Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01462

 

Л.Б, Б.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01048 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Б, Б.М нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НГт холбогдох,

Гуравдагч этгээд: “А” ХХК

 

Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г, нэхэмжлэгч Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, өмгөөлөгч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М нь Чингэлтэй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/01393 дугаар шүүхийн шийдвэрээр А ХХК-д 117 992 190 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Улмаар 2018.10.25-ны өдрийн 18300844\05 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцааны эд хөрөнгө болох Ү-2203029456 дугаартай Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо 11 дүгээр хороолол, 34 байр 44 тоот 50.21 мкв орон сууцыг битүүмжлэн, хураахаар болсон.

Ингээд 2018.12.10-ны өдрийн Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны мэдэгдэлээр дээрх орон сууцыг өмчлөгч Л.Б, Ц.Ө нараас хөрөнгийн үнэлгээний санал авалгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчин, хөндлөнгийн шинжээчээр 94 000 000 төгрөгөөр үнэлсэнээ мэдэгдсэн. Энэ үнэлгээ нь орон сууцыг бүхэлд нь үнэлж чадаагүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Энэхүү үнэлгээг тогтоохдоо төлбөр төлөгчөөс гадна хууль ёсны өмчлөгчид болох Л.Б, Ц.Ө нараас үнийн санал авах ёстой атал нэг ч үнийн санал аваагүй байх ба энэ нь Иргэний хуулийн 177дугаар зүйлийн 177.1-д заасныг ноцтой зөрчсөн. Гэтэл 2019.02.15-ны өдөр дээрх орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан байх ба дуудлага худалдаа болох талаар өмчлөгч нарт мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас ч ирүүлээгүй. Энэхүү орон сууц нь нийт 2 өмчлөгчтэй бөгөөд бусад өмчлөгч нараас үнийн санал авалгүй хууль зөрчсөн. Түүнчлэн 2019.03.15-ны өдөр хураагдсан орон сууцыг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж 67 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаа болох талаар өмчлөгч нарт мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас ирээгүй.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019.02.15-ны өдөр болон 2019.03.15-ны өдөр зохион байгуулж Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо 11 дүгээр хороолол, 34 байр 44 тоот 50.21 мкв орон сууцыг худалдан борлуулсан албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дуүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.6.26-ны өдрийн 1393 дугаар шийдвэрээр Б.Моос 117 992 190 төгрөгийг гаргуулж А-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018.8.07-ны өдөр эхлүүлсэн. Төлбөр төлөгч Б.Мод шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Бгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол Их тойруу гудамж 34 дүгээр байр 44 тоот 50,21 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2018.9.10-ны өдрийн 18300844/04 тогтоолоор битүүмжилж, 2018.10.30-ны өдрийн 18300844/05 тогтоолоор хураах ажиллагааг хуулийн дагуу явуулсан болно.

Төлбөр төлөгч Б.М болон өмчлөгч Л.Б, Ц.Ө нарт үнийн санал өгөх тухай 2018.10.31-ний өдрийн 4/18062, 4/18061, 4/18060 тоот мэдэгдэлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Б.Мтой 2018.11.13-ны өдөр уулзаж тайлбар авахад үнийн санал өгөх тухай 4/18062 тоот мэдэгдэлийг хүлээж авсан үнийн санал өгч мэдэхгүй байна өмчлөгчтэй ярилцаж байгаад өгөх тухай тайлбарыг өгсөн. Өмчлөгч Л.Бтай 2018.11.21-ний өдөр 99247676 дугаарын утсаар ярьж тайлбар авахад үнийн санал өгөх тухай мэдэгдэлийг шуудангаар хүлээж авсан тухай тайлбар өгсөн. Харин төлбөр төлөгч Б.М нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2 өрөө орон сууцыг 500 000 000 төгрөгөөр үнэлсэн тухайгаа 2018.11.21-ний өдөр бичгээр гаргаж өгсөн. Өмчлөгч Л.Б нь тогтоосон хугацаанд үнийн санал өгөөгүй тул 99247676 дугаарын утсаар холбогдож тайлбар авахаар залгахад утсаа авахгүй байсан тул зурвас илгээхэд үнийн санал өгөхгүй тухай хариу ирүүлсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-д зааснаар хөндлөнгийн шинжээч томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д зааснаар төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 4/523, 4/522 дугаар мэдэгдэлийг баталгаат шуудангаар хүргүүлж Б.Мод биечлэн гардуулж өгсөн. Мөн Б.М нь 4/522 тоот мэдэгдэлийг Л.Бд дамжуулж өгөхөөр нэг хувийг хүлээж авсан. Өмчлөгч Ц.Ө, Л.Б нарт 2/3489 тоот Анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, 1/17 дугаар тогтоолын хамт гардуулж өгөхөөр 99247676 дугаарын утсаар холбогдох гэсэн боловч мөн л утсаа авахгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.3-д зааснаар баталгаат шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн боловч тус хаягт ийм хүн байхгүй гэсэн тайлбартай шуудангаар явуулсан мэдэгдэл буцаж ирсэн. Улмаар Л.Б, Ц.Ө нарын гэрийн хаяг болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол 34-р байрны 44 тоот хаягаар ирэхэд хүн байхгүй байсан тул мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл зэргийг нааж үлдээж, Л.Бгийн 99247676 дугаар утсанд зурвас илгээж мэдэгдсэн. Төлбөр төлөгч Б.М өмчлөгч Л.Б, Ц.Ө нарт хоёр дахь албадан дуудлага худалдааны 4/4864 тоот мэдэгдлийг 3/13 тоот тогтоолын хамт 2019.02.28-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шуудангаар хүргүүлсэн мэдэгдлийг Л.Б нь гарын үсэг зурж хүлээж авсан нь Монгол шуудангийн цахим бүртгэлд бүртгэгдсэн байна. Иргэний хуулийн 177.4-д зааснаар анхны албадан дуудлага худалдаанд худалдан борлогдоогүй хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж 2019.3.15-ны өдөр дээрх орон сууц нь 67 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул Б.М, Л.Б нарын нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай "А ХХК нь 2017.01.15-ны өдөр түүний хүсэлтийг үндэслэн бизнесийн үйл ажиллагааг нь санхүүжүүлэх зориулалтаар, 64 000 000 төгрөгийн зээлийг олгож, ЗГ/17/01 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэн Л.Бгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029456 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11дүгээр хороолол, 34 дүгээр байрны 44 тоот, 50.21 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж Л.Бгаас Б.Мод итгэмжлэл олгогдсон байсан тул түүнтэй БГ/17/01 дугаартай барьцааны гэрээг байгуулсан болно.

Зээлийн гэрээний хугацаа 2018.01.05-ны өдөр дууссан бөгөөд гэрээний хугацаанд Б.М нь зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээлийг ч төлөлгүй ББСБ-ыг хохироосоор байсан тул 2018.01.22-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд манай ББСБ-ын нэхэмжлэлийн дагуу тус шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.26-ны өдрийн 182/ШШ2018/01393 дугаар шийдвэрээр Б.Моос 117 248 000 төгрөг гаргуулж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 34 дүгээр байрны 44тоот, 50.21 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц буюу барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НГт даалгаж, шийдвэрлэсэн.

Б.М нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул бид хүсэлт гарган Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас олгогдсон юм. НГ нь дээрх гүйцэтгэх бичиг баримтын дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч Б.М, барьцаа хөрөнгийн өмчлөгч Л.Б нарт эрх, үүргийг нь тайлбарласны үндсэн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу бүх ажиллагаа албадан дуудлага худалдааг зохион байгуулсан байдаг гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасны дагуу нэхэмжлэгч Л.Б, Б.М нарын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон эрхийнхээ дагуу өмгөөлөгч П.Эрхэмбаярыг шүүх хуралдаанд оролцуулсан байна. 2019оны 5дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь Хан Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 10:00 цагийн шүүх хуралдаантай байсан. Ийнхүү шүүх хурал давхацсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөх хүсэлтээ шүүхэд гаргаж өгсөн байдаг. Гэтэл шүүх үүнийг үл харгалзан хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хуралдааныг хийсэн байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

Нэхэмлжэгч Б.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт орон сууцны үнэлгээний талаарх мэдэгдлийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Б.Мод гардуулсан байх ба тэрээр Л.Бд үнэлгээний талаар дамжуулан мэдэгдэхийг зөвшөөрч мэдэгдлийг хүлээн авсан тухай баримт хавтаст хэргийн 76 дугаар талын арын нүүрэнд авагдсан байна гэсэн үндэслэлгүй ба үүнийг нэмэжлэгч Л.Бд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй юм. Мөн хариуцагчийн тайлбарлаж байгаагаар маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх Л.Бгийн нөхөр агсан Р.Цогтбаатраас өв залгамжлагдах Л.Б тэдгээрийн дундаас төрсөн хүү Ц.Ө нарт шилжиж ирсэн гэжээ. Хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан лавлагаанаас үзвэл 2014 оны 07 дугаар сарын 01-ний байдлаар Р.Цогтбаатар өмчлөлд байсан боловч 2017.01.09-ний өдөр өв залгамжлалын дагуу Л.Б Ц.Ө нарын өмчлөх эрхэд шилжиж ирсэн нь тогтоогдож байна гэжээ. Лавлагаанаас харахад Л.Б болон Ц.Ө нарын өмчлөлд шилжиж ирсэн байх боловч Ц.Ө нь Л.Бгийн төрсөн хүүхэд гэх баримтыг хавтаст хэрэг нотлох баримтаар өгөөгүй. Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Л.Бд хандаж хүргүүлсэн бүхий л мэдэгдэлд Ц.Өийн нэр хамт дурьдагдсан гэх боловч Ц.Ө нь мэдэгдлийг хүлээн авсан шинжээчийн дүгнэлт болон дуудлага худалдааны зарыг мэдэгдсэн талаар баримт байхгүй, насанд хүрээгүй өмчлөгчийг хэн төлөөлөх түүнийг төлөөлж мэдэгдлийг хүлээн авсан гэх баримт байдаггүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Л.Б, Б.М нар нь хариуцагч НГт холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдаа, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 17, 28-29 /

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ШШ182/ШШ2018/01393 тоот шийдвэрээр Б.Моос 117 248 000 төгрөгийг гаргуулж Анта-Финанс ББСБ ХХК-д олгуулах, Л.Б, Ц.Өнөболд нарын өмчлөлийн, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203029456 дугаартай Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж 34 дүгээр байрны 44 тоот орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 32-35/

 

Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4, 44 дүгээр зүйлийн 44.2.8-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж 34 дүгээр байрны 44 тоот хаягт байрлах, 50.21 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2203029456 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 18300844/04 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18300844/05 тоот тогтоолоор хурааж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 296 тоот тогтоолоор шинжээч томилжээ. /хх-49, 53, 62/

 

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж 34 дүгээр байрны 44 тоот хаягт байрлах, 50.21 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2203029456 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Л.Б, Ц.Ө нар болох нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-43/

Хариуцагчаас өмчлөгч нар болон төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх-55-56, 57, 59/

 

Төлбөр төлөгч Б.М нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204001821 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 500 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа хариуцагч байгууллагад мэдэгдсэн, төлбөр авагч “А” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ тогтоосныг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх-58, 61, 62/

 

Эд хөрөнгө хураах тухай тогтоол 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гарсан, талууд үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч байгууллага 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-62/

 

Холбогдох хуулиар хүлээх үүрэг хариуцлагыг танилцуулсан шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 94 000 000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний талаар төлбөр төлөгчид 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэнийг төлбөр төлөгч Б.М нь өмчлөгч нарт дамжуулж өгөхөөр хүлээн авсан. Өмчлөгч Л.Б, Ц.Ө нарт дээрх үнэлгээний талаарх мэдэгдэл баталгаат шуудангаар хүргүүлсэн. /хх-76-78/

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа “хөрөнгийг бодит үнээс хэт доогуур үнэлсэн ” гэж тайлбарлах боловч энэ талаар нотлох баримт гаргаагүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг бөгөөд уг үнэлгээний талаар хариуцагч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар мэргэжлийн байгууллагад болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргаагүй байна. Нэхэмжлэгч Л.Б нь шинжээчийн тогтоосон үнэлгээний талаар мэдэж байсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн төлбөр төлөгч Б.Мтой ярилцсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Л.Бгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гомдол зэрэг баримтаар тогтоогдож байна. Энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх-78, 100/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ, Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заажээ. Анхны дуудлага худалдаа болох тухай мэдэгдэл, тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, мөн өдрийн огноо бүхий мэдэгдлээр баталгаат шуудангаар төлбөр төлөгч болон өмчлөгч Л.Б, Ц.Ө нарт хүргүүлсэн нь хэргийн 84-85, 87-88 дугаар талд авагдсан шуудангийн дардас бүхий бичгийн баримтаар тогтоогдож байна. Мөн анхны дуудлага худалдааг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр товлон зарлаж, Засгийн газрын мэдээ сонины 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаарт хэвлүүлж, олон нийтэд мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-82/

 

Хоёр дахь дуудлага худалдааг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр товлосон тухай мэдэгдлийг 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдөр төлбөр төлөгч Б.М хүлээн авсан, өмчлөгч Л.Б, Ц.Ө нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь хэргийн 106 дугаар талд авагдсан шуудангийн дардастай бичгийн баримт тогтоогдож байна. Мөн хоёр дахь дуудлага худалдааны зарыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Өнөөдөр” сонины дугаарт нийтлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. /хх-103-106, 109/ Иймд анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдааныг нэхэмжлэгч Л.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. Учир нь нэхэмжлэгч Л.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хуралдаан давхардсан гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч уг үндэслэл шалтгаан нь үндэслэлгүй болох нь шүүгчийн туслахын явуулсан ажиллагаа болон талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч Л.Бгийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал, тогтоох хэсэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэрийг “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар” гэж буруу бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД