Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ/2019/00475

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Б... сумын ... дугаар багт оршин суух, Х.. овогт Г.Ц /Р.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Б... сумын 0.. дугаар багт оршин суух, С овогт Г.Г  /Р...-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2019/00191/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин, нэхэмжлэгч Г.Цнэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Г.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Ц нь нөхөр Г.Г-тай 1997 онд танилцаж 1997 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас охин Г.Б 2003 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн одоо 15 настай, хэлгүй хөгжлийн бэрхшээлтэй учир сургуульд сурдаггүй. Охин Г.Н 2008 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн одоо 11 настай, ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангид сурдаг. Хүү Г.З, охин Г.З нар 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн одоо 7 настай. Охин З хөгжлийн бэрхшээлтэй учир гэртээ асаргаанд байдаг. Хүү Г.З ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангид сурдаг. Манай нөхөр Г.Г нь архи уудаг, уусан үедээ намайг зодож нүдэн хүүхдүүдээ хэл амаар доромжилдог, эрүүл байхдаа ч ууртай харьцахад хэцүү хүн. Бид гэр бүлээрээ 2001-2017 оныг хүртэл Орхон аймагт амьдардаг байж байгаад 2018 оноос Б сумруу шилжиж ирсэн. Бидний төрүүлсэн хүүхдүүдээс 2 охин маань хөгжлийн бэрхшээлтэй учир байнгын асран хамгаалж явдаг. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 31-ний орой шинэ жилээр архи уугаад хэл амаар доромжилж намайг зодож нүдээд агсам согтуу тавьж, баруун хөлөнд гэмтэл учруулсан. Түүнээс хойш би хүүхдүүдтэйгээ тусдаа амьдарч байгаа. Бид цаашид нэг гэр бүл болж хамт амьдрах боломжгүй, шүүхээс бидэнд эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч энэ хугацаанд эвлэрээгүй. Би гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор гаргасан шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байна. Харин 4 хүүхдэдээ эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэн ба энэ шаардлагаа багасгаж хоёр хүүхэд болох хүү З, охин З нартаа эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж авах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн талаар маргаан байхгүй болно гэв.

Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Г нь 1997 онд Гоомаралын Цообаяртай гэр бүл болсон. Ингээд 6 жилийн дараа охин Г.Б төрсөн. Одоо 15 настай хөгжлийн бэрхшээлтэй. 2008 онд охин Г.Н, 2011 онд хүү Г.З, охин Г.З нар төрсөн. Бид 4 хүүхэдтэй. Миний хань Ц нь гэрийн ажил болон хүүхдүүдээ асран халамжлах тал дээр муу. Айл хэсч цагийг өнгөрөөнө. Үүнээс үүдэн бидний хэрүүл гардаг. Би архи уусан үедээ авир гаргаж эхнэртээ гар хүрсэндээ гэмшиж байна. Хонинд яваад ирэхэд гэр орон галгүй, хүйтэн хүүхдүүд маань хоол ундгүй зутруу байдаг. Бага охин Зул нь ярьдаггүй хөгжил муутай дорой, эмнэлгээр авч явж үзүүлсэн эмч нарын зүгээс асаргаа муутайгаасаа хүүхдээ хөгжлийн доройтолд оруулж хөгжлийн бэрхшээлтэй болгосон гэсэн дүгнэлт өгсөн. Иймд эхнэр Ц хүүхдээ асран халамжлах тал дээр муу, гэрийн ажилд муу болохоор хүүхдүүдээ бодоод гэр бүлээ салгахгүй цаашид цуг амьдрах бодолтой байна. Бидний амьдралд Ц-н ах, эгч нь оролцоод хэрүүл маргаан гаргаад байдаг юм. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч энэ хугацаанд эвлэрч чадаагүй, Г.Ц нь хамтдаа амьдарч чадахгүй, гэрлэлтээ цуцлуулна гээд байгаа учир би нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Хоёр бага хүүхдэдээ хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Г.Г-рт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 1997 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болж, 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас олгосон 03 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2003 оны 07 дугаар сарын 05-ны өдөр охин Г-н Б төрснийг 2003 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсний бүртгэлд бүртгэсэн болох нь №... дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин Г. Н төрснийг 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсний бүртгэлд бүртгэсэн болох нь №0... дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүү Г.З төрснийг 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсний бүртгэлд бүртгэсэн болох нь №0... дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр охин Г.З төрснийг 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсний бүртгэлд бүртгэсэн болох нь №0... дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан тайлбарт дүгнэлт хийж үзэхэд, мөн шүүхээс гэрлэгчэд эвлэрүүлэх арга хэмжээг 1 удаа 2 /хоёр/сарын хугацаагаар авсан боловч шүүгчийн захирамжид заасан хугацаанд зохигч эвлэрээгүй, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгсөн нь үр дүнд хүрээгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчдийн дундаас 2003 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Г.Б, 2008 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Г.Н, 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.З, хүү Г.З нарыг хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан эх Г.Ц-н асрамжид үлдээж, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.З, хүү Г.З нарт эцэг Г.Г-с сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдлаа.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 2003 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Г.Б, 2008 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Г.Н, 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.З, хүү Г.З нарыг эх Г.Ц-н асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Г.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Г-с эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба  2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.З, хүү Г.З нар нь 7 настай байх тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 194.300 төгрөгийн 50 хувь болох 97.150 төгрөгийг хүүхэд тус бүрт хариуцагч Г.Г нь сар болгон төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Г.З, хүү Г.З нарт төлөгдөх 97.150х2=1946300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 194300х12=2.331.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 52.256 төгрөг, нийт 122.456 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар С овогт Г.Г /Р.../ Х овогт Г.Ц /Р.../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Г.Б, 2008 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Г.Н, 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.З, хүү Г.З нарыг эх Г.Ц-н асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.З, хүү Г.З нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Г-с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг Г.Г-т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Ц-т тус тус даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Г.Г-с 122.456 /нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН