Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 155/2022/00080/и |
Дугаар | 155/ШШ/2020/00404 |
Огноо | 2020-02-18 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ/2020/00404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Т сумын ...дүгээр багт оршин суух, Я овогт Д.С /Р.../-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т сумын ... дугаар багийн .... тоотод оршин суух О овогт Б.Д /Р.../ -д холбогдох
Зээлийн төлбөр 572.000 /таван зуун далан хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 155/2020/00080/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагч Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.С нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын иргэн бөгөөд 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй юм. Иргэн миний тус шүүхэд хандах болсон шалтгаан нь 2016 оны 12 дугаар сарын сүүлээр намайг Хөвсгөл аймгийн Т сумын Ч хүүхдийн цэцэрлэгт цэвэрлэгчийн ажлаа хийж гүйцэтгэж байтал манай нутгийн зүс таних эмэгтэй болох Б.Д ирж уулзаад Танд би амархан мөнгөтэй болох, амьдрал ахуйгаа хурдан дээшлүүлэх арга зам санал болгоё. Жи тайм гэх сүлжээнд гишүүнээр элсчихвэл энэ бүх хүсэл чинь биелэх болно. Бүр цаашлаад таны үр хүүхдүүдэд хүртэл гэр бэлэглэнэ гэх мэтээр олон зүйл яриад мөнгө нэхээд байсан. Тухайн үед нь миний зүгээс түүнд хандаж эгч нь ийм сүлжээ мэтийн зүйлийг чинь ойлгохгүй ээ мөнгө өгөх боломжгүй гэж хэлээд явуулсан. Гэвч тэрээр түүнээс хойш удаа дараа над руу утсаар холбогдон элдэв сонин содон яриагаар итгэл үнэмшил төрүүлэхүйц зүйлсийг яриад надаас 572.000 төгрөг л өгчих тэгвэл танд 2 сарын дараа 5.000.000 төгрөгтэй болох боломж байна гээд байсан. Тэгэхээр нь миний хувьд түүний энэхүү хүсэлт, гуйлтад нь итгэж найдаад үнэхээр л ийм зүйл болох юм болов уу гэж итгэж найдаад 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүү Төрбатыгаа хамтран зээлдэгчээр сонгон сумынхаа Төрийн банкнаас сарын 1.8 хувийн хүүтэй 1.000.000 төгрөгийг зээлээр авсан. Тэгээд иргэн Б.Д-д 572.000 төгрөгийг тухайн өдөр нь бэлнээр тоолж түүний гэрт хүлээлгэн өгсөн. Энэ үед тэрээр гэртээ ганцаараа байсан бөгөөд хашааных нь гадаа манай хүү Төрбат намайг хүлээгээд зогсож байсан. Түүний хувьд тухайн үед надад хандаж дахиад гэр бүлээрээ нэмж элсээрэй тэгвэл 18.000.000 сая төгрөг ч авах боломжтой шүү гэх мэт зүйлийг надад ярьж байсан. Гэвч тэр өдрөөс хойш миний мөнгө нэмэгдэж надад буцаж орох нь битгий хэл үндсэн мөнгө болох 572.000 төгрөг ч одоо хүртэл буцаж олгогдоогүй байна. Иргэн Б. Д-с мөнгөө нэхэх бүрт би таны мөнгийг аваагүй ээ, сүлжээнд л зарцуулсан мөнгө шүү дээ аль эсвэл сүлжээ дампуурсан гэдэг яриа худал шүү таны мөнгө удахгүй олгогдоно гээд янз бүрийн юм яриад намайг огт халгаадаггүй. Б.Д нь дан ганц надаас мөнгө авахаас гадна сум орон нутгийн бүхий л хувийн болон төрийн байгууллагуудын иргэд, албан хаагчдыг энэхүү худал хуурмаг яриагаараа итгэн үнэмшүүлж, зарим нэгийг нь над шиг хохироож олсон мөнгөөрөө ашиг хонжоо олж дадсан нэгэн байсныг нь хожим нь би мэдэж ойлгосон. Энэ хүнд итгэж мөнгөө өгснөөс болж одоог хүртэл миний бие банкны зээлээ бүрэн төлж чадахгүй хохирч байна. Анх энэ хүний олон удаагийн гуйлтанд итгэж мөнгө зээлүүлэхдээ түүнийг дэлгүүр хоршоо ажиллуулж худалдаа наймааны үйл ажиллагаа эрхэлж, ашиг орлого олдог эдийн засгийн хувьд чадвар чадамж бүхий найдвартай хүн гэж бодсон нь алдаа болсон. Иймд одоог хүртэл миний мөнгийг буцаан өгөлгүй намайг хохироосоор байгаа иргэн Б.Д-с 572.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнд 572.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн ба Жи тайм гэх зүйл нь юу болох талаар би мэдэхгүй байна. Учир нь тухайн үед надаас зөвхөн 572.000 төгрөгийг зээлээч 2 сарын дараа 5.000.000 төгрөг болгож өгнө гэсэн учир дээрх мөнгийг зээлсэн. Манай дүү н.Н тухайн үед Жи тайм сүлжээний талаар надад хэлж байсан гэхдээ дүү маань та өөрөө мэд гэж хэлж байсан. Дүү маань тусдаа амьдралтай хүн. Иймээс би дүүгийнхээ ятгалганд орж мөнгө өгөөгүй. Харин Б.Д нь 572.000 төгрөгийг 2 сарын дараа 5.000.000 төгрөг болгож өгнө гэж хэлсэн учир би Б.Д-д мөнгө зээлсэн. Иймд хариуцагч Б.Д-с 572.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сард Мөрөн сумын Классик төвийн 2 давхарт Казакстан улсаас орж ирсэн Жи тайм гэх амжиргаа дэмжих төсөл монголд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл аваад (тамга тэмдэг) ажиллаж байна. Дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Манай төсөлд хамрагдсанаар мөнгөтэй болж амьжиргаагаа дээшүүлэх боломжтой гэж сургалт хийж би итгэж үнэмшээд элсэж орсон. Тэгээд сумандаа очоод хүн элсүүлэх, хүмүүстэй уулзаж явтал С-н төрсөн дүү Д.Н би Жи тайм сүлжээний талаар фэйсбүүкээс мэдээлэл авсан гоё юм байна лээ дүү нь орно гэсэн. Тэгээд эгч С-аа та хэлээд өгөөрэй гэхээр нь уулзаж хэлсэн та энэ Жи тайм сүлжээнд орвол мөнгөтэй болох боломжтой, мөнгөтэй болчихвол хүүхдээ гэр оронтой болгох юм гэж хэлснээс Жи таймд орвол гэр өгдөг гэж худлаа юунд хэлэх юм. Намайг гүтгэж гуйвуулж бичсэн байна лээ. Тэгээд төрсөн дүү С, Ц.Ж гурав Аривжих 76 гэж логин аваад орсон. Ингээд үйл ажиллагааг нь зогсоогоод цааш ажиллах боломжгүй болсон. Цагдаагийн газраас Жи таймд орсон хүмүүсийн мөнгийг битүүмжилсэн гэж мэдээгээр албан ёсны дахин дахин мэдэгдэл хийж орсон хүмүүс өргөдлөө бичиж өг гэсэн. Үүний дагуу би бүх хүмүүст хэлсэн. Тэгээд өргөдлийг нь аваад цагдаад авчирч өгсөн боловч тухайн үедээ хүмүүс өөрсдөө аймагт орж ирж өргөдлөө өгөхгүй намайг өг гээд надад бичээд өгөхөөр нь би цагдаад аваачиж өгсөн боловч цагдаа та хүний өмнөөс өргөдөл өгөхгүй өөрсдөө биеэр ирж өг гэж хэл гэсэн. Тэгээд очоод хэлсэн чинь чи оруулсан юм чинь учрыг нь олж өг гэсэн. Тэгээд дахиад өргөдлөө авчраад цагдаад ирсэн чинь өргөдөл битгий ав гэсэн гэж хэлсэн. Ингээд Жи таймд орсон болохоос надад авч ашиглаж, завшиж идээд уучихсан зүйл байхгүй. Миний хувьд Д.С-н мөнгийг хувийн хэрэгцээнд аваагүй учир би төлж өгч чадахгүй. Төр хэзээ энэ мөнгийг өгч хохирол барагдуулах юм бүү мэд. Би ч өөрөө ах, дүүгээрээ бүгд ороод хохирчихоод хараад сууж байна гэжээ.
Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жи тайм гэх корпораци 2017 онд нь манай аймгийн дөрвөн замын хэсэгт үйл ажиллагаа явуулж байсан ба энэ байгууллага нь Монгол улсад албан ёсоор үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөл авсан, Монгол улсад хүн амын орлогын албан татвар төлдөг байгууллага гэж надад анх хэлж байсан ба энэ байгууллага нь хүмүүсийн амьжиргааг дэмжих зорилгоор Казакстан улсаас оруулж ирсэн төсөл хэрэгжиж байгаа талаар сургалт явуулж байсан. Харин сүлжээний байгууллага биш болох талаар надад ойлголт төрүүлсэн. Жи тайм гэх корпорацид элсэн орохын тулд нэг хүн 2.150.000-2.300.000 төгрөг төлж энэ мөнгөнийхөө 50 хувьд гарын бэлэг гэж барааны саван, ус цэвэршүүлэгч, машины шалавч, энергижүүлсэн дэр, бугуйн цаг зэрэг эд зүйлийг өгч байсан. Тухайн элсэн орсон хүн 2-3 сарын дараа өөрийнхөө дор 2 хүн урьж оруулсан тохиолдолд 19-20 сая төгрөгийг олох боломжтой, таны амьжиргааг дэмжих төсөл гэж хэлсэн учир хүмүүсийн амьжиргааг дэмжиж байгаа юм байна гэж бодоод би өөрийн ах дүү нар болон найз нөхдөө урьж оруулсан тохиолд миний найз нөхөд, эцэг, эх ах, дүү нар болон би өөрөө банкны зээлийн өр төлбөрөөсөө гарах юм байна гэж бодсон учраас би ойр дотнын хүмүүсээ Жи тайм гэх корпорацид урьсан. Иймээс би өөрийн хамаатны хүн болох Д.С-г урьсан. Тэгэхэд Д.С намайг нэхэмжлэлдээ зүс таних эмэгтэй намайг хуурсан гэж бичсэнд гайхаад байна. Би өөрөө 2.300.000 төгрөгийг төлж Жи таймд элсэн орсон. Ингээд Д.С-н төрсөн дүү нь болох н.Н нь өөрөө надтай уулзаж Жи таймын талаар яриад би таны дор элсэж ормоор байна гэж хэлсэн. Мөн манай эгч Д.С-д энэ талаараа хэлээд танилцуулаад өгөөч, учир нь манай эгчийн хүүхдүүд өрх тусгаарлаж найр хурим хийх гэж байгаа учир мөнгө хэрэгтэй болоод байгаа юм. Иймээс эгчийг минь элсэн оруулж өгөөч гэх дүүгийнх нь хүсэлтээр би Д.С-тай уулзахад Д.С өөрөө зөвшөөрсөн учир 572.000 төгрөгийг төлж өөрийн амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр Жи таймд элсэн орсон. Д.С, Н, Жаргалсайхан гэж гурван хүн мөнгөө нийлүүлээд Н-аа нэр дээр бүртгэл үүсгэж орж байсан. Би ч өөрөө энэ хэргийн улмаас хохирсон. Энэ сүлжээний бизнестэй холбоотой эрүүгийн хэрэг Улаанбаатар хотод шалгагдаж байгаа юм билээ. Иймд уг хэргийг шалгаж дууссаны дараа Жи тайм гэх корпорациас Д.С болон миний хохирлыг барагдуулах байх гэж бодож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Б.Д-д холбогдуулан зээлийн төлбөрт 5.720.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хариуцагч Б.Д-д 572.000 төгрөгийг 2 сарын дараа 5.000.000 төгрөг болгон эгүүлэн авахаар харилцан тохиролцож зээлдүүлсэн ба хариуцагч нь уг зээлийн төлбөрөөс ганц ч төгрөг төлөөгүй тул 572.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч Б.Д нь Д.С нь сайн дурын үндсэн дээр Жи тайм гэх сүлжээнд элсье гэхээр нь мөнгийг авч бүртгэлийг нь хийж өгсөн ба бид ч ах дүүгээрээ элсэн орж хохирсон. Сүлжээнд сайн дураараа элсэн орж өгсөн мөнгийг нь би өөртөө авч ашиглаж завшаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбар гарган мэтгэлзэж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ, 288.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.
Зохигч нэхэмжлэлийн шаардлага болох 572.000 төгрөгийг өгсөн, авсан үйл баримтад маргаагүй ба харин дээрх мөнгө нь зээлийн төлбөр мөн эсэхэд, өөрөөр хэлбэл хариуцагч Б.Д нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн энэхүү 572.000 төгрөгийг Жи тайм гэх сүлжээний бизнест Д.С-н оруулсан хөрөнгө юм гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.
Иймд нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Б.Д-д 572.000 төгрөгийг зээлсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17.810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.Д-д холбогдох 572.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.С-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.810 /арван долоон мянга найман зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН