| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0406/Э |
| Дугаар | 314 |
| Огноо | 2017-06-09 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
улсын яллагч Э.Оюунтунгалаг,
шүүгдэгч З.Амарбаясгалан, түүний өмгөөлөгч Т.Мөнхдалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Хонход овогт Зоригтбаатарын Амарбаясгаланд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010752 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Хонход овогт Зоригтбаатарын Амарбаясгалан, 1992 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум 3 дугаар баг 3-15-5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РЗ 92080419 тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч З.Амарбаясгалан нь 2017 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны гадна байрлах автомашины ил зогсоол дээр байрлуулсан хохирогч Д.Басбаярын эзэмшлийн 11-62 ХЭҮ улсын дугаартай Тоёота королла аксио маркийн автомашиныг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, автомашинд нэвтэрч хулгайлан 10.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Амарбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би нийтийн байранд галч хийдэг бөгөөд тухайн өдөр галдаа нүүрс хийчхээд хадмын гэр рүү явах гэхэд тухайн машины түлхүүр гадна талдаа зоолттой байсан. Тэгээд би тухайн машиныг жолоодоод явж байтал хүн гар өргөхөөр нь аваад 100 айл орчихоод Жуков руу явж байгаад замдаа цагдаад баригдсан. Би автомашин хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Д.Басбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шөнө 00 цагийн орчим өөрийн эзэмшлийн 11-62 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн тоёота королла аксиод маркийн автомашинаа 4 дүгээр байрны гадна байрлуулаад гэртээ орж амарчихаад маргааш өглөө 08:30 минутын орчим ажилдаа явах гээд гараад ирэхэд миний автомашин байхгүй байсан. Ямар хүн журамлуулсан талаар асуухад Амарбаясгалан гэх залуу согтуу жолоодож яваад замын цагдаад баригдсан гэж байсан. Ингээд би машинаа авч явсан. Миний машинд орхисон куртикны халаасанд батерей нь дууссан илүү түлхүүр байсан юм. Амарбаясгалан уг түлхүүрээр аваад явсан байсан. Уг түлхүүрний батерей нь дууссан байсан учир хаалганы цоож онгойлгохгүй байсан учир би өглөө машинаа халаахдаа уг түлхүүрээр машинаа асааж илүү түлхүүрээрээ түгжээд гэртээ ордог байсан юм. Би 2017 оны 2 дугаар сарын 15-ны орой эгч Анхбаярыг ажлаас нь аваад гэртээ авч ирсэн. Надад гомдол санал нэхэмжлээд байх зүйл байхгүй, Амарбаясгалан миний машинд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг. /хх-23-24/,
Гэрч Д.Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн орчим гэртээ ирээд Басбаяр бид хоёр машинаа цоожлоод гэртээ орж амарсан. Байрны гадаа ирээд машинаас буухад Басбаяр машинаа цоожлоод байсан. Учир нь дохиолол нь буюу дохио нь асаж машины хаалганууд цоожлогдож байгаа нь надад сонсогдсон. Илүү түлхүүр нь автомашин дотор нь куртикных нь халаасанд байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-27/,
Яллагдагч З.Амарбаясгалан мэдүүлэхдээ: “...түлхүүрийг машины кандокторт хийж асаах үйлдэл хийхээд машин ассан, тэгэхээр нь би ухарч байгаад автомашины хойд талын гуперээр нь хашлага мөргөсөн. Тэгээд ахин урагшаа болж гараад төв зам руу орж Сансарын тойргоор тойроод Жуков руу эргэж явж байгаад замын цагдаа нарт баригдсан. Тэгээд цагдаагийн газар ирсэн. Би хэрэг болох өдөр отверкийг биедээ авч явж байсан юм. Намайг машинд ороод суухад уг отверк унасан байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-27/,
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13/, хохирлын үнэлгээ /хх-21/, хохирогч Д.Басбаярын мэдүүлэг /хх23-24, 30/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-26/, гэрч Д.Анхбаярын мэдүүлэг /хх-29/, эд зүйлийн үнэлгээ /хх-19/, яллагдагч З.Амарбаясгалангийн мэдүүлэг /хх-43, 44/, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч З.Амарбаясгалан нь 2017 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны гадна байрлах автомашины ил зогсоол дээр байрлуулсан хохирогч Д.Басбаярын эзэмшлийн 11-62 ХЭҮ улсын дугаартай Тоёота королла аксио маркийн автомашиныг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, автомашинд нэвтэрч хулгайлан 10.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч З.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч З.Амарбаясгаланг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч Д.Басбаяр нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч З.Амарбаясгалан нь учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч З.Амарбаясгаланд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч З.Амарбаясгалангийн нэр дээр ямар нэгэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө байхгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР