Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд,

Шүүгдэгч: О.*******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000368 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  ******* овогт *******гийн ******* /РД: *******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаартай шүүхийн шийтгэврээр 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан ‘Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2,97 хувийн промильтой үедээ 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 13 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хонгор” хотхоноос 3 дугаар баг руу явах засмал замд ******* БНХ улсын дугаартай Тоёота Пробокс загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч О.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг / хх-ийн 30 /,

2. Шүүгдэгч О.*******ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:... .Би 2025 оны 08 дугаар сарын 16-ний өдөр 13 цагийн орчим Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багт байх айлд 0,75 литрийн Хараа гэх архи уучхаад Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг руу гэр рүүгээ явж байсан чинь Баянхонгор сумын номгон 1 дүгээр багт байх Хонгор хотхоны орчим замын цагдаагийн алба хаагч зогсоож шалгаад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд тээврийн хэрэгсэл журамласан. Би уг нь В ангиллын эрхийн үнэмлэхтэй байсан 2025 онд 02 дугаар сарын 07-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад эрхээ хасуулсан юм. Харин энэ удаа эрхийн үнэмлэхгүй согтуу тээврийн хэрэгсэл барьж баригдсан. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тээврийн хэрэгсэл жолоодож миний хажууд манай найз болох Ичинхоролоо суусан зорчиж явсан. Намайг цагдаагийн алба хаагч зогсоож шалгаад драгер багаж үлээлгэхэд миний согтолтын хэмжээ 2,97 хувьтай гарсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.  

4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... .Би 2025 оны 08 дугаар сарын 16-ний өдөр 13 цагийн орчим гэр рүүгээ харих гээд явж байсан чинь ******* машин уначихсан согтуу явж байхтай таарсан. Тэгээд намайг суучих хүргээд өгье гэхээр нь суугаад Баянхонгор сумын номгон 1 дүгээр багт байх Хонгор хотхоны орчим явж байсан чинь замын цагдаагийн алба хаагч зогсоож шалгаад *******ийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд тээврийн хэрэгслийг нь журамлаад аваад явсан. Тээврийн хэрэгслийг ******* жолоодож явсан. Надтай таарах үедээ ганцаараа явж байсан. Тэгээд би суугаад явж байсан. ******* архи согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой архи үнэртэж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/ болон хяналт шалгалтаар илтгэх хуудас /хх-ийн 03/, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /хх-ийн 04-07/, Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ЗШ/185 дугаартай шийтгэвэр /хх-ийн 18-19/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.                                                                                                                 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг үйлдэлдээ Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаартай шийтгэврээр 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2,97 хувийн промильтой үедээ 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 13 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хонгор” хотхоноос 3 дугаар баг руу явах засмал замд ******* БНХ улсын дугаартай Тоёота Пробокс загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон  нь гэрч *******гийн  өгсөн: “... .Би 2025 оны 08 дугаар сарын 16-ний өдөр 13 цагийн орчим гэр рүүгээ харих гээд явж байсан чинь ******* машин уначихсан согтуу явж байхтай таарсан. Тэгээд намайг суучих хүргээд өгье гэхээр нь суугаад Баянхонгор сумын номгон 1 дүгээр багт байх Хонгор хотхоны орчим явж байсан чинь замын цагдаагийн алба хаагч зогсоож шалгаад *******ийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд тээврийн хэрэгслийг нь журамлаад аваад явсан. Тээврийн хэрэгслийг ******* жолоодож явсан. Надтай таарах үедээ ганцаараа явж байсан. Тэгээд би суугаад явж байсан....” гэх мэдүүлэг шүүгдэгч ******* архи уусан уг үйлдлийг илрүүлсэн Баянхонгор аймгийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч *******ын илтгэх хуудас, гэрэл зургийг үзүүлэлт зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч О.******* нь  2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, 12 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд  2025 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 13 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хонгор” хотхоноос 3 дугаар баг руу явах засмал замд ******* БНХ улсын дугаартай Тоёота Пробокс загварын тээврийн хэрэгслийг жолоодон 2.97 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Иймд шүүгдэгч О.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.

Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүх шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,..ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг буюу тээврийн хэрэгсэл согтуурсан үедээ жолоодож шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж баривчлах шийтгэл эдэлж  дууссаны дараа дахин согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар долоон сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэж уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн учир 06 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх нь оруулан тооцлоо.

Шүүгдэгч О.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа шинээр дахин тоолох нь зүйтэй байна.

Уг хэргийн учир эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, долоон / 07 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч О.*******ийг  долоон / 07 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.*******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон  зургаа  / 06 / хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн  5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр/ 02 / жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  болохыг тус тус  дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.*******т  урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  түүний эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын  10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.*******т авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАТЦЭНГЭЛ