Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ/2019/00266

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М..сум ...дугаар баг .... тоотод оршин суух, Б овогт У.Б /Р.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн М сум ... дугаар баг .... тоотод оршин суух, Б овогт Д.Э /Н...8/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 05ы өдөр хүлээн авч, 155/2018/01766/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин, нэхэмжлэгч У.Б, хариуцагч Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие У.Б нь 2010 онд Д.Э-той танилцаж үерхэж байгаад 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан. Би 2014 он, 2015 онуудад төрж 2 хүүгээ гаргасан ба тэр үеэс зан байдлын хувьд таарч тохирохгүй, хүүхдийн дэргэд хараал хэлж, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Мөн 2017 оны 03 дугаар сараас тусдаа амьдарч хааяа ирэхээрээ байнга хэрүүл хийж, хүүхдүүдэд чихэр өгч эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж зан байдалд нь сөргөөр нөлөөлж сэтгэл зүйн дарамттай байдал үүсгэж цаашид хамт байх боломжгүй боллоо. Иймд 2014 оны 6... дугаартай гэрлэлтийн гэрчилгээг цуцалж өгнө үү. Би хүү Э.Е, Э.М нарыгаа өөрийн асрамжинд авч хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн талаар маргаан байхгүй болно. Намайг нялх хүүхэдтэй, нялх биетэй байхад нэг хоёр удаа гар хүрч цагдаа дээр очоод гомдолгүй гээд өргөдлөө буцааж авч байсан удаа байгаа. Гичий, пизда гэх үгийг байнга хэлдэг. 2017 оны 12 сард ажлаасаа гараад хот руу явсан. Бас Г гэдэг эмэгтэйтэй холбогдсон. Тэр эмэгтэйгийнх нь нөхөр, аав,ээж нь мэдээд бөөн юм болж байсан. Үүнээс хойш харилцаа жаахан хөндийрч эхэлсэн. Намайг залгахаар уурладаг. Сүүлд намайг залуу манлайлагч клубын зугаалгаар яваад ирэхэд зодсоноос болж би 2 хүүхдээ аваад аав, ээж дээрээ очсон. Бид анхнаасаа тусдаа гараагүй. Аав, ээжийн хуучин байранд амьдарч, байр түрээслэж амьдардаг байсан. Манай ээжийг амьдралд оролцлоо ааш муутай гэх зэргээр хэлж надад гар хүрэх болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Би 2 хүүхдээ өөрийнхөө асрамжид авна гэв.

Хариуцагч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эрдэнэцогт миний бие У.Б-тай 2010 онд танилцаж 2014 онд гэр бүлээ батлуулсан болно. Ингэхдээ 2014 онд эхнэр У.Б ШУТИС-г төгсөөд, хамтран амьдрах асуудлаа ярилцахад ээж төв аймагт амьдруулахгүй, айлын ганц охин нутагтаа аав, ээжтэйгээ байх ёстой гэж зөвлөсний дагуу Хөвсгөл аймагт хамт ирсэн. Ингээд гэрлэлтээ батлуулж, Э.М, Э.Е гэж 2 хүүтэй болж, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төсвийн мэргэжилтэн ...ор ороод, 2017 оны 3-сарын 22-ны өдрөөс нам, төр солигдсоны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажиллаж байхдаа 2016 оны 9 сард ахуйн хэрэгцээндээ цалингийн зээл авсан боловч хадам ээж Б.Б Агуу хангай ХХК төслийн зээлтэй хэцүү байна гээд 3.000.000 төгрөг авсан. Ингээд ажилгүй болоод 2017 оны 04 сараас эхлэн цалингийн зээлийг минь төлөөд өгөөч гэж гуйсан боловч чадахгүй, боломжгүй гээд уурлаж бөөн хэрүүл маргаан болсон. Үүний улмаас 2017 оны 04 сард Төв аймаг руу явж ажилд орсон. Ингээд зээлээ төлж эхэлснээр гэр бүлийн уур амьсгал хэрүүл уруулгүй сайхан болж эхнэр У.Б 2018 оны 09 сардаа багтаад хот руу шилжиж гэр бүлээрээ бөөндөө цуг сайхан байна гэж байсан боловч Улаанбаатар шилжихээ больсон, Хөвсгөлд ир гэсний дагуу Төв аймгийн Төв А... төрийн өмчит хувьцаат компанийн нягтлангийн ажлаасаа чөлөөлөгдөж Хөвсгөлд ирээд одоо цалингийн зээлийн үлдэгдэл 4.000.000 төгрөгийг төлөөд хаалгах хэрэгтэй байна эсвэл ядаж ажилд ортол сар, сард нь зээлээ төлүүлэх хэрэгтэй байна гэснээс болж бөөн хэрүүл маргаан үүссэн. Үүнээс үүдэн гэр бүл салах дээрээ тулж хүнд байдалд орж байна. Мөн 2014 онд найр хийж түүнээс цугларсан 2.000.000 төгрөгийг зээл хийх мөнгөгүй байна гээд гуйхаар нь өгч байсан. Бас 2018 оны 09 сард гэрт байсан мөнгөн бүс алга болсон чи хулгайлсан гээд эхнэртэй бөөн хэрүүл маргаан болсон. Тэгсэн саяхан бүс олдсон гээд ломбарданд тавьсан битүүмжлэлтэй нь өгсөн. Ер нь гэр бүлээсээ эхнэрийн эд зүйлийг хулгайлдаг, мөнгө нэхдэг гээд л бөөн хэрүүл маргаан гэрт болдог байсны улмаас ийм байдалд хүрсэн болно. Миний бие 2017 онд Төв аймаг явснаас хойш 1-2 сард заавал гэр бүл, үр хүүхэд дээрээ ирдэг байсан. Удаж байгаад ирэхдээ хүүхдүүддээ авчирч авч өгсөн чихэр боовноос болоод мөнгийг нь өгөхгүй чихэр боов авч өглөө гээд жижиг маргалдаан гарч байсан. Би сар бүрийн 25-нд банкны зээл төлдөг. Энэ зээлээ төлөхийн тулд ажилд орж Төв аймаг руу явсан. ...Одоо гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч Д.Э-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгчид нь 2010 онд гэр бүл болж, 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь №6...дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тэдний дундаас 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүү Э.Е төрсөн болох нь 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №... дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүү Э.М төрсөн болох нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №67.... дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан тайлбарт дүгнэлт хийж үзэхэд гэрлэгчид нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг 1 удаа 2 /хоёр/ сарын хугацаагаар авсан боловч шүүгчийн захирамжид заасан хугацаанд зохигч эвлэрээгүй, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгсөн нь үр дүнд хүрээгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчдийн дундаас 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Е, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.М нарыг хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан эх У.Б-н асрамжид үлдээж, хүү Э.Е, хүү Э.М нарт эцэг Д.Э-с сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдлаа.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Е, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.М нарыг эх У.Б-н асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч У.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 17.944 төгрөгийг, хариуцагч Д.Э-с эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Е 4 настай, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.М 3 настай байх тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 194.300 төгрөгийн 50 хувь болох 97.150 төгрөгийг хүүхэд тус бүрт хариуцагч Д.Э-т нь сар болгон төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Е, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.М нарт сар бүр төлөх тэтгэлэг 97.150 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.331.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 52.256 төгрөг, нийт 122.456 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Б овогт У.Б /Р.../, Б овогт Д.Э /Н.../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Е, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.М нарыг эх У.Б-н асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Е, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Э-с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг Д.Э-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх У.Б-д тус тус даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 17.944 төгрөг, хариуцагч Д.Э-с 122.456 /нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч У.Б-д олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН