Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ/2019/00286

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М... сумын ... дугаар баг ... тоотод оршин суух, Т овогт Э.А /Р.../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, С.дүүрэг, Б.. 5-р гудамж ... тоотод оршин суух, Б  овогт Т.Н-д холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 155/2019/00286/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин, нэхэмжлэгч Э.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.А нь Г.Н-той 2012 онд танилцаж үерхэж байгаад 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр охин А.Н төрсөн. Одоо 6 нас хүрнэ. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хоёр гэрээрээ ирэн очин амьдарч байсан. Хүүхдээ төрснөөс хойш бидний харилцаа хөндийрч Т.Н нь бид хоёр дээр ирэхгүй болсон хүүхдээ миний хүүхэд биш гэх болсон. Г.Н нь эцэг хүний үүргээ биелүүлэхгүй охиноо харахгүй 2,3 жил болсон ба би өнөөдрийг хүртэл охиноо 0-5 нас хүртэл нь ганцаараа өсгөсөн.

Иймд Т.Н-г охин А.Н-н төрсөн эцэг мөн болохыг тогтоож хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.Н миний бие Э.А-н гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Э.Н нь миний хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхэддээ сар бүр тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Т.Н-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Э.А, хариуцагч Т.Н нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр охин А.Н төрсөн болох нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 00... дугаартай төрсний гэрчилгээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Т.Н нь охин А.Н-д хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин А.Н нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Т.Н-с сар бүр тэтгэлэг гаргуулж, 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А.Н-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.А-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Н-с хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А.Н нь 5 настай байх тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 194.300 төгрөгийн тал хувь 97.150 төгрөгийг сар бүр хариуцагч Т.Н төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин А.Н-д сар бүр төлөх 97.150 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.165.800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 32.529, нийт 102.729 төгрөгийг, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 71 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.А-д олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Т.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А.Н-н төрсөн эцэг Б овогт Т.Н /Й.../ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А.Н-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Н-р сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.800 /нэг зуун хоёр мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Н-с 102.800 /нэг зуун хоёр мянга найман зуу/ төгрөгийг, улсын орлогоос 71 /далан нэг/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.А-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН