Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ/2019/00192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М... сум ... дүгээр баг ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Ц овогт Ч.Б /Р.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ж... сумын ... дугаар багт оршин суух, Х овогт Ш.Б /Р..../-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2019/00164/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин, нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Ш.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Б нь Ш.Б-тэй 2007 оны 09 дүгээр сарын 16-нд хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл болоод 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин А төрсөн. Хамт амьдарсан эхний үеэсээ л нөхөр Б нь архины асуудалтай болж сүүлдээ согтуу ирэх нь өдөр тутам үргэлжилж, доромжлон зоддог болсон. 2012 онд амьдрах ямар ч нөхцөл боломжгүй болж салсан. Тэр үед охин А-аа аваад явах гэсэн боловч надаас нуугаад өгөөгүй. Өдий хүртэл охиноо өөр дээрээ авах арга хэмжээг авч байсан. Байнга асууж сураглахад архины эмчилгээнд удаа дараа явсан ч архинаас гараагүй, хүүхэд хамт амьдрах боломжгүй байгааг Ш.Б-н оршин сууж буй Ж сумын захиргаа өргөдөл гарган нотолсон. Иймээс 2007 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0055 дугаартай гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би өөрийн охин А-г өөрийн асрамжинд авахыг хүсэж байгаа ба хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 онд Ш.Б-тэй гэр бүл болсон. 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бидний дундаас охин Б.А төрсөн. Хамт амьдарч байх хугацаандаа хоорондын таарамжгүй байдлаас болж хамт амьдрах боломжгүй болсон. Ш.Б архи их уудаг, хардаж, зодож нүддэг. Тэр үедээ нөхөр ажилгүй байсан тул би энд тэнд барилгын ажил хийдэг, ажил хийхээр ажил дээр ирж хардаад агсам согтуу тавьдаг байсан. Би охиноо авах гэж зөндөө хөөцөлдсөн. Миний охиныг надтай уулзуулдаггүй. Би охинтойгоо уулзъя гэж хэлэхээр өгдөггүй. Нэг удаа охиноо авч явсан чинь эгч нар нь ирж ажил дээр дарамтлаад охиныг минь аваад явсан. Би охиныхоо багш, сумын нийгмийн ажилтантай уулзаж асуухад аав нь байнга архи уудаг, архины эмчилгээнд явсан боловч дахин архи ууж байгаа, аав нь тасраад уначихсан, охин ганцаараа галгүй хүйтэн гэрт сууж байдаг гэж хэлдэг. Ж сумаас ийм агуулга бүхий бичиг ирсний дагуу би энэ өргөдлийг гаргасан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.А-г миний асрамжид  үлдээж өгнө үү. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч Ш.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ш.Б нь Ч.Б-тай 2007 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл болоод 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин Анужин төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд сайхан амьдарч байсан. Зан байдлын хувьд тохирохгүй гадуур тэнэх нь ихсэж хүүхдээ харахгүй орой үдэш гэрт орохгүй барилга дээр ажиллаж байгаа гээд шөнөжин гэртээ ирэхгүй сүүлдээ бүүр ирэхээ байсан. Би өөрөө охиноо өсгөж цэцэрлэгт явуулж сурах нөхцөл боломжоор хангаж одоо 4 дүгээр ангид амжилттай суралцаж байгаа. Би өөрөө архи уудаг байсан боловч одоо уухаа болиод удаж байгаа. Миний бие охиноо өөрийн зүрх сэтгэлээрээ зүтгэж өдий хүртэл өсгөж хүн хийж авсан учраас өөрөө авч цаашид охиныхоо төлөө бүхнээ зориулах сэтгэлтэй байгааг минь харгалзан үзнэ үү. Ч.Б нь салснаасаа хойш нэг ч удаа охин гэсэн эхийн сэтгэлээр эргэн ирсэн удаагүй билээ. Иймээс 2007 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0055 дугаартай гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бид хоёрын хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Би өөрийн охин Б.А-г өөрийн асрамжинд авч үлдэж асран хамгаалах болно. Ч.Б нь Р суманд 2 хүүхэдтэй, нөхөртэйгээ амьдарч байгаа сурагтай учир би охиноо хойд эцгийн гарт өсгөмөөргүй байна гэжээ.

Хариуцагч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2008 оны намар хурим найр хийж айл орон болсон. Тэр жилдээ сайхан байсан. 2009 онд охин Б.А бидний дундаас төрсөн. 2010 оноос манай хамаатны ах бид хоёрыг хотруу явуулж ажил хийлгэсэн. Тэгээд ажил хийх гэхээр эхнэр ажил хийлгэдэггүй байнга утсаар яриад хардаад байдаг байсан тул буцаж ирсэн. Сүүлд манай эхнэр гэртээ ирэхгүй байсан ба барилга дээр ажилладаг өөр хүнтэй болсон гэж байсан. Би 10 жил охиноо өөрөө өсгөсөн. Миний охин одоо 4 дүгээр ангид сурдаг. Би охиныхоо ирээдүйн төлөө хуримтлал үүсгэсэн. Архи уудаг байсан минь үнэн ч архинаас гаргах эмчилгээнд явсан. 2018 онд хамрын хагалгаанд орсноосоо архи огт уугаагүй. Охин бид хоёр одоо ахынхаа хашаанд амьдардаг, гэр орон сайхан болсон. Би мужаан хийгээд хийсэн эд зүйлээ зах дээр авчирч зардаг. Охиноо өөрийн асрамжид үлдээх хүсэлттэй байна. Миний охин ээжийгээ таньдаггүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охиноо өөрийнхөө асрамжинд авна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй. Би хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ш.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2007 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 сарын 17-ны өдрийн №1.... дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин Б.А төрсөн болох нь 0... дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тухай тэмдэглэл, гэрлэгчид нь 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа байдал зэргийг харгалзан шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа өгөх нь үр дүнгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ш.Б архи уудаг, хүүхэд хамт амьдрах боломжгүй байгааг нь түүний оршин сууж буй Ж сумын захиргаа, ангийн багш, нийгмийн ажилтан нар нь хэлж тайлбарладаг, охиноо авах гэж олон удаа Ж суманд очиж байсан ч надад өгөөгүй гэх тайлбарыг гаргаж  2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Б.А-г өөрийн асрамжинд үлдээж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт байхгүй, охин Б.А нь 2012 оноос хойш эцгийн асрамжинд байгаа байдал, түүний өсөж дассан орчинг өөрчлөх шаардлагагүй, охин Б.А-н ...ээжийгээ ерөөсөө танихгүй, ...багаасаа аавтайгаа өссөн учир аавтайгаа хамт амьдарна. ... гэх санал зэргийг харгалзан эцэг Ш.Б-н асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Б.А-г эцэг Ш.-Бн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Ч.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-с 70.200 төгрөгийг, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 30.844 төгрөгийг буцаан гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Ш.Б, Ц овогт Ч.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Б.А-г эцэг Ш.Б асрамжинд үлдээсүгэй.  

3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг Ч.Б-т, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Ш.Б-д тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.044 /зуун нэг мянга дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-с 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, улсын орлогоос 30.844 /гучин мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-т олгосугай

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН