Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/45

 

С.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Б.Энхмэнд /цахимаар/,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/179 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч С.Од-д холбогдох 2129000000073 дугаартай эрүүгийн хэргийг прокурор В.Төгсбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, С.О,

Яллагдагч С.О нь 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цаг 34 минутад Өмнөговь аймгийн сум багийн нутаг дэвсгэрт уурхайгаас хилийн боомт орох хатуу хучилттай засмал замын 119 дэх километрт Мицубиши Пажеро маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 “Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээд араас явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Вольво маркийн, чиргүүлийн дугаар улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, иргэн О.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь С.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Яллагдагч С.О-д холбогдох эрүүгийн 2129000000073 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол С.О-д урьд асан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор В.Төгсбаяр нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар:

1.1. Шүүхийн шийдвэрийн дүгнэлт, үндэслэл нь тодорхойгүй байна. Учир нь: Шүүх шийдвэртээ: “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-т зааснаар шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцүүлэхээр зарласан болно” гэсэн нь шалгасан ажиллагаа бөгөөд нотлох баримтаар үнэлэх буюу хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар прокурорт эрх олгосон асуудал гэж үзэж байна.

Мөрдөгч М.А-н гаргасан магадлагаа нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн бодит байдалтай нийцсэн талаар болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд зам тээврийн осолтой холбоотой хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээч байхгүй талаар урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор дэлгэрэнгүй тайлбарласан болно.

2.2 Шүүх “О.М-г хохирогчоор тогтоогоогүй байж, мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан бөгөөд хэрэг бүртгэгч шууд хохирогчоор мэдүүлэг авах ажиллагаа явагддаг.

Хэрэг өөр шатанд /хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын/ шилжсэнээр оролцогчийн статус өөрчлөгдөхгүй тул мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч хохирогчоор тогтоох тогтоол үйлдсэнээр хохирогчоор мэдүүлэг авахыг хуульчлаагүй болно. Түүнчлэн хэрэв хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргасан байх шаардлагатай гэж үзвэл энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шатанд ч гүйцэтгэх боломжтой ажиллагаа бөгөөд оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан зөрчил биш болохыг шүүх анхаараагүй байна.

2.3 Шүүхийн шийдвэрт: “....гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодорхойлох нь хэргийг хянан шийдвэрлэхэд нотолбол зохих байдлын нэг учраас тээврийн хэрэгслүүдэд учирсан эвдрэл, гэмтлийн хохирлын үнэлгээг шинжээч томилж гаргуулах шаардлагатай гэж үзсэн болно. Иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоосон эсэхэд эргэлзээтэй байдал байгааг тодруулж, зохих ажиллагааг нэмж хийх шаардлагатай ....” гэжээ.

Прокуророос хавтаст хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн бүхий л нотлох баримтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтооход хангалттай гэж үзэж, шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол....” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Дараахь тохиолдолд заавал шинжилгээ хийнэ. 2.2 Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох...” гэж заасны дагуу жолооч С.О-н буруутай үйлдлийн улмаас О.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон. улсын дугаартай “Мицубиши Пажеро” маркийн тээврийн хэрэгсэл нь С.О-н эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь түүнд тээврийн хэрэгслийг худалдсан Б.Б-с 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сануулан, гэрчээр авсан мэдүүлгээр тогтоогдсон ба тээврийн хэрэгслийн эзэмшлийн асуудал тодорхой, эргэлзээгүй байна.

Харин О.М-н жолоодож явсан “Вольво” маркийн улсын дугаар бүхий чиргүүлтэй,  улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ББСБ-ын эзэмшилд бүртгэлтэй боловч иргэн Э.Д-н эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд зохих мөрдөн шалгах ажиллагааг явуулан шалгахад ББСБ нь иргэн Э.Д-тэй “Санхүүгийн түрээсийн /Лизинг/ гэрээ” байгуулан, түүнд худалдсан, зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан асуудалд уг байгууллага хамааралгүй, иргэн Э.Д-н эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн болохыг нотолсон албан бичиг ирүүлснийг хэрэгт хавсаргасан бөгөөд тээврийн хэрэгсэл эзэмшигч болох Э.Д-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон болно.

Иргэд хоорондоо харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулалгүйгээр, аман хэлцэл хийж, эд хөрөнгө худалдах болон худалдан авсан асуудлыг мэдүүлгэн нотлох баримтаар шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах боломжтой бөгөөд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар бичгийн нотлох баримтыг бүрдүүлэх, нөхөж гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “....Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ....эд хөрөнгийн байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан боловч С.О нь зам тээврийн ослын улмаас “өөрийн” эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлоход ач холбогдолгүй бөгөөд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй.

Мөн “Вольво” маркийн улсын дугаар бүхий чиргүүлтэй, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хувьд жинхэнэ эзэмшигчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тул нэхэмжлэлийн асуудлыг шүүх шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд хэргийн хохирлын хэр хэмжээ ялимгүй болон иргэний нэхэмжлэгч Э.Д нь шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг тогтоолгохоос татгалзаж, хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус шүүх анхаарч үзсэнгүй.

Иймд шүүхийн шийдвэрт: “хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг зөв тогтоосон эсэх зэрэг асуудлыг тодруулах....”, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтэлд үнэлгээ хийгдсэн эсэх, учирсан хохирлыг тодорхойлсон эсэх...” гэж дурьдсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. .

Гурав. Шүүхийн шийдвэрт дурьдагдсан бусад асуудлын талаар:

3.1 Шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тогтсон бүхий л ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 12-т зааснаар хэргийг анхан шатны шүүх хуралдаанд шилжүүлэн, хэлэлцэж шийдвэрлэх боломжтой буюу 6 дахь хэсгийн 6.13-аас 6.15-д заасан асуудал байхад шүүх анхаарч үзэлгүйгээр, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаасныг үндэслэлгүй гэж үзэж байгааг дурьдаж байна.

3.2 Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн хэсэгт эрүүгийн 2029000000073 дугаартай хэргийг хүлээн авч хэлэлцсэн талаар дурьдсан боловч 2129000000073 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хэргийг шүүх хүлээн авснаас хойш 16 хоногийн дотор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасныг зөрчсөн, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 3 хоногийн өмнө прокурорт танилцуулаагүй нь мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт: “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн болно.

Иймд шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах үндэслэлтэй байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/179 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байх тул анхан шатны шүүхээс яллагдагч С.О-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзээд хэргийг прокурорт буцаасан дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Тухайлбал,

1. С.О-н жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь Ш.Г-н , О.М-н жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь  ББСБ-ын эзэмшилд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогдож байна. /хэргийн 26, 27 дугаар хуудас/ 

Ш.Г-н тээврийн хэрэгслийн лавлагаанд Ш.Г-н гэх 2 утасны дугаар, мөн түүний оршин суух бүртгэлийн хаяг бичигдсэн байна. Мөн Л.Б гэх хүн гэрчээр мэдүүлэг өгөхдөө уг тээврийн хэрэгслийг Ц гэх хүнээс худалдан авсан гэж мэдүүлжээ. Гэтэл тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх Ш.Г, Ц нараас мэдүүлэг авах ажиллагаа явуулаагүй байна. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг авч тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигчийг тогтоохгүйгээр хохирогч болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бүрэн тогтоох боломжгүй. Иймд прокурорын тээврийн хэрэгслийн эзэмшигч С.О болох нь эргэлзээгүй, тодорхой, мөн С.О нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлоход ач холбогдолгүй гэх эсэргүүцэл үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус зааснаар тээврийн хэрэгслүүдэд учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээг тогтоолгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудалд хамаарч байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохирогчийн, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн, 8.5 дугаар зүйлд иргэний нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг ялгамжтайгаар тогтоож өгсөн.

Д.Т-с мэдүүлэг авсан  тэмдэглэлийн эхэнд түүнээс хохирогчоор мэдүүлэг авсан тухай, эрх үүрэг, тайлбарласны дараах хэсэгт танилцсан холбогдогч Д.Т гэж гарын үсэг зуруулж, мэдүүлгийн төгсгөлд мэдүүлэг өгсөн хохирогч, ХХК-ий хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж түүний эрх зүйн байдлыг зөрүүтэй бичжээ. /хэргийн 37 дугаар хуудас/

Цагдаагийн дэслэгч Д.Т-н 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаартай хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай гэх утгатай, шийдвэрийн төрөл бичигдээгүй бичмэл баримтын “олсон нь” гэх хэсэгт “аль нь болохыг бичих” гэсний өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх үгийг хар өнгөөр тодруулан бичиж, доогуур нь зурсан тэмдэглэл үйлджээ. /хэргийн 39  дүгээр хуудас/ Энэ тэмдэглэлээс Д.Т гэх хүнийг ХХК-ийг төлөөлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан  гэж үзвэл хэрэгт ХХК-ийн төлөөлөгч оролцуулахаар томилсон тухай ирүүлсэн баримт авагдаагүй байна.

Түүнчлэн тухайн хэрэгт авагдсан зарим нотлох баримтууд хуулбар хувиар хэрэгт авагджээ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлд заасан зохицуулалтаас шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр хохирогчоор тогтоогдсон этгээд нь өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага гаргасан тохиолдолд түүнийг мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирмж гарган иргэний нэхэмжлэгчээр тогтоохоор байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хууль, энэ хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэй ба хуульд заасан журам зөрчсөн тохиолдолд цугларсан нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх, эсхүл гаргасан шийдвэрийг хүчингүй болгох үр дагавар үүсэж болзошгүй тул  О.М-г хохирогчоор тогтоолгох тухай шүүгчийн захирамжийг буруутгах боломжгүй байна.

Мөн Э.Д-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол байх боловч түүнийг хохирогчоор тогтоосон тогтоол хэрэгт байхгүй байна.   

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  хууль дээдлэх,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмууд болон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/179 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор В.Төгсбаярын бичсэн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

      

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                                    ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                              Г.ТЭГШСУУРЬ