Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
Хэргийн индекс | 128/2023/0195/З |
Дугаар | 128/ШШ2023/0333 |
Огноо | 2023-04-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2023/0333
2023 04 05 128/ШШ2023/0333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Ба*******ол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******
Хариуцагч: Ба*******ол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Д.У*******д холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ба*******ол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******, хариуцагч Д.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Ба*******ол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Д.У******* 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар Ул******* ХХК-ийн захирал Б.Г******* Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалтыг зөрчсөн болох нь санхүүгийн баримт, тайлангаар нотлогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.4-д заасны дагуу торгох шийтгэл оногдуулж, оногдуулсан шийтгэлийн 250,000 төгрөгийг төлж биелүүлэхийг даалгажээ.
2.Гомдол гаргагч Ба*******ол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б******* гомдлын шаардлагадаа: ... Ба*******ол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.У*******ын шийтгэл оногдуулсан шийтгэлийн 0******* дугаар хуудаст холбогдогч Ул******* ХХК гэж өөрчлөлт оруулах ... гэжээ.
3. Гомдол гаргагч Ба*******ол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б******* дүгнэлтдээ: Нийслэлийн Ба*******ол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б******* би, тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.У******* 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1554/Б******* дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар шалгаад холбогдогч Б.Г*******ийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан материалыг Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаартай тушаалаар баталсан Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар-ын 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах шалгалтын хүрээнд хянав.
Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан байхад эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа ажил олгогч Ул******* ХХК-д буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан этгээдэд бус захирал, иргэн Б.Г*******т шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Ба*******ол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.У*******ын шийтгэл оногдуулсан шийтгэлийн 0******* дугаар хуудаст холбогдогч Ул******* ХХК гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ.
4.Гомдол гаргагч Ба*******ол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын тухай хуулийн 13.1.4-д зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагын хэрэг бүртгэх ажиллагаанд шалгалт хийх гэж заасан. Мөн Улсын ерөнхий прокурор баталсан аргачилсан зааврын 5.1 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн шийдвэрийг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах шалгалтын хүрээнд шалгана гэж заасны дагуу Ба*******ол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн шалгалтын хүрээнд албан тоотоор татаж шалгасан байгаа. Шалгалтын хүрээнд эрх бүхий албан тушаалтан Д.У*******ын шийтгэл оногдуулсан шийдвэрт дүгнэлт бичсэн байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан шийдвэрийг прокурор нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байх боловч прокурорын хяналт нь шалгалтын явцад орж ирж байна гэж ойлгогдоно.
Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4-д Ажил олгогч тухай сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байхад эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсэгт холбогдогчоор хувь хүний нэр дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дүгнэлт бичих үндэслэлтэй гэж үзэж дүгнэлт бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлд шимтгэл төлөгч гэдэг зөвхөн хуулийн этгээд байна гэж заасан байдаг. Хуулийн этгээдийг нийгмийн даатгал төлөх хугацааг хэтрүүлсэн байна гэж шийтгэл оногдуулсан байх боловч шийтгэлийн хуудсанд иргэн хүний нэр дурдсан байх тул эрх бүхий албан тушаалтан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх боловч шийтгэлийн хуудсанд хувь хүний нэр дурдаж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнд хувь хүний эрх ашиг хөндөгдөж байна. Улсын хэмжээнд бүртгэл, статистик тоо хэмжээ нь улсын прокурорын байгууллагын нэгдсэн сангаас гардаг. Тухайн компани зөрчил гаргасан нь тогтоогдсон байгаа боловч үнэт цаасан дээр холбогдогч гээд хувь хүний нэрийг дурдсан. гэв.
5.Хариуцагч Ба*******ол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Д.У******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Ба*******ол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Д.У******* миний бие, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт Нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Ул******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г******* нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй зөрчил гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулсан болно.
Прокурор нь: 1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт прокурор эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн тайлбар, нотлох баримттай танилцсаны дараа дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 7.2.зөрчил шалгах ажиллагаа, нотлох баримтыг хүчингүй болгох, 2.Прокурорын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан хэрэг, материалтай танилцах, хянах үүрэгтэй гэж тус тус заасан байна.
Ул******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г******* нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан бөгөөд энэ нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно. Иймд гүйцэтгэх захирал Б.Г******* нь нийгмийн даатгалын тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийдвэрийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн албажуулсан болно.
Иймд Нийслэлийн Ба*******ол дүүргийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 61 дүгээр Прокурорын дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.
6.Хариуцагч Ба*******ол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Д.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын дүгнэлтийг 2 үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. 02 дугаар сарын 14-ны өдрийн 61 дүгээр дүгнэлтэд улсын ерөнхий прокурорын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/62 журмыг баримталдаг. Тус журамд прокурор ямар дүгнэлт бичих вэ гэдгийг тухайлан зааж өгсөн. Тухайлан зааж өгсөнд нь дүгнэлт бичиж өөрчлөх санкц байхгүй. Тэгэхээр Прокурорын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр шаардлага бичих боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хоёрдугаарт энэ шийтгэлийн хуудас нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байна. Прокурор дээд шатны байгууллагын удирдамжийн дагуу хяналт шалгалтын хийх мэтээр тайлбарлаж байна. Гэтэл удирдамж нь 2023 оны 06 сард гарсан бол хөөн хэлэлцэх хугацаанд орох эсэх асуудал яригдана. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.11-д зааснаар гомдол гэдэгт прокурорын дүгнэлт орсон байгаа. Прокурорын дүгнэлтийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа 30 хоног байдаг. Гэтэл энэ хугацааг хэтрүүлсэн байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Нэгдүгээрт хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Хоёрдугаарт дүгнэлт бичих санкцад багтахгүй байна. Хувь хүний нэр шийтгэлийн хуудас гаргасан гэдэг нь банканд тушаасан баримт дээр хуулийн этгээдийн нэр, регистрийг бичсэн байгаа. Хувь хүнийг торгосон бол тухайн хүн өөрийн нэрийг регистрийн дугаартай бичих байсан. Иймд хуулийн этгээдийг торгосон гэж үзэх үндэслэлтэй байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Гомдол гаргагч Ба*******ол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******эс Ба*******ол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Д.У*******д холбогдуулан ... Ба*******ол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.У*******ын шийтгэл оногдуулсан шийтгэлийн 0******* дугаар хуудаст холбогдогч Ул******* ХХК гэж өөрчлөлт оруулах ... гомдлын шаардлага гаргажээ.
2.Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл, гомдолдоо хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, доорх үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3.Ба*******ол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Д.У*******ын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Г*******т холбогдуулан Ул******* ХХК-ийн 1554/Б******* тоот зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, хяналт шалгалтыг явуулж, Ул******* ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан хоцроосон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
4.Ба*******ол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******эс ...Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байхад эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа ажил олгогч Ул******* ХХК-д буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан этгээдэд бус захирал, иргэн Б.Г*******т шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэлийн хуудаст холбогдогч Ул******* ХХК/РД:6*******/ гэж өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж,
4.1.Хариуцагчаас ... Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, Компанийн тухай хуульд компанийн эрх бүхий албан тушаалтан гэдэгт хэн хэн орохыг тодорхой зааж өгсөн байдаг. Б.Г*******ийг компанийн эрх бүхий албан тушаалтан гэж үзсэн бөгөөд эрх бүхий албан тушаалтан нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх учраас итгэмжлэл авагдаагүй, эрх бүхий албан тушаалтны тогтоол гаргаж хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох шаардлагагүй ... гэж тус тус тайлбарлан маргаж байна.
5.Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.
6.Энэхүү зохицуулалтаас үзэхэд ажил олгогч хуулийн этгээдийн хувьд нийгмийн даатгалын тухайн сарын тайланг Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана. гэж заасан хугацаанд харьяалах нийгмийн даатгалын байгууллагад ирүүлээгүй тохиолдолд тухайн ажил олгогч хуулийн этгээдийг уг зөрчлийг гаргасан гэж үзэн хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулснаас бус тус компанийн захирлыг иргэний хувьд торгохоор зохицуулаагүй байна.
7.Хэрэгт авагдсан Ба*******ол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.У*******ын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудасны ОЛСОН нь хэсгийн холбогдогч хэсэгт Ул******* ХХК-ийн захирал Б.Г*******, ...ШИЙДВЭРЛЭХ нь хэсгийн 1-д холбогдогч Б.Г******* гэж, 6-д холбогдогч Б.Г******* гэж бичсэн байх боловч Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгууль оногдуулсан нь нийгмийн даатгалын тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан гэж ойлгогдохооргүй байна.
8.Хариуцагчийн шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2.Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно. гэж заасан зарчимд нийцээгүй, өөрөөр хэлбэл хуулийн этгээдэд хариуцлага тооцох гэж байгаа тохиолдолд шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэж байгаа этгээдийг зөв тодорхойлсон, ойлгомжтой байх шаардлагатай.
9.Харин энэхүү алдааг залруулсан өөрчлөлт оруулахаар Ба*******ол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос дүгнэлт ирүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ. гэж заасантай нийцжээ.
9.1.Тодруулбал, Прокурорын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Прокурор үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална:3.1.2.хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах; 3.1.3.нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх;, 4 дүгээр зүйлийн 4.2.Прокурорын үйл ажиллагааг хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, аргачилсан заавраар нарийвчлан зохицуулна., 5 дугаар зүйлийн 5.1.Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна. гэж тус тус заасны дагуу прокурор чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн байна.
9.2.Улсын ерөнхий прокурорын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаар тушаалаар баталсан Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар-ын 3.3 дугаар зүйлийн 1.Прокурор нь зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрт дараах хяналтыг тавина:1.2.хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд шалгалт хийх;, 4.14 дүгээр зүйлийн 1.Прокурор нь хяналтын харьяа эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг дээд шатны прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгана., 4.19 дүгээр зүйлийн 1.Зөрчлийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон шийдвэр гаргуулах зорилгоор прокурор эрх бүхий албан тушаалтны хэргийг хэрэгсэхгүй болгосон, шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлүүлэхээр шүүхэд прокурорын дүгнэлт бичнэ. гэж тус тус заасан.
9.3.Мөн зааврын 5.1 дүгээр зүйлийн 1.2.эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн, хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах шалгалтын хүрээнд хянах., 5.4 дүгээр зүйлийн 2.Прокурор эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн хэрэг, материалыг хянаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:2.2.шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулахаар шүүхэд дүгнэлт бичих. гэж зааснаар дээр дурдсан хяналт шалгалтын удирдамжид үндэслэн прокурорын дүгнэлт бичсэн нь үндэслэлтэй байна.
10.Иймд Ба*******ол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Д.У******* 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудаст зөрчлийн хэргийн жинхэнэ холбогдогч Ул******* ХХК/РД: 6*******/ гэж бичээгүй, иргэн Б.Г*******т шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1.Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ. гэж заасантай нийцээгүй тул шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
10.1.Хариуцагч нь шүүх хуралдаанд ... Холбогдогч дээр нь Б.Г******* гээд дурдсан байгаа. Энийг би бичилтийн алдаа гэж хэлнэ ... гэж тайлбарласан боловч иргэн Б.Г*******т зөрчил үйлдсэн гэх бүртгэл, түүх үүсгэсэн үр дагавар бүхий шийдвэр гаргасан хариуцагчийн алдаа нь техник шинжтэй алдаа биш, нөгөөтэйгүүр ... Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тавих хяналт арай өөрөөр явдаг. Гомдол авснаар шууд прокурорын хяналт орж ирдэггүй. Эрх бүхий байгууллагууд бие даасан шийдвэр гаргах субъект бөгөөд шийдвэрт нь нөлөөлөхгүй гэдэг үүднээс зөвхөн прокурорын зөвшөөрлөөр явуулах үйл ажиллагаанд оролцоно гэж хуульд заасан. Бусад шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан бие даан гаргана. Прокурор хяналт шалгалтын хүрээнд орж ирнэ. гэх гомдол гаргагчийн тайлбар болон дээр дурдсан Прокурорын тухай хуулийн болон аргачилсан зааврын холбогдох зүйл, заалтаас тус тус дүгнэвэл хариуцагчийн алдаанд прокурор тухай бүр хяналт тавих хууль зүйн боломжгүйг дурдах нь зүйтэй.
11.Түүнчлэн шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийг Ул******* ХХК төлсөн гэх хариуцагчийн тайлбар түүний холбогдогчийг буруу тодорхойлж шийтгэл оногдуулсан алдааг зөвтгөх үндэслэл болохгүй.
12.Шүүхэд гомдлын шаардлага гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагчийн гомдлын тухайд:
12.1.Ба*******ол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Д.У*******ас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудастай зөрчлийн хэргийг Ба*******ол дүүргийн Прокурорын газар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч бүртгэсэн байна. Хариуцагчийн ... үүнээс хойш 30 хоногийн дотор прокурор хянаж дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлэх байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж дүгнэлт бичсэн... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
12.2.Улсын ерөнхий прокурорын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаар тушаалаар Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар болон Ба*******ол дүүргийн Прокурорын газраас 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ба*******ол дүүрэг дэх Цагдаагийн байгууллагаас бусад хяналтын харьяа байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудаас хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан материалуудын хууль зүйн үндэслэлийг шалгах шалгалтын удирдамж-ийг тус тус баталсан байх ба удирдамжийн 3.2.Шалгалтыг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний хооронд хийж гүйцэтгэнэ. гэж зааснаас үзвэл тус газрын хяналтын прокурор Э.Б******* хяналт шалгалт хийж, хуульд заасан 30 хоногт буюу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд дүгнэлт бичиж ирүүлсэн байх тул шүүхэд гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
13.Иймд дээрх үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурорын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 4.2, 5.1, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ба*******ол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Д.У*******ын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах прокурор Э.Бийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА