Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/47

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Б /цахимаар/,

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Б/цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т-н өмгөөлөгч Л.Н /цахимаар/ 

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/172 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Б.М-д холбогдох 1829002740202 дугаартай эрүүгийн хэргийг ахлах прокурор Т.М-н эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т, түүний өмгөөлөгч Л.Н нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-н давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.М,

Яллагдагч Б.М нь Авто тээвриийн хэрэгслийн ачаа тээвэрлэх дүрмийн 2.6, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8, 28.3, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтуудыг биелүүлээгүйн улмаас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02 цаг 30 минутын орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг болох  чиглэлийн зам дээр Д.Д-н жолоодож явсан улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслийн кабин халаагч төхөөрөмжөөс гал гарч иргэн Д.Д-н амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Т.М нь Б.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь  сум дундын шүүх: Б.М-д холбогдох 1829002740202 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч. түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Т.М нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

Нэг. Шүүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлээгүй гэх асуудлын талаар:

1.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д "... мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай танилцаж, төр байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах”-аар зохицуулсан.

Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах үүрэг хүлээдэг. Тухайлбал 14.1.1-т үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах үүрэг хүлээдэг.

Мөрдөгч мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хавтаст хэргийн материалыг танилцах талаар урьдчилан мэдэгдэж энэ талаар мөрдөгчийн тэмдэглэл үйлдсэн ба 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагч Б.М, түүний өмгөөлөгч Б.Б, хохирогч Д.Д, Ж.Т нарт танилцуулсан ба энэ талаар мөрдөгчийн тэмдэглэл үйлдэж, хэрэгт хавсаргасан атал анхан шатны шүүх оролцогч нарт танилцуулаагүй мэтээр бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан нь илт үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

Мөн яллагдагч Б.М-н өмгөөлөгч Батбаярт мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэж хавтаст хэргийн материалаар танилцах эрх, боломжоор нь хангасан байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 болон мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг ноцтой зөрчсөн байна.

1.2. Хохирогч Д.Д нь мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд өмгөөлөх эрхээр хангуулах хүсэлт гаргаагүй бөгөөд харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлүүлэх эрхээр хангуулмаар байна гэсэн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-т заасан "Өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах" эрхийг нь ноцтой зөрчжээ.

Хоёр. Шүүгдэгч 2018 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө "Омогт цагаан шонхор транс” ХХК-ийн захирал Б.М-н гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

Тухайлбал хавтаст хэрэгт авагдсан дараах баримтууд хэрэгт авагдсанаас гадна шүүгчийн захирамжийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасан "... хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүхий л арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн шаардлагыг бүрэн биелүүлээгүй" гэх заалт нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.Үүнд:

2.1."А" талыг төлөөлж БНХАУ-ын талаас Ванг Во, “Б" талыг төлөөлж “Омогт цагаан шонхор транс” ХХК-ийг төлөөлж Б.М нар Олон улсын тээвэр, тээврийн хамтын ажиллагааны гэрээг байгуулсан байна. Уг гэрээнд тээврийн хэрэгслийн маршрутын талаар эхлэх цэг нь Таван толгойн орд газар, эцсийн цэг нь Ганц модны боомтын хятадын гаалийн агуулах гэж заасан ба гэрээний талуудын эрх үүрэгт 2.1.4-т В тал буюу “Омогт цагаан шонхор” ХХК-ийн үүргийг зохицуулсан байдаг.

Тодруулбал, "Б” талын буруугаас тээврийн хэрэгслийн жолооч болон жолоочид хохирол учирвал “Б” тал хариуцах буюу Б талаас шаардах эрхтэй. Мөн жолоочийн аюулгүй байдлыг хангуулахаар шаардах эрхийн талаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл хятад тал буюу А тал монголд байгаа тээврийн хэрэгсэл жолоодож байгаа машины жолооч нарыг эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах боломжгүй юм. Энэ гэрээнд жолоочид хэн хөлс төлөхийг зохицуулсан ба “А” тал нь зөвхөн жолоочид хөлс төлөх л үүрэг хүлээсэн байна.

2.2 Хэрэгт жолооч М.Х түүний орчуулагч гэх нэг Өвөр монгол хүн нар хамт байхад нь хүлээж авсан. ...тэгээд тээвэр хийгээд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Цагаанхад” боомт дээр уг автомашиныг жолооддог гэх талийгаач Д.Д-д хүлээлгэж өгсөн” талаар мэдүүлсэн тул хятад талаас гэрч нараас мэдүүлэг авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, хохирогчийн эрхийг зөрчих нөхцөл байдал үүсэхээс гадна дээрх гэрээгээр нэгэнт зохицуулсан асуудлыг шалгах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй байна.

2.3 Хохирогч     Д.Д нь 06-63 ӨМӨ улсын дугаартай автомашинаар “Энержи Ресурс”, “Эрдэнэс таван толгой” ХХК-аас ачаа ачиж хилээр 2018 оны 08 дугаар сарын 28-наас 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 7 удаа Гашуунсухайтын боомтоор гарсан ба 4 сая орчим сая төгрөгийг эхнэр Т руу цалин, орлого гэх нэрээр 2019 оны 09-10 сард шилжүүлсэн байдаг.

2.4.Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Б.Б-н 2018 оны 12 дугаар сарын 24-ний 30/47 дугаартай дүгнэлтийн 5-р асуултын хариултад “Автомашинд суурилуулсан кабин халаагч нь Монгол улсад хэрэглэх тусгай зөвшөөрөл байхгүй. БНХАУ-ын тээврийн хэрэгслийн эзэд нь автомашиндаа суурилуулсан" гэжээ. /1x29/

Мөн Стандарт хэмжил зүйн газрын 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хариу бичигт “...Автомашины кабин халаагч гэх төхөөрөмж нь мөрдөх стандарт байхгүй” талаар хариу ирүүлсэн байдаг. Энэ нь нөгөө талаар “Омогт цагаан шонхор” ХХК нь Монгол Улсад бүртгэлтгүй стандартад нийцээгүй төхөөрөмжийг ашиглаж байсан баримт юм. Энэ халаагч төхөөрөмжийг хэн нэгэн аж ахуйн нэгж оруулж ирээгүй, тухайн осолд орсон автомашинд нь суурилуулсан байна. Ийм учраас тусгай зөвшөөрлийн асуудал энэ хэрэг дээр яригдах боломжгүй юм.

2.5.Шинжээчийн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын ахлах байцаагч, шинжээч С.Б, Ц.Б, Б.Б нарын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 05-092/27 дугаартай дүгнэлт /4x05-10/-ийн 12-т зааснаар уг осол нь “үйлдвэрлэлийн осол” мөн бөгөөд дүгнэлтийн 9,11-т зааснаар “ажлын байр’’-д үйлдэгдсэн болох нь тогтоогдсон.

Мөн уг дүгнэлтийн 15, 16-д “Омогт цагаан шонхор транс" ХХК нь техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй, эрсдэлийн үнэлгээ хийгээгүй байна. Тухайлбал: Өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд “Авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх” дүрмийн 2.6 дахь заалтын дагуу тээврийн хэрэгслийг тээвэрт гарах бүрд техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, замын хуудас олгоогүй нь “Омогт цагаан шонхор транс” ХХК нь дээрх дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

“Омогт цагаан шонхор транс” ХХК нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдэд нэмэлтээр тавигдсан тоноглол нь аюулгүй ажиллагааны шаардлага хангаж байсан эсэхэд “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/ гэсэн заалтын дагуу эрсдэлийг үнэлж тогтоогоогүй нь уг хуулийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэжээ.

Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажилтан биш ажил олгогчид байдаг.Энэ талаар дүгнэлтийн 18-д тодорхой, ойлгомжтой заасан байна.

Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд буюу “Омогт цагаан шонхор транс" ХХК-ний нэр бүхий жолооч нараас мэдүүлэг авахад “... анх ажилд орохдоо ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулж нийгмийн даатгал бөглөж байгаагүй талаар” мэдүүлжээ. Улмаар "Омогт цагаан шонхор” дээрх үүргийг зөрчсөн байна.

2.6. Мөн хавтаст хэргийн материалаас үзэхэд тухайн автомашинд гарсан гал түймэр автомашины цахилгааны  гэмтлээс үүссэн гэх шинж тэмдэг илрээгүй бөгөөд энэ талаар гал түймрийн улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Ш-04 дугаартай дүгнэлтэд тодорхой тусгажээ. 2х/190-192/

Түүнчлэн автомашины халаагч нь кабины шалны түвшин дэх янданд маш их халалт, төөнөлт өгч байсан болох нь шинжээч нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын туршилтаар давхар нотлогдсон болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай байх тул шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/172 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т болон түүний өмгөөлөгч Л.Н нар нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон хариу тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлтийг шийдвэрлээгүй гэж тодорхойлжээ. Гэтэл Л.Н миний бие хэргийн бүхий л шатанд эрх зүйн туслалцаа үзүүлэн оролцож байгаа бөгөөд Ж.Т-н зүгээс өмгөөлүүлэх эрхтэй холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад хэргийг прокурорт буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Д.Д-н хувьд хэргийн материалтай танилцсан байхад хэргийн материал танилцуулаагүй гэх үндэслэлээр хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.

Мөн яллагдагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй гэх үндэслэлийг дурдсан байна. Гэтэл яллагдагч өөрөө болон өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцсан байх ба хэргийг шүүхэд шилжихээс өмнө үүнтэй холбоотойгоор ямар нэгэн хүсэлт гаргаагүй.

 Шүүхийн аль ч шатанд хэргийн материалтай танилцах бүрэн боломжтой байсан тул яллагдагчийн өмгөөлөгч Б.Б-н хүсэлтийг хангах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Энэ нь хэргийг удаашруулах үр дагаврыг үүсгэж байна гэж үзэж байна.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Б-н гаргасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүгч дүгнэсэн. Гэтэл шүүгч ингэж үзсэн үндэслэлээ үндэслэл бүхий байдлаар тайлбарлаагүй, дүгнээгүй. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон хариу тайлбартаа: “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т нь өөрийн өмгөөлөгчийн хамт хэргийн бүхий л шатанд оролцсон ба өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад шүүгч ийм үндэслэлээр хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.

Мөн миний хувьд хэргийн материалтай мөрдөн байцаалтын шатанд танилцсан тухайгаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд тодорхой хэлсэн байхад хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй гэж үзсэн нь шүүгч хэт нэг талыг барьсан болох нь тодорхой харагдаж байна.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Б-н хувьд хэргийн материалтай танилцах боломжтой байхад танилцалгүйгээр шүүх хуралдаанд оролцсон нь хэргийг зориуд сунжруулах зорилготой гэж үзэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т, түүний өмгөөлөгч Л.Н нь хэргийн материалтай шүүхийн шатанд танилцана гэдгээ илэрхийлсэн байсан тул үүнтэй холбоотойгоор ямар ч гомдол, хүсэлт гаргаагүй.

 Нийтдээ хэргийг шалгах 3 жилийн хугацаанд хийвэл зохих бүхий л ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авсан гэж үзэж байна. Иймд 172 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Баясгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу ажилласан гэж үзэж байна. Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс зохих ёстой үе шатанд нь урьдчилсан хэлэлцүүлэг явуулж өгөөч гэдэг хүсэлт саналаа гаргаад асуудлаа шийдвэрлүүлсэн.

Прокурор хэргийн оролцогч нарын хүсэлтийг хангасан мэтээр эсэргүүцэлдээ бичсэн байна. Миний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлснээс хойш мөрдөгчтэй холбоотой ажилласан. Би нэг удаа байцаалтад нь цуг орсон.

Хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа дууссан бол хэн хэргийн оролцогч нарт хэргийн материал танилцуулах мэдэгдэх ёстой вэ гэдгийг тодорхой заасан. Хэргийн ажиллагааны талаар мэдэгдэх үүргийг мөрдөгч хариуцдаг.

Эсэргүүцэлдээ 4 дүгээр сарын 03-ны өдөр Б.М болон Б.Б нарт хэргийн материал танилцуулсан гэж бичсэн нь худлаа. Б.М танилцсан. Прокурор дээр очиж танилцсан. Би сүүлд очиж 1 цаг хүрэхгүй хугацаанд танилцсан. Тэгээд 2 хоногийн дараа санал хүсэлт гаргах гэтэл шүүх руу шилжүүлчихсэн гэсэн.

Сонгинохайрхан дүүргийн шүүхтэй холбогдтол Өмнөговь аймгийн Ханбогдын шүүх рүү шилжүүлсэн гэсэн.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж өгөөч хэлэлцүүлгээр ийм ажиллагаа, хүсэлтийг хэлэлцүүлж өгөөч гэдэг байдлаар асуудал тавьсан. Миний бие хэргийг прокурорт шилжсэний дараа танилцсан. Мөрдөгч намайг дуудаад мөрдөн байцаалтын шатанд танилцуулчихсан асуудал биш.

Анхан шатны урьдчилсан хэлэлцүүлэг дээр Н өмгөөлөгч ирээгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт хэргийн материал танилцуулаагүй гэсэн үндэслэлийг эсэргүүцэж маргаж байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлийг үзээрэй. Хуульд заасан үндэслэл журам, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг дүгнээд захирамж гаргасан. Шат шатанд нь хүсэлтээ гаргаад явсан. Миний хувьд шүүхийн шатанд хэрэгжүүлэх боломжгүй гэж үзээд хүсэлт гаргасан. Үүнийг анхаарч үзнэ үү.

Хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоох ёстой. Үгүйсгэсэн баримтуудыг тухайлан заагаагүй байсан. Миний хүсэлтэд дурдсан баримтууд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй баримтууд байгаа. Энэ агуулгаар шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, илэрхий хууль бус дүгнэлт гаргаагүй.

Хохирогч нарын байр суурийг ойлгож байна. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эргэлзээгүй тогтоох, яллагдагчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө. Зайлшгүй шалган тогтоох ажиллагааг хийх шаардлагатай.

Өмгөөлөгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах санаа огт байхгүй. Өмгөөлөгч ямар эрх, үүрэгтэй, үйлчлүүлэгч хуулиар ямар эрх, үүрэгтэй  хуулийн дагуу л ажиллаж байгаа.

Гал юунаас болж гарсан бэ гэдгийг тогтоох нь чухал. Нөхөн гүйцэтгэх боломжгүй, үүнээс өөр ажиллагаа хийгээд юу ч гарахгүй, миний хүсэлтийг үгүйсгэсэн утга агуулгатай нотлох баримтыг эсэргүүцэлдээ дурдаагүйг анхаарна уу.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тал, өмгөөлөгч, улсын яллагч прокурор талаас хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоосон гэсэн. Голчлон гэрээ байгуулсан гэрээн дээр гэрээний заалтыг бариад шийдвэрлэчих гээд байна.

Бодит үнэнийг тогтоох ёстой. Гэрээний агуулгаас харахад Хятад улс агуулгатай мэдүүлэг өгсөн. Гэтэл яллах талын мэдүүлгийг ялгаж аваад бусад мэдүүлгийг үгүйсгэх нь өрөөсгөл.

Тодорхой стандарт байдаг. Хэзээ гарсан ямар стандарт гэдгийг тодруулах шаардлагатай. 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Ш/04 дугаартай дүгнэлтэд 5 дугаар асуултын хариултад гал гарсан авто машины шатсан цахилгааны утасны дээжийг авч лабораторид шинжлүүлсэн гэсэн баримт хэрэгт байхгүй.

Монгол Улсын стандарт Олон улсын хэмжээнд ашиглаж байгаа. Хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын гаргасан эсэргүүцэл болон хохирогч нарын гаргасан гомдлыг хангахгүй.

Мөрдөн байцаалтын ажиллагааны хувьд Б өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Машин шатсаны улмаас хүний амь нас эрсэдсэн. Гал юунаас болж гарсан талаарх нарийн деталиудыг нь мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэх шаардлагуудыг дэмжиж байна.

Ерөнхий агуулгаар нь шатсан машин нь аж ахуйн нэгжийн машин учраас ямар нэгэн байдлаар тэр компанитай холбоотой гэж бүрхэг дүгнэлт хийж болохгүй. Аль аль тал нь хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцаж байж мэтгэлцэх боломж үүснэ. Танилцахгүйгээр мэтгэлцэх боломж байхгүй.

Мөрдөн байцаалтын ажиллагааг эргүүлж хийлгэх, прокурорт буцаах оролцогчийн эрхийг хангах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлт тодорхой болсон юм байхгүй. 2-3 өөр шинжээчийн дүгнэлтүүд орсон. Мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаах анхан шатны шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна Анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Авто тээврийн стандарт байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Стандартад байхгүй ч гэсэн ажиллуулах заавар зааварчилгааг ажил олгогчийн зүгээс өгөх ёстой. Зааварчилгааг өгөөгүй нь хэрэг гарах шалтгаан болсон.

Баясгалан өмгөөлөгчийн хэлсэн нотлох баримтуудын хувьд хэрэгт байж болох бүх шатны байгууллагуудаас дүгнэлт гаргасан. Стандарт шинэчлэлийн үндэсний төвөөс тодорхойлолтыг авсан. Олон улсын тээвэр гүйцэтгэх гэрээг авч  хэрэгт бичүүлсэн.

Мэргэжлийн хяналтын дүгнэлтийн хувьд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, авто тээвэр гүйцэтгэх гэрээ, хуулиудын заалтуудыг дурдаж дүгнэлтүүдээ гаргасан.

Олон улсын тээврийн хамтын ажиллагааны гэрээнд Монгол талд гарсан жолоочийн хохирлыг “Омогт Цагаан шонхор” ХХК тал бүрэн хариуцна гэсэн зүйл заалт байгаа. Энэ бүгдийг авч үзээсэй гэж хүсэж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  Захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөх эрхтэй холбоотой эрхийг эдлүүлээгүй байна гэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.

Хууль ёсны төлөөлөгчийн алиных нь эрхийг зөрчсөн талаар захирамждаа дурдаагүй.

Миний бие шүүхийн шатанд хэргийн материалтай танилцана гэдгээ илэрхийлсэн. Туулын зүгээс ямар ч хүсэлт гаргаагүй.

Хууль ёсны төлөөлөгч нар шүүхийн шатанд шилжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн байхад энэ талаар захирамждаа дурдаагүй. Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байхад хангалгүйгээр шүүх хуралдааныг явуулж шийдвэрлэсэн.

Шүүх үндэслэх хэсэгтээ дүгнэлтээ хийгээгүй.

Баясгалан өмгөөлөгчийн зүгээс мөрдөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн. Ажиллагаануудыг харвал шүүхийн шатанд хийгдэх боломжтой ажиллагаанууд байна.

Машины өмчлөгч тодорхойгүй гэсэн. Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа байна.

Гэрээн дээр хэн ямар хариуцлага хүлээлгэх талаар заасан. Гэрээнээс харвал Омог цагаан шонхор хариуцах нь тодорхой байна. Гэтэл үндэслэлгүй хүсэлт гаргасан.  

Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор мэдүүлэг авсан цахилгааны утсыг шинжилгээнд тэнцэхгүй гэж мэдүүлсэн. Цахилгаанаас үүссэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн байхад хэрэгт ямар ч ач холбогдолгүй хүсэлт гаргаж хэргийг сунжруулах гэсэн.

Эрхийг хэрэгжүүлээд мэдүүлгүүдийн зөрүүг шүүх дээр дуудаж асууж  болно. Энэ нь шүүхийн шатанд хэрэгжүүлэх боломжтой байна. Стандарт олсон. Хятад талаас оруулж ирсэн. Гэхдээ ажил олгогч Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийг мөрдөх ёстой. Шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж болно. Стандартаа хэлээд өгчих бид нар олоод шүүх хуралдаан дээр гаргая.

Мөн хүний амь эрсэдсэн байхад жолоочийн ажлын байр байнгын ажлын байр. Хангалттай мөрдөн шалгах ажиллагаа хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Мөнхжаргалын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т, түүний өмгөөлөгч Л.Н нарын хамтран гаргасан 2021 оны 06 дугаар сарын 30-ний өдөр бичсэн давж заалдах гомдол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-н 2021 оны 06 дугаар сарын 30-ний өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Яллагдагч Б.М нь Автот ээвриийн хэрэгслийн ачаа тээвэрлэх дүрмийн 2.6, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8, 28.3, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтуудыг биелүүлээгүйн улмаас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02 цаг 30 минутын орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг болох Ухаа худаг Гашуунсухайтын чиглэлийн зам дээр Д.Д-н жолоодож явсан 0663 ӨМӨ удмын дугаартай Фотон маркийн тээрийн хэрэгслийн кабин халаагч төхөөрөмжөөс гар гарч иргэн Д.Д-н амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Мөнхжаргал нь Б.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх хэлэлцээд “...Мөн нотлох баримт цуглуулах талаар яллагдагчийн өмгөөлөгч Б.Б-н нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчигдсөн талаарх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.” гэж дүгнэсэн боловч хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамждаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ямар ажиллагаануудыг хийлгэх талаар огт заагаагүй байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЗ/165 дугаартай “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах тухай” захирамжид /4хх-149/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.М-д холбогдох хэргийн урьдчилан хэлэлцүүлгийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутаас прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нарыг оролцуулан явуулахаар тогтсугай гэсэн байхад хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж, танилцуулсан тэмдэглэлд /4хх-150/ 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хэргийн оролцогч нарт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдсэн ерөнхий шүүгчийн туслах Ц.Г гэсэн баримтыг хэрэгт хавсаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ.” гэсэн журмыг зөрчиж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гараагүй байхад хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж танилцуулсан нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж гаргасан шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Мөнхжаргалын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т, түүний өмгөөлөгч Л.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан яллагдагч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/172 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Б.М-д холбогдох 182900274 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаасугай.

3. Хэргийг шүүхэд очтол яллагдагч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                                    ШҮҮГЧИД                                              Х.ГЭРЭЛМАА

                                                                                                                    Г.ТЭГШСУУРЬ