Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2023/00532

 

 

 

 

 

 

2023 10 18 153/ШШ2023/00532

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургууль /РД:*******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/22 дугаартай П.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн хариуцлагатай жижүүр буюу цаг бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: П.******* /цахимаар/,

Хариуцагчийн төлөөлөгч: С.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 10 дугаар сард цаг бүртгэгчээр ажилд орж байсан. Уг ажлын байранд нэг жил гаруй хугацаанд ажилласан. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, хүний оронд түр ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусна. Цаг бүртгэгчийн ажилд ажиллаж байсан хүнийг захирал С.******* 2023 оны 05 дугаар сард ажлаас чөлөөлсөн байсан. С.******* надад Боловсролын газраас сургуулийн хүүхдийн орон тоо хүрэхгүй байгаа учраас ажилчдын орон тооны цомхотголд орно гэж хэлээд Ховд аймгийн боловсролын газраас 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр чөлөөл гэсэн мэдэгдэх хуудас ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би захиралд би 8 сартай жирэмсэн, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс ээлжийнхээ амралтыг авъя гээд амралтаа дуусгаад жирэмсний амралтаа авъя гэхэд за тэгээ тэг гэсэн. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр намайг чөлөөлсөн тушаал гаргасан байна. Би энэ ажлын байран дээр үргэлжлүүлэн ажилламаар байна. Ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Миний энэ ажлын байр байнгын ажлын байр, түр ажлын байр биш. Манай сургуулийн 2023 оны бүтэн жилийн төсөв батлагдаад ирчихсэн, уг бүтэц орон тоонд миний ажпын байр байгаа. Иймд Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/22 дугаартай П.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн цаг бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 05 дугаар сард манай захирал намайг 2023 оны 07 дугаар сараас эхлэн ажлаас чөлөөлнө гэж хэлсэн. Тэгээд би сургуулийнхаа үйлдвэрчний эвлэлийн даргад хэлсэн боловч намайг аймгийн үйлдвэрчийн эвлэлийн даргад хэлээд жирэмсэн хүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй гэж хэлээд шүүхэд хандуулсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн хариуцлагатай жижүүр гэсэн орон тоон дээр томилогдсон боловч дандаа үйлчлэгчийн ажил хийдэг байсан... Тухайн үед манай сургуулийн захирал түр орон тоотой хөдөлмөрийн гэрээ хийхгүй гээд хөдөлмөрийн гэрээ хийхгүй байж байгаад би өөрийн хүсэлтээрээ хөдөлмөрийн гэрээ байгуулмаар байна гэж захиралдаа хэлсний үндсэн дээр өнгөрсөн жилийн 1 сард 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан... Мэдэгдэх хуудсыг 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гардан авсан... Цаг бүртгэгч нь өглөө ажилчдын цаг бүртгэдэг. Хариуцлагатай жижүүр нь шөнө орой пост явж хүүхдүүдийг хаана яаж явж байгаа талаар эргэж тойрдог ажил байсан. Би хариуцлагатай жижүүрээр ажиллаж байсан. Намайг цаг бүртгэгчийн ажлаас чөлөөлсөн гэв.

2. Хариуцагч ******* сумын ЕБС-ийн захирал С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд П.******* нь цаг бүртгэгчээр түр орон тоон дээр ажиллаж байсан. Цаг бүртгэгчээр Б. ажиллаж байсан бөгөөд эрүүл мэндийн улмаас ажлаас түр чөлөө авсан байсан. Б.ийн оронд түр ажиллаж байсан П.*******ыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь өмнөх жилүүдэд манай сургууль орон тоогоор цалинждаг байсан. Гэтэл 2023 оны төсөвт ЗГ-ын 2022 оны 91 дүгээр тогтоолын дагуу хүүхдийн тоогоор санхүүждэг болсон. Манайх Боловсролын мэдээллийн системд 290 сурагч 2023 оны хичээлийн жилд суралцаж байна. БСШУС-ын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 тоот орон тооны жишиг нормативт орон тоогоо багтаан мөрдөж ажиллахыг Боловсролын Ерөнхий газар болон БШУГ-аас удаа дараалан албан бичиг ирсэн бөгөөд энэ талаар хамт олны хуралд танилцуулан хэлэлцэгдэж байсан. Уг жишиг нормативт цаг бүртгэгч гэсэн орон тоо байхгүй болно. Түүнчлэн Б. нь ажлын байраа хэвээр хадгалах талаар ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй билээ. Иймд П.*******ыг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Б. нь хариуцлагатай жижүүр буюу цаг бүртгэгчийн орон тоонд ажиллаж байсан ба түүний оронд түр П.******* нь ажиллаж байсан юм. Б.ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг өөрт нь танилцуулсан. П.*******ын хувьд түр тушаалтай байсан учир Б. ажил чөлөөлөгдсөнөөр мөн адил чөлөөлөгдсөн. Хариуцлагатай жижүүр буюу цаг бүртгэгч нь нэг ажлын байр юм гэв.

3. Нэхэмжлэгчээс Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/22 дугаартай П.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр түр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2/111 дугаартай албан бичиг, Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаартай албан бичиг, Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 дугаартай П.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаартай Мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, *******ийн *******ын нэр дээрх 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, П.*******, өмгөөлөгч Н.******* нарын хооронд байгуулагдсан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг,

Хариуцагчаас талаас Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаартай Мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай албан бичиг, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/212 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн баталгаат хуулбар, Төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2023 оны батлагдсан төсвийг хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлийн баталгаат хуулбар, Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 75 дугаартай албан бичиг, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/769 дугаартай Орон тооны жишиг нормативын биелэлтийг ирүүлэх тухай албан бичгийн баталгаат хуулбар, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/171 дугаартай Байгууллагын төсвийн тухай албан бичгийн баталгаат хуулбар, Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг нормативын хуулбар, Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/29 дугаартай П.*******ыг түр ажиллуулах тухай тушаал, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/17 дугаартай П.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/39 дугаартай Б.ийг хариуцлагатай жижүүрээр томилох тухай тушаалын баталгаат хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/16 дугаартай Б.ийг ажлаас чөөлөлөх тухай, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 дугаартай С.*******ийг ажилд томилох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/25 дугаартай С.*******ийг ажилд томилох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 248 дугаартай албан бичиг, Ховд аймгийн ******* сумын ЕБС-ийн 2023 оны 1-6 дугаар сар хүртэлх өр авлагын судалгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

4. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаартай 2023 оны сар, улирлын төсвийн хуваарь батлах тухай тушаал болон түүний хавсралтын баталгаат хуулбар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай тушаал болон түүний хамвсралтын баталгаат хуулбар, Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д., Ховд аймгийн ******* сумын ЕБС-д нярав Ц., нягтлан бодогч Л. нарыг гэрчээр асууж авсан мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургууль /цаашид ЕБС гэх/-ийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/22 дугаартай П.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн цаг бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. 2021 оны 10 дугаар сарын 14-нд Ховд аймгийн ******* сумын ЕБС-д байнгын ажлын байранд буюу хариуцлагатай жиүүрийн ажилд томилогдсон. Хариуцлагатай жижүүрийн цалин 2023 оны сургуулийн төсөвт суусан байдаг. Бүтэц орон тоог нь батлагдсан.

2.2. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сард дуусна. Жирэмсэн болон жирэмсний амралттай байгаа тохиолдолд ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй.

2.3. Ховд аймгийн ******* сумын ЕБС-ийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/22 дугаартай П.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хариуцлагатай жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Манай сургууль орон тоогоор цалинждаг байсан бол 2023 оны төсөвт 1 суралцагчид ногдох хувьсах зардлаар буюу хүүхдийн тоогоор санхүүждэг болсон. БШУС-ын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 тоот орон тооны жишиг нормативт хариуцлагатай жижүүрийн орон тоог заагаагүй.

3.2. П.******* нь хариуцлагатай жижүүрээр ажиллаж байсан Б.ийн оронд түр ажиллаж байсан учраас Б.ийг хариуцлагатай жижүүрийн ажлаас чөлөөлсөнөөр давхар чөлөөлөгдсөн. Цаг бүртгэгч болон хариуцлагатай жижүүр нь нэг ажлын байр юм гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч П.*******ыг Ховд аймгийн ******* сумын ЕБС-ийн цаг бүртгэгчийн үүрэгт ажлаас тус сургуулийн захирлын 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/22 дугаартай П.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар чөлөөлжээ.

4.2. 2023 оны төсөвт 1 суралцагчид ногдох хувьсах зардлаар буюу хүүхдийн тоогоор санхүүждэг болсноор БШУС-ын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 тоот орон тооны жишиг нормативт цаг бүртгэгч, хариуцлагатай жижүүрийн орон тоог заагаагүй, цалингийн сан хүрэлцэхгүй үндэслэлээр хариуцлагатай жижүүрээр ажиллаж байсан Б.ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсноор түүний оронд түр ажиллаж байсан П.*******ыг ажлаас нь чөлөөлсөн байна.

4.3. Нэхэмжлэгч П.******* нь шүүх хуралдаанд хариуцлагатай жижүүрийн орон тоонд томилж өгөхийг шаардаж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Хариуцлагатай жижүүр болон цаг бүртгэгч нь нэг ажлын байр болох нь тогтоогдов.

5. Ховд аймгийн ******* сумын ЕБС-ийн захирлын 2023 оны 05 сарын 15-ны өдрийн 5/16 дугаартай Б.ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар түүнийг хариуцлагатай жижүүрийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б.ийг ажлаас чөлөөлсөнөөр түүний оронд түр хугацаагаар ажиллаж байсан П.*******ын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй.

6. Ховд аймгийн ******* сумын ЕБС-ийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/22 дугаартай П.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын тухайд:

6.1. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...ажил олгогчийн санаачилгаар тухайн хариуцлагатай жижүүрийн орон тоо нь БШУС-ын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 тоот орон тооны жишиг нормативт байхгүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, П.*******ыг сургуулийн хариуцлагатай жижүүр буюу цаг бүртгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримталсан боловч тушаал дээр бичиг хэргийн алдаа гарсан байна... гэж тайлбарлажээ.

Ажил олгогчоос ажилтан П.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, түүнийг сургуулийн цаг бүртгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө ...Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэл болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд ажил олгогч нь ажилтныг өөр ажилд түр шилжүүлэн ажиллуулах харилцааг зохицуулжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан ямар үндэслэлүүдээр ажлаас чөлөөлж байгаагаа тушаалынхаа үндэслэлд зааж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон.

6.2. Хэрэгт авагдсан БШУС-ын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 тоот тушаалаар орон тооны жишиг нормативыг баталсан. Уг тушаалд зааснаар боловсролын байгууллагууд ажиллаж байгаа багшаас бусад захиргааны ажилтнуудын орон тоог баталж өгсөн бөгөөд батлагдсан орон тоонд хариуцлагатай жижүүр буюу цаг бүртгэгчийн орон тоо батлагдаагүй байна. Мөн 2023 оноос эхлэн ЕБС-иуд дээрх нормативыг мөрдөж ажиллах болжээ. Учир нь, цалингийн санг батлагдсан орон тоогоор биш суралцаж байгаа сурагчдын тоогоор тооцож, төсөв батлагддаг болсон, тус сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд 290 хүүхэд суралцдаг байна. Дээрх үндэслэлээр хариуцлагатай жижүүрээр ажиллаж байсан Б.ийн хөдөлмөрийн харилцааг 2023 оны 05 сарын 15-ны өдрөөс эхлэн дуусгавар болгожээ. Уг тушаалыг ажилтан Б.т танилцуулсан, гомдол гаргаагүй бөгөөд энэхүү тушаал хүчинтэй байна. Харин нэхэмжлэгч П.******* нь Б.ийн орон тоонд түүнийг чөлөөтэй байх хугацаанд түр ажиллахаар хариуцлагатай жижүүрээр томилогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12.-т хувийн чөлөөтэй байх хугацаанд ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах бөгөөд үндсэн ажилтныг ажлаас чөлөөснөөр түүний орон тоонд түр хугацаагаар ажиллаж байсан ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэлээ. /хх-ийн 69-73, 93-94 дахь тал/

6.3. Нэхэмжлэгч П.******* нь ажлаас чөлөөлөгдөх үедээ 8 сартай жирэмсэн байсан тул ажлаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргах хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон зохицуулалтад хамаарахгүй юм. Учир нь, дээрх хуулийн хориглосон зохицуулалт нь тухайн ажлын байранд ажиллаж байгаа үндсэн ажилтанд хамааралтай заалт бөгөөд түр ажиллаж байгаа ажилтанд хамаарахгүй ойлголт юм.

7. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажигүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж тус тус заасан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүчингүй болгож, ажилтныг урьд нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгоно.

Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/22 дугаартай П.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэсэн тул ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг шаардах эрх зүйн үндэслэлгүй.

7.2. Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.Талууд нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэл өгсөн эсэх, мөн Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургууль нь Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай тушаалаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг нормативт заасан 481 хүүхдээс доош хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байгаа талаар тус тус маргаагүй болно.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гарсан гэж үзвэл ажилтан шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй болох нь хэрэгт авагдсан Манай суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүйг энэхүү албан бичгээр мэдэгдэж байна. гэх Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2/111 дугаартай албан бичиг, Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 8, 9 дүгээр тал/

10. Нэхэмжлэгч П.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдлоо авч хэлэлцэх хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/22 дугаартай П.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн хариуцлагатай жижүүр буюу цаг бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрийн 2 дахь заалтаас бусад хэсэгт Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН