| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/1320/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1225 |
| Огноо | 2025-12-05 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч | П.Итгэл |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1225
2025 12 05 2025/ШЦТ/1225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,
улсын яллагч: П.Итгэл,
шүүгдэгч: Б.П., түүний өмгөөлөгч Я.Э. нар оролцсон эрүүгийн 2503000001200 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С. овогт Б.ын П. /.../,
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П. нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх үедээ буюу 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун замд Тоёота Приус ... УЕХ автомашиныг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.П. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 2503000001200 дугаартай хэргээс:
Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 3-4/,
Жолоочийн лавлагаа /хх-ийн 34/,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 244 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 15-20/,
Б.П.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 11/,
Б.П.ын хувийн байдалд холбогдох баримтууд /хх-ийн 33-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Б.П. нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх үедээ буюу 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун замд Тоёота Приус ... УЕХ автомашиныг согтуугаар жолоодсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Спиртийн агууламж 0.86%” гэх тэмдэглэл /хх-ийн 3-4/,
Жолоочийн “...Эрх хасах: Баянхонгор, Баянхонгор, ЭХ-27.10.5, 2024-12-05, 2025-12-05, 1 жил...” гэх лавлагаа /хх-ийн 34/,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 244 дугаартай “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С. овогт Б.ын П.ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй...” гэх шийтгэх тогтоол /хх-ийн 15-20/,
Б.П.ын яллагдагчаар өгсөн “...Айлд найзуудын хамт айраг уусан. Өглөө босоод Тоёота Приус ... УЕХ автомашиныг жолоодоод Баянхонгор аймаг руу явсан. Явах замд цагдаа зогсоосон. Үлээхэд 0.86% гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголтыг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 5 дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу уг гэмт хэргийг үйлдэхэд ямар нэг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүйн дээр гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Өөрөөр хэлбэл, урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус шинжтэй болохыг мэдсэн, мэдэх боломжтой байхад зориуд санаатай үйлдсэн нь нийгмийн аюулын шинж чанарыг ихэсгэж, үүнээс учирч болох хохирол, хор уршгийг нэмэгдүүлж, үүнд өртөж буй эрх ашиг буюу нийгмийн аюулгүй байдалд халдаж байдаг тул хууль тогтоогч 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ зөрчил, эсхүл гэмт хэрэг үйлдэж хасуулсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцон эрүүжүүлсэн.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.П.оос хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.П.ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.П.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.П.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.П. нь бүрэн бус дунд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.П.т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Б.П. танилцаж, хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.П.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй (1 нэгж=1000 төгрөг) тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналыг хүрээнд торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг Сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С. овогт Б.ын П.ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П.ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П.т оногдуулсан 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.П.т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.П.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН