Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/48

 

Г.Б, Ж.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор А.Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү,

Шүүгдэгч Т.Б /цахимаар/

Шүүгдэгч Ж.Ц /цахимаар/ 

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/78 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарт холбогдох 2128000640042 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г. Б,

Монгол Улсын иргэн, Ж .Ц,

Шүүгдэгч Г.Б, Ж.Ц нар нь бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах гүний худагт байсан А.Б-н эзэмшлийн усны помп, 11 метр урт шланк зэргийг “Mitsubishi pajero" загварын улсын дугаартай автомашин ашиглан хулгайлж, А.Б-д 423200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ нь Г.Б, Ж.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Г.Б, Ж.Ц нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарт тус бүр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Г.Б, Ж.Ц нар нь хохирогч А.Б-д нийт 423200 төгрөгийн үнэлгээ бүхий усны помп болон 11 метр урт шланк зэргийг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарын гэмт хэрэг үйлдэхэд ашиглаж эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3500000 төгрөгийн үнэ бүхий “Mitsubishi pajero” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Г.Б, Ж.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэг гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч О.Алтанчулуу нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “..Top of Form.Шүүгдэгч Г.Б, Ж.Ц нар хулгайлсан эд зүйлүүдийг биет байдлаар хохирогчид буцаан өгч хохирлоо нөхөн төлсөн.

Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Г.Б-н хувьд гэм буруугийн тал дээр маргаагүй ч шүүгдэгч нарын өмгөөлөгч гэм буруу болон гэмт хэргийн зүйчлэл дээр маргасан байна.

Иймд Г.Б-д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлж, 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү

Bottom of Formгэжээ.

Шүүгдэгч Ж.Ц нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...миний хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бусдад 423 200 төгрөгийн хохирол учруулж, хохирлоо тэр доор нь барагдуулсан, өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүх ялыг хөнгөрүүлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Өмгөөлөгч хэргийн зүйлчлэлтэй маргасан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн миний эрх зүйн байдлыг дордуулан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүх хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, шүүгдэгч нарт ял оногдуулсан нь үндэслэлгүй.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1.7 дахь хэсэгт ‘Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно" гэж тайлбарласан.

Дээрхи тайлбараас дүгнэвэл хулгайлсан эд зүйлээ машин механизм ашиглан тээвэрлэсэн үйлдэл болгоныг хүндрүүлэн авч үзэхгүй бөгөөд гагцхүү урьдчилан бэлтгэж ашигласан бол машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой байна.

Тус хэргийн хувьд худаг дээр байсан помп, шланкыг хулгайлах зорилгоор машиныг урьдчилан бэлтгэж ашигласан үйл баримт тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ж.Ц машин нь эвдэрч, худаг дээр ус уухаар очиход помп, шланкыг байхыг хараад хулгайлах сэдэл төрж, уг гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон.

Мөн анхан шатны шүүхийн тээврийн хэрэгслийн арын суудалд хийн тээвэрлэж явснаараа уг эд зүйлүүдийг эзэмшилдээ бүрэн авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон тул хулгайлах гэмт хэргийг энэхүү ажиллагаа дууссан үеэс төгс үйлдэгдсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ж.Ц нь тухайн помп, шланк зэргийг худгаас авснаар хулгайлах гэмт хэрэг бүрэн төгсөж, өөрийн эзэмшилдээ бүрэн авч, захиран зарцуулах бололцоо бий болсон бөгөөд хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмыг ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэггүй тул анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн анхан шатны шүүх Ж.Ц-н үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал

тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ж. Ц-н хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Г.Б нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн хамт суманд байдаг эхнэрийнхээ төрсөн эгч Б-нд очиж золгочихоод маргааш нь буюу 2021 оны 02 дугаар 19-ний өдөр гэр лүүгээ буцаж явах замдаа машин нь эвдэрч,.түүнийг машинаа засаж байх хооронд нь хамт явж байсан Ж.Ц нь айлын худаг дээрээс усны помп, шланк хулгайлан машинд нь ачсан байсныг Ц.Э гэх залуутай таарах үедээ л мэдсэн гэдэг бөгөөд энэ нь Ж.Ц-н “машин хүч алдаад унтарчихаар нь түлхүүрээ түлхсэн чинь тог очихгүй байхаар нь копудаа сөхтөл стачир салаад унжчихсан байхаар нь Г.Б стачираа эргүүлж боох хооронд нь би худаг руу очиж онгоцтой уснаас нь уучхаад худаг дээр байсан усны помпны тагийг нь сөхөөд шланкыг нь дээшээ татаж аваад машины ар талд авч очиж хийчихээд машины цаад талд очиж бие засчихаад эргээд иртэл Г.Б машинаа засаад дуусч байсан..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 63-64/, гэрч Ц.Э “ би та хоёр манай ах хүүгийн мотор аваад явчихвуу гэсэн чинь сүүлд нь нэрийг нь сонсоход М гэдэг нэртэй Б-н хажууд сууж явсан залуу нь үгүй сумаас мотор, шланк авсан гэж хэлсэн чинь Б нь М-г чи авчихсан юм биш үү гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 114-115/ зэргээр хангалттай нотлогддог.

Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй хэрэгт авагдсан нотлох баримтуудыг таамаглалд үндэслэн хэт яллах талаас нь үнэлж, гэм буруугийн талаар “...Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, шүүгдэгч Ж.Ц-н гүний худагт байсан помп, шланк зэргийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байхыг нь шүүгдэгч Г.Б харсан түүний үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж тухайн үед жолоодож явсан тээврийн хэрэгслийн хойд талын суудалд хийлгэснээс гадна энэхүү ажиллагааг таслан зогсоохоор ирсэн Ц.Э-н шаардлагыг үл биелүүлж, лавлаж тодруулахаар утсаар ярих хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн зэрэг үйлдлээрээ санаатайгаар нэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон тул тэднийг бүлэглэн гэж үзнэ" гэсэн дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй байна.

 Өөрөөр хэлбэл хэргийн хүрээнд Ж.Ц-г усны помп шланк авахыг Г.Б харж байсан, Г.Б нь хойд талын суудалдаа хийлгэсэн гэснийг нотлох нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэргийн бодит байдалд үл нийцсэн /нотлох баримтанд тулгуурлаагүй/ дүгнэлт хийж миний үйлчлүүлэгчийг буруутгасан нь учир дутагдалтай байна.

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх гол шинж нь нэг гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш тооны хун хамтран оролцож, гэмт хэргийн обьектив талыг хамтран хэрэгжүүлсэн байх явдал бөгөөд 2128000640042 дугаартай хэргийн хувьд Г.Б нь Ж.Ц-тай цуг худаг дээрээс очиж усны помп, шланкыг авсан эсэх нь, түүнд хулгай хийх санаа зорилго байсан эсэх нь Г.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх, бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой байхад /факт болон түүний үр дагавар нь оролцогчдын ямар үйлдэлтэй шалтгаант холбоотой болохыг нь/ анхаарч үзэлгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Мөн шүүх шийдвэртээ хэдийгээр шүүгдэгч нарыг бусдын эд зүйлийг хулгайлах зорилгоор автомашиныг урьдчилсан бэлтгэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч гүний худагнаас ус уух үед помп, 11 метр урт шланк зэргийг хулгайлах сэдэлт төрж, улмаар хулгайлах гэмт хэргийг төгс үйлдэх, уг эд зүйлүүдийг хол газар биеэр авч явж чадахгүй ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор Mitsubushi pajero загварын улсын дугаартай автомашиныг ашигласан нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд шүүгдэгч нарын мэдүүлгүүд эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна." гэсэн дүгнэлт хийж Г.Б, Ж Ц нарыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна гэж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Тодруулбал Улсын Дээд Шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолд машин механизм хэрэглэсэн гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй” гэж тайлбарласан байх бөгөөд хулгайн гэмт үйлдэх зорилгоор л машин бэлдэж, ашигласан бол хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээс биш, гэмт хэрэг үйлдэхээр машин механизмыг урьдчилан бэлдээгүй тохиолдолд хэрэглэсэн гэж үзэхгүй гэдгийг тодорхой тусгажээ.

Гэтэл шүүх шүүгдэгч нарыг “...бусдын эд зүйлийг хулгайлах зорилгоор автомашиныг урьдчилсан бэлтгэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй" гэсэн дүгнэлтийг хийсэн хир нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж машин механизм ашигласан гэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэмж дурьдахад анхан шатны шүүх хурал дээр өмгөөлөгчийн зүгээс Г.Б, Ж.Ц нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар хэлэлцүүлэхгүй байх хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч шийдвэртээ “Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй байх санал хүсэлт гаргаагүй болно" гэсэн нь эд мөрийн баримт болох машин машины дугуйг биет байдлаар шинжлэн судлахад дугуйны хээ нь хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд авагдсан гэрэл зургийн үзүүлэлттэй илт тохирохгүй байхад шүүх шийдвэртээ “Мөн нотлох баримт шинжлэн судлах явцад өмгөөлөгч нарын гаргасан машины дугуйны хээ зөрүүтэй гэх хүсэлтийн дагуу оролцогчдыг байлцуулан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Mitsubushi pajero загварын улсын дугаартай автомашиныг биет байдлаар үзэж, уг автомашины дугуйны хээг хэрэгт гэрэл зургаар бэхжигдсэн дугуйны хээтэй харьцуулан судалж үзэхэд зөрүүтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн” нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж. миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр нэгдмэл байр суурьтай биш. Шүүгдэгч нар гэм буруутайгаа маргадаггүй боловч өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл дээр маргадаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийг ашиглах боломжгүй байна. Гэм буруугийн талаар маргаж байна гэж үзэж байна.

   Хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Гэмт хэргийн гол шинжийг буруу гаргасан гэж үзэн гомдол гаргасан. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15, 16 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтуудыг шинжлэн судлаад зөрүүтэй гэж үзээгүй.

Үйлдлээрээ санаатай нэгдсэн нь хангалттай нотлогдсон. Гэмт хэргийн шинжтэй гэж салаа утга бүхий гомдол гаргасан. 2006 оны машин механизмыг хуулийн үйлчлэлтэйгээ дуусгавар болсон. Одоо үйлчилж байгаа хуулийн заалттай тохирохгүй.

Анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн арын суудалд тээвэрлэж явснаар эзэмшилдээ оруулсан, мөн тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзсэн.

Шүүгдэгч нар нь гэм буруутай болох нь хангалттай тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл зөв байна. Ял шийтгэл нь гэм бурууд нь тохирсон.

 Нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон. Ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Өршөөлд хамруулах үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Гэм буруутайд тооцогдож хорих ялаар шийтгүүлсэн. Гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Өмгөөлөгчийн зүгээс хүндрүүлэн үзсэнтэй санал нийлэхгүй байгаа учир хүндрүүлэх заалтгүйгээр гэмт хэргийг зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.

Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нарын 10 гаруй жилийн хугацаанд хаягаа өөрчлөлгүй амьдарч байгаа малчин хүн учир Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөл үзүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймээс оршин суух хаяг нь тодорхой байх тул өршөөл хамруулж өгнө үү” гэв.  

Шүүгдэгч Т.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өршөөлд хамруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ж.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэнсэж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г, Б.О нарын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулууны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус тус бичсэн давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Г.Б, Ж.Ц нар нь бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах гүний худагт байсан А.Б-н эзэмшлийн усны помп, 11 метр урт шланк зэргийг “Mitsubishi pajero" загварын улсын дугаартай автомашин ашиглан хулгайлж, А.Б-д зах зээлийн ханшаар 423200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б /хх-32-33/, гэрч А.Ч /хх-35/, Ц.Н /хх-41/, Ц.Э /хх-114-115/ нарын мэдүүлгүүд болон “Х.үнэлгээ” ХХК-ийн 39, 48 дугаартай үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна” гэж  анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

“Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч шүүгдэгч Ж.Ц-н гүний худагт байсан помп, шланк зэргийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байхыг нь шүүгдэгч Г.Б харсан, түүний үйлдэл хууль бус гэдгийг мэдсээр байж тухайн үед жолоодож явсан тээврийн хэрэгслийн хойд талын суудалд хийлгэснээс гадна энэхүү ажиллагааг таслан зогсоохоор ирсэн Ц.Э-н шаардлагыг үл биелүүлж, лавлаж тодруулахаар утсаар ярих хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн зэрэг үйлдлээрээ санаатайгаар нэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон тул тэднийг бүлэглэн гэж үзнэ” /хх-164/, “Хэдийгээр шүүгдэгч нарыг бусдын эд зүйлийг хулгайлах зорилгоор автомашиныг урьдчилан бэлтгэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч гүний худгаас ус уух үед помп, 11 метр урт шланк зэргийг хулгайлах сэдэл төрж, улмаар хулгайлах гэмт хэргийг төгс үйлдэх, уг эд зүйлүүдийг хол газар биеэр авч явж чадахгүй ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор “Mitsubishi pajero” загварын улсын дугаартай автомашиныг ашигласан нь хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна” /хх-164/ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүдийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарын гүний худагт байсан А.Б-н эзэмшлийн усны помп, 11 метр урт шланк зэргийг авч “Mitsubishi pajero" загварын улсын дугаартай автомашины арын суудалд хийж тээвэрлэж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарт тус бүр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Яллагдагч Г.Б-н 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед эгчийн гэрээс Ц-н улсын дугаартай “Mitsubishi pajero" маркын автомашиныг жолоодоод миний хажууд Ц суугаад ... гарцгаасан. ... сумын нутагт явж байтал нэг гүний худагийн хажуу талын сайран дээр машин хүч алдаад унтарчихсан. ...Ц-н гэр лүү явж байхад Э гэдэг сумын малчин мотоцикльтой бид хоёрыг зогсоогоод сая помп авчихсан юм бишүү гэхээр нь би мэдээгүй гээд хойшоо харсан чинь помпны шланкны тортой үзүүр цухуйж байсан. Тэгсэн чинь Ц явъя хөөе гэхээр нь би шууд давхиад явчихсан. ...Би хулгай хийгээгүй Ц авсан” /хх-60/, шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б-н “...энэ хэрэгт оролцоо байхгүй, худгаас помп, шланкыг авч ирэхийг анзаарч мэдээгүй, шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Ц-н “миний эд зүйл авсныг Г.Б мэдээгүй, Г.Б-н оролцоо байхгүй” гэж мэдүүлсэн мэдүүлгүүдээс үзэхэд яллагдагч, шүүгдэгч Г.Б, Ж.Ц нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй, прокуророос тэндэнд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн гэм буруугийн талаар маргаж байх тул шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч О.Алтанчулууны Top of FormГ.Б-д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлж, 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү

Bottom of Form” /хх-173/, шүүгдэгч Ж.Ц-н “миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” /хх-177/, шүүгдэгч Ж.Ц-н өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн “Ж.Ц-д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ж.Ц-н өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн “...худаг дээр байсан помп, шланкыг хулгайлах зорилгоор машиныг урьдчилан бэлтгэж ашигласан үйл баримт тогтоогдоогүй, ...анхан шатны шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож өгнө үү” /хх-178-179/, шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн “...хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй, машин механизм ашиглаагүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх” /хх-182-184/ гэсэн давж заалдах гомдлууд нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б-н 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай гэрээс 1 км орчим зайд байдаг манай гүний худгийн гадна нэг авто машин очиж зогсож байгаад явахаар нь би нөхөртэйгөө хамт очтол манай худгийн шланк болон помп байхгүй болчихсон байхаар нь би нөгөө машины явсан баруун зүгт нь байх манай хамаатан болох Э лүү утасдаад наагуур чинь нэг машин явна тэрийг зогсоогоорой. Манай усны помпыг аваад явчихсан шүү гэж хэлсэн. ...тухайн оройдоо манай усны помп, шланкыг авсан хүмүүс буцаагаад авч ирж өгсөн. ...Авч ирж өгөхдөө 2 эмэгтэй, 2 эрэгтэй байсан. Тэгээд тэд нар хэлэхдээ 2 эрэгтэй нь авчихсан гэж байсан. ...Тухайн үед нөхөр бид хоёр харж чадаагүй. Харин манай ах дүү Э харсан гэсэн ногоон өнгийн пажеро маркын улсын дугаартай дотор нь манай усны помп, шланктай хамт 2 залуу явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-32-33/, гэрч Ц.Э-н  2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “...2021 оны цагаан сарын дараахан манай эхнэрийн ээжийнх нь төрсөн дүү Б залгаад нэг ногоон жийпэрхүү машин манай худаг дээр зогсоод шланк, мотор аваад явчихлаа. Танай зүг рүү өөдөөс нь амдаад зогсоогоод мотор аваатах гэхээр нь би гэрээсээ гараад амдаад давхиж байсан чинь жижиг толгодын тэр хавьд нэг ногоон өнгийн хуучирсан жийп явж байхаар нь би өөдөөс нь амдаж очоод зогсоотол Б гэдэг нэртэй сумын залуу жолоодчихсон хажууд нь буюу урд талын зорчигчийн суудал дээр нь М гэдэг залуу суугаад явж байсан. Тэгээд би уулзаад мэнд мэдэхэд арынх нь суудлынхаа хөлд нь худгийн мотор буюу помп, нэлээн урт шар өнгийн шланк байхаар нь би та хоёр манай ах хүүгийн мотор аваад явчихвуу гэсэн чинь ...М гэдэг залуу нь үгүй сумаас мотор шланк авсан гэж хэлсэн чинь Б нь М-г чи авчихсан юм биш үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би бас биш ч байж магадгүй гэж бодоод тухайн газарт тэр Б болон М нарыг байж байгаарай гэж хэлчихээд 500 метр орчим яваад сүлжээнд гараад Б эгчтэй утсаар ярьж машиных нь улсын дугаарыг нь хэлчихээд буцаад ирсэн чинь нөгөө ногоон өнгийн автомашин аль хэдийн явчихсан байсан” /хх-114/ гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэн няцаагдаж байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Ж.Ц, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Гарьдхүү, Б.Оюунтунгалаг, О.Алтанчулуу нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоол гарсны дараа Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргаж, дээрх хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Г.Б, Ж.Ц нарт анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор тогтов.

Г.Б, Ж.Ц нарыг 2 жил 1 сарын хугацаанд Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас явахыг хориглож, Г.Б-г  Өмнөговь аймгийн Даланзадгад, Номгон, Даланзадгад сумын чиглэлд, Ж.Ц-г Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор, Даланзадгад сумын чиглэлд тус тус зорчихыг шүүхээс тогтоож, дээрх чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан тул Г.Б-н 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 хоног, Ж.Ц-н 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.

Давж заалдах шатны шүүх Г.Б, Ж.Ц нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон тул тэдэнд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Ц, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Гарьдхүү, Б.Оюунтунгалаг, О.Алтанчулуу нарын “хорих ялыг хөнгөрүүлэх”, “хэргийн зүйлчлэлийг өөрчлөх тухай” давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Г.Б-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг  2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Ж.Ц-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг  2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б, Ж.Ц нарыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаанд Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас явахыг хориглож, Г.Б-г Өмнөговь аймгийн Даланзадгад, Номгон, Даланзадгад сумын чиглэлд, Ж.Ц-г Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор, Даланзадгад сумын чиглэлд тус тус зорчихыг шүүхээс тогтоож, дээрх чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байх үүргийг Г.Б, Ж.Ц нарт хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Б, Ж.Ц нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтнуудын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Б, Ж.Ц нарт мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Б-н 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоног, Ж.Ц-н 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б, Ж.Ц нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

           

                                   

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                                    ШҮҮГЧИД                                            Х.ГЭРЭЛМАА

                                                                                                                  Г.ТЭГШСУУРЬ