Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 353

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                       

 

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Жавхлан хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Б.Батхуяг, түүний өмгөөлөгч Т.Батчимэг

хохирогч Д.Отгонбаяр

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726021166 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас талуудын хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 1 дүгээр сарын 9-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хийдэд шавилан суудаг гэх, ам бүл нэг; Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамж, 01 тоотод оршин суух, ялгүй, ЙС78010918 дугаарын регистртэй, Жарь овогт Баяртогтохын Батхуяг

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Батхуяг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн орчим хамтран амьдрагч Д.Отгонбаярыг зодож, түүний биед зүүн бугалга, зүүн мөр, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед ажил төрөл бүтэхгүй, тэгээд л уурандаа Отгонбаярыг зодчихсон юм. Цаашид ийм асуудал гаргахгүй. Бид хоёр эвлэрсэн, хамтдаа байгаа гэв.

 

Хохирогч Д.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Батхуягтай 2 жилийн өмнөөс танилцсан. Энэ хавраас нэг гэрт хамтран амьдарч байгаа. Батхуяг хийдэд лам хийж байгаад гарчихсан. Тэгээд нэг хийдэд ажилд ороод ажилдаа явахгүй байсан юм.

Тэр өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн ойролцоо явж байгаад учир зүггүй агсраад намайг цохиж, зодож эхэлсэн. Батхуяг архи уусан байсан. Миний зүүн талын гар, бугалга хэсэг рүү гараараа цохиод, бас өшиглөж зодсон. Түүнээс хойш намайг дахин зодохгүй гэж надад амласан. Одоо зодохгүй байгаа. Тиймээс би уучилж, Батхуягтай эвлэрсэн, хамт амьдарч байгаа. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Миний хувьд 12 дугаар ангид сурдаг нэг хүүтэй. Хүү маань Сэлэнгэ аймагт аавтайгаа хамт байдаг юм гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад

хохирогч Дашжовдоогийн Отгонбаяр “... 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 17 цагийн үед Батхуягийн хамт 2 дугаар хороо орчихоод харьж явтал Батхуяг надад агсраад орилж эхлэнгүүтээ намайг учиргүй зодож эхэлсэн. Миний зүүн гарын мөр, гар руу нилээд хэдэн удаа цохьсон. Бас миний баруун хөл рүү 4-5 удаа өшиглөсөн. Батхуяг надад дийлдэхгүй байсан. Би түүнд огт гар хүрээгүй. Батхуяг согтуу байсан. Бид хоёр 5 сарын хугацаанд Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах манай гэрт хамтран амьдарч байгаа юм. Гэрлэлтийн баталгаа байхгүй.

Батхуяг өмнө нь намайг 3-4 удаа зодож байсан. Гэхдээ би цагдаад дуудлага, өргөдөл өгч байгаагүй. Гомдолтой байна. Батхуяг миний амь насанд заналхийлж, би айж байна” /хх-н 13/ гэж,

гэрч Галсүрэнгийн Баатархүү “... би Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 17-347 тоот буюу нийтийн байранд 2011 оноос хойш амьдарч байгаа. Харин Отгонбаяр нь энэ нийтийн байранд 2017 оны 4 дүгээр сараас хойш Батхуяг гэх залуутай амьдарч эхэлсэн. Би Отгонбаярыг Батхуягт яг зодуулж байхыг нь хараагүй. Отгонбаяр Батхуягт зодуулчихлаа гээд 2 удаа гар нь хөхөрсөн байдалтай байсан. Эдгээр хүмүүсийг би өмнө нь танихгүй” /хх-н 14/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч Д.Отгонбаярын гэмтэлтэй холбоотой “Д.Отгонбаярын биед зүүн бугалга, зүүн мөр, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 6251 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос шүүгдэгч Б.Батхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Харин шүүгдэгч Б.Батхуягийн үйлдсэн хэрэг нь шинэчилэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр үйлдэгдсэн байх тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй.

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг буюу “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь ангилалаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарахгүй төдийгүй, хэрвээ хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож болохоор зохицуулсан.

Шүүх хуралдаанд хохирогч Д.Отгонбаяр биечлэн оролцож “... шүүгдэгч Б.Батхуягт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнтэй эвлэрэх хүсэлтэй байна” гэх байдал нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Батхуяг цагдан хоригдсон хоноггүй болно.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Батхуягт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Жарь овогт Баяртогтохын Батхуягийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийн шүүдэгч Б.Батхуягийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Б.Батхуяг цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Отгонбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Батхуягт урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

         

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ