Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/46

 

Г.Б-т холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Г.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ц,

Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Б-т холбогдох  201416010167 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн Ц.Ц-н давж заалдах гомдлоор 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г.Б

Шүүгдэгч Г.Б нь даргаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоос гадна

Өөрийн эцэг Н.Г:

-Х. банкны  дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1 453 574,29 юань буюу 323 703 943,34 төгрөг,

-Г.банкны дугаартай юанийн дансанд 12 дугаар сарын 07-ны өдрөөс 7 удаагийн гүйлгээгээр 16 305 656 юань буюу 36 650 020,52 төгрөг,

Эцэг Н.Г, төрсөн дүү Г.З нарын хамтарсан:

-Х.банкны  дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926 841,27 юань буюу 260 262 865,27 төгрөг,

Өөрийн төрсөн ах Г.З-н:

-Х.банкны дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565 303,87 юань буюу 119 554 501,46 төгрөг,

Өөрийн эхнэр Б.С-н:

-Х.банкны дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466 383.93 юань буюу 111 731 243,25 төгрөг,

Өөрийн салсан эхнэр О.Н-н:

-Х.банкны  дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын  29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4 102,94 юань буюу 971 695,10 төгрөг,

Г.Б нь өөрийн:

-Х.банкны дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5 002 юань буюу 1 266 950,64 төгрөг, өөрийн болон бусдын дансаар нийтдээ 182 удаагийн гүйлгээгээр 3 584 264,67 юань буюу 854 141 219,58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир нь Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Шүүгдэгч  Г.Б-г  нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр нэмэгдсэн орлого болох 854 141.219,58 төгрөгийг хурааж улсын орлого болгох, нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б 134 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялаас 2.010.000 төгрөгийг хасч тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 990.000 /есөн зуун ерэн мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, дүүргийн дүгээр хороо, гудамж тоот орон сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй дүүргийн  дүгээр хороо, гудамж  тоот орон сууцуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-239/, улсын дугаартай М.Бенз Жи маркийн автомашины захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол /3-р хавтас хх-240/, Г.Б-н албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /4-р хавтас хх-143/-ыг тус тус хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг өмчлөгч нарт нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням давж заалдах гомдолдоо: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн.

Өөрөөр хэлбэл гэм буруугийн талаарх дүгнэлтийг хийхдээ яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд болон улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзсэн ч хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн нотолж өгч чадаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Мөн өмгөөлөгчийн маргаж мэтгэлцсэн нотлох баримтуудад болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан гэх үндэслэлд шүүхээс ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” дүгнээгүй.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж нотлох ажиллагааг энэ гэмт хэргийн онцлогт тохируулж явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангаж ажиллахад чухал.

Г.Б нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхдээ албан тушаалтны эрх, үүргээ хэрэгжүүлсэн хугацаа, гэмт хэрэг үйлдсэн хугацаа буюу хэзээ, ханаа гарсан болохыг нотлох зайлшгүй шаардлагатай нотолбол зохих асуудал юм. Мөн шийтгэх тогтоолд Г.Б-н хууль ёсны орлогыг хэдэн төгрөг гэж үзсэн, уг орлогоос хэдэн төгрөгийн орлого хууль бус болохыг шүүх тогтоож өгөөгүй үүнийг прокуpop ч ялган зааглаж маргаж мэтгэлцэж чадаагүй. Г.Б-н хууль ёсны орлого хэт давсан нь ямар ямар баримтаар хэрхэн яаж нотлогдож байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байхад шүүх үүнд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

Г.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар мөнгө авсан гэх боловч  тухайн мөнгийг дансны эзэмшигч өөрсдөө нотлох үүрэгтэй. Гэтэл Г.Б-г нотлох ёстой гэсэн хэт нэг талыг барьж ялласан нь хууль зүйн үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Г, Г.З, Г.З, С  нар нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн дансаар орсон мөнгө нь Г.Б ямар ч хамааралгүй, тухайн мөнгийг Г.Б авсан гэж мэдүүлдэггүй. Гэтэл шүүх хууль ёсны орлогоосоо гадна дээрх этгээдүүдийн данс дахь мөнгийг авсан гэж үзэж ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хэрэгт БНХАУ-ын Өвөр Монгол иргэдийн гэрчээр өгсөн мэдүүлгийг бүрэн дүүрэн үнэлж, энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй. Мөн тухайн гэрчүүдийн мэдүүлгүүд нь хуульд заасны дагуу цуглуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байхад шүүх Өвөр монгол иргэдийн буюу гэрч А.Ч /хх-ийн 48- 51/, Ш /хх-ийн 48-511, Э /хх-ийн 58-611, У /хх-ийн 64-65/, Б.Б /хх-ийн 66-68/, Э.Э /хх-ийн 69-711/, Ш.З /хх-ийн 72-73/ нарын мэдүүлгүүдийг нотлох баримтаар дурдан хэргийг шийдвэрлэж үнэлсэн нь үндэслэлтэй болоогүй.

Учир нь шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт БНХАУ-ын Өвөр Монгол иргэдийн мэдүүлгийг “...БНХАУ-ын харьяат боловч Монгол үндэстэн иргэдийн гэрчээр өгсөн мэдүүлгийг монгол хэл бичиг мэдэхгүй гэж хэт явцуу бодит бус үндэслэлээр үнэлэхээс татгалзах нь буруу" гэж дүгнэсэн байгаа нь илт үндэслэлгүй байна.

Монгол хэлээр ярьдаг боловч бичиж, уншиж чадахгүй Монгол Улсын иргэнээс мэдүүлэг авахад өмгөөлөгч оролцуулахаар хуульчилсан байхад Монгол үндэстэн гэдэг байдлаар хууль зөрчин гэрчийн мэдүүлэг авсан ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэн нотлох баримтаар тооцож Г.Б-г гэм буруутайд тооцох гол баримтаа болгож байгаа нь хууль ёсны зарчим, шударга ёсны заримд нийцэхгүй байна.

Шүүгч нь хөндлөнгийн байр суурьнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох атал БНХАУ-ын Өвөр Монгол иргэдийг гэрчээр асуухдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийг илтэд зөрчин өмгөөлөгч оролцуулалгүйгээр гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцох эсэхийг шийдвэрлэлгүйгээр нотлох баримтаар дурдаж Г.Б-г гэм буруутайд тооцсон нь илтэд яллах талыг барин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүн таслах ажиллагааг явуулсан гэж үзэхэд хүргэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Ц.Ц-н давж заалдах гомдлыг үндэслэн Г.Б-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй байна.

  1. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн “Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд” гэх хэсэгт шүүгдэгч Г.Б-г гэм буруутайд тооцохдоо үндэслэл болгосон нотлох баримтын агуулгыг бичихгүйгээр яллах дүгнэлтэд бичигдсэн нотлох баримтад бичигдсэн нотлох баримтын төрлийг нэрлэн заажээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ... гэж үзсэн үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болно.
  2. Прокурор яллах дүгнэлтдээ Г.Б болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн эзэмших банкны харилцах дансаар 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн гүйлгээний дүнгээр гэмт хэрэг үйлдсэн гэх хугацааг тодорхойлсон байхад, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт гарсан гэх хугацааг 2007 оны 11 дүгээр сараас гэж  тогтоосон нь шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн шаардлагын дагуу хэлэлцээгүй гэж үзнэ. /хэргийн 10 дугаар хавтасны 103 дугаар хуудас, 11 хавтасны 79 дүгээр хуудас/
  3. Г.Б-г мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа өөрийн болон бусдын дансаар гүйлгээ хийж 854,141,219.58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж, түүний хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэсэн үйл баримтыг шүүх тогтоохдоо дээрх 4 албан тушаалд хэдийгээс хэдий хугацаанд ажиллахдаа хэдий хэмжээний эд хөрөнгө олсон тухайд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийгээгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хэргийн бодит байдлыг тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ2020/147 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ                                       

                                                         ШҮҮГЧИД                                     Х.ГЭРЭЛМАА                                                                                                                      Ц.ОТГОНЦЭЦЭГ