| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2019/00640/и |
| Дугаар | 155/ШШ/2019/00608 |
| Огноо | 2019-07-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ/2019/00608
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М.. сумын... дугаар баг ... тоотод оршин суух, Ү. овогт Н.Н /Р..../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,...-р хороо Б. ....тоотод оршин суух, Х овогт А.П /Р..../-д холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 155/2019/00640/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Н.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Н нь 2016 оны 12 сард А.П-тэй танилцаж үерхэж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр охин Н.Б-г төрүүлсэн. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, өөрийн гэсэн гэр оронгүй учир манай аавынд хамтран амьдарч байсан. А.П ажил ихтэй байна удахгүй очно гэж хэлээд охиныхоо нэрийг утсаар өгсөн. Гэвч өдий болтол сураггүй залгахаар утасаа авахгүй, уулзах гэхээр зугтаагаад уулзахгүй. Одоо бүр охиноо миний хүүхэд биш гэж хэлсэн. Иймд А.П, миний охин болох Н.Б-н төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.П шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Н.Н-н гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Б нь миний охин мөн тул сар бүр хуульд заагдсан мөнгөн төлбөрыг нь төлнө. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Улаанбаатар хотод амьдардаг тул шүүх хуралд өөрийн биеэр ирж оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч А.П-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Н.Н, хариуцагч А.П нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр охин Н.Б төрсөн болох нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 6... дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч А.П нь охин Н.Б-т хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Н.Б нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг А.П-с сар бүр тэтгэлэг гаргуулж, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Н.Б-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Н-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.П-с хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Н.Н нь 10 сартай байх тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 194.300 төгрөгийн тал хувь 97.150 төгрөгийг сар бүр хариуцагч А.П төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Н.Б-т сар бүр төлөх 97.150 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.165.800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 32.529, нийт 102.729 төгрөгийг, хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Н-д олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч А.П-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Н.Б-н төрсөн эцэг Х овогт А.П /Р.../ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Н.Б-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.П-р сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.729 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.П-с 102.729 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН