Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/51

 

А.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор А.Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/79 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Г-д холбогдох 2028000900112Т дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, А.Г,

Шүүгдэгч А.Г нь Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нартай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн багийн нутаг дэвсгэр, гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 115590 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь А.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Г-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч, Өмнөговь аймгийн гэх тусгай хамгаалалттай газарт учирсан хор уршгийг арилгаж, нөхөн сэргээх ажлыг шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нартай хамтран гүйцэтгэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж, шүүгдэгч А.Г-д холбогдох хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараахи үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.

Шүүгдэгч А.Г нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд Ц.О-г тухайн газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулах гэж байгааг мэдээгүй, Б-н хамт архи ууж байгаад машинд нь суугаад явчихсан байсан, тухайн газарт очоод ямар ч ажил хийгээгүй, согтуу унтаж байгаад босч ирээд байж байхад цагдаа нар ирсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу байхгүй гэж маргаж, мэтгэлцсэн.

Анхан шатны шүүх нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж. тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/79 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцэлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж Эрүүгийн хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хуульд заасан үндсэн шаардлагууд байдаг. Үүнд: нэгдүгээрт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх шаардлагатай, хоёрдугаарт гэм буруугаа хүлээсэн хүн, гуравдугаарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх шаардлагатай.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...А.Г-н хувьд О нарыг ашигт малтмал олборлох гэж байгаа талаар мэдсэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр үедээ О нартай ашигт малтмал олборлох газар очсон. Тухайн үедээ ашигт малтмал олборлох үйл ажиллагаа нь хууль ёсны дагуу, зөвшөөрөлтэй явагдаж байгаа талаар мэдээлэл аваагүй, тухайн хүмүүсээс асууж тодруулсан зүйл байгаагүй. Энэ талаараа анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бичсэн 06 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч А.Г нь Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нартай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь багийн нутаг дэвсгэр гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 115590 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь А.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх хэлэлцээд “...Шүүх шүүгдэгчийн хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв” /3 хх-113/ гэж, “...Иймд байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн этгээд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлж, байгалийн цогцолборт газрын сумын нутаг гэх газарт эвдэн сүйтгэсэн, бохирдуулсан талбай тус бүрийг нөхөн сэргээж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулах нь зүйтэй гэж үзэв.” /3 хх-113/ гэж тус тус дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

Мөн “...Иймд байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн этгээд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлж, байгалийн цогцолборт газрын сумын нутаг гэх газарт эвдэн сүйтгэсэн, бохирдуулсан талбай тус бүрийг нөхөн сэргээж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулах нь зүйтэй гэж үзэв.” /3 хх-113/ гэж шүүхээс хийсэн дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлыг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгоно” гэж заасныг хэрэглэх үндэслэл болж байна.

Иймд хяналтын прокурор Ц.Ариунжаргалын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч А.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.Г-д холбогдох 2028000900112Т дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч А.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

           

                                    

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                                    ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                              Г.ТЭГШСУУРЬ