Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2017/0513/З |
Дугаар | 118 |
Огноо | 2018-03-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 118
Д.А-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Боловсролын газрын
даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Л.Атарцэцэг
Шүүгчид: Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Боловсролын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0834 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0052 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: Д.А, өмгөөлөгч П.Ц,
Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, А.У нар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, А.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0834 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3, 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34, 4.1.38, Боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгүүдийг тус тус баримтлан Д.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0052 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 834 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 128/ШШ2017/0834 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэдгийг тайлбарлахдаа “...Төрийн албаны зөвлөлөөс баталсан төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу дүгнэсэн үнэлгээгээр хангалтгүй дүгнэсэн байх ёстойгоос гадна хуулийн зохицуулалт ёсоор төрийн албан хаагч албан үүргээ чанарын хувьд доголдуулж гүйцэтгэсэн, төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн сахилгыг зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд захиргаа нь түүний албан түшаалыг бууруулах эрхийн хүрээнд гаргах шийдвэр нь үндэслэл бүхий болдог” хэмээн тайлбарлаж шийдвэр гаргасан. Ийнхүү дүгнэсэн нь анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 23.1.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэхээр байна.
4. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 23.1.2-т заасныг тайлбарлахдаа “...хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн албаны төв байгууллагаас тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журамд заасны дагуу дүгнэсэн үнэлгээгээр хангалтгүй дүн авсныг ойлгоно” хэмээн хуулийн заалтыг нэг мөр, зөв хэрэглэх үүднээс тайлбарласан байдаг. Гэтэл шүүх хуулийн зохицуулалт ёсоор төрийн албан хаагч албан үүргээ чанарын хувьд доголдуулж гүйцэтгэсэн, төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн сахилгыг зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд захиргаа нь түүний албан тушаалыг бууруулах эрхийн хүрээнд гаргах шийдвэр нь үндэслэл бүхий болдог гэж дүгнэсэн нь тус зүйл, заалтын үндсэн агуулгыг нэмэн дэлгэрүүлж нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны байх шаардлагад харшилсан шийдвэр гаргахад нөлөөлсөн.
5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0052 дугаар магадлалын Хянавал хэсэгт “...мөн хэсгийн 23.1.2-т заасан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэдгийг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу төрийн албаны төв байгууллагаас тогтоосон журмаар дүгнэхэд хангалтгүй дүн авсныг ойлгохоор байна” гээд, үүгээрээ анхан шатны шүүх хэргийг зөв дүгнэсэн гэжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн хуулийн заалтыг алдаатай тайлбарласан дүгнэлтийг зөвтгөж хянавал хэсэгтээ оруулсан атлаа энэ тухай хянавал хэсэгт оруулаагүй. Энэ нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг нэхэмжлэгчид ашигтай байдлаар хэрэг шийдвэрлэхэд нөлөөлсөн байдлыг давж заалдах шатны шүүх хүлээн зөвшөөрсөн үйлдэл болжээ. Үүгээрээ анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдэл болно.
6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ гээд хуулийн 106.2-т шүүхийн шийдвэр хууль ёсны байх ёстойг хуульчилсан ба мөн хуулийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заажээ. Энэ нь шүүхийг шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд үндэслэж, аливаа нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэр гаргах зарчмыг илэрхийлнэ. Гэтэл анхан шатны шүүхэд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй холбоотой нотлох баримтуудыг, тодруулбал, түүний авсан үнэлгээ, үнэлгээний тайлан, тайланд өгсөн нэхэмжлэгчийн тайлбар, уулзалтын тэмдэглэл зэргийг огт үнэлээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
7. Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 52 дугаар магадлалын Хянавал хэсгийн 7-8 дахь хуудсанд хариуцагчийн тайлбарыг “...үр дүнгийн гэрээний биелэлтийн дүгнэлтийг дахин хийлгэх хүсэлт гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ. Хэргийн материалд авагдсан баримтаас харвал бодит байдал дээр нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үр дүнгийн гэрээний биелэлтийн дүгнэлтийг дахин хийлгэх хүсэлт гаргаагүй бөгөөд харин гаргасан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрч, дахин боловсруулалт хийгээд тайлангийн хурлаар дахин хамгаалалт хийх хүсэлтийг өгсөн байдаг.
8. Нөгөөтэйгүүр, анхан болон давж заалдах шатны шүүхүүд хариуцагчийг Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.1, 6.5 дахь хэсгүүдийг зөрчсөн гэж үздэг хэдий ч журмын 6.5-ын хоёр дахь догол мөрөнд буй “хэрэв төсвийн ерөнхийлөн захирагч үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн Илтгэх хуудсанд тайлбарыг хавсарган төсвийн шууд захирагчийн хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно” гэж заасныг огт харгалзаагүй. Тус журмын 6.5-д зааснаар нэхэмжлэгч үндэслэл бүхий тайлбар (татгалзал) ирүүлж болох бөгөөд талууд санал нийлээгүй асуудлыг дахин авч үзэхээр зохицуулсан. Гэтэл өмнө тайлбарласнаар нэхэмжлэгч гаргасан зөрчлүүдээ хүлээн зөвшөөрч, гэрээний биелэлтийн тайлангаа дахин боловсруулалт хийгээд хурлаар дахин хамгаалалт хийх хүсэлтийг өгсөн байдаг. Гэсэн ч шүүх хэрэгт авагдаагүй буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хамаарал бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй атлаа үр дүнгийн гэрээний биелэлтийн дүгнэлтийг дахин хийлгэх хүсэлт гаргасан мэтээр дүгнэж шийдвэр гаргасан байна.
9. Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруугаар ойлгон, хэрэгт байхгүй нотлох баримтад үндэслэн улмаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчин шат шатандаа алдаа гаргаж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх хангалттай үндэслэл болно.
10. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0834 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0052 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
12. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэдгийг “...Төрийн албаны зөвлөлөөс баталсан төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу дүгнэсэн үнэлгээгээр хангалтгүй дүгнэсэн байх ёстойгоос гадна хуулийн зохицуулалт ёсоор төрийн албан хаагч албан үүргээ чанарын хувьд доголдуулж гүйцэтгэсэн, төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн сахилгыг зөрчсөн нь нотлогдсон тохиолдол...”-ыг ойлгоно гэсэн нь уг зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцлийг “үр дүнгийн гэрээний хангалтгүй үнэлгээнээс гадна сахилгын зөрчил гаргасан нь нотлогдсон байх” мэтээр буруу тайлбарласан байх боловч үүнийг “хууль хэрэглээний ноцтой алдаа” гэж үзэж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй.
13. Учир нь, давж заалдах шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн дээрх зүйл, заалтыг “...мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу төрийн албаны төв байгууллагаас тогтоосон журмаар дүгнэхэд хангалтгүй дүн авсныг ойлгохоор байна” хэмээн зөвтгөн тайлбарласнаас гадна энэхүү маргааны хувьд хариуцагчийг буруутгаж буй гол үндэслэл нь нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулахдаа Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын /цаашид Журам гэх/ 6.5-д “...талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ” гэснийг хэрэгжүүлээгүй, иймээс үнэлгээний дүн бодитой болж чадаагүй гэсэн шүүхийн дүгнэлт юм. Иймээс энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 4, 5-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
14. Хэрэгт хариуцагчийн төлөөлөгч /Л.Д/ нь нэхэмжлэгчтэй түүний үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн талаар уулзсан тэмдэглэл байх хэдий ч түүнд нэхэмжлэгчийн маргаж байгаа үр дүнгийн гэрээний биелэлтийг хэрхэн үнэлж, дүгнэснээ танилцуулаагүй, оноо тус бүрийг өгөх болсон үндэслэл, түүнийг нь нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар, шалтгаан, тэр нь хариуцагчийн тухайн оноо, үнэлгээг өгөх болсон шалтгаанаар хэрхэн няцаагдаж байгаа талаар талуудын тайлбар, үндэслэл зэрэг нь тусгагдаагүй нь үр дүнгийн гэрээний биелэлтийг дахин хийлгэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцсэн гэж үзэхгүй, энэ утгаараа Журмын 6.5-д заасанчлан “асуудлыг дахин авч хэлэлцээгүй” талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд “шүүх нэхэмжлэгчтэй холбоотой нотлох баримтуудыг, тодруулбал, түүний авсан үнэлгээ, үнэлгээний тайлан, тайланд өгсөн нэхэмжлэгчийн тайлбар, уулзалтын тэмдэглэл зэргийг огт үнэлээгүй, хэрэгт байхгүй нотлох баримтыг үнэлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн, 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэсэн нь /Тодорхойлох хэсгийн 6, 9-д/ үндэслэлгүй.
15. Мөн нэхэмжлэгчээс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үр дүнгийн гэрээний биелэлтийн дүгнэлттэй холбоотой тайлбар өгч, дахин хамгаалалт хийлгэх хүсэлт гаргасныг “үр дүнгийн гэрээний биелэлтийн дүгнэлтийг дахин хийлгэх хүсэлт гаргаагүй” гэж үзэх боломжгүй тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-д заасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
16. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний биелэлтийн дүнг зөвшөөрөхгүй талаар тайлбар өгч, дахин хамгаалалт хийлгэх хүсэлт гаргасан, харин хариуцагчийн зүгээс Журмын 6.5-д зааснаар асуудлыг дахин авч үзээгүй тул уг заалтын хоёр дахь догол мөрөнд буй “хэрэв төсвийн ерөнхийлөн захирагч үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн Илтгэх хуудсанд тайлбарыг хавсарган төсвийн шууд захирагчийн хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно” гэж заасныг хэрэглэх үндэслэлгүй, иймд шүүхүүд уг зохицуулалтыг огт харгалзаагүй гэх хариуцагчийн гомдлыг /Тодорхойлох хэсгийн 8-д/ хангах боломжгүй.
17. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0834 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0052 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ