Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/00809

 

                                                         “Газар капитал партнерс ББСБ” ХХК-ийн

                                                             нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/00570 дугаар шийдвэр,

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 725 дугаар магадлалтай,

“Газар капитал партнерс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

О.Амаржаргал, Н.Содцолмон нарт холбогдох        

            Зээлийн гэрээний үүрэгт 51.584.866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагч О.Амаржаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаяр, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

             Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: “2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ0100130351 тоот зээлийн гэрээгээр О.Амаржаргал, Н.Содцолмон нарт 30 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.7 хувийн үндсэн хүүтэй, эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож зээлдэгч нар нь мөн өдрөө ЗБ0100130351 дугаартай барьцааны гэрээ байгуулан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 31/1 дүгээр байрны 21 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт барьцааны гэрээг бүртгүүлэн баталгаажуулсан. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 10 удаагийн төлөлтөөр зээлийн хүүнд нийт 5 956 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 582 400 төгрөг төлж, үндсэн зээл болон үлдэх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөлгүй удаасанд хүү хуримтлагдаж эхэлсэн. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч зээлээ төлөлгүй оргон зугтаж, бид хөөцөлдөн байж "2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүх зээлээ төлж дуусгана" гэсэн тайлбарыг авсан. Гэвч сүүлийн 6 сарын хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрч, зээл олгосон тус байгууллагын ашигт ажиллагаанд эрсдэл учруулж, алдагдалд оруулж байх тул О.Амаржаргал, Н.Содцолмон нараас үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 19 020 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 564 466 төгрөг, нийт 51 584 866 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт, мөн нотариатын төлбөр 17 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний 2.1 дэх заалтад заасны дагуу барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү. 2014 онд Газар капитал, Газар партнерс ББСБ нэгдэн нийлж “Газар капитал партнерс" ББСБ болсон. 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 30 000 000 төгрөгийн зээлийг авахдаа өргөдөл дээрээ тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл авахад эргэлтийн хөрөнгө бий болгох зорилготой гэж бичсэн байгаа. Шугамын зээлийн гэрээ нь тус ББСБ-аас олон удаа зээл авсан, найдвартай, давтан зээлдэгчдэд урамшуулал болгож олгодог зээл юм. Хариуцагч нар зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу сунгасан байдаг. Түүнчлэн хариуцагч нар тус байгууллагад шүүхэд хандахгүй байхыг хүсч 2013 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулна гэж бидэнд итгэл үнэмшил төрүүлсний үндсэн дээр энэ хугацааг манайхаас хариуцагч нарт өгсөн. Өдий хүртэл ийм хэмжээний хүүний төлбөр үүсгэсэн нь хариуцагч нар өөрсдөө хүсэлт тавьсны дагуу хугацаа сунгасан, хугацаа алдсан юм.” гэжээ.

           Хариуцагч нарын болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраагийн гаргасан хариу тайлбарт: “О.Амаржаргал нь анх 2012 оны 5 сарын 01-ний өдөр “Газар партнерс” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж 30.000.000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлж авсан боловч зээл, зээлийн хүүгээ төлөлгүй найдваргүй зээлдэгчийн ангилалд шилжсэн. Энэ талаараа ББСБ-д удаа дараа мэдэгдэж, шүүхэд шилжүүлэхэд гомдолгүй гэдгээ хэлж байсан боловч тус байгууллагаас арга зааж өгч хэрэгжүүлсэн. Энэ нь дахин зээл олгохыг хэлж байгаа юм. Энэ саналын дагуу хувь хүнээс 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй 21 000 000 төгрөгийг зээлж аваад 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Газар капитал партнерс ББСБ" ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Тохиролцсон ёсоор нэхэмжлэгч байгууллага 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шугамын зээлийн гэрээ байгуулж, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас 25 997 000 төгрөгийг хариуцагч нарын данс руу шилжүүлж хийсэн. Уг 25 997 000 төгрөгөөс 21 000 000 төгрөгийг хувь хүнээс зээлсэн зээлээ хааж, үлдэх 4 000 000 төгрөгийг зээлийн хүүнд төлөөд нэг ч төгрөггүй үлдсэн. Шугамын зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгая гэсэн саналыг нэхэмжлэгч байгууллага өөрсдөө тавиад ийм тайлбарыг бичиж өг гэсэн шахалтыг хариуцагч нарт тавьж бичүүлсэн байдаг. Банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч нар эрсдэлтэй найдваргүй, төлбөрийн чадваргүй зээлдэгч болсныг мэдсэн. Шугамын зээлийн гэрээний 2.4, 2.5, 2.11 зэрэг заалтуудыг хариуцагч нар зөрчсөн. Гэрээний 5 дугаар заалтад талуудын эрх, үүргийг зааж өгсөн боловч нэхэмжлэгч тал эрхээ хэрэгжүүлээгүй. Гэрээний 6 дахь заалтад гэрээг цуцлах тухай заалтыг тусгасан. Гэтэл уг заалтыг мөн хэрэгжүүлээгүй. Ийм байдлаар нэхэмжлэгч тал гэрээний заалтуудыг санаатайгаар ноцтойгоор зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шугамын зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.9 дэх заалтуудыг зөрчиж хийгдсэн дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилготой, үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн гэрээ хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч байгууллага нь зээл олгож ашиг олох зорилгоор биднийг хууран хэлцэл хийлгэсэн нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 30.000.000 төгрөгөөс төлсөн дүнгээ хасаад одоо үлдсэн 24 143 400 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.  2013 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тайлбарыг банк бус санхүүгийн байгууллагын ажилчид надад хэлж өгч бичүүлсэн. Тиймээс биднийг хуурч мэхэлж гэрээ хийсэн гэж үзэж байна. Энэ байдлаар нэхэмжлэгч тал биднийг дарамталж, хууран мэхэлж байсан нь харагдаж байна.” гэжээ.

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/00570 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Амаржаргал, Н.Содцолмон нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 51 584 866 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Газар капитал партнерс ББСБ" ХХК-д олгож, Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж 31/1 дүгээр байрны 21 тоотод байрлах 000037442 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2205025968 тоот улсын бүртгэлийн дугаартай, 77,71 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 430 961 төгрөг төлснөөс 415 874 төгрөгийг улсын төсөвт үлдээж, илүү төлсөн 15 087 төгрөгийг буцаан олгож, хариуцагч нараас 415 874 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 725 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/00570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагч О.Амаржаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 726 дугаар магадлалд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хянавал хэсэгтээ нэхэмжлэгч тал хариуцагч нарыг төлбөрийн чадваргүй, найдваргүй зээлдэгч болсныг мэдсэн гэдэг нь үндэслэлгүй, тогтоогдоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: ББСБ-ын нэхэмжлэлд “... Зээлдэгч тал 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 30.000.000 төгрөг зээлж авчхаад нэг ч төгрөгийн зээлийн төлбөр хийгээгүй байсаар 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч зээлээ төлөлгүй оргон зугтааж бид хөөцөлдөн байж барьж авч 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүх зээлээ төлж дуусгана гэж бичүүлж авсан тухайгаа үнэнээр тайлбарласан байна. Энэ бодит байдлыг харьцуулан дүгнэхэд хариуцагч яаж ч бодсон найдвартай зээлдэгч биш юм. Зээлдэгч нартай байгуулсан “шугамын зээлийн гэрээ” нь хууль болон гэрээний заалтуудыг зөрчиж байгуулагдсан гэдэг нь үндэслэлгүй, тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч ББСБ нь нэхэмжлэлдээ “... Шугамын зээлийн гэрээ нь тус ББСБ-аас олон удаа зээл авсан, найдвартай, давтан зээл авч хугацаандаа зээлээ төлдөг хүмүүстээ урамшуулал болгон олгодог зээл юм гэж тодорхойлсон” байна. 2 жил оргон зугатаж, нэгч төгрөгийн зээлийн төлбөр хийгээгүй, баривчлагдан байж зээлээ төлөх тухай бичиг хийж өгч байсан зээлдэгчид нэмж зээл олгосон нь ББСБ өөрөө хууль дүрэм, журам, гэрээний заалтуудаа мэдсээр байж зөрчиж шугамын зээлийн гэрээ хийж 30.000.000 төгрөг нэмж олгосон байдалд шүүх дүгнэлт хийгээгүй байна. Төлбөрийн чадваргүй болсон найдваргүй этгээдүүдэд нэмж зээл олгож эрсдэлд оруулсан нь гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй, тогтоогдоогүй гэж дүгнэсэн байна. Гэтэл ББСБ дарга нь өөрөө санаачлаг гарган оны эцэс болж байгаа тул маневер хийе гэж арга заан өгч олгосон 30.000.000 төгрөгийн зээлээрээ урьд онд авсан хугацаа хэтэрсэн найдваргүй зээлийг хаалгаж, шинээр шугамын зээл нэмж оруулсан эрсдэлд оруулсан бодит байдлыг “үндэслэлгүй” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Барьцааны хөрөнгийг зарж борлуулах арга хэмжээ аваагүй гэх гомдол нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн. Гэтэл гэрээнд 2 сар зээлээ төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг зарж борлуулж зээлийн төлбөрийг шуурхай барагдуулах эрх үүргийг ББСБ эдэлнэ гэж заасныг хэрэгжүүлээгүйгээс 24 сарын хугацааны зээлийн хүү, торгуульд орсон эрсдэлийг тооцоолоогүй зөвхөн ББСБ-ын эрх ашгийг хамгаалсан дүгнэлт гаргасныг хянуулмаар байна. Хариуцагч нарын дунд боловсролтой, эрх зүйн мэдлэг багатай байдлыг ашиглан ББСБ-ын зүгээс байнгын дарамт үзүүлж, байрыг чинь хураана гэж айлган сүрдүүлж үг заан өгч зээлийн хугацаа сунгуулах, гарын үсэг зуруулах, ББСБ-д баярлаж байна гэж хэлж бичүүлж байсан бодит байдлыг давуу байдлаа ашиглан хүч хэрэглэж байгаа үйлдэл мөн эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүйг хянуулах хүсэлтэй байна. Зээлдэгч нар зээлийн гэрээг цуцлах хүсэлт гаргаж байгаагүй, харин ч зээлийн хугацааг сунгах хүсэлт гаргаж байсан гэж дүгнэсэн байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаад 1 жил 6 сар өнгөрсөн тул хүсэлт гаргах шаардлага байгаагүй, харин ББСБ гэрээнд заагдсан эрх үүргээ шуурхай хэрэгжүүлээгүй нь ядарсан иргэдийг улам эрсдэлд оруулсан, найдваргүй зээлдэгч нарын хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авсан нь ББСБ-ын эрх үүрэг биш юм. Гэрээнд ч энэ тухай заасан заалт байхгүй байгааг шүүх үнэлж дүгнээгүй орхигдуулсан гэж үзэж байна. ББСБ-ын зээлийн гэрээнд заагдсан эрх үүргээ хэрэгжүүлээгүй, өөрсдөө зохион байгуулж найдваргүй эрсдэлтэй зээлдэгч нарт нэмж шугамын зээл олгосон буруутай үйлдлүүдэд шүүх нэг ч дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасныг хянан үзэж шугамын зээлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү. ББСБ-аас зээлсэн 30.000.000 төгрөгөө төлж барагдуулах хүсэлтэй байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагч О.Амаржаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

           Нэхэмжлэгч “Газар капитал партнерс ББСБ” ХХК нь хариуцагч О.Амаржаргал, Н.Содцолмон нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 30 000 000 төгрөг, зээлийн хүүд 19 020 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 564 466 төгрөг, нийт 51 584 866 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 24 143 400 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

         Зохигчдын хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ0100130351 тоот Шугамын зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч “Газар капитал партнерс ББСБ” ХХК нь зээлдэгч О.Амаржаргал, Н.Содцолмон нарт 30 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.7 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү эргүүлэн төлөх, үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд зээл төлөгдөж дуустал үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон, түүнчлэн О.Амаржаргалын өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж 31/1 дүгээр байрны 21 тоот хаягт байрлах, 77.71 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг энэ зээлийн барьцаанд тавьж ЗБ0100130351 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байна.

        Талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

        Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид зээлийн гэрээний зүйл 30 000 000 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлсэн /хх-ийн 35, 75/ болон зээлдэгч нь зээлийн хүүд нийт 5 956 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 582 400 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй байна.

        Нэхэмжлэгч “Газар капитал партнерс ББСБ” ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байх /хх-ийн 8-9/ бөгөөд хариуцагч О.Амаржаргал, Н.Содцолмон нар нь гэрээний 1.2.3-т заасан хугацаанд буюу хавсралтаар тохиролцсон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг, түүнчлэн гэрээний хугацаа дуусахад төлөх үндсэн зээлийн төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгч “Газар капитал партнерс ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх зааснаар үндсэн зээл, гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүү, түүнчлэн мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт болон зээлийн гэрээний 2.3-т зааснаар хариуцагч нараас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

        Хариуцагч О.Амаржаргал нь нэхэмжлэгч “Газар капитал партнерс ББСБ” ХХК-д хандан 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шугамын зээлд хамрагдахаар, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээний хугацааг сунгахаар тус тус хүсэл зоригоо илэрхийлэн хүсэлт гаргасан, уг хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан, түүнчлэн гэрээний хугацааг сунгаж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар О.Амаржаргал, Н.Содцолмон нарын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

            Талуудын хооронд байгуулагдсан шугамын зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”, 56.1.9-д заасан “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэж тус тус үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч байгууллагын ажилтан нь өмнөх зээлийг төлүүлэхийн тулд хариуцагч нарыг хуурч мэхэлсэн, хүч хэрэглэсэн гэх байдал хэргийн баримтаар нотлогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...нэхэмжлэгч талаас болон Санхүүгийн зохицуулах хорооноос бичгийн нотлох баримтууд гаргуулах, шинжээчийн болон аудитын дүгнэлт гаргуулах” тухай хүсэлт нь энэ маргаанд хамааралгүй, шүүхээс шийдвэрлэх эрх зүйн асуудалд шинжээч томилох шаардлагагүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамжид заасан үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

           Анхан шатны шүүх О.Амаржаргал, Н.Содцолмон нараас хууль болон гэрээнд заасны дагуу төлбөл зохих зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2,  453 дугаар 453.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.

          Хариуцагч О.Амаржаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа нарын хяналтын журмаар гаргасан “…зээлийн гэрээнд заагдсан эрх үүргээ хэрэгжүүлээгүй өөрсдөө зохион байгуулж найдваргүй эрсдэлтэй зээлдэгч нарт нэмж шугамын зээл олгосон буруутай үйлдлүүдэд шүүх нэг ч дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасныг хянан үзэж, шугамын зээлийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/00570 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 725 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч О.Амаржаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

           2. Хариуцагч О.Амаржаргалын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 265.875 /хоёр зуун жаран таван мянга найман зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                                  ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН