Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 0256

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

            Нарийн бичгийн дарга Б.Алтанзул

            Улсын яллагч Ц.Мөнхтуяа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул

            Хохирогч Н.З-, С.Б-э

            Гэрч Ц.Мөнх-Алдар

            Шүүгдэгч Д.И-, А.М-, Ж.Ж- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А-ын М-, Ч овгийн Д-гийн И-, о овгийн Ж-гийн Ж- нарт холбогдох 201714000098 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Б овгийн А-ын М-, Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:хх**********/

 

2. Ч овгийн Д-гийн И-, Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, агро инженер мэргэжилтэй, “***” автомашин засварын газарт механик ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:хх***********/

 

3. о овгийн Ж-гийн Ж-, Монгол Улсын иргэн, ** оны **дугаар сарын **-ны өдөр Орхон аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, “******” ХХК-н  жолооч ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:хх***********/

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.И-, А.М-, Ж.Ж- нар нь 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лофт” клубт бүлэглэн хүч хэрэглэж Н.З-, С.Б-э нарыг зодож хөнгөн хохирол учруулж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд” 1. Хохирогч С.Б-ий “Намайг ороход 2 давхарын шатан дээр И- гэдэг залуу нэг залуугийн хамт манай найз З-г барьчихсан доош нь тонгойлгоод зодож байсан Тэр залуу З-гийн элэг рүү нь гараараа цохиж байсан Би очоод найзыгаа авъя гэхэд И- чи хэн бэ зайл гээд миний эрүү рүү 2 удаа цохьсон. Мөн миний баруун чих рүү гараараа цохиод авсан. Тухайн үедминий толгой дүүрч чих шуугиад их өвдсэн. Доошоо тонгойгоод байу байхад тэр хоёрын нэг нь намайг шат руу түлхээд унагаасан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 22-23-р хуудас/

 

2. Хохирогч Н.З-гийн Намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад М- гэдэг залуу бүжилэж байхаа санаадгүй ирж мөрлөсөн.Тэгснээ над руу дайрч хальт шанаа руу нэг удаа цохьсон. Тэгээд найзууд нь надаас холдуулсан. Тэгтэл М- араас ирж миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиж авсан. Дараа нь М-ы найз болох И- өөр нэг залуугийн хамт намайг баарны 2 давхарын шат руу татаж гаргаад цохиж зодсон. И- миний толгойн ар хэсэг рүү гараараа олон удаа цохьсон. Мөн хөл рүү өшиглөсөн. Хажууд нь байсан залуу миний элэг бөөр, толгой тархи руу олон удаа цохьсон” гэсэн мэдүүлэг. /х/х-н 25-р хуудас/

 

3. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дугаартай дүгнэлтийн “С.Б-ий биед баруун чихний хэнгэрэгийн цооролт үүсчээ. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.Эрүү мэнийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн эргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /х/х-н 27-р хуудас/

 

4. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 141 дугаартай дүгнэлтийн “Н.З-гийн биед тархи доргилт, нүүр, баруун чихний ард, хүзүүнд цус хуралт үүсчээ. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Дээрхи гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, /х/х-н 33-р хуудас/ болон гэрч А.Амартүвшингийн мэдүүлэг, гэрч Б.Золбаатарын мэдүүлэг, П.О-ын мэдүүлэг, Т.-ийн мэдүүлэг, Ч.-Бийн мэдүүлэг, Б.-М*-ын мэдүүлэг, П.З-ын мэдүүлэг, Ц.М-ын мэдүүлэг, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сиди, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.И- мэдүүлэхдээ “2017 оны 1 дүгээр сарын 25-нд найзын төрсөн өдөр болж бид нар бааранд бөөнөөрөө суусан. Манай найз М- хүнтэй маргаад байна гэхээр нь гарахад З- гэдэг залуутай маргаж байсан. Бид нар хоорондоо бага зэрэг маргалдсан. Би зодсон зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч А.М- мэдүүлэхдээ “Би З-той шүргэлцээд маргах гэтэл найзууд ширээн дээр суулгасан. Дараа нь үүдэнд гараад дахиад маргалдсан. Зодолдсон зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ж.Ж- мэдүүлэхдээ “М-ыг гадаа хүнтэй муудалцаад байна гэхээр нь гадаа гараад З-той маргалдсан” гэв.

 

Хохирогч С.Б-э мэдүүлэхдээ “Тэр өдөр найз З-гийн төрсөн өдөр болоод бааранд орж суусан. Сууж байгаад гараад байж байтал З-г дотор зодоод байна гэхээр нь дотогшоо яваад ортол 3 залуу манай найзыг барьчихсан байж байсан. Найзыгаа авъя гэхэд хойноос чихрүү цохисон. Шат руу түлхсэн. Одоо гомдол саналгүй” гэв.

 

Хохирогч Н.З- мэдүүлэхдээ “Тэр өдөр төрсөн өдөр болоод бааранд орсон. Бүжгийн талбай дээр М-тай шүргэлцсэний улмаас маргаан үүсч талбай дээр намайг нэг цохисон. Үүдэнд гарсны дараа М- ирж цохисон. Одоо гомдол саналгүй. Бүх зүйл сидинд бичигдсэн байгаа” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Мөнхтуяа дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул дүгнэлтдээ “ Шүүгдэгч нарын үйлдэл нь танхайн гэмт хэргийн шинжгүй харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэстэй. Иймд хуулийн зүйчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилэх нь зүйтэй” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.И-, А.М-, Ж.Ж- нар нь 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лофт” клубт бүлэглэн хүч хэрэглэж Н.З-, С.Б-э нарыг зодож хөнгөн хохирол учруулж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь “хохирогч нарыг зодоогүй” гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч санал дүгнэлтдээ “шүүгдэгч нарын үйлдэл нь танхайрах гэмт хэргийн шинжгүй гэж мэтгэлцэж байх боловч хохирогч нарын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр хохирогч нарт хөнгөн хохирол учирсан, уг хохирол нь шүүгдэгч нарын үйлдлийн улмаас учирсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд тэдний үйлдэл нь бүлэглэж, үл ялих зүйлээр шалтаглан нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжтэй байна. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, тэдэнд ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар ял шийтгэл оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн А-ын М-, Ч овгийн Д-гийн И-, о овгийн Ж-гийн Ж- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.М-, Д.И-, Ж.Ж- нарт ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засахыг үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-, Д.И-, Ж.Ж- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АЛТАНГАДАС