил олгогчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтан байна гэж заасан. ******* сэлгүүлэн ажиллуулж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах зайлшгүй шаардлагатай байсан. Улсын дээд шүүхийн зөвлөмжийн 1.2-т хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг гэрээнд заавал тусгасан байх ёстой бөгөөд хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаанд гэрээний дээрх нөхцөлүүдийг хэрхэн тохиролцсоныг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзэх нь чухал байна гэж заасан. Гэтэл сэлгүүлэн ажиллуулахдаа огт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж ажил олгогч дур мэдэн тушаал буруулж, байгуулаагүй хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Энэ дээр шүүх үнэлэлт дүгнэлт өгнө гэж үзэж байна. Сэлгүүлэн ажиллуулах энэ тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн дараах заалт зөрчигдсөн. Хөдөлмөрийн хуулийн 59.1-д зааснаар ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж тогтоож өгсөн.  Хөдөлмөрийн хуулийн 59.1.1, 59.1.4-д ямар тохиолдолд сэлгүүлэн ажиллуулахыг зааж өгсөн. ажлын ачааллыг тэнцүүлэх, 59.1.2.тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх, 59.1.3.хэд хэдэн ажлын байранд ажиллах чадвар эзэмшүүлэх, 59.1.4.нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сэлгүүлэн ажиллуулахаар хуульчилж зааж өгсөн байна. Компанийн өмчийн хэлбэр өөрчлөгдөхөд заавал ажилтныг сэлгүүлэн ажиллуулна гэсэн зүйл заалт байхгүй. Хөдөлмөрийн хуулийн 59.3-д ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно гэж заасан. 4 сарын 13-ны өдрийн тушаалыг гаргахдаа Мөнхсоёлтой ерөөсөө тохиролцоогүй, санал аваагүй тул тохиролцсон зүйл байхгүй. Хуулийн 59.3-д заасан заалт ноцтой зөрчигдсөн байна. Мөнхсоёлын ажил албан тушаал өөрчлөх талаар санал хүргүүлж, хэлэлцсэн тохиролцсон, түүнээс зөвшөөрөл авсан ажиллагаа огт хийгээгүй байгаа нь хүсэлт гаргаад ******* компанийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой бичиг баримт, ажилтны хувийн хэрэгт хийсэн үзлэгээр тодорхой болсон. Ямар нэг байдлаар санал авсан, хэлэлцсэн, тохиролцсон, санал болгосон асуудал байхгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд томилсон Б163 дугаартай тушаалыг гаргахдаа ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, тайлбарлаж, гарын үсэг зурсан байх ёстой. Энэ шаардлага хангагдаагүй, танилцуулах хуудас зуруулсан байх ёстой энэ шаардлага хангагдаагүй, хөдөлмөрийн гэрээний нөхцөл танилцуулж гэрээ байгуулсан байх ёстой энэ шаардлага хангагдаагүй. Тухайн ажлын байранд сэлгэн ажиллуулах талаар зөвшилцсөн байх ёстой энэ зүйл заалтууд бүгд зөрчигдсөн байна. Тиймээс энэ тушаалыг хүчин төгөлдөр тушаал гэж үзэж боломжгүй. Тушаал гарсан өдрөөсөө эрх зүйн зөрчилтэй тушаал байна гэж Мөнхсоёлын хувьд үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 41.1-д заасан гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлсний талаар хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө танилцуулах үүргээ ажил олгогч биелүүлээгүй ноцтой зөрчсөн гэж үзэж байна.  Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.1-д заасан ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах талаар тусгасан ажилтны үндсэн эрх мөн 43.1.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох хуулийн зүйл заалтууд ноцтой зөрчигдсөн байна. Эндээс ямар дүгнэлт гарч байна гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 5-л зүйлд заасан суурь зарчмыг ажил олгогч ноцтой зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах талаар гаргасан Улсын дээд шүүхийн зөвлөмжийн 1.1-д Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь бусад гэрээний нэгэн адил түүнд хамаарна гэж тусгасан байна. Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн 1 хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах 2 тал харилцан тохиролцож чөлөөтэй байгуулах агуулга орж ирж байна. Тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой гэж зөвлөмжид тусгасан байгаа. Энийг шүүхэд практикт хэрэглээд явж байна. Уг шаардлагыг хангаагүй хөдөлмөрийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж Улсын Дээд шүүхийн зөвлөмжид тусгасан байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 5 сарын 5-ны өдрийн Б230 дугаартай сахилгын шийтгэл оногдуулж хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг гаргахдаа мөн Хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг ноцтой зөрчсөн. Энэ нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд тодорхой нотлон тогтоогдсон. ******* Борлуулалт маркетингийн хэлтсийн борлуулалтын ажилтны орон тоо дээр ямар ч гэрээ байгуулаагүй байж ямар гэрээ цуцалж байгаа нь ойлгомжгүй байна. Зөвхөн ажил олгогч өөрийн дангаар хууль зөрчиж гаргасан тушаалаа хүчин төгөлдөр, гэрээ байгуулсан гэж үзээд байгаа бол хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.10-ны дагуу гэрээг цуцлахдаа ажилтанд тайлбарлаж, танилцуулах ёстой. Тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг энэ үндэслэлээр цуцлах гэж байна танилцуулсан байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3-д  ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдсэн  байх ёстой. Таныг ажилдаа ирэхгүй, энэ энэ сахилгын зөрчил гаргаж байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах гэж байна шүү гэж тайлбар авсан байх ёстой энэ ажиллагаа огт хийгдээгүй. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргахдаа байгуулагдаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв ажил олгогч дангаараа ажилтанд танилцуулж зөвшөөрөл авалгүйгээр ******* сэлгүүлэн ажиллуулахаар гаргасан тушаалаа хүчин төгөлдөр гэж үзээд энэ тушаалыг гаргаж хүргүүлсэн өдрөөс хойш шалтгаангүй ажил тасалсан гэж үзэж байгаа бол зөвхөн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах ёстой. Гэтэл тушаал гаргахдаа үндэслэл болгоод байгаа заалт нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн харилцаанд хууль дээдлэх талуудын эрх тэгш оролцоог хангах, талууд бие биеийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харилцан хүндэтгэх зэрэг зарчмууд ноцтой зөрчигдсөн гэж 2 тушаалын хувьд үзэж байна. ******* ажлаас халсан, ажилд сэлгүүлэн ажиллуулах тушаал хүчин төгөлдөр биш гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэж байна. Тиймээс ******* Маркетинг борлуулалтын хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-р зүйлд заасны дагуу тооцож ажилгүй байсан хугацааны 9 сарын цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Илт хууль бус, хууль зөрчиж гарсан тушаал нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болно. Эрх зүйн зөрчилтэй тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан хууль дээдлэх, 13.2.2-д заасан талуудын эрх тэгш оролцоог хангах зэрэг зарчмуудыг зөрчсөн энэ байдал нь хангалттай нотлон тогтоогдож байгаа тул энэ тушаалыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл байхгүй. 2022 оны 4 сарын 13-ны өдөр гаргаад 20-ны өдөр мэдэгдсэн тушаалд гомдол гаргах гээд явж байх хугацаанд 15 хоногийн дараа 5 сарын 5-ны өдрийн тушаал гаргаад байна. Өмнөх тушаалын үйлчлэл зогсож байгаа тул энэ дээр ямар нэг байдлаар хөөн хэлэлцэх хугацаа өмнөх тушаал дээр тооцох асуудал яригдахгүй гэж үзэж байна. Өмнөх тушаалыг үндэслээд Маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтан орон тоон дээр авсан ажлын байранд гаргасан тушаалаа захиргааны санаачилгаар хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж цуцалж байгаа тул энэ 2 тушаалын талаар зайлшгүй хамтад нь ярьж, тушаалтай холбоотой эрх зүйн ямар үр дагавар үүсэж байна, эрх зүйн хүчин төгөлдөр гэж үзэх үү үзэхгүй юу гэх асуудалд шүүх үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэж байна гэв.

Хариуцагч ******* -ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус шүүхээс иргэн *******ын нь манай байгууллагыг хариуцагчаар татаж байгууллагын Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч ******* нь манай байгууллагад 2020 оны 04 дүгээр сарын 06-ны эдрийн Б/119 дугаар тушаалаар Борлуулалтын хэлтсийн даргаар томилогдон ажилд орсон. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 13-с тус оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул 2022 оны 15 дугаар сарын 05-ны өдрийн Б/228 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халсан. Ажлаас халахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 43.1.4 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2 дахь заалт, 123.2.5 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, Компанийн дүрмийн 8.1. 8.9.8 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 6.4, 6.4.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 2.3.3, 2.3.3.5, 5.1.10, 5.1.10.6 дахь заалт тус тус зөрчсөн зөрчил гаргасан тул нэхэмжлэгчтэй байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ"-г цуцалсан. Мөн манай байгууллага нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулсан тул хэргийг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор оруулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төрийн өмчид шилжих тогтоол 2022 оны 03 сарын 26-ны өдөр Засгийн газрын тогтоол гарсантай холбоотой Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 108, 109 дугаартай тогтоол гарч улмаар төрийн өмчид шилжих процесс эхэлсэн. Үүнтэй холбоотой зарим албан тушаалтнуудыг үйлдвэрийн байранд нэвтрүүлэхгүй байх албан тоот Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирсэн байдаг. Нэхэмжлэгч өөрийн тайлбартаа 7 хоногийн хугацаанд хүлээгээд Улаанбаатар хот руу ажлаар явсан гэж ярилаа. ******* албан тушаал бууруулах үндэслэл нь Мөнхсоёл нь тухайн үеийн ******* ХК-ийн ТУЗ-ын гишүүнээр болон Хөтөл компанид олон жил ажилласан энэ талаар түрүүн 2014 оноос хойш ажилласан гэж дурдсан. Энэхүү нөхцөл байдал нь ******* -д давхар удирдах албан тушаал эрхэлж болохгүй нөхцөл байдал үүссэн. Төрийн өмчид шилжсэнтэй холбоотой 4 сарын 06-ны өдрийн ТУЗ-ын тогтоол гарч зөвхөн борлуулалт биш маркетинг борлуулалтын хэлтэс гэж шинээр зохион байгуулагдсан. Үүнтэй холбоотой удирдах ажилтныг давхар борлуулалт, маркетингаар мэргэшсэн хүн байх нь зүйтэй гэж гүйцэтгэх захирлын хувьд дүгнэснээр Ганчимэг борлуулалтын хэлтсийн даргаар томилж ******* албан тушаал бууруулж борлуулалтын хэлтсийн ажилтнаар томилсон. Ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь зөрчөөгүй, албан тушаал бууруулсан нь үнэн. Гэвч бууруулсан тушаал нь 2022 оны 04 сарын 13-ны өдөр гарсан. Энэ хүртэл Мөнхсоёл ажил албан тушаалдаа ирээгүй. ******* нэвтрүүлэхгүй байгаа байдал 3 сард болоод өнгөрсөн. 4 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд Мөнхсоёл ажил хөдөлмөр эрхлэх эрхээ хэрэгжүүлэхээр ******* -д ирээгүй. Тушаал гарснаас хойш буюу 4 сарын 13-ны өдрөөс хойш мөн ажилдаа ирээгүй. Түрүүн нэхэмжлэлийн агуулгын ярихдаа 4 сарын 20-ны өдөр мэйл ирсэн гэж байна. Энэтэй холбоотой албан тушаал буурснаа мэдсэн гэж ойлгогдоно. Үүнтэй холбоотой хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, тухайн мэйлд ажил хөдөлмөрөө эрхлэхгүй байна, цагийн бүртгэл таслалтаар яваад байна гэж Тасалдаад яваад байна гэж мэйлд бичсэн хэрэгт энэ баримт авагдсан байна. Ингээд ажил хөдөлмөрөө эрхлэхгүй, хийхгүй байсан тул 5 сарын 5-ны өдөр хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох дүрэм журмыг үндэслээд 2 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Мөнхсоёл нь өөрөө ажлын байрандаа байж ажил үүргээ гүйцэтгээгүй тул ажлаас хуулийн дагуу чөлөөлсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******тай санал нэг байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.     

  Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь “*******” -д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 21.000.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

            Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч ******* нь “ажлаас үндэслэлгүй халагдсаны нөхөн олговорт сарын дундаж цалин хөлс 3.000.000 төгрөгөөр тооцож 2022 оны 04 дүгээр сараас 12 сарыг дуустал хугацаагаар 27.000.000 сая төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.  

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “ *******” -ийн өмчийн хэлбэр өөрчлөгдөж, төрийн өмчит хувьцаат компани болж үүний дагуу бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж, борлуулалтын хэлтэс нь маркетинг, борлуулалтын хэлтэс гэж шинээр зохион байгуулагдсан. Үүнтэй холбоотой удирдах ажилтныг давхар борлуулалт, маркетингаар мэргэшсэн хүн байх нь зүйтэй гэж гүйцэтгэх захирлын хувьд дүгнэснээр Ганчимэгийг борлуулалтын хэлтсийн даргаар томилж ******* албан тушаал бууруулж борлуулалтын хэлтсийн ажилтнаар томилсон... Ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь зөрчөөгүй, албан тушаал бууруулсан нь үнэн. Гэвч бууруулсан тушаал нь 2022 оны 04 сарын 13-ны өдөр гарсан. Энэ хүртэл Мөнхсоёл ажил албан тушаалдаа ирээгүй. ******* нэвтрүүлэхгүй байгаа байдал 3 сард болоод өнгөрсөн. 4 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд Мөнхсоёл ажил хөдөлмөр эрхлэх эрхээ хэрэгжүүлэхээр ******* -д ирээгүй. Тушаал гарснаас хойш буюу 4 сарын 13-ны өдрөөс хойш мөн ажилдаа ирээгүй. Ингээд ажил хөдөлмөрөө эрхлэхгүй, хийхгүй байсан тул 5 сарын 5-ны өдөр хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох дүрэм журмыг үндэслээд 2 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж байна.  

            Нэхэмжлэгч ******* нь Хөтөлийн “*******” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/119 дугаартай тушаалаар борлуулалтын хэлтсийн даргаар томилогдон, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байна.

            Монгол улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр “Хөтөлийн цемент шохой” -ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай тогтоолын дагуу ******* ХК нь Төрийн өмчит хувьцаат компани болж өөрчлөгдөн, 2022 оны 04 дүгээр сарын  06-ны өдрийн 01 тоот ******* -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах” тухай тогтоол гаргасан байна. /хх-ийн 80, 100-101 хуудас /

Уг арга хэмжээний дагуу “*******” -ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/28 дугаартай “Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах” тухай тушаал гарч үүнтэй холбоотойгоор  2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай “Ажиллагсдыг ажилд томилох” тухай тушаал гарч *******ыг Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилсон байна. /хх-ийн 53-55, 76-79 хуудас /

Уг тушаалыг нэхэмжлэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан гэж байгаа боловч “*******” -ийн маркетинг, борлуулалтын хэлтсээс 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “захирлын тушаал гарч маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилсон” тухай *******ын цахим хаягаар мэдэгдсэн болох нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, цахим хаягаар нь мэдэгдсэн тухай баримт зэргээр нотлогдож байна. /хх-ийн 50-52, 57 хуудас/

Нэхэмжлэгч ******* нь ажил албан тушаалаас бууруулсан тушаалыг хүлээн аваад гомдол гаргах гэж байтал “*******” -ийн захирлын ажлаас халсан тухай тушаал гарсан гэж тайлбарлаж байх бөгөөд “*******” -ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай тушаалаар “******* нь  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр *******ын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халжээ.

Энэхүү тушаалыг “*******” -ний хүний нөөцийн мэргэжилтэн нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр *******той утсаар холбогдож ажлаас чөлөөлсөн тушаалын талаар танилцуулж 2022 оны 05 дугаар сарын  10-ны өдрийн 11 цаг 35 минутанд  шууданд хийж, нэхэмжлэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр уг тушаалыг хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тушаал танилцуулж, шууданд хийсэн талаарх ******* -ийн хүний нөөцийн мэргэжилтэн ийн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-ийн 75 хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ...тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т ажилтан нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхийг хуульчилсан байна.

Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 07-н өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд “*******” нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй, ******* аймгийн ******* сум нь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй учир ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, улмаас 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй” болсон тул 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иймд нэхэмжлэгч ******* нь ажил олгогчийн ажлаас халсан тушаалыг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан буюу 30 хоногийн хугацааны дотор байх тул шүүх мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

 Харин “*******” -ийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай “ажиллагсдыг ажилд томилох тухай” тушаалыг нэхэмжлэгч  *******д “*******” -аас 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цахим хаягаар мэдэгдсэн хугацаанаас 30 хоногийн дотор буюу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор гомдлоо гаргах ёстой байсан байна.

Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай “ажиллагсдыг ажилд томилох тухай” тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна гэж үзлээ.

“*******” -ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, Компанийн дүрмийн 8.1, 8.9.8, хөдөлмөрийн гэрээний 6.4, 6.4.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.3.3, 2.3.3.5, 5.1.10, 5.1.10,6 дахь заалтуудыг тус тус үндэслэн “...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар  хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж *******ын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халж шийдвэрлэжээ.

Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн А-1/530 дугаартай албан бичгээр ******* болон бусад нэр бүхий 10 хүнийг “*******” -ын байр луу нэвтрүүлэхгүй байх үүрэг болгосон бөгөөд нэхэмжлэгч *******ын “2022 оны 03 сарын 25-ны өдөр хувьчлалын асуудалтай холбоотой нэр бүхий 10 хүнийг ажил руу, үйлдвэрийн байр луу нэвтрүүлэхгүй гэсэн албан бичиг ирсний дагуу ажил үүрэг эрхлэх боломжоор хангаагүй, үйлдвэр лүү нэвтрүүлээгүй, ажлын байр луу оруулаагүй ийм нөхцөл байдал үүссэн. 3 сарын 25-ны өдөр 5 дах өдөр байсан. Дараагийн 7 хоногт би бүтэн байсан. Хамгаалалт руу ороод ажлын байр луу орох гэж 2-3 удаа очсон боловч оруулаагүй.  Үйлдвэрийн байр луу нэвтрүүлэхгүй гээд 10 хүний нэр дотор миний нэр байсан. Ажиллах нөхцөл бүрдүүлэхгүй байсан тул миний бие Улаанбаатар хот руу буцсан. Би одоо хүртэл үйлдвэрээс хувийн эд зүйлээ авч чадаагүй байгаа” гэх тайлбар,

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон : ...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга албан тоот манайд ирээгүй. Тэр албан тоотыг тухайн компани төрийн өмчид шилжиж байх үед ******* аймаг ******* сумын Цагдаагийн хэлтсийн даргад бичсэн гэж ойлгосон. Тэрийг хэв журмын ахлах надад үзүүлээд энэ хүмүүсийг энэ хугацаанд нэвтрүүлэхгүй шүү, зөвшөөрөлгүй нэвтрүүлэхгүй гэсэн чиглэл Цагдаагийн байгууллага өгсөн. Тухайн төрийн өмчид шилжиж байх процесс нь өөрөө манайх хамтарч цагдаатай үйл ажиллагаа явуулж байсан. Төв шалган нэвтрүүлэх байр дээр цагдаагийн үйл ажиллагаа 4 хоног явагдсан. Тэр үед гэж дэд хурандаа хэв журмын ахлах танилцуулсан. 10 хүний нэр дотор *******ын нэр байсан... Одоо манай “” харуул хамгаалалтын үйл ажиллагаагаа хүлээлгэж өгсөн. 2022 оны 11 сарын 2-ны өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас болон ******* -аас  тэр бичигтэй холбоотой нэвтрүүлэх талаар зөвшөөрсөн ямар нэг албан тоот манайд ирээгүй... Миний санахын 2 билүү 3 удаа нэвтрэх гээд ирлээ гэж хэлж байсан. Би өөрөө тэнд байнга зогсохгүй манай ээлжийн ахлах нар зогсож байсан. Надад холбогдох зөвшөөрлийг Наранбаатар захирал, хүний нөөцийн хэлтсийн даргаас авах ёстой гэж байсан тэгээд нэвтрүүлж байгаагүй 3 удаа ирсэн байх” гэсэн мэдүүлэг, Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын даргын  2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А-1/530 дугаартай “Үүрэг болгох тухай” албан бичиг зэрээр *******ыг үйлдвэрийн байр луу нэвтрүүлээгүй, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй болох нь нотлогдож байна. /хх-ийн 99 хуудас/

Иймд “*******” -ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “******* нь ажил хөдөлмөрөө эрхлээгүй, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам”-д заасан хоёроос дээш хоног ажил тасалсан, ноцтой зөрчил гаргасан гэх байдал нь нотлогдохгүй бөгөөд дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.     

Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын даргын “Үүрэг болгох тухай” албан бичиг нь хэднээс хэдний хугацаанд хэрэгжих нь тодорхойгүй, *******ыг үйлдвэрийн байрлуу нэвтрэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас гаргасан эсэх талаарх нотлох баримт хэрэгт байхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “Хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах” гэх ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг зөрчиж ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарласан атлаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар  хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” буюу хоёроос дээш хоног ажил тасалсан гэж ажлаас халсан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн “*******” -ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай тушаалын 1-р заалтад “тус компанийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтан Батчулууны Мөнхсоёл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул... хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэжээ.

*******той ажил албан тушаал буруулсан буюу маркетинг, борлуулалтын ажилтнаар томилохдоо шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа “Хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд ямар гэрээг цуцалж байгаа нь тодорхойгүй байна.

“*******” -ын захирлын 2022 оны 04 дүгээр сарын А/28 дугаартай “Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” тушаалд тус компанийн борлуулалтын хэлтэс нь шинээр “Маркетинг, борлуулалтын хэлтэс” болон өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл *******ын ажиллаж байсан ажил албан тушаал бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орсон боловч, огт байхгүй болоогүй байна. /хх-ийн 76-79 хуудас/

Иймд дээрх байдлуудыг дүгнээд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан *******ыг *******” -ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар ажилд эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сараас 12 сарыг дуустал хугацаагаар сарын дундаж цалин хөлс 3.000.000 төгрөгөөр тооцож 27.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг  хавтаст хэргийн 7 дугаар хуудаст авагдсан “ *******ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг”-ыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.1-т “нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно” гэж зааснаар 2022 оны 01, 02, 03 дугаар сарын дундаж цалин 1.606.114+1.658.085+3201970=6.466.169 төгрөг, 6.466.169:3=2.155.390 /сарын дундаж цалин/ төгрөг, мөн журмын 2.1.2-т зааснаар “нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж тооцно”, мөн журмын 1.6-д “хуанлийн жилийн  нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр... тооцож болно” тус тус зааснаар /21+21+21=63, сүүлийн 3 сарын дундаж ажлын өдөр/ 6.466.169:63=102.638 төгрөг /нэг өдрийн дундаж цалин/ болно.

Иймд *******ын 2022 оны 04 дүгээр сараас 11 сар хүртэлх ажилгүй байсан хугацааг /21 x 8 сар=168 хоног/, 12 сард ажлын 18 хоног нийт 186 хоногийн ажилгүй байсан хугацааны /186 x 102.638=19.090.668/ 19.090.668 төгрөгийг хариуцагч байгууллага болох “*******” -аас гаргуулж *******д олгож шийдвэрлэлээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасны дагуу *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.            

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар үйлийн 127.1-т тус тус зааснаар Батчулууны ******* “*******” -ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч *******” -аас 19.090.668 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” -аас 253.403 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.ДЭЛГЭРСАЙХАН