| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2019/0023/и |
| Дугаар | 155/ШШ/2019/00097 |
| Огноо | 2019-01-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ/2019/00097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн У... сумын ... дугаар багт оршин суух, Ш овогт Б.Б /Р.../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн А... сумын Х.. оршин суух, Б овогт Э.Б-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 155/2019/00023/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б миний бие Э.Б-тэй 2015 онд танилцаж үерхэж байгаад 2015 оноос 2016 он хүртэл хэсэг хугацаанд Хатгалд хамт амьдарч байсан. Бидний дундаас хүү Б.А 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд 2016 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч би У суманд багш, Б Х Х банкинд ажилладаг. Бид хүүхдээ төрөхөөс өмнө тусдаа амьдарсан бөгөөд хүүхдээ төрсний дараа Б намайг нялх биетэй байх үед хүүхдийн мөнгөө халамж дээр бүртгүүлж Х банкинд данс нээлгэсэн. Х банкинд хүүхдийн хадгаламж нээлгээд холбочихсон шүү гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 1-р сард Х тосгоны захирагчийн ажлын албаны санхүүгийн албаны даргын ажлаа хүлээлгэж өгөөд жирэмсний амралтаа аваад өөрийн нутаг болох У сумруугаа явсан юм. Түүнээс хойш Б-тэй харилцаа хөндийрч тусдаа амьдарсан. Ингээд би хүүхдийнхээ мөнгийг хадгаламжиндаа орж байгаа гэж бодоод байж байтал 2017 оны 11-р сард хүүхдийн хадгаламжийн мөнгийг шалгуултал Б хадгаламж барьцаалсан зээл авсан байсан. Би хүү Б.А-ы Х Банкны 5.... тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшигч нь Б байгаа учир би яг нарийн сайн шалгаж мэдэх боломжгүй байна. Иймд хүү Б.А-г миний асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Х банк дахь хүүхдийн 5... тоот хадгаламжинд байгаа 1.078.325 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.Б-д холбогдуулан 2017 оны 02 сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.А-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, Х банк дахь хүүхдийн хадгаламжийн мөнгө болох 1.078.325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б нь хүү Б.А-ы Х банкин дахь хүүхдийн мөнгөн хадгаламжийг нэхэмжлэгч Б.Б-н нэр дээр шилжүүлсэн тул уг хадгаламжийн мөнгө 1.078.325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Хариуцагч Э.Б нь хүүхдийн тэтгэлэг төлнө гэх тайлбарыг ирүүлсэн байгаа тул хуульд заасан хувь хэмжээгээр хүү Б.А-д хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Б нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хбанкинд харилцааны менежер ажилтай. Ам бүл 3. Эх Э болон нагац эгч Н нарын хамт А сумын 6 дугаар баг Хатгал тосгон 1 хороо, 01 гудамж 01А тоотод оршин суудаг. Анх Б.Б-тэй танилцаж үерхэснээс хойш бүтэн жилийн хугацаанд цуг амьдарч тусдаа гараагүй болно. Тухайн үед магистрийн хичээлдээ Улаанбаатар хот руу явдаг байсан. Х-д байх хугацаанд хамт байсан. Гэхдээ тэгж бүтэн жил хамт амьдарч байгаагүй. Хүүг төрснөөс хойш бид хэсэг хэсэг хугацаанд Х-д хамт амьдарцгаах гэж хичээсэн боловч хардалтаас болж үргэлж маргаан гаргаж уурлаж, асуудал үүсгэж дарамталдаг байсан. Явснаасаа хойш олон удаа утсаар мессэж бичиж харааж дарамталдаг байсан. Би тэр хэрүүл маргаан дунд ганц ч хатуу муу үг хэлж үг хэлээр доромжилж байсан удаагүй. Энэ бүхэнд миний анхаарал, хайр халамж дутагдсан байсан байж болох ч тэр их хараал, хардалт маргаан дунд би амьдарч тэвчиж чадахгүй байсан тул ийм байдалд хүрсэн гэж боддог. Б.Б-ий нэхэмжилсэн хугацаатай хадгадамжийн хувьд анх хүүгийнхээ төрсний гэрчилгээ авсны дараа би нээлгэж байсан тул гарын үсэг хамтран эзэмших эрх миний нэр дээр байсан. Улсаас олгодог 20000 төгрөг сар бүр 5...тоот хугацаатай хадгаламжийн дансанд автоматаар татагдан ордог байсан тул хадгаламжийн дүн 1.078.325.59 төгрөг болсон байсан. Тус хадгаламж дээр 2018 оны 03 дугаар сарын 13-нд хадгаламж барьцаалсан зээлтэй байсан тул 2018 оны 12 дугаар сарын 19-нд зээлийг бүрэн хаасан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 5-нд хадгаламжийг Б.Б-ий нэр дээр шилжүүлсэн. Одоогоор банкинд ямар нэг хадгаламжийн болон өр зээлийн үлдэгдэлгүй болно. Мөн нэхэмжилсэн шүүхээс тогтоосон мөнгөн дүнгээр хүүдээ тэтгэмж төлөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Э.Б нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.А төрсөн болох нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 6... дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хариуцагч Э.Бнь хүү Б.А-д хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Б.А нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Э.Б-с сар бүр тэтгэлэг гаргуулж, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.А-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.274 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хүүхдийн хадгаламжийн мөнгө 1.078.325 төгрөг гаргуулах тухай шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30.430 төгрөгийн тал хувь 15.215 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Б-с Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.А нь 2 настай байх тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 182.600 төгрөгийн тал хувь 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Э.Б төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Б.А-д сар бүр төлөх 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.095.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч Э.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Б-с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2--тд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61.274 /жаран нэг мянга хоёр зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-с 61.274 /жаран нэгэн мянга хоёр зуун далан дөрөв/ төгрөгийг, улсын орлогоос 15.215 /арван таван мянга хоёр зуун арван тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН