2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2763

 

 

 

 

 

 

 

 

 2025        12        04                                       2025/ШЦТ/2763                  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Норжинсүрэн,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн 2406 07911 2793 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Плехановын сургуулийн баруун хойд талд явган хүний зам дээр хохирогч Р.Б-тай "үл ялих зүйлээр шалтаглан" маргалдаж, улмаар хохирогч Р.Бын биед эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, доод үүдэн голын дөрвөн шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийнхөө үйлдэлд маргах зүйлгүй. Хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 160,000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлыг төлж барагдуулна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Иргэн Р.Б-аас цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол гаргасныг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 13 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 30 дугаар хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-н 32-37 дугаар хуудас/,

- Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 38 дугаар хуудас/,

- Хохирогч Р.Бын "... Би 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Плехановын сургуулиас өөрийн охиноо авах гээд сургуулийн баруун талын туслах замаар зам хөндлөн гарч байхад саарал өнгийн жийп маркийн тээврийн хэрэгсэл хурдтай миний урдуур хаазлаад гарахаар нь би цочсондоо баруун талын толийг нь цохисон. Тухайн машин зогсоод жолооч болох залуу бууж ирээд яагаад машин цохиж байгаа юм гэхээр нь би гарцаар зам хөндлөн явж байгаа хүнийг чи дайрчих гээд өнгөрч байна гэхэд тухайн машинаас үл таних 50-60 насны эрэгтэй хүн бууж ирээд миний толгой хэсэг газар луу цохихоор нь би биеэ хамгаалаад өөдөөс нь нэг цохисон. Надтай маргалдаад байсан залуухан залуу нь чи яагаад хүн цохиж байгаа юм гээд намайг цохих гэж дайраад миний зүүн хөлийн бүдүүн гуя хэсэг газар буюу бэлэг эрхтэнд халдаж өшиглөөд нэг гараараа миний баруун гарын ханцуйнаас зуураад нэг гараараа миний толгой руу цохиж, түлхэж унагаагаад дээрээс өшиглөөд пизда минь чамайг ална шүү гэсэн..." гэх мэдүүлэг /хх-н 19-20 дугаар хуудас/,

- Гэрч Ж.Г-ын "Пелхановын сургуулиас хүүхдээ аваад хойшоо төв зам руу орох гээд зогсож байсан чинь нэг хүн урдуур орох гэж байгаад болиод хажуугаар ороод толь цохиж авсан. Тэгээд манай хүү буугаад барьцалдаад авсан. Тэгэхээр нь би араас нь буугаад болиоч гээд тухайн хүний мөр хэсэгт цохисон чинь буцаагаад нүүр хэсэгт цохисон. Би манараад нэг хэсэг газар суусан. Тэгээд жоохон сууж байгаад өндийсөн чинь нөгөө хоёр барьцалдаж авсан байсан би очиж салгаад тэгээд явцгаасан. Тухайн үед жоохон манарсан тэгээд гайгүй болсон. Хараагүй тэр хоёр барьцалдаад хоёул аа бие биеэ цохиж аваад байсан би очиж салгасан" гэх мэдүүлэг /хх-н 29 дүгээр хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13852 дугаартай "...Р.Б-ын биед эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, доод үүдэн голын дөрвөн шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-н 43-44 дүгээр хуудас/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 47 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Г.Г-ын депозит дансны хуулга /хх-ийн 70-87 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “...Хохирогч Р.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн яаралтай тусламж авч байгаагүй, бүртгэл үүсээгүй байгаагүй...” гэх тэмдэглэл /хх-ийн 104 дүгээр хуудас/,

- Хохирогч Р.Б-ын баримтаар нэхэмжилсэн 160,000 төгрөгийг шүүгдэгч Г.Г төлж барагдуулсан талаарх баримт /хх-ийн 124 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Плехановын сургуулийн баруун хойд талд явган хүний зам дээр хохирогч Р.Бтай "үл ялих зүйлээр шалтаглан" маргалдаж, улмаар хохирогч Р.Б-ын биед эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, доод үүдэн голын дөрвөн шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Р.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад 160,000 төгрөгийн баримт гарган өгсөн ба шүүгдэгч Г.Г нь уг хохирлыг шүүхийн шатанд төлсөн байна. Харин хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон байх гаргуулах хохирлыг шүүхээс тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Г.Г гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Плехановын сургуулийн баруун хойд талд явган хүний зам дээр хохирогч Р.Б-тай "үл ялих зүйлээр шалтаглан" маргалдаж, улмаар хохирогч Р.Бын биед эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, доод үүдэн голын дөрвөн шүдний сулрал гэмтэл учруулсан болох нь:

 

- Иргэн Р.Баас цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол гаргасныг хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримт тооцох тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл. хохирогч Р.Бын "... Би 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Плехановын сургуулиас өөрийн охиноо авах гээд сургуулийн баруун талын туслах замаар зам хөндлөн гарч байхад саарал өнгийн жийп маркийн тээврийн хэрэгсэл хурдтай миний урдуур хаазлаад гарахаар нь би цочсондоо баруун талын толийг нь цохисон. Тухайн машин зогсоод жолооч болох залуу бууж ирээд яагаад машин цохиж байгаа юм гэхээр нь би гарцаар зам хөндлөн явж байгаа хүнийг чи дайрчих гээд өнгөрч байна гэхэд тухайн машинаас үл таних 50-60 насны эрэгтэй хүн бууж ирээд миний толгой хэсэг газар луу цохихоор нь би биеэ хамгаалаад өөдөөс нь нэг цохисон. Надтай маргалдаад байсан залуухан залуу нь чи яагаад хүн цохиж байгаа юм гээд намайг цохих гэж дайраад миний зүүн хөлийн бүдүүн гуя хэсэг газар буюу бэлэг эрхтэнд халдаж өшиглөөд нэг гараараа миний баруун гарын ханцуйнаас зуураад нэг гараараа миний толгой руу цохиж, түлхэж унагаагаад дээрээс өшиглөөд пизда минь чамайг ална шүү гэсэн..." гэх мэдүүлэг, гэрч Ж.Г-ын "Пелхановын сургуулиас хүүхдээ аваад хойшоо төв зам руу орох гээд зогсож байсан чинь нэг хүн урдуур орох гэж байгаад болиод хажуугаар ороод толь цохиж авсан. Тэгээд манай хүү буугаад барьцалдаад авсан. Тэгэхээр нь би араас нь буугаад болиоч гээд тухайн хүний мөр хэсэгт цохисон чинь буцаагаад нүүр хэсэгт цохисон. Би манараад нэг хэсэг газар суусан. Тэгээд жоохон сууж байгаад өндийсөн чинь нөгөө хоёр барьцалдаж авсан байсан би очиж салгаад тэгээд явцгаасан. Тухайн үед жоохон манарсан тэгээд гайгүй болсон. Хараагүй тэр хоёр барьцалдаад хоёул аа бие биеэ цохиж аваад байсан би очиж салгасан" гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13852 дугаартай "...Р.Б-ын биед эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, доод үүдэн голын дөрвөн шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч Г.Г нь хохирогч Р.Б-ын эрүүл мэндэд халдаж эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, доод үүдэн голын дөрвөн шүдний сулрал бүхий гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Г.Г нь хохирогч Р.Б-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г-ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж уг ялыг хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байнагэв.

Шүүгдэгч Г.Г эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж  тус тус зааснаар шүүгдэгч Г.Г нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Р.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 160,000 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Г.Г нь шүүхийн шатанд уг хохирлыг нөхөн төлсөн байна.  

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Р.Бын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд  түүнд учирсан сэтгэцийн хор уршгийн хохиролыг түүний эмчилгээ үйлчилгээ авах шаардлагатай байгаа хувийн байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 3,960,000 төгрөгийг шүүгдэгч Г.Гас гаргуулан хохирогч Р.Бт олгуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэж, өөр битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.Г нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Г.Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Г-аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 3,960,000 төгрөгийг гаргуулж ********* дүүргийн **** дугаар хороо, ********** тоотод оршин суух Р.Б /РД:/-д олгосугай.

6. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсарган хадгалсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

            9.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                                

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.АЮУШЖАВ