| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2023/00566/и |
| Дугаар | 155/ШШ2023/00859 |
| Огноо | 2023-09-01 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2023/00859
| 2023 оны 09 сарын 01 өдөр | Дугаар 155/ШШ2023/00859 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Мын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.Д,
Хариуцагч: Ё.Д нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:14,915,000 (арван дөрвөн сая есөн зуун арван таван мянга) төгрөг гаргуулах тухай, 155/2023/00566/и дугаар индесктэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.М,
Хариуцагч: Ш.Д,
Хариуцагч: Ё.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь тус шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өөрийн гараар бичсэн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Х аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан “Ш.Дтай харилцан тохиролцож 14,915,000 төгрөгийг барагдуулсан тул холбогдох материалыг ... хааж дуусгавар болгож өгнө үү гэх” хүсэлтийг Ш.Д нь хуурч мэхлэх замаар хийлгэсэн үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг Ш.Д, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нарт холбогдуулан гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж өөрчилсөн байна.
Үүнд: Нэхэмжлэгч Б.М миний бие Х аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Ш.Д нарт холбогдуулан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Тэгээд прокурорын байгууллагаас тухайн хэрэг маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр тухайн нэхэмжлэлээс татгалзсан. Мөн уг хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин шийдвэрлүүлэхээр хянуулж, шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ердийн журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Одоо би доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн, мөн нэг хариуцагчийг сольж Ш.Д, Ё.Д нараас 14,915,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна.
Миний бие Б.М тус шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2385 дугаар хариуцагч Ш.Д нэхэмжлэгч Б.М надад 21,602,000 төгрөгийг төлөхөөр бид харилцан тохиролцож, эвлэрснийг баталсан шүүгчийн захирамж гарсан юм.
Төлбөр төлөгч Ш.Д нь иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрөө бага, багаар төлсөөр 14,915,000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшихэд бусдад төлөгдөх өргүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлд өргүй байх ёстой энэ баримт нь хуулиар шаардагдаж байгаа гээд өөртөө ашигтай байдлыг бий болгох гээд тухайн үеийн Хөвсгөл аймгийн А сумын засаг дарга Ё.Дтай хамтран ирж намайг гуйсаар тухайн үедээ Хд газар авч өгнө гэх зүйл ярьж, 14,915,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж бичиг хийж өгөхийг гуйж би тэдний үгэнд итгэн уг бичгийг гараар бичиж өгснөөр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Нэг ч төгрөгийг төлөлгүйгээр надаар ийм бичиг хийлгэсэн байдаг.
Энэ талаар би цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан боловч Ш.Д нь залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, прокурорын байгууллагаас иргэний журмаар уг төлөх ёстой төлбөрийг нэхэмжил гэсэн юм.
Гэтэл үнэн чанартаа уг төлбөрийг надад төлж барагдуулаагүй юм.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч би хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Ш.Д, Ё.Д нараас нэхэмжлэгч надад төлөх ёстой байсан төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөрийн үлдэгдэл болох 14,915,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж өөрчлөн нэхэмжилж байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгаатай холбоотойгоор хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг сольж, хариуцагчаар Хөвсгөл аймгийн А сумын 5 дугаар багт оршин суух Ё.Дг оролцуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ нэхэмжлэлийг энэ хоёр хүн намайг хууран мэхэлж зальдаж хийсэн. Түүнээс хойш маш олон жил хохироосон. Анх 2014 би Ш.Дтай хамтарч хоёулаа А суманд юм хийе гурил будаа малчдад өгөөд зөрүүлээд мал, мах аваад хот руу наймаа хийе гэсэн. Ийм тохиролцоотойгоор 4,000,000 төгрөг өгсөн. Дараа нь 2,000,000 төгрөг өгсөн. Ганц хоёр удаа яваад шаталтад ороод хохирол амсаж байсан. Тэр үед хуваая гээд хоёулаа хуваагаад яваад байсан. Мөнгөө авах уу гэхээр нь дараа нэг мөсөн авъя гээд явж байгаад сүүлдээ мөнгө ч байхгүй болоод нөгөө хүн маань мөнгөө нэхээд тэгээд хоёулаа хэрүүл маргаан болоод шүүхээр орсон. Тэрнээс 21 сая хэдэн зуун мянган төгрөгийг төлөх шийдвэр гарч шүүхийн шийдвэрийн дараа Ш.Д нэг япон машин, хоёр тугалтай үхэр өгч байсан. Тэгээд 14,915,000 төгрөгийн хохирол үлдэж байхад тухайн үеийн А сумын Засаг дарга Ё.Дтай ирж уулзаад надад газар өгье, чи газраа 20,000,000 төгрөг гаргаад зарчихна гэхэд нь би итгээд бичиг хийж өгсөн. Тэр алдаа болсон байна. Үлдэгдэл 14,915,000 төгрөгөөс нэг ч төгрөгийг төлөлгүйгээр надаас төлсөн бичиг хийлгэж авч сонгуульд нэр дэвшчихээд одоо газраа ч өгсөн зүйлгүй, өрөө ч барагдуулаагүй юм. Тухайн үед засаг даргаар ажиллаж байсан Ё.Дгийн гуйснаар өр төлбөргүй гэсэн бичиг хийж өгсөн учир би хоёулангаас нь нэхэмжилсэн. Ё.Д нь Хд газар олж өгнө гэж хэлж байсан. Тэрнээс 14,915,000 төгрөгийн төлбөрийн үлдэлдэл нь Ш.Дгийн төлөх ёстой төлбөр байсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн төлбөр гэж Ш.Д нь нэг сая таван зуун мянган төгрөгийг төлсөн...Өрөө огт төлөөгүй учир уг мөнгийг гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Ш.Д шүүхэд гаргасан тайлбартаа: ...2014 онд Б.М манай гэрт ирээд Хас банкнаас зээл авах гэсэн юм барьцаа хөрөнгө дутаад байна. Иймд хашаа байшингийнхаа бичиг баримтыг өгөөч гэж ирсэн энэ үед нь манай эхнэр Т.Н уг асуудлыг зөвшөөрөөгүй. 2 хоногийн дараа Б.М нь ирээд надад банкнаас авлагатай гэвэл зээл гаргаж өгнө гээд байна. Чи надад өглөгтэй нь үнэн гэсэн бичиг хийж өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд Б.Мад өглөгтэй гэсэн бичиг хийж өгөөд П гэх нотариатчаар баталгаажуулсан. Тухайн үед миний бие хууль, эрх зүйн мэдлэггүйн улмаас Б.М гэгч хүнд залилуулсан.
Уг үйл явдлаас хойш нэг жилийн дараа байж байтал аймгийн шүүхээс дуудсан. Шүүхээс Б.Мад та өглөгтэй учир үүнийгээ төлж барагдуулна гэсэн утгатай нэхэмжлэлийг өгсөн. Би нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбарыг өгч, шүүхээс 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2385 тоот захирамж гарсан. Шүүхээс шийдвэр гаргахдаа миний нотариатаар баталгаажуулсан бичгээр 21,602,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гарсан. Тухайн үед миний бие мөн л хууль зүйн мэдлэггүйн улмаас давж заалдаж чадалгүй шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлж явсан.
Б.М гэгч нь А сумын засаг дарга Ё.Д гэгч хүнтэй хамт ирсэн мэтээр болоогүй зүйлийн талаар дурьдаж Хд газар олж өгнө гээд 14,915,000 төгрөгийг одоо болтол аваагүй хуурч ирсэн талаар дурьдсан нь үндэслэлгүй юм.
Б.М нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж намайг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж шалгуулж, цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул хэргийг хааж, хэрэгсэхгүй болгосон. Б.М нь удаа дараалан шүүхийн байгууллагад хандаж иргэн намайг чирэгдүүлж байгаад гомдолтой байна.
Б.М нь намайг залилан мэхэлж, өрөнд оруулсон асуудалдаа дүгнэлт хийгээд үлдсэн авлага гэх мөнгөнөөс өөрийн сайн дураараа чөлөөлөхөөр бид 2 хоорондоо хэлцэл хийсэн тул гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Б.Мын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ иргэн Б.М анх надтай ах нь Хас банкнаас 50 сая төгрөгийн зээл хүссэн чинь барьцаа хөрөнгө дутаад байна гээд хашаа байшингийн бичиг баримтаа өгчихөөч гэж анх гуйж ирсэн. Би өгөх гэтэл эхнэр зөвшөөрөөгүй. Тэгээд хоёр хоногийн дараа хүрч ирээд Хас банкнаас хүнээс авлагатай гэвэл зээл гаргаж өгнө гэнэ, ахдаа чи туслаад нотариатаар гарын үсэг зураад өглөгтэй нь үнэн гэсэн баталгаа гаргаад өгөөч ээ гэж гуйхаар нь миний ахад хэрэг болж байгаа бол тэгье гээд Пүрэвдулам гэдэг нотариат дээр очоод гарын үсэг зурсан. Түүнээс биш энэ хүнээс аваад идээд уусан зүйл байхгүй. Энэ хүн миний хоршооны хөрөнгө болох 9,170,000 төгрөгөөр хот руу мал ачиж явж байгаад 4,000,000 сая гаран төгрөгөөр шатаад бараг мөнгө дуусах гэж байна яах уу гэхээр нь би мөнгөгүй үлдэж байхаар машинтай ч болов үлдье гээд нэг 3,150,000 төгрөгт машин аваад огт мөнгөгүй ирж байсан өөрөө ч мэдэж байгаа. Тэгээд тэрийг 1,800,000 төгрөгөөр үнэлгээ тогтоолгоод шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар дамжуулж өөрөө авсан. Би үлдэгдэл 14,915,000 төгрөгийг төлөөгүй нь үнэн. Тэр үед бас сонгуульд нэр дэвших гээд өр төлбөргүй гэсэн бичиг хийлгэж авсан нь үнэн. Багийн засаг даргад өрсөлдсөн бөгөөд засаг дарга болчихвол гэсэн бодолтой ахаас гуйж ийм бичиг хийлгэж авсан юм... гэв.
Хариуцагч Ё.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Б.М гэгч хүн Ш.Д бид 2-ыг Авилгатай тэмцэх газар, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт гомдол гаргаж олон удаа шалгуулсан юм. Уг гомдолдоо намайг өөрийгөө ятгаж байж Ш.Дд өргүй гэсэн бичиг хийлгэж авсан гэх гомдлыг гаргадаг бөгөөд ийм асуудал болоогүй байдлыг холбогдох газрууд шалгаад тогтоодог.
Б.М гэгч нь манай нутгийн залуу болох Ш.Д бид хоёрыг болоогүй зүйлийг болсон мэтээр дурьдаж А сумын Х тосгонд газар олж өгнө Ш.Д нь А сумын орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа учраас өр зээлийн асуудалтай байж болохгүй учир чи өр авлагын асуудал байхгүй гэж бичиг хийж өг гэж намайг ятгасан мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг би ойлгохгүй байна. Гаргасан нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Б.Мын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ё.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мын гаргаж байгаа нэхэмжлэлийг би ойлгохгүй байна. Би 2016 онд намын дарга байсан. Нэр дэвших хүмүүсийг өр төлбөргүй байх бичиг хэрэгтэй гэсэн. Тэгээд 10 гаран хүн татвар энд тэнд хувь хүнд ч өр төлбөртэй байсан хүмүүсийг цэгцлээд ир гэхэд цэгцлээд ирсэн. Бусдыг нь сайн ойлгохгүй байна... Наашаа нэр дэвшигч нарын өртэй хүнтэй нь уулзуулж өртэй байгууллагад нь өр төлбөрийг нь барагдуулахаар Мөрөнд ирж байсан. Б.Мын гадаа нь очиж Ш.Д буусан. Энэ хоёр хүн хоорондоо юу ярьсныг би мэдэхгүй. Сүүлд тэр утсаар ярихдаа намайг олон хүнтэй хурал хийж байхад залгаад газар энэ тэр гээд юм яриад байсан би завгүй байсан учир сайн учрыг нь ойлгоогүй... Тэр газар олж өгнө энэ тэр гэж ярьсан зүйлгүй гэв.
Нэхэмжлэгчээс Б.Мын иргэний үнэмлэхийн хуулбар, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай тогтоолын архивын хуулбар, шүүхийн гүйцэтгэх хуудасны архивын хуулбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын архивын хуулбар, Б.Мын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлтийн архивын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоолын архивын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг тус тус ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэн, Б.Мын цахим хаягт хадгалагдаж буй гэх харилцан ярианы бичлэгт үзлэгийн ажиллагааг явуулж, дээрх байгууллагаас баримтыг бүрдүүлсэн.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Б.М нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Ш.Д нарт холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг ирүүлсэн ба 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ш.Д, Ё.Д нарт холбогдуулан 14,915,000 (арван дөрвөн мянга есөн зуун арван таван мянга) төгрөг гаргуулахаар хариуцагчийг сольж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.
2. Нэхэмжлэгч Б.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие Б.М тус шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2385 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ш.Д нь нэхэмжлэгч Б.М надад 21,602,000 төгрөгийг төлөхөөр бид харилцан тохиролцож, эвлэрснийг баталсан шүүгчийн захирамж гарсан юм.
Төлбөр төлөгч Ш.Д нь иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрөө бага, багаар төлсөөр 14,915,000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшихэд бусдад төлөгдөх өргүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлд өргүй байх ёстой энэ баримт нь хуулиар шаардагдаж байгаа гээд өөртөө ашигтай байдлыг бий болгох гээд тухайн үеийн Хөвсгөл аймгийн А сумын засаг дарга Ё.Дтай хамтран ирж намайг гуйсаар тухайн үедээ Хд газар авч өгнө гэх зүйл ярьж, 14,915,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж бичиг хийж өгөхийг гуйж би тэдний үгэнд итгэн уг бичгийг гараар бичиж өгснөөр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. ... Надад төлөөгүй 14,915,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ё.Д нь намайг ятгаж ийм бичиг хийлгэсэн тул энэ мөнгийг Ш.Д, Ё.Д нараас гаргуулж өгнө үү гэж,
3. Хариуцагч Ш.Д нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Бадарчийн Б.М манай гэрт ирээд Хас банкнаас зээл авах гэсэн юм, барьцаа хөрөнгө дутаад байна. Иймд хашаа байшингийнхаа бичиг баримтыг өгөөч гэж ирсэн энэ үед нь манай эхнэр Т.Н уг асуудлыг зөвшөөрөөгүй. 2 хоногийн дараа Б.М нь ирээд надад банкнаас авлагатай гэвэл зээл гаргаж өгнө гээд байна. Чи надад өглөгтэй нь үнэн гэсэн бичиг хийж өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд Б.Мад өглөгтэй гэсэн бичиг хийж өгөөд П гэх нотариатчаар баталгаажуулсан...
Б.М нь намайг залилан мэхэлж, өрөнд оруулсан асуудалдаа дүгнэлт хийгээд үлдсэн авлага гэх мөнгөнөөс өөрийн сайн дураараа чөлөөлөхөөр бид 2 хоорондоо хэлцэл хийсэн тул гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж,
Хариуцагч Ё.Д нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: ...Б.М гэгч нь манай нутгийн залуу болох Ш.Д бид хоёрыг болоогүй зүйлийг болсон мэтээр дурьдаж А сумын Х тосгонд газар олж өгнө Ш.Д нь А сумын орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа учраас өр зээлийн асуудалтай байж болохгүй учир чи өр авлагын асуудал байхгүй гэж бичиг хийж өг гэж намайг ятгасан мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг би ойлгохгүй байна. Гаргасан нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй... гэж тус тус тайлбарлажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2385 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.7-д зааснаар уригдсан тал Ш.Д 21,602,000 (хорин нэгэн сая зургаан зуун хоёр мянга) төгрөгийг өргөдөл гаргагч Б.Мад өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн талуудын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 142 дугаатай эвлэрлийн гэрээг баталжуулсан, эвлэрлийн гэрээгээр төлөхөөр тохиролцсон 21,602,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хариуцагч Ш.Д япон авто машин, хоёр тугалтай үнээ зэргийг өгч нэхэмжлэгч Б.Мад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 14,915,000 төгрөгийн өр, төлбөрийн үлдэгдэлтэй байсан, хариуцагч Ш.Д нь орон нутгийн сонгуульд нэр дэвших шаардлагатай байсан учир өөрийн шалтгааныг тайлбарлаж нэхэмжлэгч Б.Мад өр төлбөрийг бодитоор барагдуулалгүйгээр нэхэмжлэгчээс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өр төлбөрийг барагдуулсан учир ШШГТ хуулийн дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хааж өгнө үү гэх Х аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан хүсэлтийг бичүүлж, нотариатчаар гэрчлүүлснээр 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 106-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Гансүхийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 0307 дугаар тогтоолоор иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хаагдсан, нэхэмжлэгчид төлж барагдуулах ёстой 14,915,000 төгрөгийн өр төлбөрийг бодитоор төлж барагдуулаагүй, 2016 оны орон нутгийн сонгуульд Ш.Д нь нэр дэвшсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өр төлбөргүй талаар лавлагааг гаргуулж байсан зэрэг болно.
Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Ш.Д нар дээрх үйл баримтад маргаагүй.
Харин хариуцагч Ш.Д нь анх хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас болж нэхэмжлэгчид хууртаж түүнд өртэй талаар нотариатчаар гэрчлүүлсэн баримт үйлдсэнээс нэхэмжлэгч Б.М үүнийг ашиглан шүүхэд өгч эвлэрлийн гэрээ байгуулснаас 21,602,000 төгрөгийг би нэхэмжлэгчид өгөхөөр шүүгчийн захирамж гарсан юм. Би нэхэмжлэгчийг өөрийн энэ үйлдлээ ухамсарлаад өр төлбөрийг барагдуулсан хүсэлтийг хийж өгсөн гэж бодсон. Ийм учраас би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж,
Хариуцагч Ё.Д би өр төлбөргүй талаар бичиг хийж өгөөч, газар олж өгнө гэж нэхэмжлэгч Б.Мыг ятгасан асуудал байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг төлөхгүй гэж тус тус маргажээ.
5. Нэхэмжлэгч Б.Мын хариуцагч Ш.Дгаас авах ёстой өр 14,915,000 төгрөгийг Ш.Д нь төлөлгүйгээр, түүнд хэвээр үлдэж байгаа нь түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлийг бий болгосон байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөнгөнөө дараахь тохиодолд буцаан шаардах эрхтэй” гэж,
Мөн зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус хуульчилсан байна.
Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар гүйцэтгэх байсан өр төлбөрөө бодитоор нэхэмжлэгч Б.Мад хариуцагч Ш.Д нь төлж барагдуулаагүй гэдэгтэй хариуцагч Ш.Д маргаагүй ба 2016 оны сонгуульд нэр дэвших шаардлагатай болсон тул хариуцагчаас өр төлбөргүй гэсэн бичгийг хийлгэж, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байх тул нэхэмжлэгч Б.М нь шаардах эрхтэй.
6. Хариуцагч Ш.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа дээрх үйл баримтаас өмнөх шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчинтэй шүүгчийн захирамжаар шийдвэрлэгдсэн үйл баримтад буюу нэхэмжлэгчтэй өр төлбөрийн тооцоогүй байхад нэхэмжлэгчийн гуйснаар түүнийг банкнаас зээл авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нотариатчаар гэрчлүүлсэн бичиг хийлгэснээс намайг зальдаж шүүхийн шийдвэр гаргуулсан гэж марган татгалзлын үндэслэлээ тайлбарласан нь энэхүү хэрэг маргаанд хамааралгүй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч татгалзах үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
7. Хариуцагч Ё.Д нь би нэхэмжлэгчийг ямар нэгэн байдлаар өр төлбөргүй гэсэн бичгийг хийж өг, газар өгнө гэж ятгасан асуудал байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч нэхэмжлэгчийн хариуцагч Ш.Дгаас авах ёстой өр болох 14,915,000 төгрөгийг хариуцагч Ё.Д нь хариуцах этгээд биш юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Ё.Дгаас 14,915,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
8. Хариуцагч Ш.Д нь 14,915,000 төгрөгийн хэмжээнд, дээрх өр төлбөрөөс төлж барагдуулсан талаар тус тус маргаагүй тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д тус тус зааснаар хариуцагч Ш.Дгаас 14,915,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мад олгож шийдвэрлэлээ.
9. Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй учир шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
10. Нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 232,200 төгрөгийг, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргахдаа 232,525 төгрөгийг тус тус төлж нийт 464,725 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн байна.
Шүүх 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 155/2022/00754 дугаар “нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжиндаа нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг 70,200 гэж буруу бичиж түүнд тал хувь болох 35,100 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөнөөс захирамжид заагдсан төлбөрийг буюу 35,100 төгрөгийг буцаан авсан гэсэн болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464,725 төгрөгөөс 232,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 232,200 төгрөгөөс нэхэмжлэгчийн буцаан авсан гэх 35,100 төгрөгийг хасаж 197,100 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч Ш.Дгаас 232,525 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д тус тус зааснаар хариуцагч Ш.Дгаас 14,915,000 (арван дөрвөн сая есөн зуун арван таван мянга) төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Мад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ё.Дгаас 14,915,000 (арван дөрвөн сая есөн зуун арван таван мянга) төгрөгийг гаргуулах тухай гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464,725 (дөрвөн зуун жаран дөрвөн мянга долоон зуун хорин тав) төгрөг төлснөөс 232,525 (хоёр зуун гучин хоёр мянга таван зуун хорин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 197,100 (нэг зуун ерэн долоон мянга нэг зуу) төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Ш.Дгаас 232,525 (хоёр зуун гучин хоёр мянга таван зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА