Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 137/ШШ2022/00044

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Аюушын 5-4 тоотод оршин суух, Дорноговь аймгийн Сайншанд сум дахь Чандмань Илч ХХК-д ээлжийн инженер ажилтай, Аюуш овогт Домонгийн Амаржаргалын /РД:ЕЮ67032208/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3 дугаар баг, Соёмбын гудамж 14-9 тоотод оршин суух, Боржигон овогт Нарангэрэлийн Түмэнцэцэгт /РД:ЕС91012921/ холбогдох  

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүүд 2020 оны 08 сарын 26-ны өдрөөс 2021 оны 08 сарын 26-ны өдрийг хүртэл хүү 3,600,000 төгрөг, нийт 6,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзиймаа, нэхэмжлэгч Д.Амаржаргал нар оролцов.

 

            Хариуцагч Н.Түмэнцэцэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд  нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Амаржаргал нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Түмэнцэцэг нь 7 хүүхэдтэй, нөхөр нь нас барсан, гэр авах гэж байгаа юм гээд надаас 5,000,000 төгрөгийг зээлье гэсэн юм. Энэ үед Түмэнцэцэг Сайншанд суманд амьдарч байсан. Би мөнгө зээлэхийг зөвшөөрч, гэрээ хийж нотариатаар батлуулсан. Тухайн үед 5,000,000 төгрөг зээлэхээр гэрээ хийсэн боловч ер нь арай өгч боломгүй санагдаад байхаар нь 3,000,000 төгрөг зээлүүлье гээд бэлэн байсан 3,000,000 төгрөгийг 2020 оны 08 сарын 26-ны өдөр нэг жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Түмэнцэцэг нь сар бүр хүүхдэд олгодог мөнгийг авах, мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг сар бүр авах итгэмжлэл өгсөн. Тэр мөнгө нь бараг 800 гаруй мянган төгрөг болж байсан байх. Гэтэл зээл авснаас хойш зээлээ төлөөгүй. Надад олгосон итгэмжлэлийн дагуу банкнаас мөнгө авах гэхээр данснаас татаад авчихдаг байсан. Нэг удаа  100,000 төгрөг авсан. Ингээд сүүлдээ хаана амьдарч байгаа нь мэдэгдэхээ больсон. Ямар ч байсан надаас зээлсэн мөнгөөрөө гэр авсан гэсэн. Хаягийг нь хайж байгаад Замын-Үүд суманд амьдарч байгаа хаягийг нь олж шүүхэд хандсан. Түмэнцэцэг нь өөрөө надтай уулзсан бол зээлийн хүүг байгаагаар нь нэхэхгүй, өгсөн зээлээ дангаар нь нэхэмжлэх боломж ч надад байгаа. Гэтэл шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш  ч уулзаагүй, яриагүй. Өөрөө ийм хуншгүй зан гаргаад байгаа юм. Иймд би үндсэн зээлд 3,000,000 төгрөг, зээлийн хүүг багасгаж  2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 08 сарын 26-ны өдрийг хүртэл хүүд 2,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

2.Нэхэмжлэгч нь 2020 оны 08 сарын 26-ны өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ,

-2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Н.Түмэнцэцэг нь Д.Амаржаргалд  “ тэтгэврийн халамжийн 00037140 тоот дэвтрийн мөнгө, Б.Дэлгэрмөрөн, Б.Марал-Эрдэнэ, Б.Тайванбаяр, охин Б.Биндэръяа нарын хүүхдийн мөнгийг  банкнаас авах бүрэн эрхийг  олгосон “ итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

3.Хариуцагч Н.Түмэнцэцэг нь шүүхэд хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

            Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Амаржаргал нь хариуцагч Н.Түмэнцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, үндсэн зээлд 3,000,000 төгрөг,   2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 08 сарын 26-ны өдрийг хүртэлх зээлийн хүүд 2,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

Нэхэмжлэгч Д.Амаржаргал нь үндсэн зээл 3,000,000 төгрөг, түүний хүүд зээлийн гэрээнд заасан сар бүрийн 10 хувиар тооцохгүйгээр нийтэд нь 2,000,000 төгрөг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох 2020 оны 08 сарын 26-ны өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Н.Түмэнцэцэг нь Д.Амаржаргалд “тэтгэврийн халамжийн 00037140 тоот дэвтрийн мөнгө, Б.Дэлгэрмөрөн, Б.Марал-Эрдэнэ, Б.Тайванбаяр, охин Б.Биндэръяа нарын хүүхдийн мөнгийг  банкнаас авах бүрэн эрхийг олгосон “ итгэмжлэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Амаржаргал, хариуцагч Н.Түмэнцэцэг нарын хооронд 2020 оны 08 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 5,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай бэлнээр зээлүүлэхээр тохирсон, түүнчлэн хариуцагч нь тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгө болон хүүхдийн мөнгийг гэрээ байгуулсанаас хойш нэг жилийн хугацаанд банкнаас авах эрхийг итгэмжлэлээр олгосон байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлд 3,000,000 төгрөг нэхэмжилдэг, харин дээрх гэрээг үзэхэд 5,000,000 төгрөг зээлүүлэхээр тохирсон байх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “ 5,000,000 төгрөгийн гэрээ хийсэн боловч 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэж тайлбарладаг болно.

Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 заасан “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх,  зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх  үүргийг тус тус хүлээнэ “ гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа, эсхүл татгалзсан тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгийг бэлнээр олгосон гэх талаарх баримт хэрэгт байхгүй боловч шинжлэн судлагдсан зээлийн гэрээ, тэтгэврийн халамжийн 00037140 тоот дэвтрийн мөнгө, Б.Дэлгэрмөрөн, Б.Марал-Эрдэнэ, Б.Тайванбаяр, охин Б.Биндэръяа нарын хүүхдийн мөнгийг  банкнаас авах бүрэн эрхийг  Д.Амаржаргалд олгосон итгэмжлэл зэргийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагчийг зээлийн гэрээнд өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, зээлдэгчтэй гэрээний гол нөхцөл болох зээл төлөх хугацаа, үүрэг зэргийг тохирсон байгаа нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд 196.1.1-д заасан гэрээ байгуулагдсан гэж үзэх юм.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад үндсэн зээл 3,000,000 төгрөгийг, зээлийн гэрээнд зааснаар зээлийн хүүд 2020 оны 08 сарын 26-ны өдрөөс эхлэн 2021 оны 08 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд  сар бүр 10 хувийн хүү тооцож нийт 3,600,000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад 2,000,000 төгрөгийг гаргуулахаар зээлийн хүүг багасгасан болно.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “  зээлийн гэрээгээр талууд  хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байх боловч  нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан эрхээ хэрэгжүүлэн нэхэмжлэлийн шаардлагаас хүүд нэхэмжилсэн мөнгөн дүнг багасгасан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Түмэнцэцэгийг шүүхэд дуудаж, 2022 оны 01 сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д зааснаар 2022 оны 01 сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй, хэрэв заасан хугацаанд  үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж  тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг хянан шийдвэрлэх талаар тайлбарлаж өгсөн боловч тэрээр  дээрх тогтоосон хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд дээрх үндэслэл болон хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул түүнээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүүд 2020 оны 08 сарын 26-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны хүү 2,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Амаржаргалд олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Н.Түмэнцэцэгт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд  нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуваарилав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Н.Түмэнцэцэгээс гэрээний үүрэгт үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүүд 2020 оны 08 сарын 26-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны хүү 2,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Амаржаргалд олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А. ЦЭРЭНХАНД