Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01459

 

А.Жгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01761 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Жгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Мд холбогдох,

 

Шүүхийн шийдвэрийг хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол 604 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ж, хариуцагчийн өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран оролцов.

 

Нэхэмжлэгч А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.М, А.Ж нарын хооронд 2016.3.3-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай 33 тоот гэрээ байгуулагдсан ба Ч.М гэрээний дагуу надаас 87 320 000 төгрөг авах ёстой байтал 8 482 000 төгрөгийг илүү аваад удтал буцааж өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ч.М нь ипотекийн зээлээр орон сууц авсан төлбөрөөс илүү мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөжсөнийг тогтоон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.4.24-ний өдрийн 1402 тоот шийдвэр гарсан. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр илүү авсан мөнгө, хүүний төлбөр, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр нийлээд 9 784 908 төгрөгийг Ч.Мгаас гаргуулж надад олгож шийдвэрлэсэн.

Гэвч Ч.М нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлсэн ба шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 сар, 21 хоногийн дараа буюу 2019.3.21-ний өдөр шийдвэрийг гүйцэтгэж дуусгасан.

Капитал банктай байгуулсан 2016.3.15-ны өдрийн ЗГ-121 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээний дагуу зээлийн хүүнд сарын 0.67 хувийн хүү төлдөг. Ч.Мгийн илүү авсан 8 482 000 төгрөгийн хүүнд өнгөрсөн 10 сар, 21 хоногийн хугацаанд 604 000 төгрөгийг төлж хохироод байна.

Иймд хариуцагч Ч.Мгаас 604 000 төгрөгийг гаргуулж А.Ж надад олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.М шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.4.24-ний өдрийн 1402 тоот шийдвэрээр Ч.Мг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, орон сууц захиалан бариулах гэрээний зөрүү 8 680 000 төгрөгөөс төлсөн 250 000 төгрөгийг хасаж 8 430 000 төгрөг, Капитал банкинд төлсөн сар бүрийн хүү 56 481 төгрөг, 21 сарын 1 186 101 төгрөг, нийт 9 616 101 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Уг шийдвэрийн дагуу Ч.М нь 21 сарын хүүг бүрэн төлж барагдуулсан бөгөөд бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй.

А.Ж нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд баригдаж буй иргэн Ч.Мгийн үйлчилгээний 45 айлын орон сууцнаас 43.66 м.кв талбайтай 7 дугаар давхрын Е сууц буюу 30 тоот байрыг орон сууц захиалан бариулах 33 тоот гэрээгээр захиалсан ба түүний хүсэлтээр 2 өөр байдлаар гэрээг хийсэн нь дээр дурьдсан шийдвэр болон шийдвэрт дурьдагдсан гэрчийн мэдүүлэг, барилга.мн сэтгүүл зэргээр тус тус батлагдаж байгаа.

2015.3.3-ны өдөр 1 метр квадратын үнийг 2 200 000 төгрөгөөр байгуулсан ба нэхэмжлэгчээс 2015.7.3-ны өдөр байгуулсан гэрээг 2016.3.3-ны өдөр байгуулсан, 2015 он гэж андуурч бичсэн гэж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээний заалтууд болон орон сууцны төлбөрийг Капитал банкнаас Ч.Мгийн дансанд 2016.3.30-ны өдөр 96 052 000 төгрөг шилжүүлсэн баримт, уг төлбөрийг Капитал банкаар шийдэгдэх, зээлийн хороогоор орох, ипотекийн асуудлыг шийдвэрлэж байсан Орон сууцны корпорациар шийдвэрлүүлэх гэх мэт шилжүүлэх хүртэлх хугацаа зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд А.Ж, Ч.М нартай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг 2015.3.3-ны өдөр байгуулсан байна.

А.Ж нь илүү мөнгө авч тавилга авах болон үл хөдлөх эд хөрөнгийн татвар бага төлөх зорилготой тус орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан нь шүүхийн шийдвэрээс тодорхой байна.

Ч.М нь 604 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй бөгөөд тэрээр тухайн орон сууцыг 96 052 000 төгрөгөөр гэрээ байгуулж өгөх гуйлтын дагуу хуурамч гэрээг байгуулсан ба өөрийн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор банкнаас 96 052 000 төгрөгийг зээлсэн. Зээлийн хүүг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэр хүчин төгөлдөр болсон ба А.Ж энэ асуудлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаар хүү зогссон.

Ч.М шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 21 хоногийн хүүг төлж барагдуулсан учир уг хүүг дахин төлөх хууль зүйн үндэслэл байхгүй.

Капитал банктай байгуулсан ипотекийн зээлийн гэрээний дагуу төлөгдөх хүүний төлбөрийг Ч.Мгаас гаргуулан тухайн үйл баримтыг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 160-р зүйлийн 160.1.1 дэх хэсэг, 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Ажим мөнх” ХХК, Д.Энхтуяа нарын хооронд 2018 оны 01-р сарын 12-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг дуусгавар болгож, Дүгэржавын Энхтуяагийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-20010000469 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Дархан багийн 15-р байрны 30 тоот 3 өрөө сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ажим мөнх” ХХК-иас 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны гэрээнд үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын тухай хуулийн заалтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд гэрээний үүрэг дуусгавар болсныг дүгнээгүй ба энэ талаар талууд маргадаггүй. Өмнө нь нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтын талаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Ч.Мд холбогдуулан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохиролд 604 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх 1-2, 32-36/

 

Нэхэмжлэгч А.Ж, хариуцагч Ч.М нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан, А.Ж болон Капитал банкны хооронд 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулагдан А.Ж нь 96 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн, сарын 0,67 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатай зээлсэн үйл баримт тогтоогдсон./хх-4-6/

 

А.Жд орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт илүү шилжүүлсэн 8 430 000 төгрөг, тус мөнгөнд төлсөн хүү 1 186 101 төгрөг, нийт 9 616 101 төгрөгийг хариуцагч Ч.Мгаас гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1402 тоот шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон талаар талууд хэн аль нь маргахгүй байна. /хх 4-6, 17-25/

 

Хариуцагч Ч.М нь дээрхи шийдвэрийн дагуу төлбөрийг сайн дураар төлөөгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлж 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлж дуусгасан болох нь талуудын тайлбар болон А.Жгийн Төрийн болон Капитал банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон. Хариуцагч үүнийг үгүйсгээгүй. /хх-7-16/

 

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь тогтоогдсон тул дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Ж нь Капитал банктай 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулан 96 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн, сарын 0,67 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээлсэн, мөн тэрээр Ч.Мд орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт 8 482 000 төгрөг илүү шилжүүлсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул уг үнийн дүн, хугацаагаар хохирлыг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

Харин анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01761 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3,” гэснийг “495 дугаар зүйлийн 495.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 770 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД