Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 286

 

                                                                                                                                                                                                                          

                                                                   

                                                                                                                 

                                                                      

 

 

 

 

  

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Л.Соёмбо

шүүгдэгч Д.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туул

иргэдийн төлөөлөгч Д.Нандинцэцэг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726020454 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 5 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүү энгэр, 3 дугаар гудамж, 69 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

ял: 1.   2000 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 123 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

2. 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 8 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн,

ЦЖ70051415 дугаарын регистртэй, Монгол овогт Даваасүрэнгийн Түвшинжаргал

 

Шүүгдэгч Д.Түвшинжаргал 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44 дүгээр байрны 3 дугаар орцны 8, 9 дүгээр давхрын дундах хогын пункерын хажуу талд Д.Баянсантай архи ууж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нэг удаа өшиглөж санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Шүүгдэгч Д.Түвшинжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би мэдүүлэг өгөхгүй. Надад холбогдох хэрэг хавтаст хэрэгт бүгд үнэн зөв бичигдсэн байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед Баянсан бид хоёроос өөр хүн байгаагүй. Гэхдээ би талийгаачийн нүүр рүү нь өшиглөөгүй, мөр хавь руу нь хөлөөрөө нэг удаа жийчихээд явсан. Баянсан янз бүрийн балай юм яриад байсан юм. Хэдэн жилийн өмнөөс архи ууж байгаад танилцсан. Хохирлыг төлж барагдуулах болно гэв.

 

Хохирогч Б.Туул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            Маш их гомдолтой. Миний аав нас барчихаар хууч өвчинтэй хүн байгаагүй. Нас бардаг өдөр нь Канад улс руу явах виз нь гарсан. Аавыгаа очиж харахад нүүр ам нь нилэнхүйдээ улаан болсон байсан. Ганц удаа өшиглөснөөс тийм болно гэж бахйгүй. Оршуулгын ажлын зардал болон бусад хохирлоо нотлох баримтын хэмжээнд нэхэмжилнэ. Баримтуудыг нь мөрдөн байцаагчид манай дүү аваачиж өгсөн болохоор нийт хэдэн төгрөгний баримт өгсөн гэдгийг би сайн хэлж мэдэхгүй байна. Шаардлага хангахгүй баримтыг нэхэмжлэлээс хасаж тооцохыг зөвшөөрнө. 13 сая гаруй төгрөгийн баримт байгаа болов уу. Бид нарын ээж байдаг. Гэхдээ намайг мөрдөн байцаалтын явцад хохирогчоор тогтоосон. Хохирогчоор тогтоогдсон асуудалд манайхны зүгээс ямар нэгэн маргаан гаргахгүй. Гомдолтой байна гэв.

 

Шүүгдэгч Д.Түвшинжаргалын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 164/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 163/, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-н 159/, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаа /хх-н 171-176/,

онц хүнд гэмт хэргийн холбогдогч Д.Түвшинжаргалын сэтгэцийг шалгасан Шүүх сэтгэц гэм судлалын “... Д.Түвшинжаргал нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Түвшинжаргал нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Түвшинжаргал нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Түвшинжаргал нь хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн 393 тоот дүгнэлт /хх-н 62-63/,

Д.Түвшинжаргалд холбогдох эрүүгийн хэргийн

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-н 166-167/,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 168/

болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Түвшинжаргалыг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44 дүгээр байрны 3 дугаар орцны 8, 9 дүгээр давхрын дундах хогын пункерын хажуу талд Д.Баянсантай архи ууж маргалдан, улмаар хохирогч Д.Баянсаны нүүрэн тус газар нэг удаа өшиглөж санаатай алсан гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж 201726020454 тоот эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлавал;

Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг буюу Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэгдсэн, дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Түвшинжаргал үйлдсэн болох нь

гэрч Буяннасангийн Ууганбаярын “... би 44 дүгээр байрны 2 дугаар орцны жижүүрээр ажиллаад 3 сар болж байна. 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 17 цаг өнгөрч байхад 1 дүгээр орцны жижүүр Гансүхийн хамт 3 дугаар орц руу орж шатаар доор 1 давхраас 9 давхар хүртэл явсан. Гэтэл 8, 9 дүгээр давхрын шатны голд хогны пункерийн хажууд цус нь гойжсон эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хүн хурхираад байсан. СӨХ-ийн дарга руу утсаар ярих гэтэл надад нэгж байгаагүй. Тэгсэн удалгүй дарга өөрөө 98986162 дугаарын утсаар ярихаар нь 3 дугаар орцны 9 давхрын бункерийн хажууд “цус нь гойжсон хүн хэвтэж байна” гэсэн чинь дарга битгий хүрээрэй, би цагдаа дуудъя гэсэн. Дарга над руу залгахдаа танай 2 дугаар орцны лифтэнд хүн гацсан байна гэсэн юм. Түүнийг хэлэх  гэж залгасан юм байна лээ. Төд удалгүй дарга, нэг цагдаагийн хамт ирээд эмнэлэг дуудсан байгаа, гадаа хүлээж байгаад дагуулаад ир гэснээр Гансүх бид хоёр гадаа гарсан.

Би тэр хүн хэзээ 3 дугаар орц руу орсныг мэдэхгүй. Өчигдөр 3 дугаар орцны хүүхдээ сургуулиас нь авахаар явахдаа надад орцоо эргэчихээрэй гэж захисан болохоор эргээд явж байсан юм. Гансүх 1 дүгээр орцны 6 дугаар давхрын лифтний хажууд нэг жижиг өрөөнд эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 3 дугаар орцны жижүүр өнөөдөр ажлаасаа гарчихсан” /хх-н 25-26/ гэсэн,

гэрч Цэдэвийн Отгонбаярын “... 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр манай гэрт өдрийн цагаар хүн байхгүй. Харин миний 8 дугаар ангийн охин 15 цагийн үед гэртээ ирсэн. Өөр хүн байгаагүй. Би 17 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Би ямар нэгэн зүйл анзаараагүй, ямар нэгэн чимээ хэрүүл маргаан болоогүй байсан. Харин манай охин Байгаль 17 цаг 40 минутын үед дүүгээ авах гээд гарах үедээ ээж коридорт хүн хурхираад унтаад байна гэж хэлэхээр нь замаараа жижүүрт хэлчихээрээ гэж хэлээд гаргахад зөрөөд цагдаа нар ирсэн гэж надад хэлсэн” /хх-н 28/ гэсэн,

гэрч Лхагважаагийн Гансүхийн “... 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр би Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 44 дүгээр байрны 1 дүгээр орцны жижүүрийн ажлаа хийж байсан. Тэгээд 2 дугаар орцны орцны жижүүр Ууганбаярын хамтаар өөрийн хариуцдаг 44 дүгээр байрны 3 дугаар орцны 9 давхарт гарч хог буулгах гэж байхад хогийн бункерийн хажууд 40-50 орчим насны эрэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн, толгойн хэсгээс нь цус гарчихсан байдалтай байж байсан. Тэгтэл Ууганбаярын гар утас нь дуугарахад СӨХ-ийн дарга Оюун залгаж байсан тул Оюун дарга, цагдаагийн алба хаагчтай ирсэн. Тухайн хүн хар, бор өнгийн куртиктэй, эрээн өнгийн дотуур өмдтэй, саарал өнгийн оймстой байсан. Уг эрэгтэйгийн хажууд хар өнгийн саравчтай малгай, бор өнгийн гутал байсан. Тэр хүн манай байрны оршин суугч биш. Би урьд нь харж байгаагүй. 3 дугаар орцонд хааяадаа ганц нэг тэнэмэл орчихсон байхаар нь хөөгөөд гаргадаг” /хх-н 31-32/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... талийгаачийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээгээр тархины баруун тал бөмбөлгийн  дух, зулай, чамархай, хоёр тал бөмбөлгийн суурь хэсэг хамарсан хатуу хальс доорхи тархмал цус хуралт, тархины дарагдал, дух, суурийн хэсгийн тархмал тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалт, зулайн хуйхны шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, эрүү, баруун бугалга, шуу, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эмчилгээ хийгдсэн тул архи согтууруулах ундааны зүйл болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй. Талийгаач нь тархины гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. ГССҮТ-ийн өвчний түүхэнд талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай гэжээ” гэсэн 429 тоот дүгнэлт /хх-н 47-49/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 13-15/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-6/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 7-9/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Түүнчлэн хохирогчоор тогтоогдсон Баянсаны Туул “... 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр аав маань халамцуу гэртээ байж байгаад орой 21 цаг өнгөрч байхад гэрээс гарсан, тэгээд гарч яваад эргэж ирээгүй. Хүүг араас нь гаргасан чинь өвөөг хайгаад хорооллын замын эсрэг талд байх Овоо тээл нэртэй зочид буудал хүртэл яваад өвөө байхгүй байна гээд орж ирсэн.  Маргааш өглөө нь би 09 цаг өнгөрч байхад Овоо тээл нэртэй зочид буудал руу очиход буудлын ресепшн Бямбадорж аав чинь гэртээ очсон уу урд шөнө энд хоноод өглөө 08 цаг болж байхад гараад явсан гэж хэлсэн, урд шөнө 03 цаг өнгөрч байхад орж ирэхэд нь өрөөний түлхүүр өгөөд та орж унт гээд дээш нь гаргасан гэсэн, тэгэхэд нь би аав гэртээ ирээгүй, хаашаа явчихдаг юм бол гэж хэлсэн. Тэгээд би өдөр 14:00 цаг хүртэл Овоо тээл буудал дээр байсан, энэ үед манай гэрт дүүгийн хүүхэд Төгөлдөр байсан, би Төгөлдөрт гэрээс гарах үедээ болон Овоо тээл буудал дээр байх үедээ утсаар өвөө чинь ирвэл надад хэлээрэй гэж хэлсэн.

Манай хүүхэд хичээлээсээ тараад 14 цаг өнгөрөөгөөд над дээр ирсэн, хүүхэд ирэнгүүт нь бид хоёр гэртээ харьсан, гэртээ ирээд амарч байгаад орой хоол хийх цаг болоод хоол хийсэн, үдээс хойш 17:00 цаг болох гэж байхад дүү Энхчимэг над руу утсаар яриад Сондорыг цэцэрлэгээс нь та аваарай гээд, Сондорыг цэцэрлэгээс авахаар явахдаа Овоот тээлээр ороод гэртээ ирээд 19:35 цагийн үед манай авга ах Өлзий-Орших утсаар яриад аав чинь ухаангүй олдсон гэнэ гэж хэлээд ярьсан цагдаагийнх нь утасны дугаарыг надад өгсөн. Тэгээд би ээж рүүгээ залгаад аав ухаангүй олдсон байна гэж хэлсэн, тэгээд би цагдаа руу ярихад ухаангүй байна гээд би эмнэлэг орсон. Замдаа дүү нартайгаа утсаар ярьсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод цагдаатай нь уулзахад танай аав чинь мөн үү биш үү эхлээд харчих гэж хэлсэн, тэгээд харахад мөн байсан бөгөөд нүүрэн хэсэг нь ув улаан болчихсонн байсан, би тухайн үед нил цус болчихсон байна гэж харсан, Тэгээд эмч  нь аавд чинь яаралтай мэс засал хийх хэрэгтэй байан гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай ээж, дүү нар ирсэн.

“Алтантөгрөг” дэлгүүрийн камерт болохоор ертөнцийн зүгээр урд талын доошоо ордог хаалга руу орох гэж байхад 44-р байрны баруун талаар тойроод нэг хүнтэй дайралдаад, нөгөө хүнтэйгээ хэсэг зогсож байгаад нөгөө хүн нь өврөөсөө шилтэй юм гаргаж өөрөө ууж байгаа харагдсан, тэгээд цаанаас хоёр хүн ирээд аав нэг хүнийг нь дуудаад гар бариад мэндэлж байна лээ, тэгээд зогсож байгаад сүүлд ирсэн хоёр хүн нь яваад өгсөн, нөгөө өмнө дайралдсан хүнтэйгээ 44-р байрны урд талын саравчинд очиж суусан, тэгээд бараг 10 гаран минут сууж байгаад хоёулаа босоод дахиад алтан төгрөгийн тэнд уулзсан газартаа буцаж очоод “Алтантөгрөг”-ийн бөөний төв рүү хоёулаа орсон, тээгэд буцаад гараад ирсэн, тэгээд зах руу чиглээд явах гэхэд нөгөө хүн нь татаад байсан, тэгээд хэсэг ярилцаж зогссоноо 16:48 минутанд хоёулаа 44 дүгээр байрнааас нэг хүн гарч ирэхэд зөрөөд хоёулаа 3 дугаар орц руу орж байгаа харагдсан, тэгээд 17:15 цагийн үед нөгөө хамт явсан хүн нь гарч ирээд саравчны хажууд зогсож байгаад зах руу чиглээд явж байгаа бичлэг байсан юм, аав маань өвчин, зовлон ярьдаггүй, эв эрүүл хүн байсан” /хх-н 17-18/ гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ.

Шүүх энэ хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан буюу “... прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор” хэлэлцэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Түвшинжаргалыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алсан гэдгийг өөр байдлаар нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, дээрх байдлыг дахин тодруулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар хэргийн үйл баримтанд өөрчлөлт орохгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Монгол овогт Даваасүрэнгийн Түвшинжаргалыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Түвшинжаргалд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзав.

Тухайлбал шүүгдэгч Д.Түвшинжаргал нь өөрийн үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан болно.

 

Шүүгдэгч Д.Түвшинжаргалын хувийн байдалтай холбоотой баримтуудаас үзвэл тэрээр урьд өмнө шүүхээр 2 удаа ял шийтгүүлсэн байх ба

2000 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 123 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /хх-н 166-167/

мөн 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 8 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн гэсэн шүүхийн шийдвэрүүд авагджээ. /хх-н 168/

Хавтаст хэргийн 164 дүгээр хуудсанд авагдсан Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд бичигдсэнээс үзвэл ялтан Д.Түвшинжаргал 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тэнсэн сулдагдсан гэсэн тэмдэглэгээнээс өөр баримт үгүй байна.

Энэ байдал нь шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл хийгээд хууль хэрэглээтэй холбоотой тухайлбал, “... урьд нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж, ... эдэлсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд ...” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад хамаарна.

Гэвч шүүгдэгч Д.Түвшинжаргалын ялтай байдлын хөөн хэлэлцэх хугацаа хуульд заасны дагуу дуусгавар болсон байх тул түүнийг хэрхэн яаж суллагдсаныг тодруулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Хохирогчийн хууль ёсны эрх ашигтайгаар холбоотой асуудлыг шүүх дүгнэвэл:

Мөрдөн байцаалтын явцад талийгаач Д.Баянсаны төрсөн охин Б.Туулыг энэ хэрэгт хохирогчоор тогтоожээ.

Хуулийн зохицуулалтаар бол эхний ээлжинд амь хохирогчийн ойрын төрөл садан эхнэр, нөхрийг, цаашлаад үр хүүхдийг нь хохирогчоор тогтоох ёстой. Талийгаач Д.Баянсаны гэр бүлийн хүн болох эхнэрийг нь хохирогчоор тогтоогоогүй боловч энэ тал дээр ямар нэгэн маргаангүй гэсэн тайлбарыг түүний төрсөн охин болох Д.Туул шүүхийн хэлэлцүүлэгт гаргав.

 

Хохирол, төлбөрийн хувьд:

Талийгаач Д.Баянсаны ар гэрийн зүгээс нийт 13.579.982 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Үүнээс хавтаст хэргийн 103, 105, 106, 112, 116, /хуудас дугаарлагдаагүй нэг баримт/, 121, 126, 134 дүгээр хуудаснуудад авагдсан баримтууд нотолгооны шаардлага хангахгүй байх тул нийт 590.750 төгрөгийг хасч, 12.989.232 төгрөгийг шүүгдэгч Д.Түвшинжаргалаас гаргуулж хохирогч Д.Туулд олгохоор шийдвэрлэлээ.

Ингэж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 510, 505, 508 дугаар заалтуудыг баримтлав. Учир нь, талийгаач Д.Баянсаны оршуулгын ажлын зардлаас гадна түүний амьд байх үеийн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Д.Түвшинжаргал 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 133 хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Д.Түвшинжаргалын хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчлөх нөхцөл байдал үгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Монгол овогт Даваасүрэнгийн Түвшинжаргалыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Д.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Д.Түвшинжаргалд оногдуулсан 12 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Д.Түвшинжаргалын цагдан хоригдсон 133 /нэг зуун гучин гурав/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Түвшинжаргалаас 12.989.232 төгрөг гаргуулж хохирогч Д.Туулд олгож,

хохирогчийн нэхэмжлэлээс 590.750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Хохирогч Д.Туул гомдолтой гэснийг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

7. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Түвшинжаргалыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                        ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ

                                                                                                    

                                    ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ