Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01458

 

Д.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01860 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох,

 

Барьцаа хөрөнгийг албадан чөлөөлүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эгийн охин Б.Б нь “А” ХХК-тай 2018.01.12-ны өдөр БНСУ-ын нэгдсэн төв эмнэлэг, оношлогооны төвд нарийвчилсан шинжилгээ хийлгэх зорилгоор зуучлалын гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан. Б.Б нь эмчилгээ оношлогоонд орсон. Тэнд байх хугацаандаа “А” ХХК-ний ажилтны зөвлөснөөр цагаачлалын буюу G1 вич хүсч визээ сунгуулсан. Түүний ээж Д.Э нь зуучлалын гэрээний батлан даалт болон барьцааны гэрээ хийж Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Дархан багийн 15-р байрны 30 тоот 000214951 дугаар гэрчилгээтэй, Ү-20010000469 дугаарт бүртгэгдсэн 38 м.кв 3 өрөө сууцыг барьцаалсан. Охин Б.Б нь гэрээний үүргээ зөрчөөгүй, барьцааны гэрээний хугацаа 2018.04.30-ны өдөр дууссан. Гэтэл “А” ХХК нь барьцааны гэрээг одоо хүртэл дуусгавар болгохгүй, байрыг барьцаанаас чөлөөлж өгөхгүй байгаа тул албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани БНСУ-ын Uni media Korea компанитай хамтран ажиллах гэрээний дагуу эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Б.Б нь эмчилгээний С-3 визний төрлөөр 14 хоногийн хугацаатай БНСУ-д үзлэг оношлогоонд хамрагдах зорилгоор гэрээ хийсэн. 2018.01.12-ны өдөр Дүгэржав овогтой Эгийн Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Дархан багийн 15-р байрны 30 тоот байрыг барьцаалж гэрээ хийсэн. Гэрээнд заасны дагуу БНСУ-д хууль бусаар үлдээгүй, хугацаандаа эргэн ирж компанид бүртгүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас суллах ёстой. Гэтэл Б.Б нь Монгол улсын хилээр бүрэн орж ирээгүй, БНСУ-аас цагаачлалын виз авч 6, 6 сараар сунгуулж түр үнэмлэх авсан байдаг тул эргэн ирсэн гэж үзэхгүй. Иймд барьцааны хөрөнгийг чөлөөлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 160-р зүйлийн 160.1.1 дэх хэсэг, 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан “А” ХХК, Д.Э нарын хооронд 2018 оны 01-р сарын 12-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг дуусгавар болгож, Дүгэржавын Эгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-20010000469 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Дархан багийн 15-р байрны 30 тоот 3 өрөө сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Бийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэт биелүүлсэн гэж үзэх боломжгүй. Өнөөдрийн байдлаар манай эмчилгээний визийг ашиглан цагаачлалын виз хүссэн, цагаачлал олгох эсэх асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой. Цагаачлалын асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд түр үнэмлэхээр зорчин орж ирсэн асуудлыг Монгол улсын хилээр бүрэн орж ирсэн гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй. Бийн хувьд Солонгос улсад очоод визний ангилал солихгүй, цагаачлал хүсэхгүй С-3 эмчилгээний визний төрлөөр эмчилгээ оношлогоондоо хамрагдаад бүрэн буцан ирэх асуудлыг маш сайн ойлгож мэдсэн байсан. Тиймдээ ч барьцааны болон батлан даалт, зуучлалын гэрээг байгуулсан. Тухайн үед 14 хоног богино хугацаагаар гарсан байна явахгүй байж болох талаарч миний бие өөрийн биеээр өрөөндөө дуудан хүсэлт гарган уулзаж ярилцахад визний хугацаандаа буцан орж ирнэ. Надад тэнд хууль зөрчин хараар үлдэх визний ангилал солих хүсэлт байхгүй. Энэ визээрээ удаа дараа явж визгүй болох хүсэлтэй гэж өөрөө хэлж ярьж өөр төрлийн виз хүсэхгүй гэдгээ хэлж ойлгон хүлээн зөвшөөрч байсан. Анхан шатны шүүхээс Бийг түр үнэмлэхийг ашиглан 2018.04.25-нд ирсэн байна гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Зуучлалын гэрээний 5.1-д заасан хугацаа хэтэрч хууль бусаар үлдэхгүй байх гэсэн заалтыг орхигдуулсан. Б нь түр үнэмлэх хүчинтэй байх хугацаанд Монголд түр орж ирсэн асуудал дээр маргаан байхгүй. Түр үнэмлэх авсан асуудал нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан "Солонгост амьдрах түр үнэмлэх авсан" асуудал биш. Харин Солонгост цагаачлан амьдрах эсэх асуудал шийдэгдэх хүртэлх хугацаанд албан ёсны байгууллагад үзүүлэх түр хугацаагаар олгогдож байгаа эрхийн акт болохыг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхээс Зуучлалын гэрээний 5.2-д заасан заалтыг анхаарч үзээгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түр үнэмлэхний хугацаа дуусахад хууль бусаар үлдэх оргон зайлах, гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээхгүй байх бүрэн боломж бүрдсэн байгааг анхаарч үзнэ үү. Иймд дээрхи асуудлыг шийдэгдэх хүртэлх хугацаанд манай компани барьцааны гэрээг дуусгавар болгож барьцаа чөлөөлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Бийн хувьд түр үнэмлэхний хугацаа буюу зөвшөөрөгдсөн хугацаа дуусахад БНСУ-д хууль бусаар оршин суух хараар үлдэн оргон зайлах нөхцөл бүрдсэн байгааг шүүх анхаарч үзэхийг хүсье. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин хууль бусаар үлдсэн тохиолдолд компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдах хүртэлх эрсдэл учрахыг үгүйсгэхгүй. Иймд анхан шатны шүүхээс компанид хохирол учраагүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “барьцаагаар хангагдах үүрэг дуусаагүй” гэж маргасан. /хх 1, 17/

 

Хариуцагч болон Б.Б нар 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр БНСУ-ын нэгдсэн төв эмнэлэг болон эмчилгээний төвд оношлогоо, нарийвчилсан шинжилгээ хийлгэх зорилгоор зуучлалын гэрээ байгуулж уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Д.Э нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан Баг 15-байр 300 тоот, 38 мкв, 3 өрөө орон сууцыг хариуцагч байгууллагад барьцаалуулсан үйл баримт тогтоогдсон. Талууд энэ талаар маргахгүй байна. /хх-8/

 

Маргаан бүхий орон сууц нь нэхэмжлэгч Д.Эгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийг гэрчилгээгээр тогтооогдож байна.

/хх-9/

Талууд барьцааны гэрээ дууссан эсэх, зуучлуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд маргаж байна.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар барьцааныг гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заахаар тусгайлан зохицуулсан. Гэвч талуудын байгуулсан барьцааны гэрээнд талуудын оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ, үүргийг хангах хугацаа зэргийг тусгаагүй, талууд энэ талаар тохиролцоогүй байх бөгөөд тодорхой бус шаардлагад барьцаа үүсгэжээ. /хх-8/

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3-д зааснаар барьцаа үүсэх үед тодорхойлж болох ирээдүйд бий болох, болзол тавьсан шаардлагыг, эсхүл талуудын харилцан тохиролцсон аливаа үүргийг хангахад барьцааг хэрэглэж болно. Иймд талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээг хуулиар тогтоосон тусгайлсан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.2-т заасан шаардлагыг зөрчсөн, мөн зүйлийн 156.3, 56.1.1 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ юм.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлдэг. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр бус тул барьцааны эрх үүсээгүй, хариуцагч барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Харин анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй байгаа тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримталж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01860 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3” гэснийг “156 дугаар зүйлийн 156.3, 56 дугаар зүйлийн 56.5” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД