Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/234

 

  

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,   

Улсын яллагч Ш.Наранчимэг,      

Шүүгдэгч О.М,        

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                      

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн О-ийн М-т холбогдох 2528003720351 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Биеийн байцаалт:                   

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч О.М нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Хүрмэн багийн нутагт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.Г-ыг зодож, биед нь тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.             

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.М-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед тэр хүнтэй буруу ойлголцсоны улмаас гэмтэл учруулсан гэдгээ мэдэж байгаа. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед Хүрмэн сумын Хүрмэн багийн нутагт байх Хөгжлийн тод зам ХХК-ийн кемпээс гарч урд кемп рүү явж байх замд 2 машинтай хүн урдаас халз тулж зогсоод урд машинаас нэг хүн буугаад миний машины хаалгыг нээгээд намайг хаачих гэж байгаа юм бэ гэж асуусан. Би урд кемп орж экскаватор ачих гэж байгаа юм гэж хариулсан. Тэгэхэд нөгөө хүн эндээс урагш нь явуулахгүй, явбал ална шүү, машинаа унтраа гэж хэлэхэд нь би машин унтрахгүй гэж хэлээд машинаа унтраагаагүй. Тэгээд намайг буугаад ир гэж хэлэхээр нь би буугаад очиход миний мөрөн дээгүүр гараа тавиад машинаас жоохон холдоод бид хоёр алхаад явсан. Тэгээд жоохон зайтай очиж байгаад намайг нөгөө залуу зодож эхэлсэн. Тэгээд миний нүүр рүү цохиод авахаар нь би нүүрээ дараад тонгойсон. Нөгөө хүн миний толгой, хүзүү, нуруу руу цохисон. Би нүүрээ дараад зодуулаад зогсож байхад нэг машин урдаас давхиж ирээд нэг эмэгтэй хүн одоо болио ардаас цагдаа нар ирж байгаа гэж хэлсэн. Тэр эмэгтэй хүнийг тэгж хэлэхэд нь нөгөө залуу намайг зодож байсан. Дараа нь нэг ах ирж намайг салгасан. Тэгээд салгаад эргээд хартал ард цагдаа ирээд машиныхаа хажууд зогсож байсан. Тэр цагдаа юу болоод байгаа юм бэ гээд намайг зодсон хүнтэй уулзсан. Намайг зодсон хүнээс архи нэлээн үнэртэж байсан. Тэр хүн машин унаж ирж миний урдуур тулж зогссон. Тэр машиныг өөр хүн бариад хөдөлгөөд явсан. Тэр хүмүүс явсны дараа цагдаа миний биеийг асуугаад гомдол санал байгаа юу гомдол санал байвал над руу залгаарай гээд надад утасныхаа дугаарыг өгсөн. Би за тэгье гээд цагдаад дугаараа өгөөд машиндаа суугаад явсан... Надад эмчилгээний болон бусад зардалд хохирол гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. О.М нь эмчилгээний 2 сая төгрөгийг над руу шилжүүлж миний хохирлыг барагдуулсан. Гомдол санал байхгүй. Хэргийн материалтай танилцах шаардлагагүй. Шүүх хуралд оролцохгүй. Би уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. (хавтаст хэргийн 12, 15 дахь тал)      

Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хүрмэн сумын Жанжин багийн нутаг хөдөө гэртээ байж байгаад нөхөр О бид хоёр Даланзадгад сум орох гээд машинтайгаа явж байхад Хүрмэн сумын нутаг Буур хайрхан уулын баруун үзүүр хэсэгт явж байхад нэг том оврын ачааны машин зогсож байсан хажууд нь 2 суудлын авто машин зогсож байхаар бид зогсоод машинаас буугаад том машины хажууд сууж байсан 2 хүн дээр очиход том машины жолооч бололтой эрэгтэй хүн манай сумын М нар юм яриад сууж байсан нөхөр бид хоёр очоод тэр 2 хүнтэй мэндэлчхээд том машины жолоочоос хаашаа явж байгаа юм гэсэн чинь энэ урдаас ачаа ачих гэж явж байна гэж хэлсэн. М хажууд нь халамцуу сууж байсан М-тай хамт яваа хүмүүс нь машинаас бууж ирээгүй машиндаа сууж байсан. Тэгээд манай нөхөр жижиг машинд сууж байсан хүмүүс рүү явсан том машины жолооч, М нар босож явсан. Би жижиг машин ямар хүмүүс байна гээд очсон чинь З-аа гэж хүн машинаас гараад ирсэн би юм яриад зогсож байхад М том машины жолоочийн араас нь алгадаад авахаар нь би боль араас цагдаа ирж байгаа гэж хэлээд М-ын очоод барьж аваад хөтлөөд явж байсан чинь Хүрмэн сумын хэсгийн төлөөлөгч машинтай ирээд зогссон. Тэгээд бууж ирээд юу болоод байгаа юм бэ гээд М энэ машин урагшаа явах гээд байна би эмээ, ээжийнхээ өссөн нутаг руу явуулахгүй гэсэн чинь цагдаа энэ машин урдаас ачаа ачих гэж яваа юм байна явуул чи согтуу байна одоо яв гэсэн чинь М сууж ирсэн машиндаа суугаад хөдлөөд явсан нөхөр бид хоёр араас нь хөдлөөд явсан цагдаа том машины жолоочтой уулзаад үлдсэн.” (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

Гэрч Ч.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 10 дугаар сарын 13-ны өглөө Хүрмэн сумын Өлзийт гэх газраас Даланзадгад орох гэж явж байгаад машин эвдрээд төрсөн дүү М-ыг дуудсан. М жижиг суудлын машинаа унаад Наранчимэг, Энхдалай нар над дээр ирээд миний машиныг чирээд Даланзадгад явж байхад Буурын хайрхны баруун үзүүр хэсэгт нэг том машин явж байхаар нь зогсоод М манай нутаг руу том машин явуулахгүй жолоочтой нь уулзана гээд машинаасаа буугаад явсан би машиндаа сууж байсан М том машины жолооч дээр яриад зогсоод байгаа харагдсан. Удалгүй араас О эхнэртэйгээ машинтай ирээд тэр 2 дээр очоод уулзаж байгаа харагдсан нэг харсан чинь М тэр том машины жолооч 2 нэг нэгнийхээ хувцаснаас барилцсан муудалцсан бололтой зогсож байсан. О-ийн эхнэр очоод М-ыг салгаад аваад ирж байхад цагдаа ирээд юу болоод байгаа юм гээд эвлэрүүлээд салгаад явуулсан өөр юм болоогүй.” (хавтаст хэргийн 32-33 дахь тал)             

Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэртээ эхнэр Ц бид 2 Даланзадгад сум орох гээд явж байхад Хүрмэн сумын нутаг Буур хайрхан уулын баруун үзүүр хэсэгт явж байхад нэг том оврын ачааны машин зогсож байсан. Хажууд нь 2 суудлын автомашин зогсож байхаар бид хоёр машинаас бууж очиход том машины жолооч бололтой хүн манай сумын М нар том ачааны машины хажууд сууж байсан эхнэр бид 2 очоод тэр 2 хүнтэй мэндэлчхээд том машины жолоочоос хаашаа явж байгаа юм гэсэн чинь энэ урдаас ачаа ачих гэж яваа хүн байна гэж хэлсэн. М энэ машин урд хил явуулахгүй гэхээр нь би наад машинаа явуулаа урдаас ачаа ачаад буцах гэж байгаа машин юм байна гэж хэлчхээд би жижиг машинд байсан хүмүүстэй уулзах гээд явсан чинь нөгөө машины жолооч М 2 барилцаад авсан чинь манай эхнэр боль та нар араас цагдаа ирж байгаа шүү гээд эхнэр Ц, М-ын салгаад хөдөөл ирж байхад Хүрмэн сумын хэсгийн төлөөлөгч Б машинтай ирж зогсоод бууж ирээд боль та нар гэсэн том жолооч М 2 хэрэлдээд байгаа байсан. Тэгээд цагдаа М-ыг чи согтуу одоо машиндаа суугаад яв гэсэн М машины ард суугаад яваад өгсөн би араас нь эхнэр суулгаад машиндаа суугаад яваад өгсөн өөр юм болоогүй.” (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед Хүрмэн сумын Тулга багийн нутгийн замд Т.О гэж хүний машинтай нь урдаа оруулаад араас нь би машинтай дагаад Даланзадгад сумын чиглэлд явж байхад урд нэг нэгнийгээ чирсэн 2 суудлын машин нэг том оврын ачааны машин зогссон байгаа харагдсан намайг машинтай очоод зогсоход машины хажууд 2 эрэгтэй хүн зууралдаад зогсож байхаар нь би машинаас бууж ирээд тэр 2 хүнийг дуудсан чинь хоёулаа хүрээд ирсэн нэг нь манай Хүрмэн сумын иргэн М том машины жолооч Г гэж хүнтэй маргалдсан байдалтай байхаар нь юунаас болсон юм гэхэд М архи уусан байдалтай би урагшаа том машин явуулахгүй гэж маргасан юм гэж байсан. Би том машины жолооч Г-аас М таны биед халдсан уу таны бие зүгээр үү гэхэд Г энэ залуу таныг ирэхээс өмнө намайг зодсон 2, 3 цохиж авсан миний биед зүгээр ээ гэхээр би танд гомдол санал байна уу гэсэн надад гомдол санал байхгүй гэж байсан гэхээр нь Г гэж хүнийг та гомдолтой бол надтай утсаар холбогдоорой гэж хэлээд М-ыг дуудаад та хоёр ямар асуудал гараад зууралдаад байгаа юм гэсэн чинь би нутаг руугаа том машин явуулахгүй гэж хэлсэн юм гээд Г-тай гар бариад эвлэрсэн. Тэгээд М хамт явсан хүмүүсийнхээ машинд суугаад явсан.” (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ӨМГ/0725/471 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.Г-ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Э.Г-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 51-52 дахь тал).

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.М-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.   

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх дүгнэлтийг,  

Шүүгдэгч нь би гэм бураагаа маш сайн ойлгож байгаа. Маш их харамсаж байна. Дахин ийм асуудал гаргахгүй гэх тайлбарыг тус тус гаргав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч О.М нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Хүрмэн багийн нутагт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.Г-ыг зодож, биед нь тархи доргилт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.       

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Э.Г-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 12, 15 дахь тал), гэрч Д.Ц-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), гэрч Ч.З-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), гэрч Т.О-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), гэрч О.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ӨМГ/0725/471 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.          

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч О.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Г-ын эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ӨМГ/0725/471 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал)-ээр тогтоогдож байна.    

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч О.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.         

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч О.М-ын хохирогч Э.Г-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.                   

Шүүгдэгч О.М нь хохирогч Э.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Э.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад эмчилгээний болон бусад зардалд хохирол гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. О.М нь эмчилгээний 2 сая төгрөгийг над руу шилжүүлж миний хохирлыг барагдуулсан. Гомдол санал байхгүй. Хэргийн материалтай танилцах шаардлагагүй. Шүүх хуралд оролцохгүй. Би уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. (хавтаст хэргийн 15 дахь тал) гэж мэдүүлж байх ба мөн Эрүүл мэндийн даатгалын санд 361,825 төгрөг төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 73 дахь тал)-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.        

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэх дүгнэлтийг,  

Шүүгдэгч нь торгох ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.              

Шүүгдэгч О.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч нар ...анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хор уршигт 2,000,000 төгрөг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхээс шүүгдэгч О.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилжээ.                  

Иймд шүүх шүүгдэгч О.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.                     

Бусад асуудлаар.         

Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Г-т 2,000,000 (хоёр сая) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 361,825 (гурван зуун жаран нэгэн мянга найман зуун хорин тав) төгрөг тус тус төлсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.                 

                    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Я овгийн О-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Г-т 2,000,000 (хоёр сая) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 361,825 (гурван зуун жаран нэгэн мянга найман зуун хорин тав) төгрөг тус тус төлсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.                      

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.         

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ