Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ/2019/01015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М... сумын ... дугаар баг ... тоотод оршин суух, Ш овогт Н.Б /Р.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ж сумын 0...багт оршин суух, Ц овогт Ц.Б /..../-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 22ы өдөр хүлээн авч, 155/2019/01018/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ц.Б-тай 2006 онд танилцаж, дотносон, 2007 онд гэр бүл болсон. 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүү Б.Эрдэнэдуурсахыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Ц.Б нь архи ууж, агсам тавьж, сэтгэл санааны  дарамтанд оруулдаг байсан ба 2017 онд нүүрэн тус газар цохиж хамар гэмтэж, ажилдаа явах боломжгүй 1 сарын хугацаанд эмнэлгээр явж, ажлаасаа чөлөөлөгдөж, тус өдрөөс хойш буюу 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хамт амьдраагүй, нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй, салахад бэлэн байгаагаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд өнгөрсөн хугацаанд дан дандаа амьдарч одоогоор Ц.Б нь хамтран амьдрагчтай болж хүүхэд нь төрсөн. Энэ хугацаанд миний бие хүү Б.Э-аа хамт амьдарч, сургууль хүмүүжилд нь анхааран амьдарч байна. Цаашид миний бие Н.Б нь эрүүл мэндийн шалтгаанаар дахин төрөх боломжгүй нь оношлогдсон тул өөрийн ганц хүүгээ  өөр дээрээ авах хүсэлтэй байна. Бид Хөвсгөл аймгийн Т сумын төвд ажиллаж амьдарч байсан ба тэнд байсан хашаа байшингаа зарж Ц.Б-ы нэр дээр байсан зээлийн төлбөрт өгсөн. Одоо бидний дунд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй ба би шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хүү Б.Э-д эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэн боловч одоо тэтгэлэг гаргуулах энэ хэсгээсээ татгалзаж байна. Учир нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Ц.Б надтай хоёр удаа утсаар ярьсан ба ингэхдээ чи мөнгө авах гэж нэхэмжлэл гаргалаа гэдэг байдлаар үл ойлголцож байгаа, дээр нь эрүүл үедээ нэг өөрөөр, согтуудаа нэг өөрөөр ярьдаг учир хүүхдэдээ тэтгэлэг өгөх эсэхээ өөрөө мэднэ биз гэж үзэж байна. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч болоод нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд Ц.Б надтай нэг ч удаа ирж уулзаагүй, уучлалт гуйгаагүй, цаашид энэ хүнтэй хамт амьдрах ямар ч боломжгүй  тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Э-г миний асрамжинд үлдээж өгнө үү гэв.

            Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б-н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Ц.Б нь Н.Б-тэй 2007 онд гэр бүл болсон. 2008 онд бид хоёр хүүтэй болсон. Бид 3 эв найрамдалтай аз жаргалтай арваад жил амьдарлаа. Энэ өргөдөл дээр бичсэн зарим зүйл ор сураггүй худал болно. Салах гэсэн хүний шалтаг биз. Сүүлийн үед авгайгийн маань ааш нь эвдэрч, өөрөө архи уудаг агсам тавьдаг, эр нөхрөө үл ойшоон дарамталдаг болсон. Жишээ нь: Ах дүүсийн ургийн баяраар эр нөхрөө унтаж байх үед нь өөр хүнтэй унтаж байхад нь хүү Э нь мэдэж аавыгаа сэрээж асуудал болж байсан удаатай. Хамгийн сүүлийн үйлдэл 2017 онд үл таних залуутай шал согтуу захиргааны үүдэнд байхаар нь гэртээ харья, машины түлхүүрээ гэсэн чинь нөгөө залуу нь авчихаад өгөхгүй байгаад бид хоёрын хэрүүл эхэлж зодолдсон. Тэгэхэд дундуур орж нүүр лүүгээ цохиулсан нь үнэн. Миний хувьд гэр бүлийнхээ төлөө арваад жил сайн сайхан амьдрах гэж зүтгэсэн. Өөрөөсөө ч илүү хань ижилдээ эрүүл мэнд дээр нь ч анхаарч эмчлүүлж ирсэн. Миний хувьд ганц хүүгээ бодоод хүүтэйгээ цуг амьдрахыг хүсэж байна. Миний хувьд салахгүй гэсэн бодолтой байна гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны үед хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэсгээсээ татгалзаж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор шаарджээ.

Гэрлэгчид нь 2007 онд гэр бүл болж, 2007 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь №... дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2008 оны 04 дүгээр сарын 17ы өдөр хүү Б.Э төрсөн болох нь №0143131-47 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, гэрлэгчид нь 2017 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа байдал зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

 Гэрлэгчдийн дундаас 2008 оны 04 дүгээр сарын 17ы өдөр төрсөн хүү Б.Э-г хүүхдийн бага настай байдал, хүүхдэд тавих эхийн хайр халамж, мөн түүний өсөж дассан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг нөхцлийг харгалзан эх Н.Б-н асрамжид үлдээж шийдвэрлэлээ. 

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Э-г эх Н.Б-н асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Н.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-с 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ш..овогт Н.Б, Ц овогт Ц.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5зааснаар 2008 оны 04 дүгээр сарын 17ы өдөр төрсөн хүү Б.Э-г эх Н.Б-н асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ц.Б-д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.Б-т тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-с 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН