Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ/2019/00137

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн А.. сум ... дугаар баг Цагаанчулуут хороо .... тоотод оршин суух, Ш овогт Д.Г /Р.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн А сум .. дугаар баг Цагаанчулуут хороо ...тоотод оршин суух, Ц овогт Ц.Н /Р..../-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2018/01796/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин, нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ц.Н-тэй 2010 онд танилцаж, 2012 онд гэр бүл болсон бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр охин Г.Н төрсөн. Хүүхэд төрсөн цагаас хойш бид байнгын хэрүүлтэй намайг ажил хийлгэхгүй хардаж ажил тараад цагтаа ирэхгүй болохоор цаг завгүй мессэж бичээд, уурлаад орж ирэхээр хэрүүл хийгээд улмаар намайг толгой тархигүй нүдэж, зоддог болсон. Эхнэр маань ажилгүй болохоор тэгдэг юм болов уу гэж бодож эр хүний хувьд их л тэвчдэг, өдөрт хэд хэдэн удаа хэрүүл хийдэг, ажил дээр очиж бас хэрүүл хийгээд байдаг байсан. Тэгээд гараад ирэхэд гадаа хүний дэргэд ичихгүй гудамжаар өшиглөж, зодоод олон хүний нүдэн дээр нүдүүлж, зодуулсаар л ирдэг. Би энэ байдлыг тэвчихгүй гэрлэлтээ цуцлуулахаар 2017 онд шүүхээр орсон боловч хүүхдээ өрөвдөөд эвлэрсэн. Одоо дахин энэ байдал үргэлжилж эхнэр маань сална гээд бүх л бичиг баримт, хүний хадгалуулсан мөнгө, төгрөг аваад Мөрөн рүү орж ирсэн. Би байнгын шинжтэй хардалт дарамтаас болж одоо ч ажлаа тайван хийх боломжгүй болсон тул эвийн журмаар гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрөө авч өсгөхөөр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвийн журмаар маргааныг шийдвэрлэх боломжгүй эвлэрүүлэн зуучлахажиллагаа дуусгавар болсон болно. Эхнэр Н нь ганц өглөө эрт босож цай чанаж үзээгүй, өдөр цайндаа ирэхэд босчихсон хоол хийсэн байдаг бөгөөд орой тэр хоолоо халааж иддэг байх жишээтэй л амьдардаг. Н нь байнгын хэрүүл маргаан үүсгэж, саллаа харилаа гээд гүйгээд явчихдаг. Намайг ажил хийлгэхгүй хардаад хэрүүл хийгээд цохиж, нүдээд байхаар нь би эмэгтэй хүнийг зодож нүдэлтэй нь биш , нэгэнт хамт амьдарч чадахгүйгээс хойш хоёулаа салъя гэхэд тэгвэл би амиа хорлоно гээд цахилгааны утсаар хоолойгоо боох, судсаа ханах, хутга барьж гүйх, үхнэ гээд гарч гүйх зэргээр намайг айлган дарамталдаг. Энэ болгонд сумын цагдааг дууддаг байсан. Энэ байдлыг манай сумын нийгмийн ажилтан ч мэдэж байгаа. Ийм байдлыг би олон жил тэвчсээр ирсэн. Цаашид өөрөө ч сэтгэл тайван байх боломжгүй, өрөөлийн ч уур тэвчээрийг барж, хүүхдээ ч амгалан тайван байдалд өсгөх боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Г.Н-г миний асрамжинд үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Ц.Н-н шүүхэд гаргасан тайлбартай холбогдуулж тайлбар хэлэхэд намайг мөрийтэй тоглоом тоглодог гээд байгаа нь гар утасны тоглоом бөгөөд мөрийтэй тоглодоггүй, утасны аппликэйшн дээр нэвтрэх нэр дээр нь Н-н болон охиныхоо нэрийг хийж тоглодог байсан ба хааяадаа л ганц нэг орж тоглодог. Баяр ёслолын үеэр архи уух тохиолдол байдаг ч түүний ард байнгын хэрүүл маргаан үүсдэг. Архийг би хэтрүүлж хэрэглэдэггүй, эхнэртээ гар хүрч байсан тохиолдол байхгүй. Харин ч Ц.Н-г зодох болгонд нь би энд тэндээ хумсны сорвитой, ажилдаа явахад хэцүү үе гарч байсан. Би өөрөө олон нийттэй харилцах ажил хийдэг учраас энэ бүх байдал нь надад хэцүү байдаг. Эхний үед хажуу айл, хамаатнуудаасаа энэ бүгдийг нуудаг байсан боловч сүүлдээ мэдэгдээд, ажил дээр, олон нийтийн газар, нэг бус удаа, бүр бүх нийтийн цэвэрлэгээтэй өдөр ч ирж зодож байсан тохиолдол бий. Эгч нарын минь тухайд хэний ч эгч ийм үг хэлэх л байх, Ц.Н-н гаргадаг ааш авирыг мэдээд салсан нь дээр юм бишүү гэдэг саналыг хэлж байсан удаа бий ч би өөрийгөө мэдэж байна гэдэг л хариулт өгдөг байсан. Гэхдээ эгч нар маань биднээс тусдаа амьдардаг, бид А суманд, эгч нар маань Мөрөн суманд амьдардаг. Тэгэхээр байнга бидний амьдралд оролцоод байдаг гэдэг нь худлаа, би хэн нэгний үгээр салах хүсэлт гаргаагүй. Охиноо ээжид нь өгөхгүй. Амиа хорлоно гэхээрээ охиноо аваад явчихдаг. Эхнэрийг уурлахаар миний охин миний аав ухаантай юм чинь дуугүй бай, ээж бухимдаж байгаад хүрээд ирнэ гэдэг. Угаасаа ирэхийг нь ч мэддэг болсон. Тэгээд шөнө орой бол араас нь дандаа харж, дагаж явдаг. Найз нөхдийнхөөрөө очвол гарахаар нь хэлээрэй гэх мэтээр байнга харж ханддаг. Би өөрт нь зөндөө хэлж байсан, засарчих байх гэж зөндөө хүлээсэн. Ер нь шалтгаан мундахгүй. Орой 7 өнгөрөөгөөд ажлаасаа ирвэл уурлана, утсанд мессеж ирвэл уурлана, мессенжер, чатад эмэгтэй хүн байвал уурлана. Урд өмнө утсаар өөрийнхөө хоолойг боох, гараа зүсэх гэх мэтээр амиа хорлох оролдлого гаргадаг байсан. Би хамт амьдарсан энэ хугацаанд энэ зан байдлаа засах байх 7, 8 жил харж тэвчсэн боловч болоогүй. Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, өмнө нь шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар хандаж байсан ч охиноо бодоод эвлэрч байсан боловч энэ байдал сайжраагүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охиноо өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байна. Учир нь миний охиныг нялх байхад нь надаас сална гэж хаяж яваад 6 сарын дараа эргэж ирж байсан. Номин-Эрдэнийн энэ гаргаж байгаа араншин хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа тул миний асрамжинд үлдээж өгнө үү. Бидний дунд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч Ц.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2010 онд Д.Г-тай танилцаж 2012 онд гэрлэлтээ батлуулж, нэг охинтой болсон. Охин Н 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, одоо 6 настай. Нөхөр Д.Г-н салъя гэж байгаа шалтгаан нь түүний эгч нар болох О, Б нар сал гэж ятгадаг, нөхөр бид хоёрын амьдралд оролцож хэрүүл маргаан үүсгэдэг, байнга сал гэж хэлдэг. Нөхөр Д.Г нь байнга архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ намайг зодож дарамталж байдаг. Мөн гар утсаараа мөрийтэй тоглоом тоглож, мөрийгөө алдсан үедээ надруу уурлаж намайг муухай үгээр доромжилждог. Утаснаас миний нэрээр болон охины нэрээр хаяг нээж мөрийтэй тоглоом тоглодог, хожигдохороороо над руу уурладаг. Нөхөр Д.Г уурласан үедээ хамаг уураа надад гаргаж, намайг зодож байдаг. Би гэр бүлээ салгаад яахав, миний эцэг эх салж, би өөрөө өнчин өссөн, охиноо өнчин өсгөөд яахав гэж бодоод хатуу ширүүн үйлдлийг нь тэвчиж байдаг. Би урд өмнө нь хардаж маргалдах асуудлыг гаргадаг байсан нь үнэн. Одоо дахин хардах асуудалгүй болсон. Нөхөр нэхэмжлэлдээ эхнэр сална гээд Мөрөн явахдаа хүний хадгалуулсан мөнгө аваад явсан байна гэж худлаа бичсэн байна. Нөхөр бид хоёр ахуйн хэрэгцээндээ хэрэглэхээр 100,000 төгрөг хадгалсан байсан ба уг мөнгөнөөс. 20000 төгрөгөөр замын зардал хийж, 80000 төгрөгийг хүүхэддээ зарцуулсан. Би нөхрийгөө байнга халамжилж, нөхрийгөө өдөр цайндаа ирэхэд нь хоол хийж, орой ирэхэд нь ч хоол хийдэг, хаяа их хоол хийсэн тохиолдолд өдрийн хийсэн хоолоо орой халааж идэх тохиолдол байдаг. Би 2014 онд жирэмсэн болсон ба нөхөр, түүний эгч нар ажил төрөл хий, одоо хүүхдээр яахав гээд би хүүхдээ авхуулсан. Одоо хүүхэд маань байсан бол 4 настай байх байсан. Абортонд орсноос хойш би савны өвчтэй болж, одоо дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон. Би гэртээ харьж чадахгүй айлд байгаа. Яагаад гэвэл нөхөр чи хэсэгтээ битгий ирээрэй, ээж өвчтэй манайд байгаа, чамайг ирвэл гэртээ харина гээд байгаа гэхээр нь би гэртээ харьж чадахгүй Мөрөн суманд нагац эгч Отгонцэцэгийнд байгаад байгаа. Хэдийгээр нагац эгчийндээ байгаа ч надад айлаар байх хэцүү санагдаад нөхөр лүү залгахаар чи хэсэгтээ наагуураа байж бай гээд намайг гэртээ хариулдаггүй. Би 2018 оны 10 дугаар сараас хойш гэртээ хариагүй. Би ийм байдлуудаар өөрийнхөө эрхийг хасуулж байгаа ч гэсэн хүүхэд маань өнчин өсөхвий, над шиг зовохвий гэж эх хүний зүгээс тэвчиж байна. Охин маань надтай хамт байж байгаад сурагчийн амралтаар аавруугаа явсан гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ц.Н-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2012 онд гэр бүл болж, 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр охин Г.Н төрсөн болох нь 1... дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасантайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тухай тэмдэглэл, хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 02 сарын 11-ний өдрийн 50/08-270 дугаартай ...цагдаагийн хошууч Н.А холбогдох шалгалтыг хийхэд 2018 оны 12 сарын 24-нд Ц.Н нь олдсон тул зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн байна гэх албан бичиг, гэрч Д.Э-н ...2016 оны 11 сард А сумын хэсгийн төлөөлөгчөөр тоимлогдож очсон. Тэр үед энэ хоёр хүн зодолдож байсан. Тэр үеэс мэддэг болсон. ...2017 оны 7 сард байх Н нөхрийгөө хардаад гар хөлөө зүсчихсэн байхад нь очсон. ...Г.Н хоёр бие биенийгээ хардаад Н өөрийнхөө амийг хорлоно гээд гар хөлөө зүссэн байсан. Тэгээд Г нь аавд нь аваачиж өгнө гээд хамт яваад өгөөч гээд Г-н хувийн унаагаар нь Мөрөн суманд аав дээр нь авчрахад аавтайгаа байхгүй гээд ээж дээр нь хүргэж өгсөн. ...Нөхрөө байнга харддаг, зоддог байсан. гэх мэдүүлэг зэргээс гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа өгөх нь үр дүнгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчдийн дундаас 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Н-г нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдийн санал болон түүний өсөж дассан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг нөхцлийг харгалзан эцэг Д.Г-н асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Г.Н-г эцэг Д.Г-н асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Д.Г-н эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлж болохгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Н-с 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Ц.Н-д 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цаг 00 минут болон 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 00 минут, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг 00 минутаас хянан хэлэлцэхээр шүүх хуралдааны товыг түүний 91116557 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ш овогт Д.Г, Ц овогт Ц.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Г.Н-г эцэг Д.Г-н асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг Ц.Н-д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Д.Г-д тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Н-с 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгосугай

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН