Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 354

 

 

                                   

                                                        

 

 

 

 

 

                                                                                                                                           

 

                                                                                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Жавхлан хөтлөн

улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ

шүүгдэгч З.Гэрэлтуяа, түүний өмгөөлөгч Н.Жамъян

хохирогч Э.Гэрэлмаа

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726021179 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас талуудын хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 6 дугаар гудамж, 18 тоотод түр оршин суух, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 22 дугаар байр, 3 тоотод хаягийн бүртгэлтэй,

ял шийтгэл: 2003 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, МН84102787 дугаарын регистртэй, Боржигин овогт Зоригтын Гэрэлтуяа

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч З.Гэрэлтуяа 2017 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 17 дугаар байрны гадна хохирогч Э.Гэрэлмаагийн өмчлөлийн 15-33 УНЛ улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автомашины урд салхины шил болон хойд багажны шилийг хагалж, мөн багажны гадна бариул, хажуу хаалга хэсгийг зурж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 710.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч З.Гэрэлтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хохирогч Гэрэлмаагийн эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, үнэхээр их гэмшиж харамсаж, түүний гэр бүлд цаашид хүндрэл учруулахгүй гэдгээ амлаж байна. Гэрэлмаагийн нөхөр Батсүх нь анх надтай танилцахдаа ганц бие амьдардаг, тэгээд надтай сууна энэ тэр гэдэг байсан юм. Би түүнийг эхнэр, хүүхэдтэй гэж мэдээгүй. Гэтэл түүнийг гэр бүлтэй гэж мэдээд бухимдсандаа ийм асуудалд гаргалаа. Би бага насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг, нөхөр маань нас барсан. Миний хүүхдүүд, ар гэрийн амьдралыг харгалзаад хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би хохирогч Гэрэлмаагийн хохирлыг нь төлж барагдуулсан гэв.

 

Хохирогч Э.Гэрэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Надаас Гэрэлтуяа уучлалт гуйсан тул би түүнтэй эвлэрсэн. Миний гэр бүлийн амьдралд дахин оролцохгүй байхыг хүсье. Манайх өсвөр насны хүүхдүүдтэй. Хамгийн гол нь би хүүхдүүдтэйгээ амар тайван амьдармаар байна. Түүнээс биш Гэрэлтуяа эд нар яах нь надад хамаагүй. Хохирлын мөнгөө бүрэн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй гэв.          

                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад

хохирогч Эрдэний Гэрэлмаа “... 2017 оны 5 дугаар сарын эхээр, би өөрийн гэр болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо ХД 17-03 тоотод байж байтал миний утас руу Гэрэлтуяа гэх эмэгтэй яриад чи одоо нөхрөөсөө сал, салахгүй бол стуксин уугаад амиа хорлолоо. Би танай гэрийн үүдэнд байна, амиа хорлохдоо буруутанг нь чамайг гэж гэрээслэл бичнэ гэж ярьсан. Гэр рүү ойр ойрхон залгаад байсан ба би утсаа аваагүй. Манайх нэг хашаанд 5 айл байдаг ба хашааны хаалга цоожтой байхад явган орж ирдэг хэсгээр Гэрэлтуяа гэх эмэгтэй орж ирээд манай гэрийн хаалгыг өшиглөөд, хаалга онгойлго гээд орилоод байхаар нь би гэрлээ унтраачихсан. Гарч ирж уулз гээд манай нөхөр болон миний нэрээр дуудаад орилоод байсан. Манай гэрийн ойролцоо ямар нэгэн том чулуу байдаггүй ба би цонхоороо харж байтал хашааны гаднаас том блокыг Гэрэлтуяа авчирж байгаад гадаа байсан миний 15-33 УНЛ улсын дугаартай Приус 20 маркийн машины урд, хойд салхины шилийг хагалж, багажны бариул болон хаалгыг цохисон. Би цагдаад дуудлага өгчихөөд харж байхад тэр Гэрэлтуяатай хамт явж байсан эрэгтэй нь ирээд болиулах гэж оролдож байсан. Машиных нь дугаарыг хараагүй. Маргааш нь Гэрэлтуяа над руу яриад чаддаг юм бол цагдаадаа хэлээрэй, айхгүй байна гэсэн мессеж ирэхээр нь зургийг нь угаалгаад Амарзаяа байцаагчид өгч хэрэгт хавсаргуулсан. Энэ явдлаас хойш над руу байнга ярьж, мессеж бичиж байгаа. Гэрэлтуяа архи уухаараа л залгаж ярьдаг. Гэрэлтуяа гэх эмэгтэй 610.000 төгрөгийн хохирол барагдуулсан, үлдэгдэл хохирлоо барагдуулж авмаар байна. 130.000 гаруй төгрөгийн үлдэгдэл байгаа” /хх-н 9/ гэж,

гэрч Дашрэнцэнгийн Батсүх “... би Гэрэлтуяа гэх эмэгтэйтэй 2016 оны 3 дугаар сард танилцсан бөгөөд тэр цагаас хойш уулздаг байж байгаад эр, эмийн харилцаатай болсон. 2017 оны 5 дугаар сард нэг өдөр би орой нь уулзая гэж байгаад чадаагүй, амжаагүй юм. Тэр өдөр би гэртээ байхад эхнэр Гэрэлмаа миний утсыг аваад Гэрэлтуяатай утсаар яриад хэрэлдээд, энэ согтуу хүүхэн залгаад чамайг асуугаад байна гэсэн бөгөөд угаасаа намайг энэ хүүхэнтэй уулздаг байсныг гадарлаж байсан юм байна лээ. Утсаар ярьснаас 30-аас 50 орчим минутын дараа манай хашааны гадна ирээд Батсүхээ чи гараад ир гэхээр нь би гарах гэтэл эхнэр цагдаа дуудсан байгаа, яах гээд байгаа юм бэ гэхээр нь би гараагүй. Манайх амины орон сууц учир хашаа онгорхой байж байдаг юм. Гэтэл хашаанд байсан манай эхнэр Гэрэлмаагийн Приус 20 маркийн машины урд, хойд салхины шилийг хагалж, хаалгануудыг хонхойлгосон байсан” /хх-н 10-11/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн Кости-Эстимэйт ХХКомпаниас гаргасан “Автомашины үнэлгээний тайлан” /хх-н 38/, 15-33 УНЛ улсын дугаартай автомашинд учирсан эвдрэлийн талаарх гэрэл зургууд /хх-н 39-43/, гар утасны мессежүүд /хх-н 44-48/ зэрэг бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос шүүгдэгч З.Гэрэлтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч З.Гэрэлтуяад ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

Тухайлбал, тэрээр өрх толгойлсон эмэгтэй болох нь Энхбатын Шинэхүү Зоригтын Гэрэлтуяа нарын “Гэрлэлтийн баталгаа”, Энхбатын Шинэхүү нас барсан тухай “Нас барсны бүртгэлийн лавлагаа”, гэрч Балгансүрэнгийн Алтантүлхүүрийн “... Гэрэлтуяагийн нөхөр нь 2 жилийн өмнө нас барсан. Гэрэлтуяа одоо 2 хүүхэдтэйгээ амьдардаг” /хх-н 13/ гэсэн мэдүүлэг зэрэгт тусгагджээ.

 

Шүүгдэгч З.Гэрэлтуяагийн дээрх хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч З.Гэрэлтуяа бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Э.Гэрэлмаагийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч З.Гэрэлтуяа цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Зоригтын Гэрэлтуяаг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. З.Гэрэлтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. З.Гэрэлтуяад оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. З.Гэрэлтуяа шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. З.Гэрэлтуяа бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Гэрэлмаа нэхэмжлэх зүйлгүй гэснийг,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч З.Гэрэлтуяа цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл З.Гэрэлтуяад урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

          

 

                ДАРГАЛАГЧ,

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                О.ЖАНЧИВНЯМБУУ