| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2019/00437/и |
| Дугаар | 155/ШШ/2019/00431 |
| Огноо | 2019-05-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ/2019/00431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М... сум ... дугаар багийн ..... тоотод оршин суух, Д... овогт Д.Ц /Р...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М... сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух, Д овогт Э.Д /Р....../-д холбогдох,
5.500.000 /таван сая таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин, нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У, хариуцагч Э.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Д.Ц миний бие Э.Д-с бензин бага иддэг, мотор нь жижиг 1200-тай, 2016 онд орж ирсэн он залуу Мицубиши Артрек маркийн 88-62 ХӨҮ улсын дугаартай автомашин зарна гээд унаж явсан машинаа үзүүлэхээр нь нөхөр бид хоёр ярилцаад гаднаас нь харахад тийм ч муугүй л харагдахаар нь худалдаж авахаар болоод 5.500.000 төгрөгөөр тохиролцоод бэлнээр 100.000 төгрөг, дансаар 5.400.000 төгрөг өгч 2018 оны 11 сард худалдаж авсан юм. Тэгээд машинаа аваад би гэр, сургууль хоёрын хооронд 3 өдөр унаж яваад 3 дахь өдрөө замдаа эвдэрсэн. Тэр үедээ манайх бичиг баримтаа авах гэсэн завгүй байна гэсээр байгаад авч чадаагүй, үзээчгүй байсан юм. Тэгээд эвдрэхээр нь засварын газарт үзүүлсэн чинь бөгс нь эвдэрсэн байна гэсэн. Тэгээд Д-д хэлээд энэ машин чинь эвдэрчихлээ наймаагаа буцаая гэсэн чинь Д зөвшөөрөөд цалингийн зээл аваад мөнгийг чинь өгье таниас авсан мөнгөө үрчихсэн гэсэн. Түүнээс хойш сар гаруй болсон ч мөнгө өгөхгүй байхаар нь асуутал цалингийн зээл бүтэхээргүй болсон миний одоо унаж байгаа машиныг 3.000.000 төгрөгт өгөөд 2.500.000 төгрөгийн зээл авч байгаад өгье гээд бас л нилээд удсан. Тэгээд тэр машиныг нь авах гэсэн чинь бас асахгүй машин байхаар нь болиод энэ машинаа засуулаад өг гэсэн. Тэгэхээр болоод засварын газар өгсөн боловч мөн л засуулахгүй өдийг хүрсэн. Би аргаа бараад нэг бол машинаа засуулаад өг нэг бол мөнгөө өг гэхээр өгөхгүй юм. Анх надад машинаа зарахдаа бичиг баримтаа авч ирээгүй бөгөөд он залуу, ямар ч асуудалгүй сайн машин гэж байсан ч сүүлд бичиг баримтыг нь харсан чинь 2001 онд үйлдвэрлэсэн 2010 онд орж ирсэн нилээд хуучин машин байсан бөгөөд 2017 оноос хойш оншилгоонд ороогүй Н гэж хүний нэр дээр бүртгэлтэй гэх зэрэг маш олон зөрчилтэй байсан. Иймээс би уг машиныг авахгүй гэдгээ хэлж мөнгөө авах гэхээр өгөхгүй юм.
Иймд Э.Д-с автомашин худалдан авахаар өгсөн 5.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэл дээрээ машин худалдан авсан сараа андуураад 11 сар гэж бичсэн байсан. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Э.Д Гурван Эрдэнэ ерөнхий боловсролын сургууль дээр машинаа унаж ирсэн. Тухайн үед бензин бага иддэг, он залуу гэж хэлсэн. Би машиынг сайн мэдэхгүй, гадна талыг нь хараад дажгүй машин байна гээд авахаар болсон. Оргил бөөний төвийн АТМ-с 5.400.000 төгрөг өгөөд худалдан авалт хийсэн. Машины урд талын шил цуурсан байсан. Түүнийг засуулна гэхээр нь засаад өгөөрэй гээд 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Би машин аваад сургууль гэр хоёрын хооронд явдаг. Манай гэр 3 дугаар хороонд байдаг. Машин авснаас хойш гурав дахь өдөр нь машин эвдэрсэн ба би чирүүлж гэртээ авчирсан. Сүүлд бичиг баримтыг нь хартал он нь өөр, бичиг баримт хариуцагчийн өөрийнх нь нэр дээр биш байсан. Машиныг буцаая гэсэн чинь цалингийн зээл авч өгье гэсэн. Тэгээд засуулна гээд нөхөртэй минь хамт засварын газар аваачиж өгсөн. Машин одоо ч тэндээ байгаа. Дараа нь дахин асуухад унаж яваа машинаа 3.500.000 төгрөгөөр өгье гэсэн боловч тэр машин нь бас асаагүй. Дараа нь дахиад хандахад машиныг засаад өгье гэсэн боловч одоо болтол засварлаж өгөөгүй. Энэ машин нь өөрийнх нь нэр дээр биш эрхийн зөрчилтэй, эд хөрөнгийн доголдолтой, бөгс эвдэрсэн тул энэ автомашиныг худалдан авахаас татгалзаж байна. Тухайн үед машин худалдаж авахад шилжүүлсэн мөнгө болох 5.500.000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Э.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э овогтой Д нь Д.Ц-н шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Би 11 сард Мицубуши Артрек 88-62 ХӨҮ улсын дугаартай авто машин зарсан нь үнэн. Тухайн үед зүгээр боломжийн машин гээд авсан. Би тэр үед зүгээр явж байсан машин өгсөн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ханх суманд ажлаар явж байхад эвдэрлээ гэж нөхөр болох С залгасан, би очиж байгаад учрыг нь олъё гээд ирээд янзалж өгөхөөр болсон. Засварын газар өгсөн засварчин зав гарахгүй байгаад өдий хүрлээ. Одоо би засварчнаар янзлуулж өгнө. Би нэхэмжлээд байгаа 5.500.000 төгрөгийг өгч чадахгүй боломж байхгүй. Машин засагдах мөнгийг өөрөөсөө гаргаж янзлуулж өгнө гэжээ.
Хариуцагч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьсан зүйл үнэн юм. Банкнаас зээл авах гэсэн боловч өндөр дүнтэй зээл гарахгүй байгаа учир мөнгийг нь буцаан өгч чадахгүй байгаа. Эвдэрсэн эд анги болох бөгс, цуурсан цонх зэргийг засуулж өгөх хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Э.Д-д холбогдуулан автомашины үнэ 5.500.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Зохигч “MITSUBISHI AIRTREK” маркийн 88-62 ХӨҮ улсын дугаартай автомашиныг 5.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Д.Ц дээрх машиныг унаад гурав хоноход асахаа байж, засварчинд үзүүлэхэд бөгс нь эвдэрсэн, засуулаад өг гэхэд өдийг хүртэл засуулж өгөөгүй, 2017 оноос хойш оношлогоонд оруулаагүй, өөр хүний нэр дээр бүртгэлтэй машин байсан тул худалдах, худалдан авах гэрээг цуцалж, машины үнэнд өгсөн 5.500.000 төгрөгийг буцаан гаргуулна гэж, хариуцагч Э.Д гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй, харин уг машины эвдэрсэн эд ангийг солиулж, засварлаж өгнө гэж маргаж байна.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Зохигчийн хооронд 2018 оны 12 дугаар сард MITSUBISHI AIRTREK маркийн 88-62 ХӨҮ улсын дугаартай автомашиныг 5.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч үнийг төлж, эд хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээдэг байна.
Нэхэмжлэгч Д.Ц нь гэрээний үүргээ биелүүлж тохиролцсон үнэ болох 5.500.000 төгрөгийг хариуцагчид бүрэн хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 19-23-р тал/, болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон ба харин хариуцагч тал үүргээ зөрчиж, биет байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй автомашин шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үнэ болох 5.500.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хариуцагч машинаа шалгаж үзээд авсан, өөрийн буруугаас машинаа эвдэлсэн гэх үндэслэлээр татгалзсан.
Талуудын гэрээгээр худалдсан автомашинд худалдан авснаас хойш 3 хоногийн дараа гэмтэл илэрч бөгс эвдэрсэн ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл дээрх автомашиныг унаж ашиглаагүй, хариуцагч Э.Д нь эвдрэл гэмтлийг засахаар автомашиныг буцаан авсан боловч засварлаагүй, үр дүн гараагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ үйл баримтанд талууд маргахгүй байна.
Худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн хөрөнгөөр солиулах, доголдол арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай шаардлагын аль нэгийг худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор гаргах эрхтэй.
Харин Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, эсхүл тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагчийн ашиглах журам зөрчсөний улмаас үүссэн бол худалдан авагч дээрх шаардлагыг гаргах эрхээ алддаг байна.
Нэхэмжлэгч Д.Ц нь уг автомашиныг өмчлөх эрхийг 2018 оны 12 дугаар сард шилжүүлэн авснаас хойш хуульд заасан 6 сарын дотор буюу 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гэрээ цуцлах тухай шаардлагыг гаргасан нь хуульд нийцжээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас автомашины бөгс эвдэрсэн гэх үйл баримт тогтоогдохгүй, энэ талаар гаргасан тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй тул шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч Э.Д-с 5.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгож шийдвэрлэлээ.
Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д-с 102.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Э.Д-с 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.950 /нэг зуун хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.Д-с 102.950 /нэг зуун хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН