2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/244

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн  шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

Улсын яллагч Э.Оюундарь,

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 201 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2507000000239 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 01 цагийн үед *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газарт хохирогч О.той тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас маргалдаж, зодсоны улмаас хохирогч О.гийн биед баруун нүдний дээд, доод зовхи зүүн шуунд цус хуралт, зүүн шуу, 2 шилбэнд зулгаралт, дагз, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай эгч Бүгд Найрамдах Солонгос улсаас ирсэн юм. Бид нар гэр бүлээрээ амралтад очъё гээд ийн нэг амралтад очсон. Манай 2 хүүхэд, эгчийн 2 хүүхэд бид нар бөөнөөрөө суугаад хоол унд хийж идчихээд ганц юм задлаад ер нь дуусаад унтах шинжтэй болоод байж байсан. Эхнэрүүд ер нь орондоо ороод унтчихсан. Би н. ахтай юм яриад сууж байсан чинь хашааны цаанаас нэг хүн хөөе гээд дуудаад байхаар бид нарыг дуудаад байгаа юм байх даа гээд яваад очсон чинь нэг ах, эгч хоёр гадаа зогсчихсон гэдэг амралтын газар нь хаана юм гээд бид хоёроос асуусан юм. Тэгэхээр нь мэдэхгүй байна. Орж ирэхэд гол гарч байхад нэг самбар байсан тийшээ очоод үзэхгүй юу гэсэн чинь яг хаана гэдгийг нь хэлээд өгчхөөч гээд тийм зүйл яриад байсан. Тэгсэн н. ах гэрэл тусгаад тэнд нэг амралтын газар байна тэр рүү өөрөө очоод үзчих гэж хэлсэн. Тэгтэл н. ахыг чи яаж яриад байгаа юм бэ?  гэхээр нь н. ах зүгээр цаашаа яваа самбар байна гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн та нар ингэж ярих болоогүй гээд жоохон ассан байдалтай согтуу өөдөөс дайрсан юм. Би тухайн үед нь одоо явчих, самбар нь тэнд байна гээд хэлсэн биз дээ гэсэн чинь манай ахтай жаахан арцалдаад янз бүр болоод байхаар нь би чи явчих гэсэн чинь “чи гэлээ гээд уурлаад чи муу бацаан намайг чи гэхгүй. Чи муу юу юм” гэхээр нь зүгээр цаашаа явчих, хүнд лай болох гээд байх юм гэж хэлсэн чинь наашаа хүрээд ир гэж хэлж байгаад намайг харин нэг цохих гэж үзсэн. Манайх нэг хашаатай юм. Цохих гэж үзэхээр нь би хойшлоод байж байтал ах ирээд чи ер нь яах гээд байгаа юм зүгээр явчих гээд байхад чинь гээд барьцалдахаар нь би гүйж очоод нөгөө залууг нь шууд хойноос барьж аваад газар унагаачихсан. Тэгээд н., н. ахыг авангуутаа хашаа руу аваад орчихсон. Би очингуут тэр хүн миний цээж рүү нэг цохичихсон. Тэгэхээр нь гарыг нь барьж байгаад шууд хашаа руугаа гүйж оронгуутаа зүгээр явчих, ямар лайтай писда бэ гэсэн чинь одоо би чамайг ална муу бацаан минь наашаа гараад ир, наашаа хүрээд ир дээ гээд давж орж ирэх гээд байхаар нь очсон чинь миний зүүн тал руу нэг хальт цохчихоор нь хойшилсон чинь дөнгөж шүргээд өнгөрсөн юм. Тэгэнгүүт нь гэнэт намайг цохичихлоо гэхээр нь би тэр хооронд уурандаа цохчихсон. Тэгсэн над руу чи хүн амьтан зодлоо, чамайг цагдаа дуудаж өгнө гэхээр нь тэр цагдаагаа дууд гээд явсан юм. Тэгсэн 2 цагдаа ирсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

Улсын яллагчийн зүгээс: Хавтаст хэргээс хохирогч О.гийн мэдүүлэг хавтаст хэргийн /хх-12-13/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-18-19/,  Монгол улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 390 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-27-28/, яллагдагч А.*******ийн мэдүүлэг /хх-36-38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750,000 төгрөгөөр торгох нь зүйтэй гэж  улсын яллагчийн зүгээс санал гаргаж байна. Хохирогчийн хувьд ямар нэгэн баримтаар нэхэмжилсэн зүйлгүй. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол, төлбөрийг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан..” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 08 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 01 цагийн орчим *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газарт хохирогч О. нь амралтын газар асуух үед нь маргалдаж намайг цохих гэлээ” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи зүүн шуунд цус хуралт, зүүн шуу, 2 шилбэнд зулгаралт, дагз, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.*******ийн өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 28-ны орой би эхнэр хүүхдүүд болон дүү А., хүргэн ах Б., эгч А. тэдний хүүхдүүдийн хамт ийн наана Горхи рүү салдгийн тэнд амралтын газар очсон. Тэнд бид нар хоол унд хийж идээд ах Б., эгч А., манай эхнэр н. нарын хамт дөрвүүлээ 1 шил 0,75 литрийн архи 3 том пиво уусан. Тэгээд 01 цагийн орчим хашааны гадна танихгүй эрэгтэй хүн дуудаад энэ амралт гэдэг нь хаана вэ гэхээр нь би очоод самбар харагдаж байсан гэж хэлэхэд Б. ах гэрэл асааж байгаа тэр л байлгүй дээ тийшээ яваад үзэхгүй юу гэж хэлтэл тэр залуу чи яаж яриад байгаа юм бэ гээд ах руу агсраад тэр 2 маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд зүгээр явчих гэж зөндөө гуйхад тэр залуу намайг муу бацаан минь гараад ир нааш ир гээд дуудаад байхаар нь би яах гээд байгаа юм бэ зүгээр явчхаач дээ гэж хэлэхэд тэр залуу намхан хашааны дээгүүр намайг цохих гэхээр нь би холдоод цохиулаагүй. Тэгээд Б. ах бид 2 хашааны гадаа гарахад тэр хүн бас танихгүй согтуу эмэгтэйтэй явж байсан бөгөөд хоёулаа нэлээн согтуу байсан. Ах бид 2 очоод, ах тэр залуутай барьцалдаж авахад манай дүү А. ахыг очоод тэврээд аваад салгахад би тэр залууг араас нь тэвэрч аваад газар унагаагаад одоо зүгээр явчихаа битгий лай болоод бай мөрөөрөө архи ууж чадахгүй байж явчих гэтэл тэр миний доороос цээж рүү гараараа цохиод авахаар нь би 2 гарыг нь барьчхаад байж байтал А. ахыг аваад орчихоор нь би гарыг нь тавиад хашаа руу гүйгээд орчихсон юм. Тэгтэл тэр залуу хашааны гаднаас одоо ална чамайг гараад ир бацаан минь гээд орилоод байхаар нь би хашаанаас гаралгүй наанаас нь очоод эмэгтэйд нь одоо наадхаа аваад явчих гэтэл тэр залуу чи муу чацга гэхээр нь би “тэгвэл өвөө, эмээ нар минь явцгаа зайлчих” гэтэл залуу нь намайг нааш ир гээд байхаар нь би яваад очтол намхан хашааны дээгүүр намайг шанаадах гэхэд нь би бултаад миний хацар луу шүргээд өнгөрөхөөр нь би зөрүүлээд зүүн хацар хэсэгт нь нэг удаа цохисон чинь тэр 2 цагдаа дуудна гэхээр нь дууд дууд гэчхээд орхиод явсан. Тэрийг би харж чадаагүй ямар ч байсан барьцалдаж аваад газар унаад босоход нь би тэр залууг тэвэрч аваад газар унагаасан. А. зодоонд огт оролцоогүй 17 настай хүүхэд боль ах нараа гээд Б. ахыг хашаа руу аваад орсон...” гэх мэдүүлэг /хх 36-38 дугаар тал/,
  2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор О.гийн өгсөн: “...Би 2025 оны 08 дугаар сарын 28-ны орой *******нд байдаг ******* гэдэг амралтын газар танил н. гэдэг эмэгтэйтэй хамт хотоос очсон юм. Тэгэхэд н найз гэх танихгүй эмэгтэй хамт явсан бөгөөд тухайн амралтын газрын хажууд тэр эмэгтэйн зуслангийн байшин нь байдаг юм байна лээ. Биднийг очиход тэр танихгүй эмэгтэйн найз залуу нь найзтайгаа тэр найз бүсгүйтэйгээ байсан. Хашаан дотроо гал түлчихсэн ил сууж байсан бөгөөд би галаас нь жаахан сууж байсан бөгөөд надад архи хийж өгөхөд нь би нэг татаад дараагийнхыг нь уугаагүй, түлсэн галын илчинд би амархан согтчих вий гэж бодоод галын дээр гарч суусан. Тэгж байхад тэрхэн зуур би муудаад согтчихоор нь танихгүй хүмүүстэй юу хийх вэ гэж бодоод н.тай хамт хот руу явахаар гарсан. Тухайн үед шөнийн 01 цагийн үед харанхуй болчихсон байсан бөгөөд зам руу гарах гээд явж байхад ******* амралтын газрын хашаан дотор огт танихгүй хэдэн залуучууд байхаар нь би хашааных нь гаднаас хот орох зам аль нь юм бэ гэж асуухад тэд согтуу байсан бөгөөд хашааны цаанаас нэг залуу юунаас болсон юм бүү мэд намайг ална шүү гээд миний нүүр лүү гараараа цохиход нь би унасан. Тэгэхэд тэр залуу хашаанаасаа гарч ирээд миний толгойн ар хэсэг рүү өшиглөөд би тэр залуутай ноцолдоход хамт араас нь хашаанаас бас нэг залуу гарч ирээд нөгөөдхөө салгахад нь надтай хамт явж байсан цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх 12-13 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 28-ны орой би эхнэр 2 хүүхэд болон эхнэрийн төрсөн дүү нар болох А.******* эхнэр 2 хүүхэдтэйгээ, түүний дүү А. нарын хамт ийн наана нэрийг нь мэдэхгүй амралтын газар очсон. Бид хоол унд хийж идээд А.*******, манай эхнэр бид нар 1 шил 0,75 литрийн хэмжээтэй архи уугаад дуусаж байтал шөнө 01 цагийн орчим амралтын газрын хашааны гадна талаас хөөе хөөе нааш ир гээд эрэгтэй, эмэгтэй 2 хүн дуудаад байх шиг болохоор нь А.******* бид 2 хаана, хэн дуугараад байна гээд хайж байтал А.******* тэр хүнийг эхэлж олж очоод яасан ах аа гэтэл ямар ч бил үү нэг амралтын газар асуугаад байсан. Тэгээд А.******* над руу эргэж хараад энэ амралтын газар чинь юу билээ гэхээр нь би асуусан амралт чинь биш ээ бид нар мэдэхгүй байна урагшаа, хойшоо явсан зам байгаа тэрүүгээр яваад үзэхгүй юу гэж А.******* бид 2 хэлсэн. Тэгтэл залуу нь яасан сүртэй юм бэ хэлээд өгчихгүй гээд жижиг хашаан дээгүүр гараа давуулж орж ирээд А.*******ийн шанаанд нь нэг цохих шиг болсон. Тэгэхэд нь А.******* яаж байгаа юм бэ гэхэд тэр залуу дахиж цохих гэхэд нь А.******* хажуу тийшээ болоод эргүүлээд тэр залуугийн нүүр лүү гараараа нэг удаа цохиод хаалгаар гараад явахаар нь би араас нь гарсан. Намайг гарахад А.******* тэр залуутай хэрэлдээд зогсож байхаар нь би тэр залууд чи яагаад манай дүүг цохиж байгаа юм бэ гэтэл хамт явж байгаа эмэгтэй нь намайг бариад авсан юм. Тэгтэл А.******* очоод тэр залуутай маргалдаад барьцалдаж авахад би нөгөө эмэгтэйгээс салаад очиход нөгөө залуу нь дээшээ хараад газар уначихсан А.******* дээр нь гарчихсан заамдчихсан байсан чинь араас дүү А. ирээд намайг аваад хашаа руу орсон. Тэгж байхад А.******* нөгөө залуу 2 босож ирээд А.******* хашаа руу орж ирэхэд нөгөө 2 хашааны гадна суугаад байсан чинь цагдаа дуудчихсан цагдаатай хамт орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх 18-19 дүгээр тал/,

 

  1. Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн шинжээч эмчийн  2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн НАЛ0725/390 дугаар: “О.3олбоогийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн шуу, 2 шилбэнд зулгаралт, дагз, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх 27-28 дугаар тал/,

 

  1. Яаралтай тусламжийн хуудас /хх 25 дугаар тал/,

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39 дүгээр тал/,

 

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 41-48 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр буюу хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.******* нь хохирогч О.гийн биед халдаж эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхи зүүн шуунд цус хуралт, зүүн шуу, 2 шилбэнд зулгаралт, дагз, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээч эмчийн НАЛ0725/390 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.гийн биед хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг өгсөн нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдож, хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтээ илэрхийлсэн,

         Мөн дээрх гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан 56,700 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх 51/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

      

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчид хохирол төлбөр барагдуулсан,

Хувийн байдалд: Ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  А.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь оногдуулсан торгох ялыг биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ