Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/69

 

 

                                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй шүүх шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Д.Д

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2540001610092 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...................суманд төрсөн,.... настай, эрэгтэй, ....... боловсролтой, ........... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..,  хамт, .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, П.Б. (РД:...............)

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах “М” баарны гадаа ******* “бааранд бацаанууд гэж орилж, хашхирсан” гэх асуудлаас болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах “М” баарны гадаа ******* “бааранд бацаанууд гэж орилж, хашхирсан" гэх асуудлаас болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

  Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар илэрхийлсэн байна.

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах “М” баарны гадаа ******* “бааранд бацаанууд гэж орилж, хашхирсан" гэх асуудлаас болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, хамар ясны хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины хэсгийн цус хуралт бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3 дугаар хуудас)

-Хохирогч Г.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед Улаанбаатар хотоос Бор-Өндөр суманд Ө гэдэг найзындаа ирсэн. Орой 19 цагийн үед гэрт нь Ө хамт 2.0 литрийн Касс нэртэй 2 ширхэг пиво хувааж уусан. Мөн 23 цагийн үед гэрээс гарч М нэртэй бааранд орж 0.5 литрийн савлагаатай Ханик нэртэй пиво 3 ширхгийг уусан. Манай найз Ө 00 цаг өнгөрөөд яваад өгсөн. Би ганцаараа бааранд үлдэж сууж байгаад 01 цагийн үед гарч Ө гэрт очоод баар хаахаас өмнө М баар руу очиж архи авах гээд явж байсан чинь 4 залуу таараад нэг махлаг залуу над руу хандаж энэ нөгөө залуу чинь мөн байна гэсэн чинь малгайтай залуу нь яг мөн байна гэж хэлээд миний хамрын зүүн талаас гараараа 1 удаа цохисон. Миний хамарнаас шууд цус гарахаар нь газар тонгойгоод явган суутал яваад өгсөн.” гэх мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас),

-Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2025 оны 10 дугаар сарын 26-ны орой Г.П гэх залуу манай бааранд үйлчлүүлсэн. Тухайн үед манай баараар Д, Б, Х, Т гэх залуус үйлчлүүлсэн. П нь бааранд хэн нэгэнтэй маргаж муудсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0725/073 дугаартай “...Г.П биед хамар ясны хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хх-ийн 12-13 дугаар хуудас),

-Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0725/073 дугаартай дүгнэлтээр Г.П биед хамар ясны хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учирсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч П.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Б нь  хохирогч Г.П гараараа цохиж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч П.Б  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

                                       Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч П.Б хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.П эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Г.П нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг өгсөн, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Б хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 51,250 (тавин нэгэн мянга хоёр зуун тавин) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч П.Б “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Прокурортой тохиролцсон ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч П.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. (хх-ийн 38 дугаар хуудас)

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд  шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

   Шүүгдэгчийн  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, прокурортой тохиролцсон торгох ял төлж биелүүлэх хугацаа зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 (дөрвөн) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь хуульд нийцнэ. 

 

 Шүүгдэгч П.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч ... овогт П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б оногдуулсан 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрвөн) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч П.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 51,250 (тавин нэгэн мянга хоёр зуун тавин) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Б авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        М.ЭНХМАНДАХ