Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0329

 

 

 

 

  

     2023           04           04                                        128/ШШ2023/0329

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.А*******,

Нэхэмжлэгч: Б.В*******,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.С*******,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Т*******,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М******* нарыг оролцуулан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/1247 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/1247 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.А*******, Б.В******* нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

          2.Уг захирамжийг эс зөвшөөрч Л.А*******, Б.В******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг нийслэлийн Засаг дарга хянаад, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06/5345 дугаар албан бичгээр хариу өгч, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШЗ2022/9810 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

          3.Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/525 дугаар захирамжаар Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10-р хороолол-1 хаягт байрлах нэгж талбарын 16******* дугаар бүхий 680 м.кв газрыг Орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж, эрхийн улсын бүртгэлийн Э-2205001536 дугаарт бүртгэж гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноор бид хуулийн дагуу газар эзэмших эрхтэй болж хашаа барин, барилга байгууламж барихтай холбоотой зохих зөвшөөрлүүдийг төрийн байгууллагуудаас аваад байна.

          Гэтэл нийслэлийн Засаг нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/1247 тоот захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 680 м.кв газрыг орон сууцны зориулалтаар иргэн Л.А*******, Б.В******* нарт газар эзэмшүүлсэн захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хүчингүй болгож бидний эрх ашгийг хууль зүйн үндэслэлгүйгээр ноцтой зөрчиж байгаад туйлын гомдолтой байна.

          Учир нь нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/1247 тоот захирамжийн 1 дэх хэсэгт “Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн A/525 дугаар захирамжаар иргэн Л.А*******, Б.В******* нарт тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 680 м.кв газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, 33.1.2 дахь заалт, 33.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг тус тус зөрчиж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тул Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/525 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ. Гэвч нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/1247 тоот захирамжид үндэслэж байгаа шиг "Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/525 дугаар захирамж хууль зөрчөөгүй юм.

          Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг зөрчсөн гэх тухайд:

          Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт "Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", мөн зүйлийн 21.5.3 дахь хэсэгт "...энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах...." гэж заасны дагуу Баянгол дүүргийн Засаг дарга өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан байхад дээд шатны байгууллагаас хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

          Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.4, 56.1 дэх заалтуудыг зорчсон гэх тухайд:

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, 33.1.2 дахь заалт, 33,4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хуулийн зохицуулалтыг үндэслэж байгаа ч тухайн зүйл нь газар эзэмших эрхтэй холбоогүй мөн хугацаа сунгасантай холбоотой асуудлуудыг зохицуулаагүй бөгөөд А/525 тоот захирамжтай холбоотой харилцаанд хамааралгүй байхад дээрх заалтуудыг зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дах хэсгийг зөрчсөн гэх тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" гэх үндэслэл нь хууль бус бөгөөд дээрх хуулийн заалтуудаар Баянгол дүүргийн Засаг дарга нь иргэн аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхээр шийдвэр гаргах нь хуулиар олгогдсон тул уг А/525 тоот захирамжийг илт хууль бус гэж үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн A/525 дугаар захирамж нь “Газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах тухай” шийдвэр юм.

Бид дүүргийн засаг даргад тухайн газрыг өөрийн хөрөнгөөр ногоон байгууламж барих, хэрэв газрыг нийтийн хэрэгцээний зориулалтаар авах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд харилцан зөвшилцөж өөр газраар солих боломжтой талаар ч саналыг өөрөө гаргаж байсан. Гэтэл хуулийн дагуу эзэмшиж ашиглаж байгаа газар эзэмших эрхтэй иргэн аж ахуйн нэгжийн газрыг хууль бус аргаар булаан авах зорилгоор элдэв янзын хууль бус шаардлага мэдэгдэл хүргүүлж, захирамж гаргаж байгаа үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний дагуу газар эзэмших эрхтэй иргэн аж ахуйн нэгжтэй харилцан зөвшилцөж иргэдийн ая тухтай орчин нөхцөл бүрдүүлэх боломжтой байхад ямар ч санал гаргаагүй атлаа хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж хууль бус захирамж гаргаж газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Иргэн бидний эзэмшиж буй газартай холбоотой захиргааны байгууллагаас ямар нэг шийдвэр гаргах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажиллагаанд өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан биечлэн оролцож тайлбар, хүсэлт, санал, гомдол гаргаж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байтал биечлэн оролцох хүсэлтийг минь хүлээж авалгүй шийдвэрлэсэн нь мөн хууль зөрчсөн захиргааны үйл ажиллагаа гэж үзэж байна.” гэжээ.

          4.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн маргаан бүхий А/1247 дугаар захирамжаар тус газрын гэрчилгээ, гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль зүйн үндэслэлгүйгээр ноцтой зөрчиж, халдаж байгаад гомдолтой байгаа.

          Учир нь маргаан бүхий захирамжаар 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийг сунгасан буюу А/502 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тэдгээрийн хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг гэх мэт Газрын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн гээд тайлбарлаж байгаа. Гэвч 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/525 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй гэж нэхэмжлэгч нарын зүгээс үзэж байна.            

          Нэгдүгээрт, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг зөрчсөн гэж маргаан бүхий захиргааны актад дурдсан. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн зохицуулалт нь дүүргийн Засаг дарга дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг өөрийн эрх хэмжээний хүрээнд эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэсэн заалт байгаа. А/525 дугаар захирамж гарахад Баянгол дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд энэхүү захирамжийг гаргасан гэж үзэж байна. Гэтэл энэ заалтыг зөрчсөн мэтээр тайлбарлаж, А/1247 дугаар акт нь үндэслэлгүй юм гэж үзэж байна.

        Хоёрдугаарт, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.4, 56.1 дэх заалтууд нь газар эзэмших эрхтэй холбоотой заалтууд биш, газар эзэмших эрхийн хугацаа сунгахтай холбоотой харилцаанд эдгээр заалтууд хамааралгүй байдаг. Энэ заалтуудыг зөрчсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

          Гуравдугаарт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзээд газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа. Гэтэл дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн жилийн дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслээд шийдвэрээ гаргаад буюу өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан байтал хуулиар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

         Баянгол дүүргийн Засаг даргын хугацаа сунгасан захирамжийг А/1247 дугаар захирамжаар хүчингүй болгож байгаа байдлаар акт гарсан боловч 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч нарт тухайн захиргааны актыг хүчингүй болгох талаар мэдэгдлийг хүргүүлсэн гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаа. Тухайн мэдэгдэл дээр 2020 оны А/525 биш 2015 оны А/655 дугаар гэсэн актыг буюу 2015 оны актыг бид нар хүчингүй болголоо, энэ талаар тайлбар өгөөрэй гэсэн байдлаар мэдэгдэх ажиллагааг хийсэн. Гэтэл тэгэхэд мэдэгдсэнээс өөр захиргааны актыг хүчингүй болгоод байгаа нь мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзээд гомдолтой байгаа. Иймд дээрх захиргааны актыг буюу Нийслэлийн Засаг даргын А/1247 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

          5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 281 дүгээр захирамжаар Д.Э*******д 0.6 га газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлснийг үндэслэн 2014 оны А/26 дугаар захирамжаар 4612 м.кв Д.Э*******, Л.А******* нарт 20 дугаар хорооны Элба ХХК-ийн аж ахуйн хашааны зүүн урд 4612 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгасан. 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/481 дүгээр захирамжаар Д.Э*******, Л.А******* нарт тус дүүргийн 20 дугаар хороо, Элба ХХК-ийн аж ахуйн хашааны баруунд урд аж ахуйн зориулалтаар 5567 м.кв газар эзэмшүүлж, тус захирамжаа үндэслэн дүүргийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/655 дугаар захирамжаар Л.А*******аас Д.Э*******, Л.А******* нарт тус дүүргийн 6 дугаар хорооны 44а байрны зүүн урд талд 680 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. Тус захирамжаа үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/147 дугаар захирамжаар Б.В*******г тус газрын хамтран эзэмшигчээр нэмж, 2020 оны 10 дугаар сарын 16-ны A/525 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан.

          Тус газрыг 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/655 дугаар захирамжаар Д.Э*******гээс Л.А*******т тус дүүргийн 6 дугаар хорооны 44а байрны зүүн урд талд 680 м.кв газрын газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ Газрын тухай хууль зөрчсөн бөгөөд 6 дугаар хороонд байрлах аж ахуйн зориулалттай газрыг байршил зөөн шилжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус байна.

          2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/655 дугаар захирамжийг дараа нь гарсан захиргааны акт болох дүүргийн Засаг даргын захирамжууд нь хүчингүй болгосон бөгөөд илт хууль бус захиргааны актыг үндэслэн гарсан гэж үзсэн тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/1247 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны А/525 дугаар захирамжаар иргэн Л.А*******, Б.В******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

          Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/1247 дугаар захирамж гарахаас өмнө нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 01-10/4282, 01-10/4283 дугаар албан бичгээр тус тус мэдэгдэл хүргүүлсэн болно. Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/1247 дугаар захирамж үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Өмнөх шүүх хуралдаанд маш тодорхой тайлбарыг гаргасан. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч талд Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/655 дугаар захирамжаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байдаг. Үүнийг эзэмшүүлж шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, Газрын тухай хуулийн 33.1, 33.1.2 дахь хэсгийн агуулга нь зайлшгүй хэрэгцээт газрыг өмчлүүлэхдээ тухайн төлөвлөлтөд заавал сууж байж олгоно гэдэг заалт байдаг. Өнөөдөр нэхэмжлэгч газраа 2015 онд дүүргийн Засаг даргын захирамжаар авсан мөртлөө газар дээр бодит байдал дээр гарааш байдаг. Тухайн газрыг нэгдүгээрт зориулалтын дагуу ашиглаагүй, хоёрдугаарт Баянгол дүүргийн Засаг дарга 2015 онд эзэмшүүлэхдээ төлөвлөлтийн дагуу олгоогүй байна гэдэг үндсэн агуулгаар маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Л.А*******, Б.В******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/1247 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Л.А*******, Б.В******* нар дараах үндэслэлээр маргасан.

1/Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/1247 дугаар захирамжаар Л.А*******, Б.В******* нарт газар эзэмшүүлсэн захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хүчингүй болгож бидний эрх ашгийг хууль зүйн үндэслэлгүйгээр ноцтой зөрчиж байна.

2/Маргаан бүхий захирамжид үндэслэж байгаа шиг Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/525 дугаар захирамж хууль зөрчөөгүй.

3/Баянгол дүүргийн Засаг дарга нь иргэн аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхээр шийдвэр гаргах эрх нь хуулиар олгогдсон тул уг А/525 дугаар захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

4/Сонсох ажиллагаанд өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан биечлэн оролцож тайлбар, хүсэлт, санал, гомдол гаргаж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байтал биечлэн оролцох хүсэлтийг минь хүлээж авалгүй шийдвэрлэсэн.

             3.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/1247 дугаар захирамжаар Л.А*******, Б.В******* газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

           4.Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/481 дүгээр /х.х-ийн 99/ захирамжаар Д.Э*******, Л.А******* нарт тус дүүргийн 20 дугаар хороо, Элба ХХК-ийн аж ахуйн хашааны баруунд урд аж ахуйн зориулалтаар 5567 м.кв газар эзэмшүүлсэн.

           5.Мөн дүүргийн Газрын албанд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Д.А*******, Д.Э******* нараас 20 дугаар хороо, Элба ХХК-ийн аж ахуйн хашааны баруунд урд аж ахуйн зориулалтаар 5567 м.кв газрын 700 м.кв газрыг Д.А*******т шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байна. /х.х-ийн 107-109/

           6.Дээрх хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/655 дугаар /х.х-ийн 45/ захирамжаар газрын байршил өөрчлөн Л.А*******т тус дүүргийн 6 дугаар хороо 44а байрны зүүн урд талд байрлах нэгж талбарын 16******* дугаар бүхий 680 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгосон.

           7.Ингээд мөн дүүргийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/147 дугаар /х.х-ийн 47/ захирамжаар Л.А*******, Б.В******* нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлж, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн A/525 дугаар /х.х-ийн 49/ захирамжаар орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгажээ.

         8.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/1247 дугаар /х.х-ийн 41/ захирамжаар иргэн Л.А*******, Б.В******* нарт тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 680 м.кв газар эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны А/525 дугаар захирамжийн 4 дэх заалт буюу  Л.А*******, Б.В******* газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

         9.Хариуцагчаас Л.А*******, Б.В******* нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэлээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 33.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг тус тус зөрчиж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж тайлбарлажээ.

        10.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”,

33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” 33.4-д ”Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно.”,

        56 дугаар зүйлийн 56.1-д заасан “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ”,  

61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан.

          11.Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны А/525 дугаар захирамжийн 4 дэх заалтаар Л.А*******, Б.В******* нарт газар эзэмших эрх олгоогүй, харин хүчин төгөлдөр газар эзэмших эрхийг сунгасан захирамж бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, 33.1.2 дахь заалт, 33.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “...өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар ...” гарсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

             12.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар /х.х-ийн 162/ тогтоолоор нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, мөн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 14/07 дугаар /х.х-ийн 133/ тогтоолоор батлагдсан тус дүүргийн 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Баянгол дүүргийн 6 дугаар хороо 44а байрны зүүн урд талд байрлах 680 м.кв газарт нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгагдаагүй байна.

            13.Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар /х.х-ийн 144/ “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршилд маргаан бүхий газар тусгагдаагүй.

           14.Маргаан бүхий газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн эсэх талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/2648 дугаар албан бичгээр тодруулсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “2022 оны төлөвлөгөөнөөс хойш өөрчлөгдсөн зүйл байхгүй” гэх тайлбар өгсөн, уг төлөвлөгөөнд маргаан бүхий газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгагдаагүй талаар дээр дурдсан болно.

           15.Үүнээс үзэхэд нийслэлийн Засаг даргын А/1247 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.А*******, Б.В******* нарт эзэмшүүлсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 44а байрны зүүн урд талд байрлах орон сууцны зориулалттай 680 м.кв газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр дуусгавар болгож нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг зөрчжээ.

           16.Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/655 дугаар захирамжаар Л.А*******т, мөн дүүргийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/147 дугаар захирамжаар Л.А*******, Б.В*******д хамтран эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг мөн дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн A/525 дугаар  захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгасан.

           17.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарт Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүссэн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ийн дагуу хамгаалагдах ёстой.

18.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг хариуцагчаас хэрэгжүүлээгүй буруутай байна.

           19.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлэх шийдвэрийн талаар үүссэн маргааныг энэ хуулийн 60.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.”, 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.” гэж заасан.          

           20.Иймд дээрх хуульд заасан үндэслэл болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Л.А*******, Б.В******* нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/1247 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.А*******, Б.В******* нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/1247 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН