| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2019/00475/и |
| Дугаар | 155/ШШ/2019/00747 |
| Огноо | 2019-09-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ/2019/00747
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М... сум ...дүгээр баг 1... оршин суух, Х овогт Х.Л /Р..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М... сумын ....дүгээр баг ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, Б овогт Д.Л /Р...../-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2019/00475/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Д.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Л нь Д.Л-тэй 2015 онд танилцаж үерхэж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс бид хамтран амьдарч амьдралын явцад охин Л.Н 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн. Хамт амьдарсан жилүүдэд бидний үзэл бодол таарч тохирохоо больж хардалтаас үүдэн хэрүүл маргаан гарах болсон. Үүнээс үүсч хэрүүл даамжирч гар хүрэх, цохих, зодох байдал олон удаа гарсан. Энэ байдал нь олон давтагдаж газар авсаар цаашид хамтран амьдрахад миний бие сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж дарамт ихтэй болсон. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжил, үлгэрлэн дуурайх байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Дээрх байдлаас харгалзаад цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Шүүхээс эвлэрэх 3 сарын хугацаа тогтоож өгсөн боловч энэ хугацаанд бид эвлэрч чадаагүй болно. Иймд 670100014 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин Л.Н-г өөрийн асрамжид авч өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд хуульд заасан тэтгэлгийг эцгээс нь авах хүсэлгүй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Л-тэй 2015 онд үерхэж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ үеэс бид хамтран амьдарч охин Л.Н 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн. Хамт амьдарсан жилүүдэд бидний үзэл бодол таарч тохирохоо больж, гэр бүлдээ хандах хандлагагүй, бие дааж хамтран амьдрах хүсэлгүй, аав, ээжийнхээ тус дэмийг харсан амиа хичээх болон аав, ээжтэй нь үзэл бодол таарахгүйн үүднээс хэрүүл гарах болсон. Дээрх байдлыг харгалзан цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн саналыг харгалзан үзэж дэмжиж байна. ...Шүүхээс эвлэрүүлэх хугацаа тогтоож өгсөн боловч энэ хугацаанд бид эвлэрч чадаагүй. Иймд 6... дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин Л.Н-ээ ээж болох Х.Л-н асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн ба хуульд заасан хүүхдийн тэтгэлгийн мөнгийг авахгүй гэж тохиролцсон ба 18 нас хүртэл жил бүр хувиараа мөнгө хадгалах гэсэн саналыг тохиролцсон ба бидний хооронд эд хөрөнгийн мараан байхгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Л нь хариуцагч Д.Л-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2015 онд гэр бүл болж, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь ... дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр охин Л.Н төрсөн болох нь 6... дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, гэрлэгчид нь 2018 оны 2 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа байдал болон гэрлэгчдэд эвлэрүүлэх 3 сарын хугацаа өгсөн боловч гэрлэгчид эвлэрээгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчдийн дундаас 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Л.Н-г хүүхдийн бага настай байдал, хүүхдэд тавих эхийн хайр халамж, мөн түүний өсөж дассан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг бодит нөхцлийг харгалзан эх Х.Л-н асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Л.Н-г эх Х.Л-н асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Х.Л эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлж болохгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-с 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Х овогт Х. Л, Б овогт Д. Л нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Л.Н-г эх Х.Л-н асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.Л-д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Х.Л тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-с 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Л-д олгосугай
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН