| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2025/0232/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/237 |
| Огноо | 2025-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/237
2025 12 19 2025/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа
Улсын яллагч Б.Халиунгоо
Шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн
шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.*******од холбогдох эрүүгийн 2504002980277 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ******* аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, Багануур дүүргийн талын ******* сувилалд үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сум, 1 дүгээр баг, төв гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* сувилалын ажлын байрандаа түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
******* овогт ******* ******* (РД:*******)
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Ш.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар
Яллагдагч Ш.******* нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, Багануур талын ******* сувилалын 8 номерын өрөөнд М.тэй “цэвэрлэгээ муу хийлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар үснээс нь зулгайж, цээж хэсэг рүү нь гараараа цохиж, түлхсэний улмаас түүний биед баруун гарын хуруу, зүүн талын хөлийн хэсэгт ил шарх, зүүн чамархай, баруун гарын бугалга хэсгүүдэд зулгаралт, баруун гарын бугалга, зүүн гарын шуу, зүүн талын хөхний хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч М.ийн мэдүүлсэн мэдүүлэг (хх-ийн 11), шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 276 дугаартай (хх-ийн 21-22), “ ” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2916 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 29-32), хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 16) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ш.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, уг ажиллагаанд “өөрийгөө өмгөөлөх” хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.6 дахь заалтад заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” үндэслэл тогтоогдоогүй байхаас гадна түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.ээс “Ш.******* нь намайг хохиролгүй болгосон тул энэ асуудлыг түргэвчилсэн байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргажээ (хх-ийн 35), хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан зардал 83.950 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаар дансанд төлсөн (хх-ийн 27) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Прокурорын санал болгосон 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байх тул тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ш.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, ба шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргасан тайлбар, улсын яллагчийн саналыг үндэслэн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.*******од 550 (таван зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Ш.*******од мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ш.*******од мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ш.*******од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА