| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2026/0003/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/04 |
| Огноо | 2025-12-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Д.Д |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2026/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Д.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2540001350095 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ............ суманд 19.. оны ...дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, ... настай, ...., ... боловсролтой, ........... мэргэжилтэй, ......... ажилтай, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт ........дүгээр байрны ... тоотод оршин суух,
урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******. (РД:..................)
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр .......................... нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын замд 2,35 хувийн согтолттойгоор 93-79УНР улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь хэсэгт заасан “а/....согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчиж зам хөндлөн гарч явсан ******* мөргөж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан буюу тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг “согтуурсан” үедээ үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ................... урд талын замд 2,35 хувийн согтолттойгоор 93-79УНР улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам хөндлөн гарч явсан ******* мөргөж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан буюу тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг “согтуурсан” үедээ үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар илэрхийлсэн байна.
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ................... урд талын замд 2,35 хувийн согтолттойгоор 93-79 УНР улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь хэсэгт заасан “а/....согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчиж зам хөндлөн гарч явсан ******* мөргөж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан буюу тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг “согтуурсан” үедээ үйлдсэн болох нь:
-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7 дугаар хуудас),
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 70-73 дугаар хуудас)
-Жолоочийн согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл (хх-ийн 8 дугаар хуудас),
-Хэнтий аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ХЭН-БОР0725/065 дугаартай шинжээчийн “******* биед зүүн дунд чөмөгний ясны булууны дээгүүрх зөрөөгүй далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15-30 хувь алдагдуулна” гэх дүгнэлт (хх-ийн 29-31 дүгээр хуудас),
-Хохирогч ******* Гэмтэл, согог судлалын үндэсний төв эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан талаарх 12655 дугаартай өвчний түүх (хх-ийн 35-49 дүгээр хуудас),
-Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа (хх-ийн 55 дугаар хуудас),
-Мөрдөгчийн магадалгаа (хх-ийн 56-58 дугаар хуудас),
-Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2025 оны 07 дугаар сарын 10-ны орой 21 цаг өнгөрч байхад Малчин нэртэй хүнсний дэлгүүрээс 1 шил 05 литрийн савлагаатай Хараа нэртэй архийг худалдан авч ах А гэрт явж очсон. Тэгээд А ахтай 2-лаа 1 шил архиа хувааж ууж дуусгасан. Тэр өдөр Бор-Өндөр сумын баяр наадмын шоу болж байсан. Би А ахын гэрээс гараад гэр лүүгээ явж байхад шоуны салют буудаж байсан цаг 2025 оны 07 дугаар сарын 11-ний шөнийн 00 цаг өнгөрсөн байсан байх. Би тэгээд гэр лүүгээ геологийн байрны зүүн талын засмал замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй засмал замын баруун талын захаар алхаж явахад хойноос машины гэрэл зам дээр тусаад араас машин ирэх шиг болсон. Тэгсэн миний зүүн хөл хэсгийг мөргөж би газар унах шиг болсон. Нэг сэрсэн сумын нэгдсэн эмнэлэгт ирчихсэн хэвтэж байсан. Би машинд мөргүүлээд ухаан санаа орж гарсан байх сайн санахгүй байгаа. Өглөө нь хөлийн зураг авхуулахад зүүн хөлийн өвдөгний дээд хэсгээр нэг хугарсан байна гэж эмч хэлээд хөлөө гипсдүүлээд гэр лүүгээ явсан. Би 1 шил архи уугаад ухаан санаагаа алдтал согтоогүй айлаас гараад явж байснаа санаж байна, харин машинд мөргүүлээд ухаан санаа балартсан юм шиг байна. Машинд мөргүүлээд өглөө нь эмнэлгээс гарахад 10 хоногийн дараа давтан үзүүлээрэй гэхэд нь эмчид үзүүлэхэд Улаанбаатар хот руу явж хөлдөө хагалгаа хийлгэх хэрэгтэй байна гэхэд нь Улаанбаатар хот гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж хөлийнхөө ясыг хадуулсан. Нөгөө машины жолооч ойролцоогоор 5 орчим сая төгрөг өгсөн. Гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16 дугаар хуудас)
-Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би 2025 оны наадмын 1 дэх өдөр буюу 07 сарын 10-ны орой 23 цаг 50 минутын үед 1 шил архи аваад хүргэн ахтайгаа хувааж уугаад гэр лүүгээ алхаж байсан. Тэгэхэд соёлын төвд салют буудаж байсан. Би тэр салютыг дээш хараад явж байтал араас машин ирээд мөргөчихсөн юм. Би ухаан алдаад нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлтэл хөл хугарсан байна гэж хэлсэн. Би тухайн гэмтлийн улмаас эмнэлгийн төлбөр болон эмчилгээний төлбөрийг 100% ******* гэх залуу гаргасан. Надад гомдол санал байхгүй, нийт 6,200,000 төгрөгийг дансаар хүлээн авсан. Надад ямар нэгэн гэмтэл зовиур гэх зүйл байхгүй байна, Би сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 66-67 дугаар хуудас)
-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2025 оны 07 сарын 10-ны өдөр амарч байсан. Наадмын шоун дээр таарсан. Би шоун дээр нэлээн согтолттой байсан, тэгээд бид 2 *******гийн машинтай Хас банкны ард талын зогсоол дээр зогсоод 2 литр айраг, 6 лааз пиво уусан. Би ууж байхдаа тасраад унтсан байсан, тэгээд ******* бааранд ирчихлээ гээд намайг сэрээсэн. Би мэдээгүй тасраад унтсан байсан баарны гадна очоод намайг сэрээгээд бааранд байж байгаад *******г аваад явсан. Би ямар шалтгаанаар цагдаагийн хэлтэс рүү авч явааг мэдээгүй. Би М бааранд үлдсэн” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18 дугаар хуудас)
-Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн шинж нь жолооч өөрийгөө согтуурсан, мансуурсан гэдгээ мэдсээр байж, эсхүл согтуурсан, мансуурсан нөхцөл байдлын улмаас өөрийн ухамсар, биеийг удирдах чадамж алдагдсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласан.
Шүүгдэгч ******* нь 2.35 хувийн согтолтойгоор, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон.
Хэнтий аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ХЭН-БОР0725/065 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч ******* биед зүүн дунд чөмөгийн ясны булууны дээгүүрх зөрөөгүй далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тогтоогдсон.
2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн магадалгаагаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох үедээ согтууруулах ундаа хэрэглэж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 “а” заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа мөргөж, хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг “согтуурсан” үедээ үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч ******* биед хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь “...*******гээс өөрт учирсан эмчилгээний зардалд 6,200,000 төгрөгийг авсан, гомдол саналгүй гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс хохирогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмчилгээний зардалд 4,324,316 (дөрвөн сая гурван зуун хорин дөрвөн мянга гурван зуун арван зургаан) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 5 (таван) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 2 (хоёр) жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч *******гээс “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь тогтоогдож байна. (хх-ийн 84, 86-90 дугаар хуудас)
Иймд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчийн прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 5 (таван) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 (хоёр) жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жил 5 (таван) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 (хоёр) жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жил 5 (таван) сарын хугацаагаар хасах ялын хугацааг тоолсугай.
5.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогчид 6,200,000 төгрөг төлсөн, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс хохирогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмчилгээний зардалд 4,324,316 (дөрвөн сая гурван зуун хорин дөрвөн мянга гурван зуун арван зургаан) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд олгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4, 5-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэдгийг тайлбарласугай.
8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.
9.Шүүгдэгч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ