Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 271

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Э.Одончимэг

шүүгдэгч А.Дашпүрэв, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201726020756 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 16-нд Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 13 дугаар гудамж, 25 тоотод оршин суух, ялгүй, АК97101612 дугаарын регистртэй, Мэргэд овогт Арсланбаатарын Дашпүрэв

 

Шүүгдэгч А.Дашпүрэв 2017 оны 3 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 02 цагийн үед согтуугаар Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис бааранд хохирогч Н.Хоролгаравын Samsung S-6 EDGE маркийн гар утсыг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Дашпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би мэдүүлэг өгөхгүй. Учир нь миний үйлдсэн хэргийн талаар хавтаст хэрэгт бүрэн авагдсан байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хулгай хийхгүй. Хохирогчийн гар утсыг буцааж өгсөн гэв.

 

Шүүгдэгч А.Дашпүрэвийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 17/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Дашпүрэв 2017 оны 3 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис бааранд хохирогч Н.Хоролгаравын Samsung S-6 EDGE маркийн гар утсыг хулгайлсан болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Нямбуугийн Хоролгаравын “… 2017 оны 3 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00 цагийн үед найз Энхбаяр болон түүний найзуудын хамт “Парис” нэртэй бааранд ороод 0.5 литрийн Сэнгүр пиво тус бүр 3 шилийг уусан. Би гар утсаа цүнхэндээ хийгээд санадлын хойд талд тавьсан ба 02 цагийн үед баарнаас гарах үедээ гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Цагдаа дуудаад камер шүүгээд гар утсыг минь олж өгсөн. Цагдаа нарт баярлалаа. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хааж өгнө үү.

Миний гар утас Самсунг С-6 эджи маркийн утас байсан. Бүрэн бүтэн авсан. Ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй” /хх-н 19-20/ гэсэн,

сэжигтэн А.Дашпүрэвийн “... найз Нарка, түүний найзууд, манай эгчийн хүүхэд Батхүрэл нарын хамт “Парис” бааранд ороод пиво уусан. Манай дүү Батхүрэл нэг эмэгтэйтэй юм яриад сууж байсан. Хажууд нь байсан буйдан дээр эмэгтэй хүний гар цүнх байсан, тэр цүнхний онгорхой дээр нь гар утас байсныг би аваад халаасандаа хийгээд суусан. 00 цагийн үед гар утасны эзэн гээд хүүхэн ирээд гар утас алга болчихлоо гээд цагдаа дуудаад камер шүүгээд, намайг нэгжээд би гар утсыг нь гаргаж өгсөн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр манай дүү Батхүрэл бид хоёрыг авчирсан.

Самсунг маркийн гоулд өнгөтэй гар утас байсан. Тэр бааранд танилцсан. Урьд нь таньдаггүй байсан. 9 дүгээр сургуулийн багш гэж байсан. Яг хулгайлъя гэж бодоогүй. Цүнхэнд ил харагдахаар нь авсан. Буцаагаад өгье гэж бодож байсан боловч цагдаа дуудахаар нь тэр чигтээ бантаад өгөөгүй” /хх-н 22-23/ гэсэн тэдгээрийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн мэдүүлэг,

гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-н 4/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-н 7/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 8/, цагдаагийн илтгэх хуудас /хх-н 9/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул

Мэргэд овогт Арсланбаатарын Дашпүрэвийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах энэ гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний хохирол учирсан нь эд зүйлийн үнэлгээнд тусгагджээ. /хх-н 16/

 

Гэвч шүүгдэгч А.Дашпүрэвийн үйлдсэн хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба хохирогч Н.Хоролгарав нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд шүүгдэгч А.Дашпүрэвд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “… шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь … шүүгдэгчтэй сайн дураараар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтыг баримтлан хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлд “... согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэсэн боловч шүүгдэгч А.Дашпүрэвийн согтуурлыг шалгасан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар түүнд ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч А.Дашпүрэв 9 хоног цагдан хоригдсон болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Мэргэд овогт Арсланбаатарын Дашпүрэвийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. А.Дашпүрэвт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. А.Дашпүрэв 9 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

түүний “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

4. Энэ шийтгэх тогтоолын хувийг ШШГЕГазрын Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсүгэй.

 

5. А.Дашпүрэв бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Хоролгарав гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Дашпүрэвт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ