Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ/2018/01377

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Б.. сумын ... дугаар багт оршин суух, Ш овогт А.О /Р.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Б сумын .. дугаар багт оршин суух, Ш овогт Ч.А /Н..../-т холбогдох 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч, 155/2018/01092/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч А.О, хариуцагч Ч.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.О нь А-тай 2009 онд танилцаж үерхэж байгаад 2009 оны 10 сарын 06-нд айл гэр болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд анхны охин Б 2010 оны 11 сарын 27-нд, хүү Г 2012 оны 07 сарын 03-нд төрүүлж хоёр хүүхдийн эцэг эх болцгоосон. Хамт амьдрах явцад бидний үзлэ бодол, зан байдал таарч тохирохгүй болж бие биенээ үл ойлголцох байдал үүсч хэрүүл маргаантай байх болсон. А нь гадуур хонож гэр орондоо ирэлгүй архи ууж, хэл амаар доромжилж зоддог болсон ба над руу хий буудаж байсан ч удаа бий. Хоорондын таарамжгүй харилцааны улмаас бид нэг жил гаруй хугацааны өмнөөс тус тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдраад удалгүй А нь У гэх бүсгүйтэй хамт амьдрах болсон. ...Бид хоёр хоёр буцаж хамт амьдрах ямар ч боломжгүй болсон ба А.О миний бие 2 хүүхдийн хамтаар өрх толгойлон амьдарч байна. Иймд 2009 о дугаар бүхий гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргасан боловч А нь тэтгэлэг төлөхгүй гэж байгаа мөн би өөрийн мал хөрөнгөө өөртөө үлдээж байгаа тул хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй.  Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

Хариуцагч Ч.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2010 онд танилцаж, гэр бүл болсон ба бидний дундаас том охин Б 2010.11.27-нд, хүү Г 2012.07.07-нд төрсөн. Би эргэж нийлье гэж гуйж очсон. Архи уугаад хонон өнжин явдаг байсан минь үнэн. Харин зоддог байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөө надаас салаад явсан. Айл айлаар дамжин явж байна. Гэрлэлтээ цуцлуулахгүй, хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй. Хэрэв гэрлэлт цуцлахаар бол би нэг хүүхдээ авах хүсэлтэй байна гэв.  

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Ч.А-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан ба нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид нь 2008 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь №0... дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2010 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр охин А.Б төрсөн болох нь 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлж авсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүү А.Г төрсөн болох нь 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлж авсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан тайлбарт дүгнэлт хийж үзэхэд гэрлэгчид нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг 1 удаа 1 /нэг/ сарын хугацаагаар авсан боловч шүүгчийн захирамжид заасан хугацаанд эвлэрээгүй, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгсөн нь үр дүнд хүрээгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

  Гэрлэгчдийн дундаас 2010 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр охин А.Б, 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүү А.Г нарыг хүүхдийн нас, хүүхдэд тавих халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан эх А.О-ы асрамжид үлдээж шийдвэрлэлээ.  

 Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин А.Б, хүү А.Г нарыг эх А.О-ы асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч А.О-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.209 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-с гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Ш овогт А.О /Р.../, Ш овогт Ч.А ...0/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин А.Б, 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү А.Г нарыг эх А.О-ы асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг А.О-д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Ч.А-т тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120.209 /нэг зуун хорин мянга хоёр зуун ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-с 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.О-д олгосугай

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БЯМБАСҮРЭН