Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/43

 

Б.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга: О.Очмааг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Ч-д холбогдох 2129000000075 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.Ч  

Шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э.Т” ХХК-ийн салбар “Ө.Т” ХХК-ийн засварын газарт зогсож байсан автобусанд дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.А-г гараараа цохих зэргээр зодож дух, зулай, баруун чамархайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд нь Б.Ч-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Б.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгж буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, Б.Ч нь хохирогч Ц.А-д 200 000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Энхмэнд нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлж заасан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалаар хүчингүй болсон хууль эрх зүйн актыг үндэслэл болгосон, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна гэж дүгнэсэн.

Шийтгэх тогтоолын удиртгал болон тодорхойлох хэсэгт “...хяналтын прокуророос, Баян зүрх, 2-ний, ...салавч, А, ...т, ...Б.Ч гэж үг, үсэг, утга найруулгын алдаатай бичсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгдээгүй, төлөгдсөн хохирол төлбөр, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний үндэслэл тодорхойгүй байдлаар бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтуудыг зөрчсөн.

Шийдвэрээ гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 гэсэн заалтыг баримталсан нь хэрэглэвэл зохих хуулийн заалтыг удирдлага болгоогүй байна. Шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд, хэрхэн төлөх талаар заагаагүй, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих талаар дурдаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлээгүйгээс үүсэх хууль зүйн үр дагаврын талаар дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д: “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэх заалтыг зөрчсөн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Ч-д холбогдох 2129000000075 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд нь Б.Ч-н үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 81 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтийг мөн өдрийн 09 цагт яллагдагч Б.Ч-д гардуулан өгч хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хэргийн 88 дугаар хуудас/

Анхан шатны шүүх мөн өдрийн 10 цаг 16 минутанд хэргийг хүлээн авч хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой, шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж улмаар мөн өдрийн 12 цаг 00 минутанд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж гарсан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг, тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийг хэрэглэсэн талаар заасан байна. /хэргийн 94 дүгээр хуудас/

Иймд шүүхийг шүүгдэгч Б.Ч-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн гэж үзнэ.  

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газар нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татахдаа Б.Ч-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл журмыг танилцуулсан ба мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Б.Ч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг тухайн  прокурорын газарт гаргасан байна. /хэргийн 02, 80 дугаар хуудас/

Прокурор нь Б.Ч-н хүсэлтийг үндэслэлтэй гэж хүлээн авах тухай 43 дугаартай тогтоолыг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гарган Б.Ч-д танилцуулсан, уг саналыг Б.Ч хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байна. /хэргийн 86-91 дүгээр хуудас/

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагууд буюу бүрэн хангагдсан эсэхийг хянах бөгөөд энэ шаардлагууд хангагдаагүй тохиолдолд хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэхийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зохицуулсан.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийдвэр гаргах бүрэн боломжтой байжээ. /хэргийн 104 дүгээр хуудас/

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх талаар бүрэн дүгнэлт хийгээгүй байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд Б.Ч-д холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтыг шалган үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э.Т.Т” ХХК-ий засварын газарт автобусан дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Ц.А-н биед дух, зулай, баруун чамархайд зулгаралт гэмтэл үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаартай “Ц.А-н биед дух, зулай, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлүүд нь ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 33 дугаар хуудас/, хохирогч Ц.А-н мөрдөн байцаалтын ажиллагаанд, шүүгдэгч Б.Ч-н мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгийн тэмдэглэл зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу  цуглуулж, бэхжсэн, анхан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Б.Ч-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул анхан шатны шүүхээс түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх нь прокурорын гаргасан саналын ялын төрөл, хэмжээгээр торгох ялыг оногдуулсан нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэсний дараа 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан хэрэгжсэн байна.

Шүүгдэгч Б.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж, энэ нь хэргийг давж заалдах журмаар хэлэлцэх үед тогтоогдсон тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ч-д оногдуулсан 500 нэгтжэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг давж заалдах шатны шүүхээс өршөөн хэлтрүүлэхээр тогтов.

Анхан шатны шүүх хүчингүй болсон эрх зүйн актыг үндэслэл болгосон, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, торгох ялыг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврын талаар  дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг зөрчсөн, шийтгэх тогтоол үг үсгийн алдаатай бичигдсэн гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй бөгөөд анхан шатны шүүх цаашид шийтгэх тогтоолыг хуульд заасан шаардлагын дагуу үйлдэж байхыг анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэндийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолын 2 дугаар заалтаар шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                                    ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                              Г.ТЭГШСУУРЬ