Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 292

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,          

Улсын яллагч С.Цэрэндорж,

    Шүүгдэгч Б.Ганзам, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

Шүүгдэгч Д.Дашлхүндэв, О.Мяасүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Тайж овогт Даваанямын Дашлхүндэв, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Сэндэн овогт Болдбаатарын Ганзам, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Отгонбаярын Мяасүрэн нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625014086 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Сэндэн овгийн Болбаатарын Ганзам, 1988 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, цэргийн хотхон 1 дүгээр гудамжны 386 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:НД88020777/,

Шүүгдэгч Боржигон халх овгийн Отгонбаярын Мяасүрэн, 1993 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорум суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, цэргийн хотхон суварга гудамж 493 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ЙР93110815/,

Шүүгдэгч Тайж овгийн Даваанямын Дашлхүндэв, 1994 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Цагаан хайрхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Их Асар ХХК-ий ажилтан ажилтай гэх, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, цэргийн хотхон гудамж 382 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ОС94050719/,

Шүүгдэгч Б.Ганзам нь, шүүгдэгч О.Мяасүрэн нар бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Бошигтхааныг “архины мөнгө өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан, догшин авирлан зодож, түүний бие махбодид дух, хамарт зулгаралт, зүүн чихний ар, зүүн гуянд цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн гэмтэл, хөмсөгний зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг,

-Шүүгдэгч Б.Ганзам нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Молор нэртэй зочид буудлын дэргэд иргэн Б.Энхтүвшингийн зүй бус харьцааны улмаас зодож, түүний бие махбодид баруун дээд 1 дүгээр шүдний хүзүүвчийн хугарал, буйланд цус хуралт, доод уруулд язрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт зэрэг хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

-Шүүгдэгч О.Мяасүрэн, шүүгдэгч Б.Ганзам нар нь бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Бошигтхааныг “архины мөнгө өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан зодож, түүний бие махбодид дух, хамарт зулгаралт, зүүн чихний ар, зүүн гуянд цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн гэмтэл, төмсөгний зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг,

-Шүүгдэгч О.Мяасүрэн, шүүгдэгч Д.Дашлхүндэв нар нь бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 22-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо монелын нутаг дэвсгэрт иргэн Ц.Тогтохсүрэнг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдыг илтэд үл хүндэтгэн зодож, түүний бие махбодид тархи доргилт, дух, дагз, хөмсөг, баруун зовхины шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, хүзүүний цус хуралт, ууцны зулгаралт зэрэг хөнгөн зэргийн гэмтэл учруулан давтан үйлдлээр догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг,

-Шүүгдэгч Д.Дашлхүндэв, шүүгдэгч О.Мяасүрэн нарт нь бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 22-ны шөнө согтууруулах ундыын зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо монелын нутаг дэвсгэрт иргэн Ц.Тогтохсүрэнг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдыг илтэд үл хүндэтгэн зодож, түүний бие махбодид тархи доргилт, дух, дагз, хөмсөг, баруун зовхины шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, хүзүүний цус хуралт, ууцны зулгаралт зэрэг хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Ганзам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Дашлхүндэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч О.Мяасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Т.Бошигтхаан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "микроны зогсоолын" хажуу талын нэг давхар улаан тоосгон Хайрхан-Уул нэртэй хүнсний дэлгүүрийн урд аавын эзэмшлийн 13-88 УНЦ улсын дугаартай цагаан өнгийн соната-6 маркийн автомашинтай аавынхаа хамт зогсож байсан юм. Тэгсэн чинь манай гэрийн ойролцоо байдаг зүс таних Мяасүрэн гэгч ах хүрч ирээд миний талын хаалгыг онгойлгоод "ахын дүү, бацаанаа, архины мөнгө өгчих, автомашинтайгаа явхаараа дайрчих гээд" байх юмаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мяасүрэнд хандаад би хэзээ чамтай ах дүүс болчихсон юм бэ? гэж хэлсэн. Ингээд надтай муудалцсан бөгөөд би автомашинаасаа буусан. Тэр үед цаанаас Мяасүрэн ахтай хамт явж байсан бас зүс таних Ганзам гэгч ах хүрч ирээд бид хоёрыг салгасан. Манай аав бууж ирээд та нар хүүхэд яагаад байгаа юм бэ? гэж хэлтэл Ганзам ах аавд хандаад зүгээрээ та суу, суу гэж хэлсэн. Би аавыг та суу гэж хэлчихээд өөрөө автомашинд ороод суусан. Тухайн үед аавыг эргээд автомашиндаа суухад н.Ганзам ах явж очоод гэдэс рүү нь 2 удаа өшиглөсөн. Аав уурлаад Ганзам ахыг чи яагаад байгаа юм бэ? гээд бариад авсан. Тэгэхээр нь би автомашинаасаа буугаад аавыг салгах гэж байхад цэнхэр өнгийн тоёота фит маркийн автомашинтай дэд ахлагч цолтой, 25-26 орчим насны цагдаа хүрч ирээд аав, Ганзам хоёрыг салгасан. Би бас хажуунаас нь орсон бөгөөд намайг салгаж байх үед Мяасүрэн миний зүүн талын чих болон хацар, шанаа руу гараараа 2-3 удаа цохьсон. Цагдаа байсан учраас би хөдлөхгүй цохиулсан. Тэгтэл Ганзам аав, цагдаа хоёрын гарнаас мултраад цаашаа гүйгээд газраас нэг чулуу аваад эргэж ирээд аавын толгой руу нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би гүйж очоод хүзүүнээс нь хүзүүдэж авсан чинь миний төмсөг рүү өшиглөсөн юм. Улмаар намайг доошоо сууж байсан чинь Мяасүрэн хүрч ирээд дахиж цохиж байгаад тэр хоёр цаашаа яваад өгсөн. Тухайн үед байсан цагдаа Мяасүрэн, Ганзам хоёрыг явсаны дараа аав бид хоёрын хажууд байж байсан. Тэр хавьд явж байсан нэг танихгүй эмэгтэй нөгөө цагдаад хандаад "цагдаа хүн байж, чи чинь ямар арчаагүй юм бэ? харсаар байж байгаад явуулчих юмаа" гэж хэлсэн чинь тэр цагдаа уурлаад автомашиндаа суугаад явчихсан. Нөгөө эмэгтэй ч гэсэн яваад өгсөн. Цагдаад хэн дуудлага өгсөнийг мэдэхгүй байна. Нэг мэдсэн дуудлагын хоёр цагдаа хүрч ирээд зодсон хүн чинь хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь аав бид хоёр тэр хоёр цагдаатай хамт ийшээ явсан гээд зааж өгөөд явж байтал өмнө нь тэр хоёрыг нөгөө салгаад байсан цагдаа автомашиндаа суулгаад аваад ирсэн. Тэр цагдаа хэлэхдээ "архи авах гээд дэлгүүр явж байхад нь суучих гэж хэлээд худлаа ярьж суулгаад аваад ирлээ" гэсэн. Ингээд бид нар бүгдээрээ цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Салгаад байсан цагдаа дуудлагаар очсон хоёр цагдаад гар утасныхаа дугаарыг өгөөд, шаардлагатай бол яриарай гэж байсан. Аав бид хоёрыг автомашиндаа сууж байхад Мяасүрэн хүрч ирээд "ганц шил юм аваад өгчих, автомашинтайгаа явахаараа дайрчих шахах юмаа, бацаан минь энэ тэр гээд "хэрүүл өдсөн. Үүнээс бол бид 2 маргалдсан юм. Тэгсэн чинь н.Ганзам хүрч ирээд салгасан. Тэгсэнээ манай аавыг зүгээр байж байхад өшиглөсөн, газраас чулуу аваад толгой руу нь цохьсон. Би аавыг цохиулсан болохоор "аавыгаа өмөөрөөд" уурлаад Ганзамыг бариад авсан чинь Ганзам миний төмсөг рүү өшиглөсөн. Гэвч нэг их согтоогүй, өөрсдийн гэсэн ухаантай байсан. Би тэр хоёрыг хоёуланг нь зүс танина. Гэхдээ Ганзамыг илүү мэднэ. Намайг бага байхад хааяа дээрэлхээд байдаг байсан юм, гэхдээ энэ бүхэн бол өнгөрсөн асуудал, Ганзамын дүү нар нь миний үе бөгөөд надтай байнга тэрсэлдээд байдаг юм. Би дүү нарыг нь зодчихоор Ганзам хүрч ирээд надтай маргалдаад, хааяа ганц, хоёр удаа цохиж авдаг байсан. Харин Мяасүрэнг бол зүс харж байсан болохоор нэг их сайн танихгүй, тэгсэн өөрөө хүрч ирээ намайг хэл амаар доромжилсон юм. Зүгээр байж байхад сайн танихгүй хүн ирээд хэл амаар дороммжлоод, хэрүүл өдөөд байхаар хэн ч уурлана шүү дээ. Ингээд л би уурлаад Мяасүрэнтэй маргалдсан юм. Ер нь Мяасүрэнгээс бүх зүйл эхэлсэн...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх53-56/,

 Хохирогч Ц.Тогтохсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэр өдөр Эрдэнэтуяагийн гэрт Халиунаа, Мөнхтөр болон нөгөө анх танилцсан 3 залуу бид хэд хамт архи ууж байгаад гэрээс нь гараад явсан юм. Тэр гурван залууг Дашка, Отгоо, Мяа гэдэг юм байна лээ. Би түрүүлээд Халиунаа, Дашка, Мяа гэдэг хүмүүстэй урд гараад алхаад явж байсан, бид нарын ард талд Отгоо, Мөнхтөр хоёр явж байгаад гэнэт том том дуугараад муудалцаад зодолдох шиг болохоор нь эргээд харахад Дашка гээд арай өндөр залуу нь намайг дэгээдэж хавсарч унагаахад Мяа нь шууд нүүр рүү цохьсон юм. Тэгээд би шууд нүүрээ дараад хэвтсэн. Миний толгой болон бусад бие рүү Дашка, болон Мяасүрэн хоёр унагааж байгаад зодож өшиглөсөн юм. Миний биед тархи доргилт, дух, дагз, хөмсөг баруун зовхины шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал , хамрын ясны хугарал ,хүзүүний цус хуралт, ууцны зулгаралт зэрэг гэмтлүүдийг Мяасүрэн болон Дашлхүндэв гэдэг залуучууд учруулсан. Учир нь өөр намайг зодсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх63-64/,

Хохирогч Б.Энхтүвшин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн хотхоны гудамжинд ах Батаагийн хамт гэртээ харьж байтал зүс таних Ганзам гэх залуу 3 залуугийн хамт такситай явж таараад Батаа ах бид хоёрыг таксиндаа суулгаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Молор зочид буудлын урд гражны дэргэд бид нар ирээд Ганзам, Батаа хоёр надтай хамт явсан. Батаа ах нар том пиво ууж байгаад Ганзам миний араас шаадаг пизда энэ байна гээд хуучны юмаа яриад над руу дайраад байсан. Тэгээд намайг 2-3 удаа нүүр рүү мөргөөд дайраад байхаар нь би хавсарч унагаад болиоч гээд цааш холдтол босч ирээд куртикээ тайлаад, юм яръя гээд миний нүүрэн тус газар 2-3 удаа цохитол Ганзамтай хамт явсан хүмүүс салгаж байх үед Ганзам намайг нэг удаа мөргөсөн. Ганзамд мөргүүлснээс болж миний 1 шүд унаж, баруун талын шанаа халцарч хавдсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх70-72/,

Гэрч Ц.Түвшинбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 30-ны 00 цагийн орчим Энхтүвшингийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Золбоот дэлгүүрийн гадна зогсож байтал цэргийн хотхонд байдаг Ганзам гэх залуу 3 дүүгийн хамт таксигаар явж байгаад Энхтүвшин бид хоёртой таарсан ба Ганзам намайг Батаа ахаа машинд суучих ганц юм ууя гээд Энхтүвшин бид хоёр машинд нь суугаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах молор зочид буудлын дэргэд байдаг гражны урд бид 6 бууж, такси нь цааш явсан юм. Тэгээд тэр гражны дэргэд 2,5 литрийн пиво хувааж ууж байтал Энхтүвшин Ганзамыг 2 удаа хавсарч унагааж байсныг би харсан ба ямар шалтгаанаас болж тэр 2 маргалдсаныг мэдээгүй. Тэгээд Ганзам босч ирээд Энхтүвшинтэй зууралдаж, ноцолдож байгаад Энхтүвшин нь Батаа ахаа миний шүд уначихлаа гээд хэлтэл би очиж хоёр тийш салгаад Энхтүвшинг аваад цагдаагийн хэлтэст ирсэн юм...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-75/,

Гэрч Б.Батсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 30-ны 00 цагийн орчим найз Хосбаяр, Даваабат, нарын хамт бид гурав Баянзүрх дүүргийн 2 хороо КТМС-ийн автобусны буудал дээр гэртээ харих гээд зогсож байтал Ганзам ах таксигаар бид гурвын өмнө ирээд машинаас буугаад хойшоо цэргийн хотхон руу Батаатай уулзах гэж байна та гурав цуг явах уу гэсэн шалтгааныг нь асуутал Батаатай уулзаж ганц шил юм ууя гэсэн ба тэгээд бид 4 таксигаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо цэргийн хотхон руу явж Золбоо дэлгүүрийн гадна Батаатай таарсан ба Батаа Энхтүвшингийн хамт тэр 2 зогсож байсан. Тэгээд Ганзам ах Батаатай уулзаж Батаа, Энхтүвшин хоёр машинд сууж Баянзүрх дүүргийн 4 хороо 805-н орчим дэлгүүрээс Ганзам ах 2,5 литрийн 1 пиво аваад бид 6 Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Молор зочид буудлын дэргэд байрлах гражны урд ирж таксинаас бууж таксигаа явуулсан. Тэгээд Ганзам ах пиво гаргаж ирээд Ганзам, Батаа, Даваабат нар нөгөө пивоо хувааж уусан ба Ганзам Энхтүвшинг чи хэдэн жилийн өмнө миний толгойг хагалж байсан гэх шалтгаанаар Энхтүвшинтэй маргалдаж эхэлсэн ба Энхтүвшин Ганзамыг 2 удаа хавсарч унагаасан. Тэгээд цааш юу болсоныг хараагүй байж байтал Энхтүвшин шүд уначихлаа гээд орилоод байсан. Тэгээд Энхтүвшин цагдаа дуудна гээд Батаагийн хамт цагдаагийн хэлтэс рүү явсан юм...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-77/,

Гэрч Б.Хөвсгөл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 02-ны 13:15 минутанд дээрх дуудлага ирсэн. Бид хоёр дуудлагыг хүлээн аваад 2-3 минутын дараа очсон. Дуудлагын газар очиж дуудлага өгсөн Эрдэнэчимэг гэх эмэгтэй манай хүүхдийг 2 залуу зодчихоод явчихлаа, ардаас нь энд цэнхэр машинтай явж байсан цагдаа барьж авч ирэх гээд явсан гэж хэлсэн. Нөгөө хоёр залуугийн явсан газрын чиглэлд ардаас нь явах гэхэд цэнхэр өнгийн Комби загварын машинтай Хамгаалалтын 3 дугаар газрын гэх дэд ахлагч цолтой цагдаа ирээд нөгөө цохьсон гэх 2 залууг машинаасаа буулгасан. Би цагдаагийн хамт өөрсдийгөө Мяасүрэн, Ганзам гэж хэлсэн 2 залууг хэлтэст авч ирж Сүлд 10-т хүлээлгэн өгсөн юм...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх77-78/,

Гэрч Б.Отгонбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр өглөө 09 цаг өнгөрөөд хүү Бошигтхааны хамт гэрээс гараад сансар ороод буцаж 12.00-13.00 цагийн үед гэр рүүгээ ирж явахдаа Хотол чуулган Хүнсний дэлгүүрийн урд байдаг автобусны буудал дээр ирж явахад тухайн дэлгүүрийн хашааны харалдаа зогсож байсан 2 залуугийн нэг нь болох Мяасүрэн хүрч ирээд зогс гээд орилоод байсан. Тэгэхэд манай хүү зогсоод цонхоо онгойлгосон юм. Тэгэхэд Мяасүрэн давраад байгаарай бандиа ална шүү гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би хүүдээ хандаж явъя гэхэд Ганзам нь цаанаас ирээд машин дотор хойд талд орж ирээд суухаар нь би Ганзамыг буу машинаас бид хоёр ажилтай явж байна гэж хэлээд Ганзамыг машинаас буулгаад би урд талд орж суугаад хаалгаа хаах гэхэд Ганзам миний баруун талын хавирга руу 1 удаа өшиглөхөөр нь би бууж Ганзамтай барьцалдаж аваад би нэг удаа Ганзамыг нь цохьсон юм. Тэгэхэд Ганзам над руу чулуу авч дайраад байсан, чулуутай гараар миний зүүн шанааны орчимд хальт нэг удаа цохьсон. Мяасүрэн манай хүү Бошигтхаантай барьцалдаад цаана нь байж байсан. Манай хүүг чих рүү нь цохиод Бошигтхаан чихээ дараад суусан байсан. Яг яаж цохьсоныг би хараагүй. Алгадах шиг л болсон. Манай хүү Мяасүрэнтэй зууралдаж байх үедээ цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаа ирээд Ганзам, Мяасүрэн хоёрыг аваад явсан. Тухайн үед дуудлагын биш нэг цагдаа ирсэн байсан. Тэр цагдаа бид нарыг салгаад дуудлагын цагдааг хүлээж байх зуур Ганзам, Мяасүрэн хоёр доошоо гүйсэн чинь нөгөө цагдаа ардаас нь очиж авч ирээд дуудлагын цагдаа нарт хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх81-82/,

Гэрч Б.Алтангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Саруул хотхоноос ахыгаа аваад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны зүг явж ахыгаа буулгаад цаашаа микроны эцсээр дамжиж Монелийн замруу орох гээд өөрийн эзэмшлийн 3838 УНР улсын дугаартай хөх өнгийн Фит маркийн машинтай явж байхад микроны эцэс дээр 2 хүн зодолдох гээд зууралдаад зогсож байхаар нь би бууж очиж салгасан. Өндөр бор царайтай Ганзам гэдэг залуу нь зодуулсан Бошигтхаан гэдэг залуугийн аавтай нь зууралдаад зогсож байсан, Шар намхандуу саарал куртиктай байсан Мяасүрэн гэдэг залуу нь тэр хоёрыг салгах гээд зогсож байсан. Би очиж салгах үед Ганзам чулуу аваад Бошигтхааны аавыг цохих гэж дайрахаар нь болиулж чулууг нь газарт хаячихаад эргээд харахад Мяасүрэн Бошигтхаан руу ална шүү гээд дайраад барьцалдаад цохиод байсан. Мяасүрэн Бошигтхааныг баруун гараараа заамдаж зүүн чих, хацар нүүрний орчимд зүүн гараа атгаад 4-5 удаа цохиход Бошигтхаан эсэргүүцэж Мяасүрэнгийн толгой орчимд гараа зангидаж 2-3 удаа цохьсон юм. Тухайн үед би очиж салгахад Бошигтхааны дух, хамар нь шалбарсан байсан. Мяасүрэн над руу ална шүү гээд улайраад согтуу дайраад миний цээжин хэсэгт хальт цохиход Бошигтхаан ирж Мяасүрэнг нүүр хэсэгт нь цохиход Ганзам цаанаас ирээд миний найзыг яагаад зодоод байгаа юм бэ гэж хэлээд Бошигтхааны төмсөг болон дотор гуяны хэсэгт нэг удаа хүчтэй өшиглөсөн чинь Бошигтхаан доошоо тонгойсон юм...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх90-92/,

Хохирогч Ц.Тогтохсүрэнгийн мэдүүлэг /хх63-64/, хохирогч Б.Энхтүвшингийн мэдүүлэг /хх71-72/, гэрч Ц.Түвшинбатын мэдүүлэг /хх75-76/, гэрч Б.Батсүрэнгийн мэдүүлэг /хх-76/, гэрч Б.Хөвсгөлийн мэдүүлэг /хх77-78/, гэрч Б.Отгонбаярын мэдүүлэг /хх81-82/, гэрч Б.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-90-91/, гэрч М.Хандмаагийн мэдүүлэг /хх97-98/, гэрч Ж.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх87-88/, гэрч Э.Нармандахын мэдүүлэг /хх-89-90/, шинжээчийн дүгнэлт /хх101-106/, /хх118-119/, /хх140-141/, засаг даргын тодорхойлолт /хх-239/, ял шалгах хуудас /2 хавтас, хх-15/, хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх-48/, хохирогч Т.Бошигтхааны мэдүүлэг /2 хавтас, хх-57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Ганзам нь, шүүгдэгч О.Мяасүрэн нартай бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Бошигтхааныг “архины мөнгө өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан, догшин авирлан зодож, түүний бие махбодид дух, хамарт зулгаралт, зүүн чихний ар, зүүн гуянд цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн гэмтэл, хөмсөгний зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь,

-Шүүгдэгч Б.Ганзам нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Молор нэртэй зочид буудлын дэргэд иргэн Б.Энхтүвшингийн зүй бус харьцааны улмаас зодож, түүний бие махбодид баруун дээд 1 дүгээр шүдний хүзүүвчийн хугарал, буйланд цус хуралт, доод уруулд язрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт зэрэг хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь,

-Шүүгдэгч О.Мяасүрэн, шүүгдэгч Б.Ганзам нар нь бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Бошигтхааныг “архины мөнгө өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан зодож, түүний бие махбодид дух, хамарт зулгаралт, зүүн чихний ар, зүүн гуянд цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн гэмтэл, төмсөгний зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн гэмтэл учруулан танхайрсан болох нь,

-Шүүгдэгч О.Мяасүрэн, шүүгдэгч Д.Дашлхүндэв нар нь бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 22-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо монелын нутаг дэвсгэрт иргэн Ц.Тогтохсүрэнг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдыг илтэд үл хүндэтгэн зодож, түүний бие махбодид тархи доргилт, дух, дагз, хөмсөг, баруун зовхины шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, хүзүүний цус хуралт, ууцны зулгаралт зэрэг хөнгөн зэргийн гэмтэл учруулан давтан үйлдлээр догшин авирлаж танхайрсан болох нь,

-Шүүгдэгч Д.Дашлхүндэв, шүүгдэгч О.Мяасүрэн нарт нь бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 22-ны шөнө согтууруулах ундыын зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо монелын нутаг дэвсгэрт иргэн Ц.Тогтохсүрэнг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдыг илтэд үл хүндэтгэн зодож, түүний бие махбодид тархи доргилт, дух, дагз, хөмсөг, баруун зовхины шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, хүзүүний цус хуралт, ууцны зулгаралт зэрэг хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Ганзамд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч О.Мяасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Д.Дашлхүндэвт Эрүүгийн хуулийн тусгай анийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Ганзамыг бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн догшин авирлан танхайрсан гэмт хэрэг,

Мөн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч О.Мяасүрэнг  давтан үйлдлээр бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Дашлхүндэвийг бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн догшин авирлан танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ганзам, О.Мяасүрэн, Д.Дашлхүндэв нар нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг ялгамжтай оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэндэн овогт Болдбаатарын Ганзамыг бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн догшин авирлан танхайрсан гэмт хэрэг,

-мөн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

-Боржигон овогт Отгонбаярын Мяасүрэнг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэг,

-Тайж овогт Даваанямын Дашлхүндэвийг бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн догшин авирлан танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Б.Ганзам, Д.Дашлхүндэв нарыг тус бүр 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар О.Мяасүрэнг 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял,

 -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганзамыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганзамд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганзамд оногдуулсан 1 сарын баривчлах ялыг багтааж Б.Ганзамын нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Ганзам, Д.Дашлхүндэв, О.Мяасүрэн нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ганзам, Д.Дашлхүндэв, О.Мяасүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

                                                                  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Ганзамд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял,

-О.Мяасүрэнд оногдуулсан 3 жил 3 сарын хорих ял,

-Д.Дашлхүндэвт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тус тус тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ганзам, Д.Дашлхүндэв, О.Мяасүрэн нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР