| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2023/00410/И |
| Дугаар | 129/ШШ2023/00479 |
| Огноо | 2023-10-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 129/ШШ2023/00479
| 129/ШШ2023/00479 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С ХХК
Хариуцагч: А аймаг, . сум, . тоотод оршин суух Б овгийн Ү.С
Нэхэмжлэлийн шаардлага: 1,040,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл
Хариуцагч Ү.С-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийг ороцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Ү.С-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь Ү.С-д холбогдуулан 1,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч Ү.С-с 2023 оны 3 дугаар сарын байдлаар 1,040,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүхэд хандсан цаг хугацаанаас хойш Ү.С нь хоёр удаа төлөлт хийж одоо 581,999 төгрөг төлөгдөөгүй, үүн дээр нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 586,999 төгрөг нэхэмжилж байна. Ү.С-гийн ярианы төлбөрийг нэхэмжлээгүй, харин дараа төлбөрт дугаараа 3 сар барьсан тохиолдолд гар утас лизингээр авах нөхцөл бүрдэж Ү.С Samsung А33 маркийн гар утас лизингээр авсаны төлбөрийг нэхэмжилж байгаа. Ү.С-гийн авсан Самсунг А33 гар утас нь 1,319,000 төгрөгийн үнэтэй. Ү.С-тай байгуулсан гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас 581,999 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг нэмж, нийт 586,999 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс:
- С ХХК, Ү.С нарын байгуулсан 2022 оны 10 сарын 19-ний өдрийн дараа төлбөрт үйлчилгээний гэрээ
- Гар утас/төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт
- Гар утас/төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ
- С ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх /Ү.С-д холбогдох/,
- Дансны түүх зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК хариуцагч Ү.С-с 1,040,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ү.С гар утасны төлбөрөөс төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 586,999 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
- Дараа төлбөрт дугаараа 3 сар барьсан тохиолдолд гар утас лизингээр авах нөхцөл бүрдэж Ү.С 1,319,000 төгрөгийн үнэтэй Samsung А33 маркийн гар утас лизингээр авсаны төлбөрийг нэхэмжилж байна. Хариуцагч Ү.С-с 2023 оны 3 дугаар сарын байдлаар 1,040,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүхэд хандсан цаг хугацаанаас хойш Ү.С нь хоёр удаа төлөлт хийж одоо 581,999 төгрөг төлөгдөөгүй, үүн дээр нотариатын төлбөр 5,000 төгрөг нэмж, нийт 586,999 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн С ХХК, Ү.С нарын байгуулсан 2022 оны 10 сарын 19-ний өдрийн дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, гар утас/төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт, гар утас/төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ, С ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх /Ү.С-д холбогдох/, дансны түүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч С ХХК хариуцагч Ү.С-с гар утасны үнэ 581,999 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 586,999 төгрөг нэхэмжилж байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу 2023 оны 10 сарын 25-ны өдрийн 15 цагт болох шүүх хуралдааны товыг 2023 оны 10 сарын 18-ны өдөр хариуцагчид утсаар мэдэгдсэн /утсаар ярьсан тэмдэглэл-хх-28х/ боловч шүүх хуралдаанд ирээгүй, ямар шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй болохоо шүүхэд мэдэгдээгүй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б “Ү.С 1,319,000 төгрөгийн үнэтэй Самсунг А33 маркийн гар утас лизингээр авсаны төлбөрийг нэхэмжилж байна” гэж тайлбарладаг.
Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 10 сарын 20-ны өдрийн гар утас/төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт болон гар утас/төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс үзэхэд хариуцагч 1,319,000 төгрөгийн үнэтэй Samsung A33 маркийн гар утсыг 12 сарын хугацаагаар авах хүсэлт гаргасан ба гэрээгээр хүү тогтоогоогүй байна. Иймд талуудыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч С ХХК-ийн 1,040,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хариуцагч Ү.Со-д 2023 оны 9 сарын 04-ний өдөр гардуулж, хариуцагч 2023 оны 9 сарын 18-ны өдөр хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч тэрээр энэ үүргээ биелүүлээгүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч ...тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэжээ.
Хариуцагч Ү.С нэхэмжлэгч С ХХК-ийн 1,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гардан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн боловч тогтоосон хугацаанд шүүхэд ирж тайлбараа өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “...хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасныг баримтлан 2022 оны 10 сарын 20-ны өдөр байгуулсан 12 сарын хугацаанд гар утасны үнийг төлөх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ү.С-аг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Ү.С-с 581,999 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 586,999 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хангаж шийдвэрлэлээ.
5. Хариуцагч Ү.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчид төлсөн, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,510 /хорин есөн мянга таван зуун арав/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ү.С-с 29,510 /хорин есөн мянга таван зуун арав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 219 дүгээр 219.1-д зааснаар хариуцагч Ү.С-с 586,999 /таван зуун наян зургаан мянга есөн зуун ерэн ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,510 /хорин есөн мянга таван зуун арав/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ү.С-с 29,510 /хорин есөн мянга таван зуун арав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулах ба гардуулах боломжгүй бол хүргүүлж, ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА