Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/370 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Ш.Оюундарь,

Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам,

Шүүгдэгч: З.*******, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Оюундариас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000441 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт Тоёота Акуа маркийн ******* БНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч З.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна.  Би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна....гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.  

3. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Замын цагдаагийн тасгийн өдрийн эргүүлийн үүргийг хуваарийн дагуу гүйцэтгэж, хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд 15 цаг 20 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу Онцгой байдлын газрын 4 замын уулзвар дээр зам тээврийн осол гараад хамгаалалт авсан байх үед Тээврийн товчоо чиглэлээс хөгжмөө чанга тавьсан, мөн гэрлэн дохион дээр дахин дахин сигнал өгөөд байсан ******* БНР улсын дугаартай цагаан өнгийн Тоёота акуа маркийн тээврийн хэрэгсэл Нэгдэлчин зочид буудал руу чиглэлтэй явж байснаа Хонгор Жаст шатахуун түгээх станцын уулзвараар эргээд “МБ” зочид буудлын гадаа зогссон. Тухайн үед явж очоод дотроос нь жолоочийг нь дуудтал шууд дэлгүүр рүү яваад орсон. Тэгэхээр нь дуудаж гараад тээврийн хэрэгслийнх нь болон жолоочийн бичиг баримтыг шалгахад жолооч З.*******ын эрх нь хасагдсан төлөвт байсан, мөн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн нь илтэд мэдэгдэж байсан тул тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.******* гэгчийг согтуурал шалгах Драгер багаж үлээлгэхэд 3.59 хувийн бүхэлтэй архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд мөн тухайн жолооч нь 2025 оны 07 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан тул Цагдаагийн газрын гэмт хэргийн бүртгэлд оруулан, тухайн тээврийн хэрэгслийг нь түр саатуулах хашаанд байрлуулсан. Тухайн жолооч нь тухайн үед ганцаараа явсан бөгөөд пиво уусан гэж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/, жолоочийн согтууруулах ундаа, хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /хх-ийн 17-18 /, Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ЗШ/794 дугаартай шийтгэвэр /хх-ийн 37-40/, жолоочийн лавлагааны мэдээлэл /хх-ийн 41-42/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.                                                                                                                                                                                                                        

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч З.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт Тоёота Акуа маркийн ******* БНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон  нь уг үйлдлийг илрүүлсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч  дэд ахлагч *******ын илтгэх хуудас, гэрэл зургийг үзүүлэлт зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч З.******* нь  2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох  шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд  2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт Тоёота Акуа маркийн ******* БНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 3.59 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Иймд шүүгдэгч З.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.

Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч З.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч З.*******ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүх шүүгдэгч З.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,..ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, буюу тээврийн хэрэгсэл согтуурсан үедээ жолоодож шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж торгох шийтгэл эдэлж 2 сарын  дараа дахин согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэж уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч З.******* нь энэ хэргийн учир 07 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх нь оруулан тооцлоо.

Шүүгдэгч З.*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа шинээр дахин тоолох нь зүйтэй байна.

Уг хэргийн учир эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч З.*******ын  зургаан / 06 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч З.*******ын  энэ хэргийн учир цагдан хоригдсон долоо /07/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн  5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч З.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр/ 02 / жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч З.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  болохыг тус тус  дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч З.*******ад урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.*******ад авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.БАТЦЭНГЭЛ