Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 312

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Иргэдийн төлөөлөгч Ж.Өлзийсайхан,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шинжээч Ч.Эрдэмболор,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантулга,

Шүүгдэгч Г.Амарзул, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Гүндмаагийн Амарзулд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625014224 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Гүндмаагийн Амарзул, 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 15-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, МТ 90121207 тоот регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Г.Амарзул нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-196б тоотод байх Гүнддуламын гэрт 2016 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө бусадтай архидан согтуурч улмаар иргэн Г.Ууганзаяатай маргалдан түүний хоолойг боож хохирогчийг хөгжлийн бэрхшээлтэй, хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Амарзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би талийгаачийг айлгах гэж л хоолойг нь боосон, түүнээс биш амь насыг нь хохирооно гэж үнэхээр бодоогүй. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би талийгаачийн төрсөн дүү нь юм. Тухайн үед бүгд адилхан согтуу байсан. Гэхдээ талийгаач тухайн үйл явдал болохоос өмнөх өдөр нь над руу залгаж Амарзул намайг гэрээсээ хөөгөөд байна, Амарзултай маргаантай байгаа тухайгаа гэж хэлж байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, хамаатан садан хүмүүс одоо түүнээс нэхэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би тухайн хэрэг болдог шөнө буюу 2016 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө гэртээ эхнэр хүүхдийнхээ хамт хоносон ба надад 2016 оны 12 дугаар сарын 3-ны өглөө манай ээжийн төрсөн эгчийн охин буюу үеэл эгч Ариунзул өөрийн утсаар над руу залгаж "урьд шөнө эгч Ууганзаяа чинь нас барчихлаа" гэхээр нь "ээж хаана байгаа юм бэ" гэхэд Баянзүрх дүүргийн цагдаа дээр байгаа гэхээр нь би шууд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирэхэд ээж, Амарзул, Гүндмаа эгч, Энхзул нар байсан. Ингээд би Гүндмаа эгчээс юу болсон талаар асуухад "урьд шөнө эд нар 3-4-үүлээ архидаж байгаад эгч чинь нас барчихсан байна" гэж хэлсэн. “...би өөрийнхөө эгчийг бодохоор надад харамсалтай байна, мөн Г.Амарзул нь надтай үеэл садан төрөл болохоор бас хэцүү байна, хэргийг шүүх хуулийн байгууллага үнэн зөвөөр нь шийдвэрлэнэ биз…” /хх-31/

“...сэтгэл санааны хохиролтой байна, хэцүү байна, нэхэмжлээд байх юм алга, би шүүх хуралд оролцоно, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг. /хх-94/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2212 дугаартай дүгнэлт:

1. Талийгаач Г.Ууганзаяагийн цогцост хүзүүний арьсан дах зулгаралт, цус хуралт, дарагдлын ором, хүзүүний булчин, залгиур, төвөнхийн баруун ар хананд цус хуралт, толгойн хуйхан дор дух хэсэгт, эрүү, баруун зүүн эгэм, хоёр гарын бугалга, шуу, сарвуунд цус хуралт, дух, хамар, баруун хацар, эрүү, дээд, доод уруул, баруун гарын хуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

3. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 3.9 промилли, ходоодны шингэнд 4.7 промилли, шээсэнд 4.5 промилли спиртийн агууламж илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

4. Дээрх гэмтлүүд нь амьд үед үүсчээ.

5. Талийгаач нь багалзуурдалтын улмаас буюу хүзүү гаднаасаа дарагдаж амьсгал механикаар бүтэж нас баржээ.

6. Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна. /хх46-47/,

Сэжигтэн Г.Амарзул мэдүүлэхдээ: “...би Ууганзаяаг орон дээр сууж байхад нь татаж унагаагаад газар дээшээ харуулж хэвтүүлээд би дээр нь гарч хөлөө нугалж түүний 2 талаар нь оруулж өвдөглөж суугаад ноцолдож 2 гарыг нь дарж байгаад эхлээд хоолой дээр нь гараараа дарж боож байгаад сүүлдээ зурагтны тавиурын хажууд байсан цагаан өнгийн тюлийг /цагаан өнгийн торон даавуу/ авч 2 гартаа тюльний 2 үзүүрийг ороож байгаад Ууганзаяагийн хүзүүгээр нь 2 ороогоод тюльнийхээ 2 үзүүрийг татаж газар дарж Ууганзаяагийн хоолойг боосон. Тэгтэл Ууганзаяагийн царай хөхрөөд сонин болсон...миний биед өвдөглөж суухад 2 өвдөг шалбарсан, баруун гарын эрхий хурууны хумс гартаа тюль ороогоод татахад хугарсан...” гэсэн мэдүүлэг. /хх70-71/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №16364 дугаартай дүгнэлт:

1. “Г.Амарзулын биед 2 хөлийн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун эрхий хурууны хумсны хугарал гэмтэл тогтоогдлоо” /хх-52/,

Хэрэг учралын газар болон цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх4-16/, Г.Амарзулын хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-28/, шинжээчийн дүгнэлт /хх46-47/, хүний биед үзлэг хийсэн шинжилгээ /хх-52/, хохирогч Г.Гантулгын мэдүүлэг /хх-94/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх118-119/, сэжигтэн Г.Амарзулын мэдүүлэг /хх70-71/, яллагдагч Г.Амарзулын мэдүүлэг /хх72-74/, иргэний бүртгэл мэдээллийн лавлагаа /хх-76/, ял шалгах хуудас /хх-77/, өмгөөлөгчийн хүсэлт /хх-139/, шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Амарзул нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-196б тоотод байх Гүнддуламын гэрт 2016 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө бусадтай архидан согтуурч улмаар иргэн Г.Ууганзаяатай маргалдан түүний хоолойг боож хохирогчийг хөгжлийн бэрхшээлтэй, хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж санаатай алсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Амарзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Амарзулыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантулга нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Амарзулыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Амарзул нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэрээр согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Г.Амарзулд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн тюль /торон хөшиг/, 0.75 литрийн Хараа архины шил 3 ширхэг, цагаан өнгийн аяганы хагархай хэсгүүд, тэлээний арал 1 ширхэг, бэлгэвч 2 ширхэг зэрэг зүйлүүдийг утсгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Гүндмаагийн Амарзулыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Амарзулыг 15 /арван тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Амарзулд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Амарзулын урьд цагдан хоригдсон 188 /нэг зуун наян найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн тюль /торон хөшиг/, 0.75 литрийн Хараа архины шил 3 ширхэг, цагаан өнгийн аяганы хагархай хэсгүүд, тэлээний арал 1 ширхэг, бэлгэвч 2 ширхэг зэрэг зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

 6. Энэ хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруутай этгээдээс хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Амарзулд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР

                                      ШҮҮГЧИД                                        Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                                 С.ПҮРЭВСҮРЭН