| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2023/00823/и |
| Дугаар | 155/ШШ2023/00960 |
| Огноо | 2023-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2023/00960
| 2023 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2023/00960 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: П.Уын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Бд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 8,930,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, нийт 10,430,000 (арван сая дөрвөн зуун гучин мянга) төгрөг гаргуулах тухай, 155/2023/00823/и дугаар индесктэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.У нь хариуцагч Б.Бд холбогдуулан Зээлийн үлдэгдэл 8,930,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, нийт 10,430,000 (арван сая дөрвөн зуун гучин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч П.У шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би иргэн Б.Бтай харилцан амаар тохиролцож, 10,000,000 (арван сая) төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 2023.01.16-ны өдрөөс 2023.05.01-нд өгөхөөр тохиролцож өгсөн боловч 2023.04.04-нд хүү нь гэж 300,000 (гурван зуун мянга) төгрөг, 2023.07.28-нд замын зардал гэж 70,000 (далан мянга) төгрөг, 2023.8.05-нд 1,000,000 (нэг сая) төгрөгийг өгсөн.
Үлдэгдэл 8,930,000 төгрөг, хүү 5 сарын 1,500,000 төгрөг, бүгд 10,430,000 төгрөгийг иргэн Б.Бас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг зээлээч гэж мессеж бичиж хүү болон зээлэх мөнгөө өөрөө санал болгосныг манай талаас хүлээн зөвшөөрсөн учраас 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 70,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг тус тус авсан учраас үндсэн зээлийн мөнгө болох 8,930,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг,нийт 10,430,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. ... 300,000 төгрөгийг хүүнд нь шилжүүлсэн байгаа байх. Үүнийг зөвшөөрч мэдлээ. гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие П.Уаас 2023.01.16 өдөр 10,000,000 төгрөг банзны хүүгээр хүүлж өгнө (хадгаламжийн) эсвэл 3 хувь хүүтэй бодож өгсөн ч болно гэж тохиролцоод 5 сарын 16-нд өгнө гэж ярилцсан нь үнэн. Тэгээд би хугацаа болоогүй байхад багаар төлөөд эхэлсэн. Гэтэл миний өгсөн мөнгийг өгсөнд тооцохгүй худлаа юманд тооцоод эхэлсэн тул би өөрөө шүүхээр шийдүүлье гэж хэлсэн. Би П.Ут 1,870,000 төгрөг дансаар өгөөд 5,000,000 төгрөг бас өгье, чи харин надад учруулсан 4,850,000 төгрөгийг мөнгөндөө оруулаад бод, би тэгэхээр чамд нийт 11,720,000 төгрөг өгсөнд тооцьё гэж хэлтэл эхлээд хэл амаар баахан доромжилж байснаа дараа нь миний мөнгөнөөс хас гэж бичсэн мессеж нь ч байгаа. Тэгсэн мөртлөө 10,430,000 төгрөг авна гээд байгааг нь би зөвшөөрөхгүй 5,000,000 төгрөг өгье гэсэн юм.
Учир нь П.У 2022.8 сарын сүүлд манай ажил дээр ирээд дүүгийнхээ байшинг барьж байгаа манай материалаар байшингийн том гоожуур хийж авъя, таньд хийлгэх ажил байна уу гэхээр нь би 10 ш ор, 1 ширхэгийг нь 40,000 төгрөгөөр хийгээд 400,000 төгрөг ав гэсэн юм. Гэтэл ажил дээр 10 ширхэг ор хагас дутуу хийгээд архидаж, согтуурч ажил дээр тасраад унахаар нь манай хоёр мужаан байшинд оруулж буйдан орон дээр унтуулсан байсан. ...П.У буйдан дээр шээгээд доод талын хайрцаг дотор байсан цамц, ор хөнжлийг даавуу, хөнжил, гудас шал нойтон болсон байсан. ...Маргааш нь П.У нь та урд ажлын түлхүүрээ өгөөч би жаахан юм хийе гэхээр нь эрүүл хүнд түлхүүрээ өгсөн. ...дахиад урд ажлын байран дээр шээж байгаа нь камерт бичигдсэн байсан. Надаас уучлалт гуйгаад өнгөрсөн. ...1 жилдээ 300,0-400,0 сая төгрөгийн орлого ордог компани маань 1 сардаа 5 сая хүрэхгүй орлого ороод гайхаад дүү нартаа лам бөөд үзүүлэхэд танайд бузар ихтэй хүн шээгээд өөдлөхгүй байгаа юм байна... гэхээр нь П.Ут сандраад шээсэн тухай нь хэлтэл наранд цохиулчихсан юм уу, юун шээс гэх мэтээр тоохгүй доромжилсон...
Надад учруулсан хохирол, шатааж хаясан зүйлүүд нь буйдан ор 750,000 төгрөг, дэр 50,000 төгрөг, бүтээлэг 250,000 төгрөг, гудас 90,000 төгрөг, хөнжил 50,000 төгрөг, ор хөнжлийн даавуу 100,000 төгрөг, миний ноолууран цамц 350,000 төгрөг, охины ноолууран ягаан плаж 500,000 төгрөг, өмд 2 ширхэг* 90,000 төгрөг=180,000 төгрөг.
Мөн урд ажил дээр 2 орны рам болон 2 ширхэг ислэг хавтангийн үзүүрлүү шээс нь ороод норчихсон байсан. Орны рам 2*200,000=400,000 төгрөг, ислэг 2ш*35,000=70,000 төгрөг, 2, 3 удаа манай машинаар хот явсан зардал 210,000 төгрөг, торгууль 50,000 төгрөг.
Ингээд бүгд нийлээд 4,850,000 төгрөгийн хохирол учирсан тул П.Уаар төлүүлэх шаардлагатай байгаа билээ.
...Би дансаар 1,870,000 төгрөг төлсөн. Миний хохирол 4,850,000 төгрөгийг хохиролгүй болгоод өгвөл 5,000,000 төгрөг төлье гэж байгаа юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрхийнхээ хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийг аман хэлцэл хийж 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сар 15 хоногийн хугацаагаар 3 хувийн хүү тооцож, нийт 1,500,000 төгрөгийн хүү нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуульд зааснаар хүү тооцсон гэрээг бичгээр байгуулдаг. Хэрэв хүү тооцсон гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдэгч нь хүү авах эрхээ алдана. Талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж хэлцэл хийгээгүй байх тул хүүг төлөх үндэслэлгүй. Хариуцагчаас 1,870,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн. Гоожуурын тухайд нэхэмжлэгчид ажлын хөлсөнд өгснөөр тохирсон. Харин торгуулийн мөнгө болох 50,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцох тайлбараасаа татгалзаж байна. Иймд хүү 300,000 төгрөг, замын зардал 70,000 төгрөг, барааны үнэ 500,000 төгрөг, мөн 1,000,000 төгрөг, нийт 1,870,000 төгрөгийг хасаж, үлдэх 8,130,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг зөрчсөн тул хүү 1,500,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох, үлдэх 8,130,000 төгрөгийг төлнө. Хохирол учруулсан асуудлыг шүүхэд дараа нь хандаж нэхэмжлэлээ гаргахаар болж байна. Нэгэнт энэ хурал дээр нотлох баримтаа гаргаж өгөөгүй байгаа тул үүнийгээ жич нэхэмжлэх нь зүйтэй юм байна гэв.
Нэхэмжлэгчээс П.Уын иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгө шилжүүлгийн баримт, депозит дансны 2023.01.16-ны өдрөөс 2023.01.16-ны өдрийг дуусталх хугацааны дэлгэрэнгүй хуулга, депозит дансны 2023.02.26-ны өдрөөс 2023.02.26-ны өдрийг дуусталх хугацааны дэлгэрэнгүй хуулга, депозит дансны 2023.03.01-ний өдрөөс 2023.03.01-ний өдрийг дуусталх хугацааны дэлгэрэнгүй хуулга, депозит дансны 2023.04.04-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга, депозит дансны 2023.07.28-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, депозит дансны 2023.08.05-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 01 сарын 16-ны өдөр харилцсан мессежний хуулбар,
Хариуцагчаас 02/28-ны өдрөөс 8/05-ны өдрийг дуусталх хугацааны дансны хуулга, борлуулсан бүтээгдэхүүний жагсаалтын хуулбар, мессежний хуулбарууд, 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны дансны хуулга, итгэмжлэлийг тус тус ирүүлсэн байна.
Шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу гэрчийн мэдүүлэг авах, Борлуулсан бүтээгдэхүүний жагсаалт гэх дэвтрийн 11 дүгээр хуудсанд үзлэгийн ажиллагааг гүйцэтгэсэн.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
П.У нь 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд Б.Бд холбогдуулан зээлийн үлдэгдэл 8,930,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, нийт 10,430,000 (арван сая дөрвөн зуун гучин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч П.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Хариуцагч 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг зээлээч гэж мессеж бичиж хүү болон зээлэх мөнгөө өөрөө санал болгосныг манай талаас хүлээн зөвшөөрсөн учраас 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 70,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг тус тус авсан учраас үндсэн зээлийн мөнгө болох 8,930,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг,нийт 10,430,000 төгрөгийг гаргуулна. Хариуцагч нь хүү төлөхөө илэрхийлж мессеж бичиж мөнгө зээлсэн учраас хүү тооцон авна гэж,
3. Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Иргэний хуульд зааснаар хүү тооцсон гэрээг бичгээр байгуулдаг. Хэрэв хүү тооцсон гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдэгч нь хүү авах эрхээ алдана. Талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж хэлцэл хийгээгүй байх тул хүүг төлөх үндэслэлгүй. Хариуцагчаас 1,870,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн. Гоожуурын тухайд нэхэмжлэгчид ажлын хөлсөнд өгснөөр тооцно. Харин торгуулийн мөнгө болох 50,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцох тайлбараасаа татгалзаж байна. Иймд хүү 300,000 төгрөг, замын зардал 70,000 төгрөг, барааны үнэ 500,000 төгрөг, мөн 1,000,000 төгрөг, нийт 1,870,000 төгрөгийг хасаж, үлдэх 8,130,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг зөрчсөн тул хүү 1,500,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох, үлдэх 8,130,000 төгрөгийг төлнө гэж тус тус тайлбарлажээ.
4. Нэхэмжлэгч П.У нь хариуцагч Б.Бд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлүүлсэн, хариуцагч Б.Бас 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөгийг, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөгийг, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 300,000 төгрөгийг, 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 70,000 төгрөгийг, 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус бараа, Б.Б гэсэн утгатайгаар нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэгч, хариуцагчийн ХААН банкны депозит дансны хуулгаар, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
5. Зохигчийн хооронд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байна.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талууд сарын 3 хувийн хүүтэйгээр тохирч зээлийн гэрээг байгуулсан, чатаар энэ тухайгаа бичилцсэн баримт нь хэрэгт байгаа учраас үүнийг бичгээр байгуулсан гэрээ гэж үзэж байна. Иймд хүүний төлбөр болох 1,500,000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулна. Мөн нэхэмжлэгч нь бараа гэж утгаар шилжүүлсэн 300,000 төгрөг, 500,000 төгрөг нь хариуцагчид хийж өгсөн 20 орны ажлын хөлс юм. Үүнийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох учиргүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 300,000 төгрөгийг зээлийн хүүд авсан гэж бичсэн байна. Дахид нэг шилжүүлсэн 300,000 төгрөг нь зээлийн хүүд өгсөн мөнгө юм байна үүнийг хасаж тооцохыг зөвшөөрч байна гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдана. Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээгүй тул хүүг хасуулж тооцуулаад мөн нэхэмжлэгчид шилжүүлсэн 70,000 төгрөг, 300,000 төгрөг, 500,000, 1,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцоод нийт 8,130,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж маргасан.
Зохигчид үндсэн зээлийн хэмжээ 10,000,000 төгрөгийн тухайд маргаагүй.
7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,
Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж тус тус хуульчилсан учир нэхэмжлэгч П.У нь шаардах эрхтэй.
8. Гэвч нэхэмжлэгч П.У, хариуцагч Б.Б нарын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгчид хүүг тооцон олгох боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульчилсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цахим зурвасаар харьцаж мөнгө зээлэхээр болсон бөгөөд үүндээ хүүг 3 хувиар тооцохоор тохиролцсон тул үүнийг бичгээр байгуулсан гэрээ гэж үзнэ гэж маргасан ба цахим зурвасаар харьцсаныг зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэхгүй.
Иймд нэхэмжлэгчийн зээлийн хүүд 1,500,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн нийт 1,870,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох ёстой гэж маргасан ба хэрэгт авагдсан баримтаар 1,000,000 төгрөгийг 70,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эзэмшлийн банкны данс руу Б.Б гэсэн утгаар шилжүүлснийг мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн хүүд 300,000 төгрөгийг авсан гэсэн тул нийт 1,370,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зээлийн төлбөрт хариуцагч төлжээ гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв.
Харин хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч П.Уын эзэмшлийн данс руу 500,000 төгрөг, 300,000 төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлсэн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ. Учир нь дээрх мөнгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр бараа гэж шилжүүлсэн, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нэхэмжлэгчтэй ажил төрлийн харилцаатай байсан түүнд 20 ширхэг ор хийж өгсний хөлсийг тийм утгаар шилжүүлсэн байсан гэж тайлбарласан байна. Нэхэмжлэгч хариуцагч нар ажил төрлийн харилцаатай байсан, хариуцагч нэхэмжлэгчид хөлсөөр 20 ширхэг ор хийж өгөхөөр тохирч байсан зэрэг нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэг орыг 40,00 төгрөгөөр тооцож хийж өгч байсан гэж тайлбар зэргээр нотлогдож байна.
10. Хариуцагч хийх ёстой ажлаа дутуу хийгээд хаяаад явсан, мөн ор гудас руу шээс хохирол учруулсан, манай материалаар гоожуур хийж авсан, авто машин барьж яваад торгуулсан торгуулийн мөнгийг төлсөн учир нэхэмжилсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцуулна гэж хариу тайлбарыг ирүүлсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэгэнт холбогдох баримтаа хангалттай бүрдүүлж өгөөгүй тул энэ зээлийн төлбөрөөс дээрх хохирол, торгууль, гоожуур хийсэн материалын үнийг хасаж тооцуулахаас татгалзаж байна гэж тайлбарлажээ.
Хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох үүрэгтэй ба хариуцагч дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй болно.
Харин барааны үнэ гэж шилжүүлсэн нийт 800,000 төгрөгийг болон хариуцагч нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
11. Иймд нэхэмжлэгчийн хариуцагчид зээлсэн 10,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн 70,000 төгрөг, 300,000 төгрөг, 1000,000 төгрөг нийт 1,370,000 төгрөгийг хасаж тооцон 8,630,000 төгрөгийг хариуцагч Б.Бас гаргуулан нэхэмжлэгч П.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,830 (нэг зуун наян нэгэн мянга найман зуун гуч) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,630,000 (найман сая зургаан зуун гучин мянга) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 153,030 (нэг зуун тавин гурван мянга гуч) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ут олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Бас 8,630,000 (найман сая зургаан зуун гучин мянга) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ут олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,830 (нэг зуун наян нэгэн мянга найман зуун гуч) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 153,030 (нэг зуун тавин гурван мянга гуч) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ут олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА