| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2019/00617/и |
| Дугаар | 155/ШШ/2021900608 |
| Огноо | 2019-07-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ/2021900608
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Р. сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт Д. П /Р..../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Р сумын 5 дугаар багт оршин суух, М овогт С.Б /Р.../-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2019/00608/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийнбуян, нэхэмжлэгч Ц.П., хариуцагч С.Б /онлайнаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П би нөхөр С.Б-тай 2011 онд танилцаж үерхэж байгаад 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр охин Б.А, 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр охин Б.А нар төрсөн. Нөхөр Б.Б надтай гэр бүл болсон цагаасаа элдэв бусын гэмт хэрэгт холбогдож, би байнгын дарамтанд амьдарч ирсэн. Нөхөр С.Б нь 2016 онд бусдыг хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ба суллагдсан зунаа дахин хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдаж энэ гэмт хэрэгтээ ял шийтгэгдэн одоо хорих ангид ял эдэлж байгаа. Би 2017 оноос хамтран амьдрагчтай болж бидний дундаас 2018 оны 12 сарын 23-нд хүү Т төрсөн. Энэ хүнээс гэрлэлтээ цуцлуулаагүйн улмаас баримт бичиг бүрдүүлэх гэхээр нөхрийн гарын үсэг хэрэгтэй гээд янз бүрийн асуудал тулгардаг. Өнгөрсөн жилийнхээ ноосны урамшууллыг авч чадаагүй, Б-н нэр дээр орсон гээд өгөөгүй. Хадгаламжийн данснаас мөнгөө ч авч чадахгүйд хүрсэн ба янз бүрийн тусламж дэмжлэгт хамрагдах гэхээр мөн л гэрлэлтээ цуцлуулаагүй болохоор болж өгдөггүй. Энэ хүнтэй цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хоёр охиноо өөрийнхөө асрамжинд авч эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.
Хариуцагч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С овогтой Б нь Д.П-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрлэлтээ цуцлуулахгүй хорих ангиас суллагдаад цаашид, хамтран амьдрах хүсэлтэй байгаа. С.Б би 2019 оны 11 дүгээр сард хорих ангиас магадлангаар орж суллагддах магадлалтай байгаа. Би эхнэрээ зодож, дарамталж байгаагүй. Би 2 хүүхэдтэйгээ эхнэртэйгээ дөрвүүлээ хамт амьдрах сонирхолтой байна. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн өөр нөхөртэй болсон гэсэн. Тэр нөхөр нь 2 хүүхэдтэй. Тэгээд 4 хүүхэдтэй болоод хамт амьдрах гэж байгааг нь ойлгохгүй байна. Ямар учиртай юм бэ? Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй, ялаа эдэлж гараад эхнэр хүүхэдтэйгээ амьдрах хүсэлтэй байна. Шүүхээс гэрлэлтийг цуцаллаа гэхэд би хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй, ажил төрөл эрхэлдэггүй, мал ахуй муутай тул төлөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.П нь хариуцагч С.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2014 онд гэр бүл болж, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь 6... дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр охин Б.А төрсөн болох нь 0000.. дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр охин Б.А төрсөн болох нь 6...дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл болон гэрлэгчид нь 2018 оны 12 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа өгөх нь үр дүнгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчдийн дундаас 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.А, 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.А нарыг хүүхдүүдийн бага настай байдал, хүүхдэд тавих эхийн хайр халамж, мөн тэдний өсөж дассан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг нөхцлийг харгалзан эх Ц.П-н асрамжид үлдээж, охин Б.А, Б.А нарт эцэг С.Б-с сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдлаа.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.А, 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.А нарыг эх Ц.П-н асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Ц.П-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122.456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-с эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.А 8 настай, 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.А 5 настай байх тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 194.300 төгрөгийн 50 хувь болох 97.150 төгрөгийг хүүхэд тус бүрт хариуцагч С.Б нь сар болгон төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Б.А, Б. нарт сар бүр төлөх тэтгэлэг 97.150 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.331.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 52.256 төгрөг, нийт 122.456 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар Ш овогт Д.П /Р.../, М овогт С.Б /Р.../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.А, 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.А нарыг эх Ц.П-н асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.А, 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Б-с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг С.Б-т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ц.П нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122.456 /нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-с 122.456 /нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.П-д олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН