Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ/2019/000598

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т... Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн М... сумын 0... дугаар баг 1... тоотод оршин суух Х овогт Д.Л /Р..../-д холбогдох

Үндсэн зээл, зээлийн хүү нийт 2.946.897 /хоёр сая есөн зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн долоон мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2019/00381/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т... банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г овогтой Т, Д овогтой Л нар нь Т банктай 2015 оны 04 дүгээр сарын 24-нд 200100052926 дугаартай зээлийн гэрээ байгуулан тэтгэврийн зээл 3,193,936 /Гурван сая нэг зуун ерэн гурван мянга есөн зуун гучин зургаан төгрөг/-ийг 15 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, зээлж авсан. Г овогтой Т нь 2015 оны 7-р сард нас барсан. 2019.03.25-ны өдрийн байдлаар 2,946,897.61 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн хамтран зээлдэгч буюу батлан даагч Д овогтой Л нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж тэтгэврийн зээлийг 1460 хоногоор, хугацаа хэтрүүлсэн байна.

Тэтгэврийн зээлийн хувьд:

Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл: 2,409,753,62 төгрөг

Зээлийн үндсэн хүү: 537.143.99 төгрөг

Нийт: 2,946,897,61 /Хоёр сая есөн зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн долоон төгрөг жараан нэгэн мөнгө/ төгрөгийг зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу хамтран зээлдэгч Д овогтой Л-с гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Г овогтой Т нь Төрийн банкны М...-2 тооцооны төвөөс тэтгэврийн зээл 3.193.936 төгрөгийн зээлийг тэтгэврээ барьцаалж авсан ба хамтран зээлдэгчээр Д овогтой Л нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээл авсан. Зээлдэгч Г.Т нь 2015 оны 7 сард нас барсан ба түүнээс хойш зээлийн төлөлтийг огт хийгээгүй, талийгаачийн хүүхдүүдтэй нь уулзаж зээлийг төлүүлэх талаар ярилцахад эхний нэг жил мал хөрөнгөнөөс нь зараад зээлийг төлж барагдуулна гэдэг байсан боловч сүүлдээ төлөх боломжгүй гэх болсон.

Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болох Д.Л-с зээлийн үндсэн төлбөр 2.409.753 төгрөг хүү 537.143 төгрөг, нийт 2.946.897 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хүүнд нэхэмжилсэн 573.143 төгрөгийг хасаж үндсэн зээл болох 2.409.753 төгрөгийг зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Л-с гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т... банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Д.Л-д холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 2.409.753 төгрөг, зээлийн хүү 537.143 төгрөг, нийт 2.946.897.61 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 2.409.753 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Д.Л нь Г  овогтой Т-н тэтгэвэрийн зээлийн хамтран зээлдэгчээр орж Төрийн банкны Хөвсгөл салбараас 2015 оны 04 дүгээр сарын 24ий өдөр Тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 3.193.936 /гурван сая нэг зуун ерэн гурван мянга есэн зуун гучин зургаа/ төгрөгийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай, барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасны дээр талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдаж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан байх тул шүүх хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Хариуцагч Г.Т нь 2015 оны 07 дугаар сард нас барсан ба 2019 оны 03 дугаар сарын 25-ны байдлаар батлан даагч Д. Л нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж тэтгэвэрийн зээлийг 1460 хоногоор, хугацаа хэтрүүлсэн байна.

Т... банкны Хөвсгөл салбар нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх зохицуулалтад нийцжээ.

Зохигч талуудын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний байгуулсан Тэтгэврийн зээлийн гэрээ-ний 2.2.3-т зээлдэгч нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүрэгтэй, 2.2.4-т зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл банк гэрээг цуцалсан тохиолдолд зээлдэгч болон хамтран зээлдэгчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангана гэж заасан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Л нь төлөгдөөгүй үлдсэн зээлийн хэмжээ болон хүү 2.946.897 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй.

Түүнчлэн зээлдэгч Г.Т нь Т... банкаар дамжуулан авдаг тэтгэврийн зээлээ барьцаалан гэрээ байгуулсан, тэтгэвэр авагч нас барснаар түүний нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх дуусгавар болсон боловч тэтгэвэр авагч буюу зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох эсэх талаар талууд гэрээгээр тохиролцоогүй.

Мөн хариуцагч Д.Л нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр сайн дураар оролцож зээлийн гэрээний 2.3.1-д зааснаар ...хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг бүрэн хүлээнэ гэж тохиролцсон байх тул хариуцагч Д.Л-с нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн үндсэн төлбөр 2.409.753 төгрөгийг гаргуулж Т....банкны Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-с 2.409.753 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 53.506 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т банкны Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэснийг дурдлаа.

Хариуцагч Д.Л нь өөрт олгогдсон эрхийг эдэлж шүүхэд нотлох баримтаа гарган өгч, хэргийн материал танилцан, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, эрхээ хэрэгжүүлэхэд шүүх ямар нэгэн байдлаар саад болоогүй төдийгүй түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй.

Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг 2019 оны 06 дугаар сарын 26, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд түүний 88..... дугаарын утсаар тус тус холбогдож мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйнэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Д.Л-с зээлийн төлбөр 2.409.753 /хоёр сая дөрвөн зуун есөн мянга долоон зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т... банкны Хөвсгөл салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62.100 /жаран хоёр мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-с 53.506 /тавин гурван мянга таван зуун зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т....банкны Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН